| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чимэдцэрэнгийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 181/2017/03946/И |
| Дугаар | 181/ШШ2018/00281 |
| Огноо | 2018-01-31 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 181/ШШ2018/00281
| 2018 оны 01 сарын 31 өдөр | Дугаар 181/ШШ2018/00281 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ТХХК -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:СХХК -д холбогдох
гэрээний үүрэгт 1.497.150 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Н,Ц шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
ТХХК нь СХХК-тай хамтран ажиллах гэрээг 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр бичгээр байгуулж гэрээний дагуу мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэхээр тохиролцож мах, махан бүтээгдэхүүн нийлүүлж эхэлсэн.
СХХК нь Хамтран ажиллах гэрээний 3 дугаар зүйлийн 3.8 Нийлүүлэгч талаас гүйцэтгэлийн тодорхой хугацаа заасан аливаа албан шаардлагыг борлуулагч тал шаардсан хугацаанд гүйцэтгэх үүрэгтэй ба биелүүлээгүйгээс үүдэн гарах аливаа хохирлыг борлуулагч тал бүрэн хариуцна.
Гэрээний 4-р зүйлийн 4.1-д Борлуулагч талын эрх бүхий ажилтны гарын үсгээр баталгаажсан санхүүгийн баримт нь нийлүүлэгч талын төлбөр тооцооны үндсэн баримт болох падаанаас падаан тооцоо хийж дансаар эсвэл бэлнээр төлсөн байна гэж, 4-р зүйлийн 4.4-т Сар бүр нийлүүлэгч талын итгэмжпэгдсэн нягтлан бодогчтой тооцоо нийлж тооцоо нийлсэн актыг үйлдэж баримтжуулна гэж ,2-р зүйлийн 2.8-д Нийлүүлэгч тал нь борлуулагч талд хөндлөнгийн хяналт тавьж болох ба гүйцэтгэлийн хугацаа заасан аливаа албан шаардлагыг биелүүлэхийг шаардах эрхтэй гэж, 6-р зүйлийн 6.2-т Борлуулагч нь бүтээгдэхүүний төлбөр болон бусад зардлыг гэрээнд заасан хугацаанд нь төлөөгүй хугацаа хэтрүүлсэн нөхцөлд хугацаа хэтрүүлсэн нөхцөлд хоног тутамд 0,5%-ийн алданги төлнө гэж, 6-р зүйлийн 6.4-т Борлуулагч тал төлбөр төлөөгүй 10 хоног хэтрүүлсэн тохиолдолд нийлүүлэгч тал алданги тооцон төлүүлэхийн зэрэгцээ төлбөрийн дүндээ тохирох худалдан авагчийн эзэмшил өмчлөлийн эд хөрөнгө, үл хөдлөх хөрөнгийг өөрөө сонгон үл маргах журмаар хураан авч хохирлоо барагдуулах эрхтэй гэж тус тус тохиролцож гэрээндээ тусгасан.
Худалдан авагч тал гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь талуудын тооцоо нийлсэн акт, төлбөр төлөх баталгаа зэргээс тодорхой харагддаг.Тооцоо нийлсэн актаар 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 262570 төгрөгийг, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийг дуусталх хугацаанд 735730 төгрөгийг төлөөгүй болох нь тогтоогдож нягтлангууд гарын үсэг зурсан байгаа юм.
ТХХК-ний зүгээс гэрээний үлдэгдэл төлбөрөө шаардахад утсаа огт авдаггүй, маргааш ир, нөгөөдөр ир, тооцоогоо хийчихнэ гээд зүгээр үйл ажиллагаа явуулж байсан мөртлөө 3 хоногийн дотор л дэлгүүрүүдээ хаагаад шууд дампуурлаа гээд шүүхэд хандсан байгаа юм. Ийм зальтай байж болох уу. Бусдын баахан бараа авчихаад ингэж дампуурлаа гээд бултаж болохгүй. Энэ компани дампуураагүй, барааны үнэ төлөхөөс зугтаж байна.
Иргэний хуулийн 189-р зүйлийн 189.1, 243-р зүйлийн 243.1, 204-р зүйлийн 204.5, 208-р зүйлийн 208.1, 232-р зүйлийн 232.3, 232.4, 232.6 дахь хэсгийн заалтыг үндэслэн бараа бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр 998.300 төгрөг, алданги 499.150 төгрөг, нийт 1.497.150 төгрөгийг СХХК-иас гаргуулан өгнө үү гэв.
Хариуцагч СХХК шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Тус шүүхэд ТХХК-ийн 2017 оны 11 сарын 23-ны өдөр гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Манай компани нь 2014 онд үүсгэн байгуулагдаж, түүнээс хойш үйл ажиллагаа явуулсаар ирсэн. 2016 оноос эхлэн улс орны эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлаас шалтгаалан компаний өдөр тутмын үйл ажиллагаа доголдож, харилцагч байгууллагуудтай төлбөр тооцоо хийхэд асуудал тулгарч эхэлсэн.
Үүний дагуу Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд компанийг төлбөрийн чадваргүйд тооцож, дампууруулах тухай хүсэлт гаргасны дагуу тус шүүхийн шүүгчийн захирамжаар дампуурлын хэрэг үүссэн байгаа.
Иймд уг нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.
Жич:Нэхэмжлэгч байгууллага дампуурлын хэрэгтэй хамт асуудлаа шийдвэрлүүлнэ үү гэжээ.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.
Нэхэмжлэгч ТХХК нь хариуцагч СХХК-иас зээлээр бараа худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1.497.150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хариуцагч СХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
СХХК- нь нэхэмжлэгч ТХХК –иас чанамал болон утлагат хиамыг 7 хоногт 1 удаагийн давтамжтайгаар авч, падаанаас падааны хооронд төлбөрийг хийж байхаар тохиролцож 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Хамтран ажиллах гэрээ /Зээлээр бараа худалдан авах/-г бичгээр байгуулж талууд баталагаажуулснаар гэрээ хүчин төгөлдөр болсон байна. /хх-ийн 8-13-р хуудас/
Уг гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой хугацааны туршид төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.
Өөрөөр хэлбэл худалдагч ТХХК нь худалдан авагч СХХК-д чанамал болон утлагат хиам /бараа/-ыг худалдахаар, худалдан авагч төлбөр /барааны үнэ/-ийг падаанаас падааны хооронд буюу эхний барааг зарж, дараагийн бараа авахдаа зарсан барааныхаа төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцжээ.
Хариуцагч СХХК нь дээрх гэрээгээр тохирсон бүтээгдэхүүнийг хүлээн авч, барааны үнэд 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 262570 төгрөгийг, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийг дуусталх хугацаанд 735730 төгрөгийг нэхэмжлэгч ТХХК-д төлөөгүй нь үнэн болохыг баталж худалдагч ТХХК, худалдан авагч СХХК-ийн нягтлангууд тооцоо нийлж “Тооцооны үлдэгдлийн баталгаа”-г үйлдсэн байна./хх-ийн 18,19-р хуудас/
Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т Зээлээр худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.
Мөн талуудын хооронд байгуулсан гэрээний 6.2-т Худалдан авагч төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алдангийг төлнө гэжээ.
Хариуцагч СХХК нь Зээлээр бараа худалдах, худалдан аварх гэрээний үүрэгт үлдэгдэл 998.300 төгрөгийг, алданги 499.150 төгрөгийн хамт нийт 1.497.150 төгрөгийг төлөх үүрэгтэй.
Иймд СХХК-иас Зээлээр бараа худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1.497.150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.
ТХХК-ийн нэхэмжлэлтэй СХХК-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 15.00 цагт товлож, хариуцагчийн төлөөлөгч Х.Г-д шүүх хуралдааны товыг 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр утсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, өөрийнхөө эзгүйд хэрэг хянан шийдвэрлэхийг зөвшөөрсөн болно.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасанаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1., 232 дугаар зүйлийн 232.6.-д зааснаар СХХК-иас 1.497.150 / нэг сая дөрвөн зуун ерөн долоон мянга нэг зуун тавь/ төгрөгийг гаргуулан ТХХК-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38904 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 38904 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хариуцагчид шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд , тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО