| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 182/2017/02767/и |
| Дугаар | 168 |
| Огноо | 2018-01-24 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 168
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “С К ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 10 дугаар байр, 15 тоотод байрлах, “Э” ХХК-д холбогдох,
Түрээсийн төлбөр болон алдангид 17 640 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 10 дугаар сарын 27-нд хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Авирмэд, хариуцагч “Э” ХХК-ийн захирал Б.Г, хариуцагчийн өмгөөлөгч Д.Энхтунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Маралмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “С К ” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Авирмэдээс гаргасан тайлбартаа: Хариуцагч нь 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хойш түрээсийн төлбөрийг барагдуулаагүй тул тус нэхэмжлэлийг гаргасан. Талуудын хооронд түрээсийн гэрээг 2015 оны 04 дүгээр 15-ны өдөр 1 жилийн хугацаатай байгуулсан. Тус түрээсийн гэрээний дагуу “С К ” ХХК-ийн Сүхбаатар дүүрэг, 1 хороо, 5 дугаар хороолол, Чингисийн өргөн төлөө 14201 тоот хаягт байрлах, “Бизнес плаза 1” төвийн 3 давхар, 301 тоот, 42 м.кв тайлбайтай өрөөг 1м.кв-ыг 28 000 төгрөг буюу нийт сарын 1 176 000 төгрөгөөр түрээслэсэн.
Түрээсийн төлбөрт 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 840 000 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 15-наас 2015 оны 04 дүгээр сарын 01-ний хооронд 588 000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 01-нээс 05 дугаар сарын 01-ний хооронд 1 176 000 төгрөг төлсөн. Одоо нийт 10 сарын төлбөрт 11 760 000 төгрөгийг, түрээсийн гэрээний 3.2 дахь заалт болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу алдангид 5 880 000 төгрөгийг тооцон нийт 17 640 000 төгрөгийг нэхэмжилсэн.
Хариуцагчийн тайлбар, нөхцөл байдлыг харгалзан нэхэмжлэлээс алданги гэж тооцсон 5 880 000 төгрөгийн шаардлагаас татгалзаж байна. Түрээсийн байрыг 2016 оны 03 дугаар сарын 01-нд “Э” ХХК нь албан ёсоор суллаж өгсөн. Гэрээ бол 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай байгуулагдсан боловч гэрээний хугацаа дуусахаас өмнө буюу 1 сар 15 хоногийн өмнө хүлээлгэж өгсөн. Өөрөөр хэлбэл манайх 2015 оны 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 дугаар сарууд, 2016 оны 1, 2 дугаар сар буюу 2015 оны 04 дүгээр сарын 15-наас 2016 оны 02 дугаар сарын 15-ныг хүртэл нийт 10 сарын түрээсийн мөнгө 11 760 000 төгрөг нэхэмжилж байгаа гэв.
Хариуцагч “Э” ХХК-ийн захирал Б.Г-гаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2014 оны намар “Европика Монголиа” ХХК-д Саяана Будаевнаг гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үед нь би нягтлан бодогчоор ажилд орж танилцаж байсан. Ажиллаж байсан компани нь ОХУ-ын хуулийн этгээдийн охин компани байсан бөгөөд замын хар, битум борлуулах ажил хийж байсан. 2015 оны 03 дугаар сарын эхээр Саяана Будаевна нь тус компанийн удирдлагатай зөрчилдөж, ажлаас гарахдаа надад “чи миний “Э” ХХК-д орж ажиллавал би өндөр цалин өгнө” гэхэд нь би итгэн өмнөх ажлаасаа гарч, түүний компанид нягтлан бодогчоор 2015 оны 04 дүгээр сараас эхэлж ажилласан. Төд удалгүй “10 000 доллар олж өгөөч, ажилд урьдчилгаа хэрэгтэй байна” гэхээр нь би өөрийн амьдардаг орон сууцыг хувь хүнд барьцаалан сарын 1 200 000 төгрөгийн хүүтэйгээр зээл авч өгсөн. Ингэж хамт ажиллаж байх үед тус түрээсийн гэрээг Саяана Будаевна өөрийн биеэр нэхэмжлэгч компанитай байгуулсан. Тухайн үед би нягтлан бодогчоор ажиллах тушаал гарч ажиллаж байсан ч гэсэн цалин авч байгаагүй тул гэрээнд заагдсан тус ажлын байранд нэг их очдоггүй байсан. 2016 оны намар намайг дуудахад нь би миний мөнгийг өгөх гэж байна гэж бодоод очиж уулзахад захирал “чи түр хугацаагаар миний компанийг нэр дээрээ авч бай, орос яваад замын ажлаа бүтээгээд ирье, тэгэхгүй бол намайг нийгмийн даатгалын өртэй гээд хилээр гаргахгүй байна” гэхээр нь би тус компанийг өөрийн нэр дээр шилжүүлсэн. Түрээсийн асуудал надад хамааралгүй тул миний хувьд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна. Компаниас сарын түрээсийн төлбөрт 1 176 000 төгрөг, барьцаа 840 000 төгрөг төлсөн байна. 588 000 төгрөг нь өмнө байсан 504 тоот өрөөний төлбөр юм, түүнд маргаан байхгүй. 2015 оны 09 сар гэхэд түрээсийн 301 тоот өрөөг лацадсан байсан. Тэгээд орж чадаагүй. Дараа нь 2016 оны 03 дугаар сард хэн хүлээж авсныг мэдэхгүй. Би хааяа нэг очдог байсан учир сайн мэдэхгүй гэв.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “С К ” ХХК нь хариуцагч “Э” ХХК-иас түрээсийн төлбөрт 11 760 000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алдангид 5 880 000 төгрөг, нийт 17 640 000 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.
Хэргийг хэлэлцэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гэрээний хугацаа хэтрүүлсэний хариуцлага буюу алдангид нэхэмжилсэн 5 880 000 төгрөгийн шаардлагаас татгалзсан байна.
Дээрх нэхэмжлэлийг хариуцагч “Э” ХХК-ийн захирал Б.Г нь, тус компанийн захирал байсан ОХУ-ын иргэн Саяна Будаевна Хасаранова нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй учир хилээр гаргахгүй байх, чи түр хугацаагаар өөрийн нэр дээрээ компанийг шилжүүлж байгаач, би Орос яваад замын ажлаа бүтээгээд ирнэ гээд гуйсны дагуу түүнд итгэж компанийг өөрийн нэр дээр шилжүүлсэн. Надаас 10 000 ам.долларыг зээлж, би сард 1 200 000 төгрөгийн хүүг төлөн хохирч байна, мөн өртэй компаниа залилан мэхэлж надад шилжүүлсэн гэсэн үндэслэлүүдээр цагдаагийн байгууллагад гомдол гаргасан ба одоо эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа, 2016 оны 09 дүгээр сараас хойш уг байранд би очоогүй, түрээсийн асуудал надад огт хамааралгүй, түрээсийн өрөөг хүлээлгэн өгсөн баримт байхгүй гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг үл зөвшөөрч маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараахь үндэслэлээр хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэв.
1.Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “С К ” ХХК нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Бизнес плаза-1” төвийн 3 дугаар давхарт, 42 м.кв талбай бүхий 301 тоот өрөөг хариуцагч “Э” ХХК-д түрээслэхээр харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь дээрх түрээсийн гэрээний зүйлийг хариуцагчид шилжүүлэх, хариуцагч нь 1 м.кв талбайг 28 000 төгрөгөөр тооцон, сард 1 176 000 төгрөгийн түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээж 2015 оны 04 дүгээр сарын 15-нд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1.-д заасан 01/04 тоот “Ажлын байрны түрээсийн гэрээ”-г 1 жилийн хугацаатай байгуулжээ.
Дээрх 42 м.кв талбай бүхий 301 тоот өрөөний өмчлөл, эзэмшлийн талаар хэрэгт баримт авагдаагүй ч уг түрээсийн гэрээний зүйлийн өмчлөгчийн талаар буюу нэхэмжлэгчийн өмчлөлийн эд хөрөнгө болох талаар зохигчид маргаагүй ба талуудын хооронд байгуулсан гэрээний 1.1-д “...А талаас өөрийн өмчлөлийн, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах, “Бизнес плаза 1” төвийн 3 давхар, 301 тоот, 42 м.кв талбайг...”Э” ХХК-д ...түрээслүүлэхээр тохиролцсон болно” гэж заасан байна.
2.Мөн гэрээний зүйл болох 42 м.кв талбай бүхий 301 тоот өрөөг хариуцагчид хүлээлгэн өгсөн талаар хэрэгт баримтгүй байх боловч хариуцагч компани нь тус өрөөг түрээслэн үйл ажиллагаа явуулж байсан нь, мөн нэхэмжлэгч гэрээний хугацаа дуусаагүй байхад буюу 2016 оны 03 дугаар сарын 01-нээр гэрээг цуцлан түрээсийн зүйлийг шилжүүлэн авсан болох нь зохигчдын тайлбараар нотлогдсон.
3.Талуудын хооронд байгуулсан “Ажлын байрны түрээсийн гэрээ”-ний 5.13-д “Гэрээний хугацаанд түрээслэсэн байрыг ашигласан үгүйгээс үл хамааран түрээсийн төлбөрийг төлөх үүрэг хүлээнэ” гэж заасан ба хариуцагч тал нь 2015 оны 04 дүгээр сарын 15-наас хойш 2016 оны 02 дугаар сарын 15-ныг хүртэл 10 сарын хугацаанд түрээсийн зүйлийг ашигласны төлбөрийг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1.-д “ ...түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу төлөх үүрэгтэй.
Нэхэмжлэгч тал нь 1 сарын төлбөрт 1 176 000 төгрөгийг болон гэрээний 3.1.4-т заасны дагуу барьцаанд 840 000 төгрөгийг тус тус хариуцагч төлсөн талаар хүлээн зөвшөөрч тайлбарласан байна.
Мөн хариуцагчаас 2015 оны 03 дугаар сард төлсөн 588 000 төгрөгийг өмнө нь түрээслэж байсан Сүхбаатар дүүргийн 1 дугаар хороо, “Бизнес плаза-1” төвийн 504 тоот өрөөний түрээсийн төлбөрт төлсөн талаар зохигчид тайбарлан, энэ талаар маргаагүй байна.
Иймд хариуцагч “Э” ХХК-ийн түрээсийн төлбөрт төлөх ёстой 11 760 000 төгрөгөөс төлсөн 2 016 000 төгрөгийг хасч 9 744 000 төгрөгийг нэхэмжлэгч хариуцагчаас шаардах эрхтэй.
4.Хариуцагч тал нь түрээсийн өрөөг 2015 оны 09 дүгээр сараас хойш ашиглаагүй гэсэн тайлбар гаргаж байх боловч уг тайлбар нь баримтаар нотлогдохгүй байна.
Түүнчлэн хэрэгт авагдсан “Э” ХХК-ийн 000128458 тоот улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн дэлгэрэнгүй бүртгэл зэрэг баримтад үүсгэн байгуулагч, захирлаар болон тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдээр Б.Г бүртгэгдсэн, эдгээр бүртгэлүүд хүчин төгөлдөр байна.
Хариуцагч талын, ОХУ-ын иргэн Саяна Будаевна Хасаранова залилан мэхэлж “Э” ХХК-ийг өөрийнх нь нэр дээр шилжүүлсэн учир түрээсийн гэрээ надад хамааралгүй гэсэн нэхэмжлэлийг татгалзсан тайлбар үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 17110152 хэргийн бүртгэлийн дугаартай “Хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай” Нийслэлийн Цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн мөрдөн байцаагчийн мөрдөгчийн тогтоол, 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Хохирогчоор тогтоох тухай” мөрдөгчийн тогтоол зэрэгт 2015 оны 04 дүгээр сарын 03-нд Саяна Будаевна Хасаранова гэгч 10 000 ам.доллар буюу 20 000 000 төгрөгийг залилан мэхлэн авч эд хөрөнгийн хохирол учруулсан гэх үндэслэлээр иргэн Б.Ггийн гомдлоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж түүнийг хохирогчоор тогтоон мэдүүлгийг нь авсан тухай баримтууд, 2016 оны 11 дүгээр сарны 17-нд иргэн Б.Г, иргэн Саяна Будаевна Хасаранова нарын хооронд байгуулсан “Зээлийн гэрээ”, “Э” ХХК-ийн татварын 2016 оны 4 дүгээр улирлын, 2017 оны 2 дугаар улирлын “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан” зэрэг нь нэхэмжлэлийг татгалзах хуульд заасан үндэслэл болохгүйн дээр эдгээр баримтууд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм.
Тодруулбал, нэхэмжлэгч нь “Ажлын байрны түрээсийн гэрээ”-ний нэг тал болох түрээслэгч “Э” ХХК-ийг хариуцагчаар тодорхойлж, түрээсийн гэрээний үүргийг шаардсан ба дээрх хариуцагч талын тайлбар, татгалзал нь талуудын хоорондох түрээсийн гэрээний харилцаанд хамаарахгүй болно.
Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн хариуцагчаас түрээсийн гэрээний үүрэгт 9 744 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн бусад шаардлагыг болон нэхэмжлэгч тал нь гэрээний хугацаа хэтрүүлсний хариуцлага болох алдангид нэхэмжилсэн 5 880 000 төгрөгийн шаардлагаас татгалзсаныг батлан холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 246 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 170 854 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118. дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1., 232 дугаар зүйлийн 232.6.-д заасныг баримтлан хариуцагч “Э” ХХК-иас 9 744 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “С К” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 2 016 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг баримтлан нэхэмжлэгч “С К” ХХК нь алдангид нэхэмжилсэн 5 880 000 төгрөгийн нэхэмжлэлээс татгалзсаныг батлан, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 246 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 170 854 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш нэхэмжлэгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ж.БАЙГАЛМАА