Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2020/ШЦТ/404

 

Sh-404                        17.2-2                 2020.11.10

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2020/0383/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгч Н.Н.Д- /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Д-т холбогдох  эрүүгийн 1918003670181 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Н.Д-, 1976 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

-1995 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2, 124 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан,

-1997 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 200000 төгрөгөөр торгох ял,

-2003 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял,

-2005 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2008 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн өөрчлөлтөд хамрагдаж ялаас чөлөөлөгдсөн,

-2012 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

Шүүгдэгч Н.Н.Д- нь 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Буян” захын урд иргэн Д.Д.Э-ийн эрх чөлөөнд халдаж, Samsung G-530 маркийн гар утас, LG маркийн гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэн авч, 100000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

-Шүүгдэгч Н.Н.Д-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...би ганцаараа явж байгаад хохирогчийн гар утсыг авсан. Гар утсыг нь авахдаа нүүр рүү нь гараараа 2 удаа цохисон. Хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн  6/,

-Хохирогч Д.Д.Э-өөс Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хавтаст хэргийн  7/,

-Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн  10/,

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 11/,

-Хохирогч Д.Д.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...үл таних хүн ирээд миний халааснаас 2 ширхэг гар утас авахаар нь би утсаа буцааж авах гэсэн боловч хэн цохиж байгааг нь хараагүй, нэг мэдэхэд миний нүүр рүү цохиод Арбатын гудамжны зүгт гүйгээд явчихсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14/,

-Гэрч Д.П- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...05 дугаар сарын дундуур “Ихэр могой” худалдааны төвийн орчим ганцаараа явж байтал Н.Д- архи уучихсан, согтуу халааснаасаа 2 ширхэг гар утас гаргаж ирээд “миний найз энэ 2 гар утсыг зараад өгөөч” гэж гуйсан. Тэгээд “хэний утас юм бэ?” гэж асуухад “миний утас байгаа юм, архи уух гэсэн мөнгөгүй болчихсон байна” гэж хэлэхээр нь “Ихэр могой” худалдааны төвийн гар утасны тасаг руу ороод хамгийн сүүлийн лангуунд 30 гаруй насны залуу дээр очоод “энэ 2 утсыг 30000 төгрөгөөр зарах гэж байна, авах уу?” гэж асуухад “үгүй ээ, 25000 төгрөгөөр авъя” гэхээр нь хэлсэн үнээр нь зараад Н.Д-т 25000 төгрөг өгчихөөд Төв аймгийн Борнуур сум руу явсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17/,

-Гэрч О.А- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2 хүн ирээд надаас “гар утас авах уу?” гэж асуугаад “манай найзын утас юм аа, доор хүлээж байгаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн гар утсыг үзээд “хэдэн төгрөгөөр зарах вэ?” гэж асуухад “30000 төгрөгөөр зарна” гэж хэлэхээр нь “30000 төгрөгөөр авахгүй, 25000 төгрөгөөр авна” гэхэд “заръя” гээд зарсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18/,

-“...Д.Д.Э-ийн биед зүүн хацар, цээжний зүүн дээд хэсэгт цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн хүчин үйлчлэлээр буюу цохигдох үед үүсгэгдэх боломжтой. Дээрх цус хуралт нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 сарын 23-ны өдрийн 465 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 21-22/,

-“...үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2019 оны 05 дугаар сарын 21-ний байдлаар 100000 төгрөг байна.” гэх “Капитал зууч” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хавтаст хэргийн 26-27/,

-Иргэний нэхэмжлэгч О.А- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 87/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч Н.Н.Д- нь 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Буян” захын урд иргэн Д.Д.Э-ийн эрх чөлөөнд халдаж, Samsung G-530  маркnaн гар утас, LG маркийн гар утсыг хүч хэрэглэн авч, 100000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч Н.Н.Д-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Д.Э-д 100000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд 2 ширхэг гар утсыг буцааж өгсөн, иргэний нэхэмжлэгч О.Ариунболд нь  мөрдөн байцаалтын шатанд: “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 87/ өгсөн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Н.Н.Д- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байх бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Н.Н.Д- нь гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н.Д-т 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Н.Д-ын энэ хэрэгт 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 34 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд гаргасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-т заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Н.Д-т  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Н.Н.Д-ын  эдлэх ялыг 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэснийг дурдаад

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Н.Д-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д-т  1 жилийн /нэг жил/ хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н.Д-т  оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н.Д-ын энэ хэрэгт 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 34 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Н.Д-т  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Н.Н.Д-ын  эдлэх ялыг 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Н.Д-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Я.ТУУЛ