Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2020/00635

 

“П” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, Танхимын тэргүүн Х.Сонинбаяр, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, П.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/00326 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 691 дүгээр магадлалтай,

“П” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Г.Гт холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 30.169.900 төгрөг гаргуулж, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч гаргасан гомдлыг үндэслэн,

Танхмын тэргүүн Х.Сонинбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “П” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Г нь Про кредит ББСБ ХХК-тай 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр ЗГ17/06/37 тоот зээлийн гэрээг байгуулж 6 сарын хугацаатайгаар 10.000.000 төгрөгийг, 2017 оны 09 сард нэмэлт зээлийн гэрээ байгуулан нэмж 5,000,000 төгрөгийг хэрэглээний зориулалтаар нийт 15,000,000 төгрөгийн зээлийг сарын 4,5% хүүтэй авсан. Түүнчлэн уг зээлийн гэрээтэй хамт фидуцийн гэрээг давхар байгуулсан бөгөөд уг гэрээгээр Toyota Land Cruiser 150 Prado маркийн xap өнгөтэй, 23-85 УНЧ улсын дугаартай автомашиныг зээлийн барьцаанд тавьсан. Хариуцагч нь Про кредит ББСБ-тай байгуулсан зээлийн гэрээний хавсралтад заасан төлбөрийн хуваарийн дагуу зээлээ төлөөгүй. Иймд зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 15,000,000 төгрөг, зээлийн хүү 12,931,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,223,000 төгрөг, нийт 30,154,000 төгрөг, нотариатын гэрээний 15,000 төгрөг, нийт 30,169,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Г.Г шүүхэд гаргасан тайлбартаа: Үндсэн зээлийг тухайн үед төлөөд явж байсан. Бизнесийн үйл ажиллагаанаас болж хугацаа хэтрээд төлж чадахгүй болсон. Зээлийн алданги, хүү, нэмэгдүүлсэн хүүг 50 хувиар багасгах хүсэлтэй байна. Зээл төлж байх явцдаа зээлийн хүүг багасгаж өгнө үү гэж хүсэлт гаргаж байсан. 4,5 хувийн хүү нь ББСБ-уудын дунд хамгийн өндөр хүүд орж байгаа. Зээлийн хүүг багасгах талаар хэлж байсан ч зөвшөөрөөгүй гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/00326 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 224 дүгээр зүйлийн 224.2.3, 227 дугаар зүйлийн 227.3-д зааснаар хариуцагч Г.Гөөс 25,015,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 5,154,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 379,000 төгрөгөөс 308,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70,200 төгрөгийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, Төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын 100200600941 тоот данснаас буцаан гаргуулж, хариуцагч Г.Гөөс 283,025 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгч П ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 691 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/00326 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3 дах хэсэгт тус тус зааснаар хариуцагч Г.Гөөс 30 169 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П ХХК-д олгосугай” гэж, 2 дахь заалтын “283 025 төгрөг” гэснийг “308 800 төгрөг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Г.Г хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 691 дугаартай Магадлалыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байх тул хүчингүй болгуулахаар гомдол гаргаж байна. Үүнд: Талуудын хооронд 2017 оны 09 дүгээр сарын 04-ны өдөр байгуулагдсан “Зээлийн нэмэлт гэрээ”-ний хавсралт Зээлийн төлбөрийн хуваарийн Олгох зээлийн хэмжээг 15,000,000 төгрөг гэжээ. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан. Хуулийн уг заалтаас харвал нэхэмжлэгч нь 15,000,000 төгрөг биш 5,000,000 төгрөгийг олгосон. Зөрүү 10,000,000 төгрөгийг олгоогүй мөртлөө олгосон мэтээр бичин зээлийн гэрээний хуваарийг гаргасан. Зээлийн гэрээний заалт нь хуульд нийцээгүй байх тул хүчин төгөлдөр бус болно. Иймээс нэхэмжлэгч нь хүү шаардах эрхгүй юм. Нэхэмжлэгч нь зээлийн хүүг Монгол банкны ерөнхийлөгчийн баталсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журамд заасан хүү тооцох, бодох аргачлалын дагуу тооцож бодоогүй. Учир нь 2017 оны 09 дүгээр сарын 04-ны өдөр байгуулагдсан “Зээлийн нэмэлт гэрээ”-ний хавсралт Зээлийн төлбөрийн хуваарийн зээлээр олгосон төлбөрт тооцсон хүүг тооцохдоо эхний 5 сарын хугацаанд зөвхөн хүү тооцон авахаар зохиож үндсэн төлбөрөөс ямар ч хасалт хийхгүй байгаа нь Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журмын 1 -р хавсралт Мөнгөн хадгаламж, зээлийн хүү болон үнэт цаасны өгөөж, хямдруулалтын хувь хэмжээг бодох ерөнхий аргачлалын нэг дэх хэсэг “Хүү бодох” аргачлалын дагуу тооцож бодоогүй байх тул зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус болно. Хариуцагч нь зээлийн төлбөрт 6,939,500 төгрөг төлсөн бөгөөд уг төлбөрийг зээлсэн төлбөрийн дүнгээс хасч тооцолгүй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн үндэслэлгүй юм.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгч “П” ХХК нь хариуцагч Г.Гт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 30.169.900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 25,015,000 төгрөгийг хариуцагч Г.Гөөс гаргуулан нэхэмжлэгч П ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 5,154,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх хариуцагч Г.Гөөс 30.169.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “П” ХХК-д олгож шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Г.Г магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасан боловч зохигчид  2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулжээ. 

Эвлэрлийн гэрээнд “нэхэмжлэгч “П” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа 25.015.000 төгрөг болгон багасгаж, хариуцагч Г.Г нь

2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1.015.000 төгрөг,

2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 3.000.000 төгрөг,

2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 3.000.000 төгрөг,

2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 3.000.000 төгрөг,

2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 3.000.000 төгрөг,

2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 3.000.000 төгрөг,

2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 3.000.000 төгрөг,

2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 3.000.000 төгрөг,

2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 3.000.000 төгрөг сар бүр  төгрөгийг төлж барагдуулахаар, дээрх төлөлтийг хийж барагдуулаагүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар барьцааны хөрөнгө  болох Toyota land cruiser 150 Prado маркийн хар өнгөтэй 23-85 УНЧ улсын дугаартай хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцов” гэжээ.

Toyota land cruiser 150 Prado маркийн хар өнгөтэй 23-85 УНЧ улсын дугаартай хөдлөх хөрөнгийг 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээнд барьцааны хөрөнгөөр бүртгэгдсэн байна.  /хх-10-11/

Эвлэрлийн гэрээнд зохигчийг нэхэмжлэгч “П” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Мөнхзул , хариуцагч Г.Г нар гарын үсэг зурсан тул эрх бүхий этгээд гэрээ байгуулсан гэж үзнэ. Түүнчлэн талуудын тохиролцсон эвлэрлийн гэрээний нөхцөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг батлах үндэслэлтэй байна.

Зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4-т “хяналтын журмаар гомдол гаргасны дараа зохигч эвлэрсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрсөн бол анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй” гэж заасан тул хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгох боломжгүй юм. 

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/00326 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 691 дүгээр магадлалыг хүчингүй болгож, “П ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа 25.015.000 төгрөг болгон багасгасан, хариуцагч Г.Г нь гэрээгээр тохирсон графикийн дагуу хугацаандаа төлбөрийг төлж барагдуулахаар, барагдуулаагүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар барьцааны хөрөнгө  болох Toyota land cruiser 150 Prado маркийн хар өнгөтэй 23-85 УНЧ улсын дугаартай хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож, зохигчид эвлэрсэн” эвлэрлийг баталж, нэхэмжлэгч “П” ХХК-ийн хариуцагч Г.Гт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 30.169.900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хариуцагч Г.Г хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 4 дүгээр сарын  30-ны өдөр төлсөн 308.800  төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Х.ЭРДЭНЭСУВД

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР