Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 89

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Н.Адъяа даргалж,

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга У.Солонго,

          Улсын яллагч А.Дүүрэнбилэг,

                                          Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Чимэг

                                          Иргэний нэхэмжлэгч М.Алтанзул нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас;

Эрүүгийн 201610000228 дугаарт хэргийн шүүгдэгч:

            Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Алтанширээ суманд 1987 оны 10 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 28 настай эрэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Дорноговь аймгийн нефть хангамжийн Петровис шатахуун түгээх станцид агуулахын сав тоног төхөөрөмжийн засварчин ажилтай, ам бүл 1, Дорноговь аймгийн Сайншанд сум, 2 дугаар баг, 36 дугаар байр, 19 тоотод оршин суух, Улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Толбо хошуу овогт Наранцэцэгийн Мөнгөнжигүүр / ЕБ87102953/-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 Шүүгдэгч Н.Мөнгөнжигүүр нь 2016 оны 7 дугаар сарын 13-ны өдөр 22 цагийн үед Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 89-85 улсын дугаартай Ниссан Тида маркийн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.5, 2.7.а, 9 дүгээр бүлгийн 9.2-т заасан заалтуудыг зөрчиж иргэн М.Алтанзулын жолоодон явсан 80-58 ДГО улсын дугаартай Ниссан Санни маркийн тээврийн хэрэгслийг мөргөн зам тээврийн осол гаргаж, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Н.Мөнгөнжигүүр шүүхийн хэлэлцүүлэгт: Би М.Алтанзулын машиныг мөргөсөн нь үнэн. Хохирлоо барагдуулсан байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.

          

           Иргэний нэхэмжлэгч М.Алтанзулын мөрдөн байцаалтад өгсөн: ....2016 оны 7 дугаар сарын 13-ны орой 22 цагийн үед би эхнэр Мөнхнасан, дүү Саранчимэг хоёртой халуун усанд орохоор машинтай яваад Хөмөл рестораны өмнө засмал зам дээр зогсоод манай дүү Саранчимэг саван авахаар дэлгүүр лүү орсон, эхнэр бид хоёр машин дотроо суугаад хүлээж байтал араас ирж явсан нэг машин маш хүчтэй мөргөөд миний машиныг байрнаас нь хөдөлгөсөн. Гэтэл нөгөө мөргөсөн машин хажуугаар ороод яах ийхийн зуургүй давхиад явчихаар нь би араас нь хөөгөөд гүйцээгүй. Улсын дугаар маркийг хараагүй, цагаан өнгийн жижиг машин байсан. Ингээд цагдаа дуудсан. Гэтэл миний машиныг Мөнгөнжигүүр гэдэг залуу өөрийнхөө Ниссан Тида маркийн машинаараа мөргөчихөөд зугтаагаад айлын хаашаанд нуучихсан байсныг нь цагдаа нар олж тогтоосон...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Надад учруулсан хохирлоо Мөнгөнжигүүр бүрэн төлж барагдуулсан... гэсэн мэдүүлэг /хх-н 20-22/,

           

             Гэрч А.Саранчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: ...би аймгийн төв дээр хүргэн ах Алтанзулынд амьдардаг. 2016 оны 7 дугаар сарын 13-ны өдөр ах, эгч бид 3 хөдөөнөөс орой аймгийн төв дээр ирээд оройхон халуун усанд орохоор ахын машинаар явсан. Ингээд халуун ус руу явах замдаа Хөмөл рестораны дэлгүүрийн өмнө ах зогсоод би бууж дэлгүүрт орж саван аваад эргээд гараад иртэл ах, эгч хоёрыг машиндаа сууж байхад араас нь машин ирж мөргөчихөөд зугтаачихлаа гэсэн ба ахын машин байрнаасаа урагшаа хөдөлчихсөн арын гэрэл буфэр нь хагарч эвдэрсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 23-24/,

 

              Гэрч Р.Баяржавхлангийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 7 дугаар сарын 13-ны орой 22 цагийн үед шиг санаж байна. Би гэрээсээ гараад дэлгүүр орох гээд 60 гэрийн гэр хороолол дундуур явж байтал урд талаараа юм мөргөсөн бололтой цагаан өнгийн 89-85 ДГО улсын дугаартай суудлын автомашин нилээн хурдтай зугтааж байгаа юм уу гэмээр явж байхаар нь тэр даруй цагдаагийн жижүүр рүү утсаар ярьж асуухад машин мөргөөд зугтаасан гэхээр нь нөгөө машиныг араас нь харахад 60 гэрт Буянт-Ухаагийн үзүүрийн айлын хашаанд яваад орчихоор нь эргэж автын байцаагч цагдаа нарт очиж хэлсэн... гэсэн мэдүүлэг /хх-н 25-26/,

 

               Гэрч А.Мөнхнасангийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 7 дугаар сарын 13-ны орой нөхөр бид хоёр хөдөөнөөс аймгийн төв дээр ирээд дүү Саранчимэгийг дагуулаад усанд орохоор машинаараа явсан юм. Замдаа Хөмөл рестораны өмнө зам дээр зогсож манай дүү саван авахаар дэлгүүр лүү ороод нөхөр бид 2 машин дотроо сууж байтал араас ирж байсан машин манай машины араас хүчтэй мөргөж урагш нь болгоод цагаан өнгийн жижиг машин хажуугаар ороод зугтаачихсан. Тэгээд манай нөхөр араас нь явган гүйгээд гүйцээгүй тул цагдаад мэдэгдсэн. Гэтэл манай машиныг мөргөсөн залуу зугтаагаад айлын хашаанд машинаа тавьчихсан байсан... гэсэн мэдүүлэг /хх-н 27-28/,

 

              Гэрч Б.Баярсайханы мөрдөн байцаалтад өгсөн:...2016 оны 7 дугаар сарын 13-ны орой шиг санаж байна,  намайг гэртээ нөхөр хүүхдийн хамт 22 цагийн үед телевизор үзээд сууж байхад хашаанд нэг машин орж ирээд гэрийн ард зогссон. Тэгэхэд манай хүү Эрдэнээ гарч явахад манай хүүгийн найз уг гарал нь Алтанширээ сумын Мөнгөнжигүүр гэдэг залуу машинаа тавьчихаад манайхаар орж ирэлгүй явсан. Төдөлгүй цагдаа нар ирээд Мөнгөнжигүүрийг сураглаад байсан. Ингээд машиныг нь гарч харахад манай гэрийн ард тавьсан байсан. Машиных нь урд хамар нь чихэгдээд юм мөргөсөн бололтой байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 35-36/,

 

              Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 42 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: ...Зам тээврийн осол гарах болсон шалтгаан нөхцөл нь Ниссан Тида маркийн 89-85 ДГО улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Н.Мөнгөнжигүүр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ. а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтыг, мөн бүлгийн 2.7.а-д заасан “Жолоочид согтууруулах ундаа            хэрэглэсэн, ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг, мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөний аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна...” гэсэн 42 дугаартай дүгнэлт /хх-н 38-39/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 6294 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: ...Шинжилгээнд ирүүлсэн Н.Мөнгөнжигүүрийн гэх цусанд 2.9 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусан дахь 2.9 промилли нь согтолтын хүнд зэрэгт хамаарна... гэжээ /хх-н 45 /,

 

           Шүүгдэгч Н.Мөнгөнжигүүрийн мөрдөн байцаалтад өгсөн:...2016 оны 7 дугаар сарын 13-ны өдөр би ажлынхаа Мөнх-Адъяа, Батцэнгэл гэх хоёр хүнтэй гэртээ нэг шил 0.75 гр-н Улаанбаатар нэртэй архи тэнцүү хувааж уугаад тэр хоёр архиа ууж дуусгаад гэрлүүгээ явцгаасан. Надад Алтанширээ сум руу явах ажил гарсан тул гялс яваад ирье гэж бодоод байрныхаа гадаа байсан машиныг унаад ганцаараа явсан. Танктай овоо дөнгөж даваад явж байтал Хөмөл рестораны урд засмал зам дээр машин зогсож байгаа харагдсан. Хэтэрхий тулчихсан байсан учир яах ч аргагүй араас нь мөргөөд би сандараад тэр чигтээ зогсолгүй давхиад 60 гэрт найзындаа очоод хашаанд нь машинаа оруулж гэрийнх нь ард тавиад гэртээ харьсан... гэсэн мэдүүлэг /хх-н 67-73/,

 

Хэрэг, учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 4-9/

           Ашид Билгүүн ХХК-ний дүгнэлт /хх-н 48, 49, 51, 54, /,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-н 78 / зэрэг болно.  

 

           Шүүгдэгч Н.Мөнгөнжигүүр нь согтуугаар 2016 оны 7 дугаар сарын 13-ны өдөр 22 цагийн үед Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 89-85 улсын дугаартай Ниссан Тида маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.5, 2.7.а, 9 дүгээр бүлгийн 9.2-т заасан заалтуудыг зөрчиж иргэн М.Алтанзулын жолоодон явсан 80-58 ДГО улсын дугаартай Ниссан Санни маркийн тээврийн хэрэгслийг мөргөн зам тээврийн осол гаргаж, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Н.Мөнгөнжигүүр шүүхийн хэлэлцүүлэгт: Би М.Алтанзулын машиныг мөргөсөн нь үнэн. Хохирлоо барагдуулсан байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэсэн мэдүүлэг, Иргэний нэхэмжлэгч М.Алтанзулын мөрдөн байцаалтад өгсөн: ....2016 оны 7 дугаар сарын 13-ны орой 22 цагийн үед .... Хөмөл рестораны өмнө засмал зам дээр зогсоод манай дүү Саранчимэг саван авахаар дэлгүүр лүү орсон, эхнэр бид хоёр машин дотроо суугаад хүлээж байтал араас ирж явсан нэг машин маш хүчтэй мөргөөд миний машиныг байрнаас нь хөдөлгөсөн. Гэтэл нөгөө мөргөсөн машин хажуугаар ороод яах ийхийн зуургүй давхиад явчихаар нь би араас нь хөөгөөд гүйцээгүй... гэсэн мэдүүлэг, Гэрч А.Саранчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: ... 2016 оны 7 дугаар сарын 13-ны өдөр ... Хөмөл рестораны дэлгүүрийн өмнө ах зогсоод би бууж дэлгүүрт орж саван аваад эргээд гараад иртэл ах, эгч хоёрыг машиндаа сууж байхад нь араас нь машин ирж мөргөчихөөд зугтаачихлаа гэсэн ба ахын машин байрнаасаа урагшаа хөдөлчихсөн арын гэрэл буфэр нь хагарч эвдэрсэн байсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Р.Баяржавхлангийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 7 дугаар сарын 13-ны орой 22 цагийн үед шиг санаж байна. Би гэрээсээ гараад дэлгүүр орох гээд 60 гэрийн гэр хороолол дундуур явж байтал урд талаараа юм мөргөсөн бололтой цагаан өнгийн 89-85 ДГО улсын дугаартай суудлын автомашин нилээн хурдтай зугтааж байгаа юм уу гэмээр явж байхаар нь тэр даруй цагдаагийн жижүүр рүү утсаар ярьж асуухад машин мөргөөд зугтаасан гэхээр нь нөгөө машиныг араас нь харахад 60 гэрт Буянт-Ухаагийн үзүүрийн айлын хашаанд яваад орчихоор нь эргэж автын байцаагч цагдаа нарт очиж хэлсэн... гэсэн мэдүүлэг, Гэрч А.Мөнхнасангийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 7 дугаар сарын 13-ны орой нөхөр бид хоёр хөдөөнөөс аймгийн төв дээр ирээд дүү Саранчимэгийг дагуулаад усанд орохоор машинаараа явсан юм. Замдаа Хөмөл рестораны өмнө зам дээр зогсож манай дүү саван авахаар дэлгүүр лүү ороод нөхөр бид 2 машин дотроо сууж байтал араас ирж байсан машин манай машины араас хүчтэй мөргөж урагш нь болгоод цагаан өнгийн жижиг машин хажуугаар ороод зугтаачихсан....гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Баярсайханы мөрдөн байцаалтад өгсөн:...2016 оны 7 дугаар сарын 13-ны орой шиг санаж байна,  намайг гэртээ нөхөр хүүхдийн хамт 22 цагийн үед телевизор үзээд сууж байхад хашаанд нэг машин орж ирээд гэрийн ард зогссон. Тэгэхэд манай хүү Эрдэнээ гарч явахад манай хүүгийн найз уг гарал нь Алтанширээ сумын Мөнгөнжигүүр гэдэг залуу машинаа тавьчихаад манайхаар орж ирэлгүй явсан. Төдөлгүй цагдаа нар ирээд Мөнгөнжигүүрийг сураглаад байсан. Ингээд машиныг нь гарч харахад манай гэрийн ард тавьсан байсан. Машиных нь урд хамар нь чихэгдээд юм мөргөсөн бололтой байсан...” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 42 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: ...Зам тээврийн осол гарах болсон шалтгаан нөхцөл нь Ниссан Тида маркийн 89-85 ДГО улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Н.Мөнгөнжигүүр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ. а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтыг, мөн бүлгийн 2.7.а-д заасан “Жолоочид согтууруулах ундаа хэрэглэсэн, ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг, мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөний аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна...” гэсэн 42 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 6294 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: ...Шинжилгээнд ирүүлсэн Н.Мөнгөнжигүүрийн гэх цусанд 2.9 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусан дахь 2.9 промилли нь согтолтын хүнд зэрэгт хамаарна... гэжээ, Шүүгдэгч Н.Мөнгөнжигүүрийн мөрдөн байцаалтад өгсөн:...2016 оны 7 дугаар сарын 13-ны өдөр би ажлынхаа Мөнх-Адъяа, Батцэнгэл гэх хоёр хүнтэй гэртээ нэг шил 0.75 гр-н Улаанбаатар нэртэй архи тэнцүү хувааж уугаад тэр хоёр архиа ууж дуусгаад гэрлүүгээ явцгаасан. Надад Алтанширээ сум руу явах ажил гарсан тул гялс яваад ирье гэж бодоод байрныхаа гадаа байсан машиныг унаад ганцаараа явсан. Танктай овоо дөнгөж даваад явж байтал Хөмөл рестораны урд засмал зам дээр машин зогсож байгаа харагдсан. Хэтэрхий тулчихсан байсан учир яах ч аргагүй араас нь мөргөөд би сандараад тэр чигтээ зогсолгүй давхиад 60 гэрт найзындаа очоод хашаанд нь машинаа оруулж гэрийнх нь ард тавиад гэртээ харьсан... гэсэн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан дээрх нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Н.Мөнгөнжигүүрийг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Н.Мөнгөнжигүүр нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан оногдвол зохих ял шийтгэлийг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Мөнгөнжигүүрийн өгсөн: “ М.Алтанзулд учруулсан хохирлоо барагдуулсан байгаа” гэсэн мэдүүлэг, хавтаст хэргийн 21 дугаар хуудсанд авагдсан иргэний нэхэмжлэгч М.Алтанзулын “...Надад учруулсан хохирлоо Мөнгөнжигүүр бүрэн төлж барагдуулсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг, хавтаст хэргийн 88 дугаар хуудсанд  авагдсан NISSAN Tiida маркийн машиныг иргэний нэхэмжлэгч М.Алтанзулд шилжүүлсэн тухай тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргээс дүгнэхэд шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч Н.Мөнгөнжигүүр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн283, 284, 286, 294-298, 301 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

Т О Г Т О О Х нь:

 

1.Шүүгдэгч Толбо хошуу овогт Наранцэцэгийн Мөнгөнжигүүрийг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мөнгөнжигүүрт 1 /нэг/ жил 2 /хоёр/ сар хорих ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мөнгөнжигүүрт оногдуулсан 1 жил 2 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй. 

 

            4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мөнгөнжигүүрт оногдуулсан 1 жил 2 сар хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 жилээр тогтоосугай.

 

5.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан Н.Мөнгөнжигүүрт хяналт тавихыг Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мөнгөнжигүүр нь хянан харгалзах хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мөнгөнжигүүр нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг анхааруулсугай.

 

8. Шүүгдэгч Н.Мөнгөнжигүүр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй ба эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Мөнгөнжигүүрт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй ба эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                              Н.АДЪЯА