Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2019/ШЦТ/59

 

 

                                     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Б.Төрболд

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Галтогтох

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат

Шүүгдэгч Пнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Төрболдоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт П холбогдох 1921006910378 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1960 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 59 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын техникч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 2, нөхрийн хамт Архангай аймгийн ******* сумын 5 дугаар баг, 3-2 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл гэх, Х овогт П. /РД: .../,

 

 

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч П нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны өглөө 06 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг “Мустанг” баарны урд талд гээгдүүлсэн байсан иргэн Э-ын өмчлөлийн нэг бүр нь 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий 20 ширхэг “MI MAX”-3 маркийн нийт 10000,000 /арван сая/ төгрөгийн гар утсыг завшсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч П нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны өглөө 06 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг “Мустанг” баарны урд талд гээгдүүлсэн байсан иргэн Э-ын өмчлөлийн 20 ширхэг “MI MAX”-3 маркийн нэг бүр нь 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий нийт 10000,000 /арван сая/ төгрөгийн гар утсыг завшсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Төрболдоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1921006910378 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

     Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

            Насанд хүрээгүй гэрч М мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 10-ны өглөө 06 цагийн орчимд Дорнод аймагт ирээд 06 цаг 20 минутын орчимд гэрийнхээ гадаа хүргүүлсэн. Тухайн машины жолооч ах миний ачааг хойд талын багаажнаас авч өгсөн. Би өөрийн авч явсан тус бүр 2 ширхэг цүнх, ууттай юмаа аваад гэртээ орсон. Миний цүнхэн дээр хар хайрцагтай карго байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,   

            Гэрч М мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр үдээс хойш 16 цагийн орчим Улаанбаатар хотоос Дорнод аймаг руу өөрийн эзэмшлийн Пруис-20 маркийн 12-54 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслээр гарах гээд “Тэнгэр” Плазагийн урд талд зогсож байхад 20-25 орчим насны залуу ирээд Дорнод аймаг руу дайвар /ачаа/ явлуулах гэсэн юм гээд дөрвөлжин хайрцагтай зүйл өгсөн. ...тухайн залуу миний утас руу залгаад дахин дайвар /ачаа/  өгөх гэсэн юм гээд миний араас Чулуун-Овооны автобусны зогсоол дээр дайвар /ачаа/ авчирч өгсөн. ...Дорнод аймаг орж ирээд Хэрлэн сумын 6 дугаар баг, “Мустанг” баарны гадна талд нэг хүүхдийг цүн, ууттай зүйл нийлсэн 4 ширхэг ачааг нь буулгасан. ...Хэрлэн сумын 4 дүгээр баг, Зангиатын 8-23 тоотод байх гэртээ очиж хүүхдээ 12 цэцэрлэгт хүргэж өгөөд багажаа үзэхэд 1 /нэг/ хайрцагтай дайвар /ачаа/ дутсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-24 дугаар хуудас/,

Гэрч Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...манай ээж 2019 оны 10 дугаар сарын 11-ний өглөө 06 цагийн орчим манай гэрт ирээд надад хандаж хайрцагтай юм олсон талаараа хэлсэн. ...задлаад үзэхэд 20 ширхэг гар утас байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

Гэрч Д мөрдөн шалгах ажиллагаан шатанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хот Баянгол дүүрэг Гандангийн ойролцоо ******* гэх айлд байхад Б миний утас руу залгаад бид хоёр Гандангийн зүүн талд уулзахад Б утас ломбарданд тавих хэрэгтэй байна гээд машиныхаа урд талын хайрцагнаас 3 ширхэг Mi max3 маркийн гар утаснуудыг гаргаж ирэхээр тухайн утаснуудыг хулгайн гар утас биш биз дээ гэхэд ямар нэгэн асуудал байхгүй талаар хэлсэн. Улмаар тухай утаснуудыг аваад Баянхошууны тойрогт байх “999” ломбардад нэг гар утсыг нь 300,000 төгрөгөөр, Баянхошууны ******* байх нэрийг нь мэдэхгүй ломбардад нэг гар утсыг 260,000 төгрөгөөр, Модны 2-ын голд байх “*******” гэх ломбардад 250,000 төгрөгөөр тус тус өөрийн бичиг баримтаар тавиад нийт 810,000 төгрөгийг Батсуурьд өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/,

Хохирогч Э мөрдөн шалгах ажиллагаанд шатанд өгсөн: Би “ЖСИ” ХХК-ийн захирлаар ажилладаг. ...20 ширхэг Mi Max3 маркийн утас явуулсан. ...Улаанбаатар хотоос ачаа ирсэн гэж хэлэхээр нь Найрамдал цэцэрлэгт хүрээлэнгийн автобусны буудал дээр байна гэж хэлэхэд нь 30 минутын дараа саарал өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй хүн ирээд 2 хайрцагтай юм явуулсан нэг нь байхгүй байна гэж хэлэхээр нь цагдаагийн байгууллагад дуулга өгсөн. ...Би Mi max3 маркийн гар утасны нэг ширхэгийг нь 500,000 төгрөгөөр үнэлэх бөгөөд нийт 20 ширхэг гар утас нь 10000,000 төгрөг болж байгаа бөгөөд буруутай этгээдээс тухайн гар утасны мөнгийг гаргуулах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн:  “...Манай байгууллагад нийт 12000,000 төгрөгийн хохирол учирсан байгаа бөгөөд тухайн үед зарж борлуулсан бол нэг бүрийг нь 650,000 төгрөгөөр зарж борлуулах байсан ба манай байгууллагад 13000,000 төгрөгийн орлого болж орох байсан. Тухайн 20 ширхэг гар утсыг БНХАУ-аас авчирсан бөгөөд гаалийн татвар, тээврийн зардал, барааны цэвэр дүн зэргээр бодоход нийт 10.000.000 төгрөг болж байгаа. Эд мөрийн баримтаар шүүхэд ирсэн утсыг буцааж авах боломж байхгүй. Гар утасны үнийг гаргуулж авах хүсэлтэй байна. Иймд П хохирол болох 10.000.000 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй байна. Шүүхэд хохирлоо төлөхөө илэрхийлж бидэнтэй тохиролцсон хугацаандаа төлж барагдуулахыг хүсч байна. Хохирол хугацаандаа төлөгдөх юм бол бидэнд гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 дүгээр хуудас/, 

 

            Иргэний нэхэмжлэгч С мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “999” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт 2018 оны 11 дүгээр сард ажилд орсон бөгөөд одоог хүртэл тухайн байгууллагад ажиллаж байна. Улмаар 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 18 цагийн орчимд ажил дээрээ байхад ...Дорждэрэм гэх хүн хар өнгийн MI MAX3 маркийн гар утсыг 300,000 төгрөгийн барьцаанд тавьсан юм. ...Д барьцаанд тавьсан утасны хугацаа дууссан бөгөөд би тэмдэглүүлсэн утасных нь дугаар руу залгахад тухайн гар утсыг авах боломжгүй байгаа талаар надад хэлсэн тул байгууллагын дотоод журамд заасны дагуу тухайн гар утсыг байгууллагын мөч болгон авсан. ... хохирлын 327,100 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 дүгээр хуудас/,

Шүүгдэгч П мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, Ивээлийн 6 дугаар байшинд дүүгийнхээ гэрт хоносон юм. Өглөө 06 цагийн орчим ...Ивээл хорооллын дундуур явж байгаад ... хар өнгийн гялгар уутаар ороосон хайрцагтай зүйл байхаар нь ...аваад гэр рүүгээ явсан. ...хүү Б гэрт очоод тухайн хайрцагтай зүйлийг задалж үзэхэд 20 ширхэг гар утас байсан. Тухайн гар утаснуудыг Б зараарай гэж хэлээд үлдээсэн. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гар утасны үнэ болох 10.000.000 төгрөгийг төлж барагдуулах талаар хугацаа тогтоож шүүхэд өгч байна. Тогтоосон хугацаандаа төлнө. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-8 дугаар хуудас/,

Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 11 дүгээр хуудас/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

Хэрлэн сумын үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 14 дүгээр хуудас/,

Эд зүйлийн мэдээлэл, барьцаалан зээлдүүлэх зээлийн гэрээ, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /54-64 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар: Шүүгдэгчийн оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 42, 43, 44, 48-49 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн 1921006910378 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч П нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны өглөө 06 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг “Мустанг” баарны урд талд гээгдүүлсэн байсан иргэн Э-ын өмчлөлийн 20 ширхэг “MI MAX”-3 маркийн гар утас нэг бүр нь 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий нийт 10000,000 /арван сая/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан насанд хүрээгүй гэрч М /хх-ийн 25 дугаар хуудас/, гэрч М /хх-ийн 26-27 дугаар хуудас/, гэрч Б /хх-ийн 31-32 дугаар хуудас/, гэрч Р.Дорждэрэм /хх-ийн 33 дугаар хуудас/, хохирогч Э /хх-ийн 21 дүгээр хуудас/, иргэний нэхэмжлэгч С /хх-ийн 17-19 дүгээр хуудас/ нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н, шүүгдэгч П нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-8 дугаар хуудас/, эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 11 дүгээр хуудас/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-13 дугаар хуудас/, Хэрлэн сумын үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 14 дүгээр хуудас/, эд зүйлийн мэдээлэл, барьцаалан зээлдүүлэх зээлийн гэрээ, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /54-64 дүгээр хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч П Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль, ёс зүйн ухамсар дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгөтэй болох санаа зорилго болон ачаа тээвэрлэгчийн хайхрамжгүй байдал зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд нь хор уршиг зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч П “MI MAX”-3 маркийн 20 /хорь/ ширхэг гар утасны үнэ болох 10000,000 /арван сая/ төгрөгийг гаргуулж, хохирогч ЖЭ СИ Электроникс ХХК-ны захирал Э /Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо 46А-100 тоотод оршин  суух/ олгох нь зүйтэй байна.

Иргэний нэхэмжлэгч С нь  “MI MAX”-3 маркийн 1 /нэг/ ширхэг гар утсыг барьцаанд авсан үнэ болох 327100 төгрөг гаргуулах хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гар утсыг хохирогч буцаан авах боломжгүй, шүүгдэгч нь иргэний нэхэмжлэгчид олгох талаар санал гаргасан тул уг гар утсыг Улаанбаатар хот СХДүүргийн 7 хороонд байрлах “999” барьцаалан зээлдүүлэх газрын ажилтан С.Сувд-Эрдэнэ олгох нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч П иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй гэж үзлээ.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч П Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч П нь анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй байна. 

Шүүгдэгч П-ийг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч П  ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Хавтаст хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “MI MAX”-3 маркийн 1 /нэг/ ширхэг гар утсыг иргэний нэхэмжлэгч С /Улаанбаатар хот СХДүүргийн 7 хороонд байрлах “999” барьцаалан зээлдүүлэх газрын ажилтан/-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт П-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.           

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П-ИЙН хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч П-ийн ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч П-оос “MI MAX”-3 маркийн 20 /хорь/ ширхэг гар утасны үнэ болох нийт 10000,000 /арван сая/ төгрөгийг гаргуулж хохирогч “ЖЭ СИ Электроникс” ХХК-ны захирал Э / Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо 46А-100 тоотод оршин суух “....”/-т,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “MI MAX”-3 маркийн 1 /нэг/ ширхэг гар утсыг иргэний нэхэмжлэгч С /Улаанбаатар хот СХДүүргийн 7 хороонд байрлах “999” барьцаалан зээлдэхүүлэх газрын ажилтан/-д тус тус олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч П авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.БАТСАЙХАН