Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 263

 

 

 

 

 

 

 

 

 

 

М.Эрдэнэбилэгт холбогдох эрүүгийн

      хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Н.Ундрах,

шүүгдэгч М.Эрдэнэбилэг, түүний өмгөөлөгч Г.Минжмаа,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 9 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Б.Ууганбаатарын бичсэн 2019 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 5 дугаартай эсэргүүцлийг үндэслэн М.Эрдэнэбилэгт холбогдох эрүүгийн 1808036011121 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Сартуул овгийн Мөнхбаярын Эрдэнэбилэг, 1975 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Топ Электро Сигнал” ХХК-д бригадын дарга ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 75-7 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ТГ75122511/;

М.Эрдэнэбилэг нь 2018 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оргил” худалдааны төвийн гадна засварын ажил хийж байгаад уг төвөөс гарч явсан бага насны хүүхэд Б.Ариунжаргалын дээрээс болгоомжгүй үйлдлийн улмаас шаттайгаа унаж хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: М.Эрдэнэбилэгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М.Эрдэнэбилэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч М.Эрдэнэбилэгийг цагаатгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.Эрдэнэбилэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Joongang ladder” гэсэн бичиглэл бүхий хөнгөн цагаан өнгийн металл хийцийн сунадаг 6 метр урттай, 1 ширхэг шатыг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах коммист даалгаж, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “Оргил” худалдааны төвийн камерын бичлэг бүхий цагаан өнгийн СD нэг ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, хохирогчиин хууль ёсны төлөөлөгч Б.Цэнд-Аюушийн гаргасан нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэж шийдвэрлэжээ.

             Дээд шатны прокурор Б.Ууганбаатар бичсэн эсэргүүцэлдээ: “... Шүүхийн цагаатгах тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Учир нь: Хэрэгт авагдсан насанд хүрээгүй хохирогч Б.Ариунжаргалын “2018 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, “Эмээлт Оргил” дэлгүүр рүү эмээ Алтанзаяа, өвөө Батсайхан, ах Энхболд, эгч Наранмижид нарын хамт 11 цагийн орчим ороод хаалгаар гарч байсан, тэгээд юу болсон талаар мэдэхгүй байна. Нэг мэдэхэд намайг өвөө тэврээд явж байсан. Түүнээс хойш санахгүй байна. Гомдолтой байна, сэтгэл санааны хохиролтой байна” гэх мэдүүлэг /хх-19/,

Иргэний нэхэмжлэгч Б.Цэнд-Аюушийн “2018 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 11 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оргил” нэртэй худалдааны төвд манай хүү Ариунжаргал дүү Эрхэмжаргал болон өвөө Батсайхан, эмээ Алтанзаяа нарын хамт “Оргил” худалдааны төвөөр үйлчлүүлээд үүдээр гарах үед үүдэн дээр эвхдэг шатаар ажил хийж байсан хүний шат хугарч манай хүү Ариунжаргалыг дарж унаад биед нь хүнд гэмтэл учруулсан. Одоо хүүхдийн байдлын хувьд хичээлдээ явж байгаа бөгөөд заримдаа толгой нь өвддөг. Шатанд даруулсан өдөр эмчилгээнд зориулж тархины томографик эмчилгээнд 420.000 төгрөгийг өгсөн. Миний эрүүл саруул хүүхдийг шатаар дарж гэмтэл учруулсанд гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-21-22/,

Гэрч Х.Алтанзаяагийн “Уг дэлгүүрийн төв хаалган дээр гэрэл янзалж байсан залуу шатны хамт зээ хүү Ариунжаргалын дээр унаад, хүү толгойгоороо хойшоо савж унасан. Би айгаад хүүгээ тэврээд өөрийн машинтайгаа гэмтлийн эмнэлэг орж эмчид үзүүлсэн” гэх мэдүүлэг /хх-23-24/,

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч Я.Дамдинрагчаагийн 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 2018/09 дугаартай “М.Эрдэнэбилэгийн үйлдэлтэй хамааралтай ба шатны хөл хугарснаас үүдэн осол гарсан байна. Тухайн өдөр ажил гүйцэтгэж байсан М.Эрдэнэбилэг нь “Топ Электро Сигнал” ХХК-ийн даргаар ажилладаг тэдний үндсэн ажилтан байна. М.Эрдэнэбилэг нь “Моннидер” ХХК-ийн ажлын байранд байсан шатыг ашигласан байх ба уг шатанд эвдрэл гарснаас унаж, хүний биед гэмтэл учруулсан байна. М.Эрдэнэбилэг нь өөрийн санаачлагаар засварын ажлыг хийсэн байна. Харин ажил олгогчийн шийдвэрээр захиргааны чөлөөтөй байсан байна” гэх дүгнэлт /хх-37-38/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, камерын бичлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн “Б.Ариунжаргалын биед зүүн дагз, чамархай ясны далд цөмөрсөн хугарал, тархины хатуу хальсан доорхи цус хуралт, зүүн чамархай, дагз хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд учирсан нь тогтоогдлоо, дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д заасан гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-33/,

Гэрч Г.Бямбанямын “Билгээ ах шатгүй болчихлоо, шатаа өгөөч гээд манай агуулахад байсан төмөр А шатыг авсан. Одоо буулаа гээд бууж байгаад 3,4 гишгүүр үлдсэн байхад шатны хөл хугарч дэлгүүрийн үүдээр гарч байсан хүүхдийн дээрээс унасан. Оргил худалдааны төвийн барилгын даамал Мөнхбаяр явуулсан гэж хэлсэн. Би байгууллагын дотоод журмыг дагаж мөрдүүлэх, байгууллагын аюулгүй байдлыг хангуулах, гадна талбайн аюулгүй байдлыг хариуцан ажилладаг” гэх мэдүүлэг /хх-30/,

Н.Мөнхбаярын “Би Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Оргил” худалдааны төвийн барилга, цахилгааны ажлыг хариуцан ажиллаж байгаа. Би “Топ Электро Сигнал” ХХК-ийн цахилгааны инженер М.Эрдэнэбилэг рүү залгахад утас нь холбогдохгүй байсан. Эрдэнэбилэг хэд хоногийн дараа очиж янзалж байгаад шат нь нурж хүүхэд дарсан байдаг” гэх мэдүүлэг /хх-32/,

Иргэний хариуцагч Ц.Батболдын “Тухайн өдөр намайг гадуур ажилтай явж байхад хамгаалалтын албаны ажилтан Бямбаням утсаар залгаад манай дэлгүүрийн үүдэнд цахилгаан янзалж байсан цахилгаанчны шат унаад хүүхэд гэмтээчихлээ гэж хэлсэн. Түргэн дуудсан уу гэж асуухад дуудсан, хүмүүс нь хүүхдээ аваад явсан, араас нь цахилгаанчин нь явлаа гэж хариулсан. Цахилгаанчин шат байна уу гэж асуухад нь өөрсдийн байгууллагын ашигладаг шатаа өгсөн. Манай шат шинэ, бүрэн бүтэн байсан. Гагцхүү буруу ашигласнаас болж асуудал үүссэн байх” гэх мэдүүлэг,

Гэрч Г.Бямбанямын шүүх хуралдаанд өгсөн “Би шатаа өгөхдөө шалгаад бүрэн бүтэн шатаа өгсөн шүү гэж хэлсэн. Гадаа бороо орсон байсан учир шатыг гулгаж магадгүй гэж бодоод Эрдэнэбилэг гэрэл засаж байх үед шатыг хөлөөрөө тулж байсан. Тэгтэл гар утас дуугараад ярьж байгаад хартал Эрдэнэбилэг шаттайгаа унасан байсан. Цаана нь нэг хүүхэд уйлж байсан. Шатыг дэлгүүрийн хананаас 2 метрийн зайд байрлуулсан байсан. Шаттайгаа гулгаж унаж магадгүй гээд би Эрдэнэбилэгийн зогсож байсан шатны нэг хөлийг тулж байсан” гэж мэдүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл гэрч Г.Бямбанямын мөрдөн байцаалтад өгсөн “буулаа гэж байгаад 3,4 гишгүүр үлдсэн байхад шатны хөл хугарч дэлгүүрийн үүдээр гарч байсан хүүхдийн дээрээс унасан” гэх мэдүүлэг зэргээр шүүгдэгч М.Эрдэнэбилэгийн засвар үйлчилгээ хийж байсан шатыг унана гэдгийг тооцоолсон, тухайн шаттай холбоотой үйлдэл, эс үйлдэхүйн аюулын шинжийг ухамсарлаж байсан нь тогтоогддог. Нөгөөтэйгүүр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дотоод хяналтын улсын ахлах байцаагчийн 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 2018/09 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “Энэ асуудал нь М.Эрдэнэбилэгийн үйлдэлтэй хамааралтай” гэж дүгнэсэн байхад шүүх хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Шүүгдэгч М.Эрдэнэбилэг нь тухайн байгууллагын бүрэн бүтэн байсан шатыг зориулалтын зохих стандартын дагуу бус хэтэрхий сунгаж налуу угсарснаас уг асуудал үүсч барилгын шатанд эвдрэл үүссэн болох нь мэргэжлийн хяналтын шинжээчийн дүгнэлт болон камерын бичлэгээр хангалттай тогтоогдсон. Хэрэв энэ талаар эргэлзээ төрсөн бол шүүх энэ талаар нотлох ажиллагааг бүрэн гүйцэт явуулсны эцэст шийдвэрлүүлэх боломжтой юм. Шүүхийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “шүүхийн тогтоол хэсэгт заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тохиолдолд шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчлөх” гэж заасан. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 9 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэжээ.

Прокурор Н.Ундрах тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон дүгнэлтдээ: “... хохирогч Б.Ариунжаргал нь хүнд гэмтэл авсан бөгөөд энэ гэмтэл нь шүүгдэгч М.Эрдэнэбилэгийн болгоомжгүй үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой. Шинжээчийн дүгнэлт болон бусад гэрчүүдийн мэдүүлгээр М.Эрдэнэбилэг нь шаттайгаа унах боломжтой талаар тухайн нөхцөл байдалд тооцоолж байсан нь тогтоогдсон байдаг. М.Эрдэнэбилэгийн үйлдлийг цагаатгаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож гэм буруугийн асуудлыг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.

Цагаатгагдсан этгээд М.Эрдэнэбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Энэ хэрэг болгоомжгүй байдлаар үйлдэгдсэн учраас анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Цагаатгагдсан этгээд М.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч Г.Минжмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурор эсэргүүцэлдээ “шүүгдэгч М.Эрдэнэбилэг нь тухайн байгууллагын бүрэн бүтэн байсан шатыг зориулалтын зохих стандартын дагуу бус хэтэрхий сунгаж налуу угсарснаас уг асуудал үүсч барилгын шатанд эвдрэл үүссэн болох нь мэргэжлийн хяналтын шинжээчийн дүгнэлт болон камерын бичлэгээр хангалттай тогтоогдсон” гэсэн байна. Шатанд үзлэг хийлгэх талаар прокурорт хүсэлт гаргаад тухайн шатанд үзлэг хийсэн. Шатны дунд талын бэхэлгээнд эвдрэл үүссэн. Шатнаас доош буух үед тухайн шат доошоо гулзайж унаад шат өөрийн инерцээрээ хаалга налж унасан нөхцөл байдал тогтоогддог. Тэгтэл прокуророос хэргийн нөхцөл байдлыг тогтоохдоо “...М.Эрдэнэбилэг “Оргил” худалдааны төвийн гадна засварын ажил хийж байгаад тус худалдааны төвөөс гарч явсан Б.Ариунжаргалын дээрээс болгоомжгүй үйлдлийн улмаас шаттайгаа унаж...” гэсэн нь буруу болсон. Г.Бямбаням гэх хүнээс завсар хийхэд шаардлагатай шатыг шалгаж авсан талаар талууд хэлдэг. Шатнаас доош бууж байх явцад их биед урагдал үүсч үүссэн бөгөөд Б.Ариунжаргалын дээрээс зөвхөн шат унасан, түүнээс биш шаттайгаа цуг М.Эрдэнэбилэг унасан зүйл байдаггүй. Шат гулзайж унах үед дэргэдүүр хэн нэгэн өнгөрч байгаа талаар мэдэх боломжгүй. Хэргийн бодит байдлыг зөв тогтоож чадаагүй прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Эвдрэл үүссэн байна, түүнээс биш шатыг зохих стандартын бус хэрэглэснээс болж эвдрэл үүссэн гэх шинжээчийн дүгнэлт байхгүй. М.Эрдэнэбилэг доош бууж байх үед шатанд эвдрэл үүссэн болох нь камерын бичлэгээр тодорхой харагддаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

М.Эрдэнэбилэгт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 09 дугаартай цагаатгах тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болж чадаагүй байна.

Учир нь, прокуророос М.Эрдэнэбилэгийг засварын ажил хийж байгаад бага насны хүүхдийн дээрээс болгоомжгүй үйлдлийн улмаас шаттайгаа унаж хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэж үзэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд шүүгдэгч М.Эрдэнэбилэгийг гэм буруугүйгээр хор уршиг учруулсан гэж дүгнэн, хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих нөхцөл байдал бүрэн нотлогдоогүй байхад шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу байна.  

Тухайлбал, хэргийн 82 дугаар талд авагдсан “Тоног төхөөрөмж нийлүүлэх, угсралт, суурилуулалтын ажил гүйцэтгэх гэрээ”-гээр “Камдер” ХХК, “Топ электро сигнал” ХХК нарын хооронд байгуулсан 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн УГ/101/204 тоот гэрээ авагджээ.

Энэхүү гэрээгээр “Камдер” ХХК захиалагчаар, “Топ электро сигнал” ХХК гүйцэтгэгчээр оролцож, захиалагч нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Товчооны гудамж хаягт байрлах 1-2 дугаар давхар үйлчилгээ, 3-9 дүгээр давхар орон сууц бүхий барилгын цахилгааны иж бүрэн ажил, реклам хаяг гэрэлтүүлгийн ажлыг хийж гүйцэтгэхээр тохирчээ.

Улмаар “Камдер” ХХК нь “Моннидер” ХХК-нд тус барилгын 1 давхрын үйлчилгээний хэсгийг түрээслүүлэхээр 2018 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 180108-06 тоот гэрээ байгуулж, “Оргил” худалдааны төв гэсэн супермаркет, хүнсний худалдааны зориулалтаар үйл ажиллагаа явуулж байсан байна.   

2018 оны 7 дугаар сард уг төвийн “супермаркет” гэсэн гэрэлтүүлэг бүхий хаягийн “супер” гэсэн хэсэг нь асахгүй болж, “Камдер” ХХК-иас “Топ электро сигнал” ХХК-д хандаж, улмаар гүйцэтгэгч компаниас М.Эрдэнэбилэг нь 2018 оны 7 дугаар сарын 28-ны өдөр ирж, засвар үйлчилгээний ажлыг хийж байхдаа унаж, хүүхэд гэмтээсэн үйл явдал болжээ.

М.Эрдэнэбилэгийн дээрх ажлыг хийж гүйцэтгэх явцад бий болсон хэрэг учрал нь тухайн хувь хүний болгоомжгүй үйлдлээс улбаатай гэхээс илүүтэй хууль болон захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс үүдэлтэй байж болохоор байхад прокуророос М.Эрдэнэбилэгт “болгоомжгүй үйлдлийн улмаас шаттайгаа унаж хүнд хохирол болгоомжгүй учруулсан” гэж яллах дүгнэлт үйлдсэн нь ойлгомжгүй, төдийгүй тус хэрэгт шинжээчээр ажилласан Я.Дамдинрагчаа гэгчийн 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 2018/09 дүгээр дүгнэлт нь “тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлт гаргах” зохицуулалтыг зөрчиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй байна.

Уг дүгнэлтэд “М.Эрдэнэбилэгийн үйлдэлтэй хамааралтай. Гэхдээ түүний мэргэжлийн ажил үүргээ гүйцэтгэж байсантай холбоогүй байх ба харин шатны хөл хугарснаас үүдэн осол гарсан байна.”, “М.Эрдэнэбилэг нь өөрийн санаачлагаар засварын ажлыг хийсэн байна. Харин ажил олгогчийн шийдвэрээр захиргааны чөлөөтэй байсан байна” гэхчилэн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт гэж үзэх ямарч боломжгүй эрхийн акт гаргажээ. Өөрөөр хэлбэл шинжээчийн дүгнэлт нь хэргийн үйл баримт, гэм бурууг тогтоосон утга агуулгатай байгаа нь хуульд заасан шаардлагад нийцэхгүй гэж үзэв.

Иймд тухайн хэрэгт М.Эрдэнэбилэгийн үйлдэл нь зохих стандарт шаардлагад нийцсэн эсэхтэй холбоотой асуудлаар дахин шинжээч томилж, нэгэнт тогтоогдсон хэргийн үйл баримтад үндэслэн хөдөлмөр, аюулгүй ажиллагааны дүрэм, журам зөрчигдсөн эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсны эцэст Эрүүгийн хуулийн зохих зүйл, хэсгээр зүйлчлэн ирүүлэх нь зүйтэй байх тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, “хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх”-ээр бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, М.Эрдэнэбилэгт холбогдох хэргийг шүүхийн урьдчилан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 09 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, М.Эрдэнэбилэгт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хэлэлцүүлэхээр  мөн шүүхэд буцааж, дээд шатны прокурор Б.Ууганбаатарын 2019 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 5 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцтэл шүүгдэгч М.Эрдэнэбилэгт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                  ДАРГАЛАГЧ

                  ШҮҮГЧ                                                                  М.ПҮРЭВСҮРЭН

                  ШҮҮГЧ                                                                  Н.БАТСАЙХАН

                  ШҮҮГЧ                                                                  Б.ЗОРИГ