Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2015/0468

 

******* /МАК/ ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж,шүүгч Н.Хонинхүү, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б*******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б******* нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 412 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, А******* хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ашигт малтмалын тухай хуульд тусгай зөвшөөрлийг сэргээх, хэсэгчлэн сэргээх тухай зохицуулалт огт байхгүй байхад Кадастрын хэлтэс хууль тогтоомжоор өөрт эрх олгогдоогүй асуудлаар хэсэгчлэн сэргээх шаардлагыг хүлээн зөвшөөрсөн. Мөн Улсын дээд шүүхийн 2012 оны 83 дугаар тогтоолыг зөрчсөн.

2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулиар хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгох, бусдад шилжүүлэхийг Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн баталж мөрдөх хүртэл хориглосон байдаг. Гэтэл Ө******* ХХК-ийн өргөдлийг хүлээн авч 15177Х тусгай зөвшөөрлийн 325 га талбайд хуульд байхгүй хэсэгчлэн сэргээх нэрийн дор хайгуулын тусгай зөвшөөрөл олгож хууль зөрчсөн.

Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 788 тоот шийдвэр гарах үндэслэл болсон Өмнөговь аймгийн Засаг даргын 2009 оны 143, 144 тоот саналууд нь өмнө нь дурдсанчлан Улсын дээд шүүхийн 2011 оны 234 тоот тогтоолоор хууль бус болох нь тогтоогдож хүчингүй болсон. Ингэснээр Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан Засаг дарга дэмжихээс хуульд заасан үндэслэлээр татгалзсан гэх үндэслэлд хамаарч, А******* хэлтэс зөвшөөрөл өгөхөөс татгалзах ёстой байтал 15177Х тусгай зөвшөөрлийг хэсэгчлэн сэргээхийг хүлээн зөвшөөрч буй нь хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл болно.

Ашигт малтмалын тухай хуулиар Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэх өргөдөлд Хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээн авсан Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр зэргийг тусгай зөвшөөрөл олгоход заавал шаардах ёстой. Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлийн 2012 оны ХХ-15-02 дүгнэлт, Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 614 дүгээр тушаалуудаар маргаантай талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон.

Энэ талаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2013 оны 131 дүгээр тогтоолоор дүгнэсэн байдаг.

Мөн Ашигт малтмалын газрын дарга Д.Б*******, Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга Л.Д******* нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд гарсан Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 285 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 312 дугаар тогтоолоор Д.Б*******, Л.Д******* нарыг сонгон шалгаруулалтын үндсэн дээр тусгай зөвшөөрөл олгох ёстой талбайд сонгон шалгаруулалтын журам зөрчин олгосон 108 ширхэг тусгай зөвшөөрөл олгож, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял ногдуулсан бөгөөд дээрх 108 тусгай зөвшөөрөлд 15177Х, 15178Х тусгай зөвшөөрлүүд хамрагдсан.

Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 312 дугаар тогтоолын хянавал хэсэгт ... сонгон шалгаруулалт явуулалгүйгээр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг бусдад олгосныг тогтоосон 2012 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн дүгнэлтийн хавсралтад орсон ашигт малтмалын хайгуулын 15177Х, 15178Х тусгай зөвшөөрлийг Ө******* ХХК-д олгосон Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 788 дугаар шийдвэрийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2012 оны06 дугаар сарын 04-ний өдрийн 83 дугаар тогтоолоор хүчингүй болгосон байх тул прокурорын яллах дүгнэлтэд дурдсан ашигт малтмалын 108 тусгай зөвшөөрлөөс 15177Х, 15178Х дугаартай тусгай зөвшөөрлийг хасч ... гэж заагаад урьд тогтоогдсон үйл баримтын талаар дахин шийдвэрлэх үндэслэлгүй талаар дурдсан байна.

Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн 788 тоот шийдвэртэй холбогдох маргааныг шүүх шийдвэрлэхдээ тус талбайг сонгон шалгаруулалтаар олгох ёстойд тооцож манай компанийг тэргүүн ээлжинд тусгай зөвшөөрөл авах ёстой гэсэн. Иймд А******* хэлтсийн дээрх хууль бус актуудын улмаас манай компанийн тэргүүн ээлжинд тусгай зөвшөөрөл авах давуу эрх хөндөгдсөнөөс гадна энэ талбайд зарлагдах байсан сонгон шалгаруулалтад оролцох эрх ашиг сонирхол зөрчигдөж байна.

Иймээс Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Хүрэншанд нэртэй газарт 352 га талбайд 15177Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг хэсэгчлэн сэргээсэн шийдвэр, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Хүрэншанд орчимд 350.13 га талбайд Ө******* ХХК-д ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 229 дүгээр шийдвэрийг илт хууль бусад тооцож, хүчингүй болгож өгнө үүгэжээ. .

Хариуцагч А******* хэлтсээс шүүхэд ирүүлсэн тайлбартаа: "******* ХХК-ийн эзэмшиж ашиглаж буй газартай Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 788 дугаар шийдвэрээр Ө******* ХХК-д ашигт малтмалын хайгуулын 15177Х, 15178Х дугаартай тусгай зөвшөөрөл олгосон газар давхцсан тул *******ХХК уг 788 дугаар шийдвэрийг хүчингүй болгох гомдлыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцээд 2012 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 83 дугаар тогтоолоор Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 788 дугаар шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Ө******* ХХК-ийн Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ...бусдын ашиглах болон эдэлбэр газартай огт давхцаагүй 352 га газрын тусгай зөвшөөрлийг олгохгүй байгаа Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын эс үйлдлийг хууль бус болохыг тогтоож, хуулийн дагуу өөрийн хөрөнгөөр нөөцийг тогтоосон газар дээрээ ашигт малтмал ашиглах эрхийг сэргээхийг Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад даалгаж өгөхийг хүссэн нэхэмжлэл гаргасан бөгөөд энэ нэхэмжлэлийн шаардлагаа 2 удаа өөрчилсөн.

Хариуцагч нь Ө******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн Ашигт малтмалын газрын Кадастрийн хэлтсийн даргын 2013 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 6-2617 тоот албан бичгээр шүүхэд гаргасан ба энэ зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 172 дугаар захирамж гарсан. Энэ захирамжийг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 229 дүгээр шийдвэрээр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Хүрэншанд орчимд 350.13 га талбайд Ө******* ХХК-д ашигт малтмалын 17317А ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон байна.

******* ХХК Өмнөговь аймагт 1816Х, 7877Х гэсэн 2 тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан ба 2006 оны 08 дугаар сарын 18-ны өдөр дуусгавар болсон. Тус талбайг Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тусгай хэрэгцээнд аваад 2008 оны 36 дугаар тогтоолоор тусгай хэрэгцээнээс чөлөөлсөн байдаг. Чөлөөлөөд Ө******* ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл  олгосон гээд байна. Гэхдээ 2008 онд тусгай хэрэгцээнээс чөлөөлснөөс хойш 2009 онд буюу жилийн дараа Ө******* ХХК-д 15177Х, 15178Х хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон. Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8-д заасны дагуу 1 сарын хугацаанд өргөдөл гаргаж байгаагүй гэдгийг тухайн үеийн удирдлага хариу өгч байсан. Иймд энэ талаар давуу эрх эдлэх байсан гэж маргах хууль зүйн үндэслэл байхгүй гэдэг нь харагдаж байна.

Монгол Улсын Үндсэн Хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т  Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна гэж заасан. Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн, 5.2-т Төр өмчлөгчийн хувьд энэ хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхтэй гэж заасны дагуу Ашигт малтмалын газар төрийн өмчийг ашиглуулах эзэмшүүлэх эрхтэй байх тул энэхүү эрхээ хэрэгжүүлж шүүхийн шийдвэрийн дагуу Ө******* ХХК-д  тусгай зөвшөөрөл олгосон. Иймд Ашигт малтмалын газрын 229 дүгээр шийдвэр нь хууль бус байх үндэслэл байхгүй гэжээ.

Гуравдагч этгээд Ө******* ХХК-аас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ө******* ХХК нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт 15177Х, 15178Х тоот тусгай зөвшөөрлүүдийг 2009 оны 10 дугаар сарын 05-ны өдөр авч, уг талбайд хайгуул хийхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг гаргаж Голомт банкнаас 6 сая ам.долларын зээл авч Банкны тухай хууль, Ашигт малтмалын тухай хуульд зааснаар барьцаанд тавин баталгаажуулж, хайгуулын ажлыг 2009-2010 онд хийж, шинжээчийн дүгнэлтүүдийг 2011 оны 3 дугаар сард гаргуулан нөөц тогтоосноо Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтээр баталгаажуулан Ашигт малтмалын газарт хүлээлгэн өгч Ашигт малтмалын газрын даргын 614 дүгээр тушаалаар нөөцөд хүлээн авч бүртгэсэн.

******* ХХК-ийн эзэмшиж, ашиглаж буй газартай Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 788 дугаар шийдвэрээр Ө******* ХХК-д олгосон ашигт малтмалын хайгуулын 15177Х, 15178Х тоот тусгай зөвшөөрөл давхцсан тул шүүхэд хандан 788 дугаар шийдвэрийг хүчингүй болгох гомдол гаргасныг Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхээр хэлэлцээд 2012 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 83 дугаар тогтоолоор уг шийдвэрийг хүчингүй болгосон.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6 дахь заалт нь тус хуулийн 19.2.2, 19.2.5-д заасныг баримталдаг ба энхүү 83 дугаар тогтоол нь Ө******* ХХК-д давхцаагүй хэсэгт тусгай зөвшөөрөл олгох бололцоог олгосон юм.

******* ХХК-ийн нэхэмжлэлийн нэгдэх шаардлагын тухайд: Ө******* ХХК тус шүүхэд хандан 2013 оны01 дүгээр сарын 13-ны өдөр А******* хэлтэст холбогдуулан ...Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Хүрэншанд нэртэй газарт тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, ашигт малтмал ашиглах эрхийг сэргээлгэх тухай ...нэхэмжлэл гаргаж, хариуцагч Ашигт малтмалын газар 2013 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 6-2617 тоот албан бичгээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч тайлбар ирүүлсний дагуу шүүгчийн 2013 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 172 дугаар захирамж гарч хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1449 дүгээр захирамжаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн Ашигт малтмалын газрын Кадастрийн хэлтсийн тайлбар нь Ө******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагад өгч буй тайлбар буюу хэрэг хянан шйидвэрлэх ажиллагаатай холбоотой үйлдэл тул захиргааны акт биш гэж үзэн хүлээн авахаас татгалзсаныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааны 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 178 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн нэхэмжлэлийг хүлээн авахаар шийдвэрлэснийг хэвээр үлдээснээр эцэслэн шийдвэрлэгдсэн.

Ингээд 2013 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн шийдвэрээр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Хүрэншанд нэртэй 350,13 га талбайд ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг олгосон. Иймд шүүхийн шийдвэрийг биелүүлж гарсан захиргааны актыг шүүх дахин хянан шийдвэрлэх боломжгүй.

Эндээс үзвэл нэхэмжлэлийн шаардлага болгосон үйл баримтыг тус шүүхэд хянан шийдвэрлэсэн бөгөөд ийнхүү шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр байгаа учир Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.6-д заасан нэхэмжлэлд дурдсан үйл баримт, хариуцагчийн гэм буруугийн талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж зааснаар ******* ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 412 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4, 24.4.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Хүрэншанд нэртэй газарт 352 га талбайд 15177Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг хэсэгчлэн сэргээсэн шийдвэр, Өмнөговь аймгийнГурвантэс сумын Хүрэншанд орчимд 350.13 га талбайд Ө******* ХХК-д ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 229 дүгээр шийдвэрийг илт хууль бусад тооцож хүчингүй болгуулах шаардлага бүхийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожшийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: А******* хэлтэс Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийг зөрчиж, хуулийн хүчин төгөлдөр болсон Захиргаа, Эрүүгийн шүүхийн шийдвэрийг үл ойшоон, маргаан бүхий талбайд сонгон шалгаруулалтын журмаар олгох талбай гэж тогтоосныг зөрчиж ашиглалтын тусгай зөвшөөрөл өргөдлийн үндсэн дээр олгосон.

Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар ашиглалтын лиценз өргөдлийн үндсэн дээр авахын тулд тухайн этгээд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч баих ёстой. Хуулиараа хайгуулын лицензгүй этгээдэд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгож болохгүй.

Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 172 дугаар захирамжаар бол ашигт малтмал ашиглах эрхийг сэргээхийг даалгаж шийдвэрлэсэн байдаг ба сэргээх гэдэг бол өмнө байсан зүйлээ дахин олж авах гэсэн утгатай. Гэтэл "Өсөх Зоос" ХХК-ийн хувьд тус талбайд өмнө нь ашиглалтын тусгай зөвшөөрөл авч байгаагүй тул ашигт малтмал ашиглах эрхийг сэргээх, дахин уг эрхээ олж авах гэсэн асуудал огт байхгүй.

Дээрх 2013 оны 172 дугаар шүүгчийн захирамжийг үндэслэн А******* хэлтсийн даргын 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 202 дугаар шийдвэр гаргасан байдаг. Ингэснээр 172 дугаар захирамж бүрэн биелсэн.

Гэтэл үүний дараа дахин А******* хэлтсийн дарга 2013 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 229 дүгээр шийдвэрийг гаргаж шүүгчийн захирамжийг 2 дахь удаагаа биелүүлж 2 дахь актаа гаргасан.

Шүүхийн шийдвэрийг 2 удаа биелүүлдэггүй, өөрөөр хэлбэл маргаж буй акт болох 229 дүгээр шийдвэр гарах эрх зүйн үндэслэл огт байгаагүй болно. Түүнчлэн Шүүхийн шийдвэрийг биелүүлж гарсан 202 дугаар шийдвэрийн дагуу шалгахад "Өсөх Зоос" ХХК-д хууль зөрчихгүйгээр ашиглалтын тусгай зөвшоөрөл олгох ямар ч боломж байхгүй юм.

А******* хэлтсээс 202 дугаар шийдвэрийн дагуу ергөдлийг хүлээн авч Ашигт малтмалын тухай хуулинд заасны дагуу өргөдлийг хянах явцад Ашигт малтмалын тухай хууль болон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдтэй зөрчилдөж буй нөхцлүүд тодорхой байсан. Энэ үндэслэлээр 229дүгээр шийдвэрийг гаргахгүй байх бүрэн эрх А******* хэлтэст байсан төдийгүй холбогдох баримтууд бүрэн илэрсэн байсан. Гэвч хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлэх нэрийдлээр илт хууль бус захиргааны акт гарган бусдын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хохироож байна.

Маргаан бүхий 2013 оны 05 дутаар сарын 27-ны өдрийн 229 дүгээр шийдвэр дараах байдлаар нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөж байна. Үүнд:

1. ******* ХХК-ийн нэхэмжлэлийн дагуу Захиргааны хэрэг шийдвэрлэгдсэн 3 шатны шүүхийн шийдвэр гарахдаа Монголын алт ХХК-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөж байна гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, манай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох ******* ХХК-ийн эрх, ашиг сонирхол шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдчихсон.

2. Ашигт малтмалын тухай хуулийн 7.1-д зааснаар Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч этгээд Монгол Улсын аль ч хэсэгт хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэх эрх адил тэгш, эрх нээлттэй байгаа. Тэгэхээр нэгэнт хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэх эрх хуулиар нээлттэй байгаа субьектийн хувьд аль ч хэсэгт, аль ч газарт тусгай зөвшөөрөл хүсэх эрх байгаа. Яг энэ маргаан бүхий захиргааны хэрэгт хамаарах 15177Х лицензтэй байсан талбайг сонгон шалгаруулалтын үндсэн дээр ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох хууль зүйн үндэслэлтэй байна гээд шүүх тогтоочихсон.

Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т зааснаар сонгон шалгаруулалтын үндсэн дээр лиценз олгох тэр эрх нэгэн адил бүх хуулийн этгээдүүдэд нээлттэй бөгөөд уг эрх нь Ашигт малтмалын газраас сонгон шалгаруулалт зарласан үед сонгон шалгаруулалтад орох эрх нь нээгдэнэ. Харин одоо манай компанийнхувьд маргаан бүхий талбайд тусгай зөвшөөрөл хүсэх эрх нь нээлттэй байгаа ба тусгай зөвшөөрөл хүсэх эрхээ хэрэгжүүлэхийн тулд Ашигт малтмалын газар хэзээ сонгон шалгаруулалт зарлах вэ гэдгийг хүлээж байсан.

3. ******* ХХК-ийн хувьд бол энэ талбай дээр ашигт малтмалын тусгай эөвшөөрөл хүсэх бусдаас илүү ашиг сонирхол байгаа, тэр ашиг сонирхол нь юугаар илэрхийлэгдэж байгаа вэ гэхлээр урьд нь энэ талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан. Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших эрхийнхээ хүрээнд тухайн талбайд урьд нь улсын төсвийн хөрөнгөөр эрлийн болон хайгуулын ажил явуулсан зардлыг нөхөн төлсөн эдийн засгийн ашиг сонирхол байгаа.

Шүүх манай компанийн гаргасан нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдолтой гол асуудлуудад дүгнэлт өгч, няцаалт хийгээгүй бөгөөд харин ч энэ хэрэгт огт хамааралгүй асуудлуудад дүгнэлт өгч, улмаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь харагдаж байна. Тодруулбал,

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг буюу 10-р талд "Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ .... хайгуулын тусгай зөвшөөрлийг тэргүүн ээлжинд авах эрх манай компанид хадгапагдаж байна гэжээ" хэмээн манай компанийн үндэслэл болгоогүй асуудлыг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болгосон мэтээр бичсэн, улмаар ",...тул тус талбайд Монголын алт ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийг тэргүүн ээлжинд эрх хадгалагдана гэж маргах үндэслэлгүй байна гэж энэ хэрэгт огт хамааралгүй асуудлаар дүгнэлт өгсөн.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг буюу 10, 11 дүгээр хуудсуудад мөн л өмнө шийдэгдсэн асуудлууд, шүүхийн шийдвэрт тусгагдсанаар нь хуулбарлаад тавьсан байх ба энэ асуудлуудыг нэхэмжлэгчийн зүгээс огт гаргаж тавиагүй бөгөөд хөндөгдөж буй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо өөр байдлаар тодорхойлсон.

Гэтэл шүүхээс Гэтэл Монголын Алт ХХК-ийн зам, шугам сүлжээний барилга байгууламжийн зурвас газар нь А******* хэлтсийн 2013 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн захирамжаар Өсөх Зоос ХХК-д MV017317 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон газар давхцаагүй болох нь нотлогдож байна хэмээн бидний үндэслэлээ болгоогүй эрхийг хөндөөгүй байна гэж энэ хэрэгт огт хамааралгүй асуудлаар дүгнэлт хийсэн.

172 дугаар захирамжаар 15177Х хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн, одоо хүчинтэй байгаа мэт ойлголт төрүүлж байгаа ба бодит байдалд 15117Х хайгуулын тусгай зөвшөөрөл Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн кадастрын даргын 2009 оны 788 дугаар шийдвэрээр Өсөх зоос ХХК-д олгогдоод Монгол Улсын дээд шүүхийн 2012 оны 83 дугаар тогтоолоор хүчингүй болсон нь хүчин төгөлдөр хэвээр байна.

Түүнчлэн 172 дугаар захирамжаар огт өөр асуудлыг шийдвэрлэсэн байдаг ба энэ
талаар өмнө тодорхой дурьдсан. Мөн "илт хүчин төгөлдөр гэж үзэн хүчингүй болгох" гэсэн ойлголт Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд байдаггүй.

Ийнхүү шүүх үндэслэлгүй буруу дүгнэлт хийж Ө******* ХХК-ийг хүчин төгөлдөр хайгуулын тусгай зөвшөөрөлтэй мэтээр ойлгосон нь манай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нөхцөл боллоо. Тодруулбал, манай нэхэмжлэлийн шаардлагын нэг үндэслэл болох Ө******* ХХК хайгуулын тусгай зөвшөөрөлгүй байтлаа ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан маргаж байгааг хүлээн аваагүй, түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 24.1 дэх заалтыг зөрчөөгүй гэж үзсэн байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2012 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн ХХ-15-02 тоот дүгнэлт, 2012 оны 7 сарын 05-ны өдрийн Нөөц хүлээн авч бүртгэх тухай 614 дүгээр тушаалууд хүчин төгөлдөр үйлчилж байгаа нь энэ хэрэгт огтхамааралгүй бөгөөд А******* хэлтсийн даргын 2013 оны 229 дүгээр шийдвэрийн хууль зөрчсөн байдлыг хамгаалах үндэслэл болохгүй юм.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 72.4-т зааснаар захиргааны хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэлийг тусгах ажиллагааг огт хийсэнгүй.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагыг ямар учраас хэрэгсэхгүй болгож буйгаа тодорхой заах ёстой байтал захиргааны актыг үндэслэлгүйгээр хамгаалж, хэргийн материалтай танилцалгүйгээр хэргийг шийдвэрлэхэд хамааралгүй асуудлуудаар дүгнэлт өгөн, нэхэмжлэлийн үндэслэлийг буруу тайлбарлаж, хэт нэг талыг барьсан дүгнэлтүүдийг хийсэн.

Иймд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 412 дутаар шийдвэрт манай компанийн гаргасан нэхэмжлэлийг хангасан өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

А******* хэлтсийн даргын маргаан бүхий 2013 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 229 дүгээр шийдвэрээр Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 172 дугаар захирамж, Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Хүрэншанд нэртэй 350.13 га талбай бүхий уурхайн эдэлбэрт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг Ө******* ХХК-д олгожээ.

Дээрх тусгай зөвшөөрөл бүхий талбайд буюу Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Нарийн сухайт нэртэй газарт анх нэхэмжлэгч ******* ХХК-д 1816Х, 7805Х тусгай зөвшөөрлийг 1999 оны 08 дугаар сарын 08-ны өдөр олгосон байх ба уг тусгай зөвшөөрлийн хугацаа 2006 оны 02 дугаар сарын 10-ны өдөр дуусгавар болохоор байсан бөгөөд Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2005 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 3/5 дугаар тогтоолоор 5а62 Нарийн сухайт орчмын 112,2 мянган га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авч, 2008 оны 36 дугаар тогтоолоор тусгай хэрэгцээнээс чөлөөлсөн байна.

Харин Ашигт малмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн 2009 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 788 дугаар шийдвэрээр Ө******* ХХК-д Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Нарийн сухайт орчмын Хүрэн шанд нэртэй 1313,41 га талбай, Хүрэн овоо нэртэй 193,14 га талбайд 15177Х, 15178Х тоот зөвшөөрөл олгосон байсныг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2012 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 83 дугаар тогтоолоор хүчингүй болгожээ.

Үүнээс хойш тухайн талбайд тусгай зөвшөөрөл олгогдоогүй байх боловч Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 614 дүгээр тушаалаар гуравдагч этгээд Ө******* ХХК-аас 15177Х хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд нөөц хүлээн авч, бүртгэсэн байна. Улмаар гуравдагч этгээдээс А******* хэлтэст холбогдуулан 15177Х тоот хайгуулын тусгай зөвшөөрөлтэй Хүрэн шанд нэртэй газар өөрийн хөрөнгөөр хайгуулын ажил хийгдэж, 42,9 тонн нүүрсний нөөц тогтоогдсон, бусдын ашиглах болон эдэлбэр газартай давхцаагүй 352 га газрын тусгай зөвшөөрлийг олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өөрийн хөрөнгөөр нөөцийг тогтоосон газарт ашигт малтмал ашиглах эрхийг сэргээхийг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрсөн тул Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 04 дүгээр сарын 23-ний өдрийн 172 дугаар захирамжаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагч нь маргаан бүхий 2013 оны 229 дүгээр тушаалыг гаргасан байх боловч энэ тушаал нь Ашигт малтмалын тухай хуулийн 24.1-д Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй гэж заасантай нийцээгүй байна.

Хэдийгээр маргаан бүхий тушаал Ашигт малтмалын тухай хуульд нийцээгүй боловч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.7-д зааснаар хууль бус захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй юм. Тодруулбал,

Монгол Улсын Дээд 2012 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 83 дугаар тогтоолоор Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхай кадастрын хэлтсийн 2009 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 788 дугаар шийдвэр хүчингүй болсон боловч, уг тогтоолд нэхэмжлэгчийн тусгай хэрэгцээнээс чөлөөлсөн Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2008 оны 36 дугаар тогтоолын дагуу тухайн талбайнуудыг тусгай хэрэгцээнээс чөлөөлөгдсөн тухай нийтэд мэдээлэхгүй байгаа эс үйлдэхүйг тогтоож, нийтэд мэдээлэхийг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн үндэслэлээ барилга, байгууламжийн зориулалтаар эзэмшиж буй газар эзэмших, ашиглах эрхийг зөрчсөн гэж тодорхойлсон, энэ нь дээр дурдагдсан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдээр тогтоогдсноос үзэхэд тухайн газар хайгуул хийх тусгай зөвшөөрлийн эрх хүсэх ч үндэслэлгүй юм гэсэн, мөн Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 614 дүгээр тушаалыг илт хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг Молгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 191 дүгээр тогтоолоор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчээс маргаан бүхий тушаалаар Ө******* ХХК-д ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгосон нь түүний маргаан бүхий талбайд сонгон шалгаруулалт зарлагдсны дагуу тусгай зөвшөөрөл хүсэх эрхийг зөрчиж байна гэж маргаж байгаа боловч өмнө шийдвэрлэгдсэн дээрх захиргааны хэргүүдэд нэхэмжлэгч нь энэ талаар маргаагүй, түүнчлэн Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2012 оны 83 дугаар тогтоолд Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2008 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 36 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалтаас чөлөөлөгдсөн тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрх нээлттэй талаар байгууллагынхаа мэдээллийн самбараар мэдээлсэн гэж үзэж, түрүүлж өргөдөл гаргасан гэх Ө******* ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл 2009 оны 788 дугаар шийдвэрээр олгосон нь тогтоогдсон гэж дүгнэсэн байхаас гадна нэхэмжлэгчээс маргаан бүхий тусгай зөвшөөрлийн талбайг авахаар хүсэлт гаргаж байгаагүй байна.

Иймээс А******* хэлтсийн даргын 2013 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 229 дүгээр шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй юм.

Харин нэхэмжлэгч ******* ХХК-аас Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Хүрэн шанд нэртэй газар 352 га талбайд 15177Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг хэсэгчлэн сэргээсэн шийдвэрийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагасаа татгалзаж байгаагаа давж заалдах шатны шүүх хуралдааны явцад бичгээр гаргажээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1д зааснаар нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй байх учир нэхэмжлэгчийн дээрх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх /хуучин нэрээр/ -ийн 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 412 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Хүрэн шанд нэртэй газар 352 га талбайд 15177Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг хэсэгчлэн сэргээсэн шийдвэрийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагасаа татгалзсаныг баталсугай гэж өөрчилж, шийдвэрийн 1 дэх заалтын болон бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээрүлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ Б. ТУНГАЛАГСАЙХАН