Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 266

 

 

                                                 О.Түвшинтөгсөд холбогдох эрүүгийн

                                                                   хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор С.Оюунжаргал,

шүүгдэгч О.Түвшинтөгс, түүний өмгөөлөгч Х.Даваахүү,

хохирогч Б.Бүрэнжаргалын хууль ёсны төлөөлөгч Б.Есөнцагаан,

хохирогч Д.Юмчинлхамын хууль ёсны төлөөлөгч П.Баатар,

хохирогч Б.Шинжээгийн хууль ёсны төлөөлөгч Ш.Амартүвшин,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 1634 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Анхбаярын бичсэн 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 1 дугаартай эсэргүүцлийг үндэслэн О.Түвшинтөгсөд холбогдох эрүүгийн 1819001260345 дугаартай хэргийг 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Октябрын Түвшинтөгс, 1988 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, үйлдвэр үйлчилгээний менежмент мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эхнэр, охины хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн 3а-124 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: УД88091939/;

О.Түвшинтөгс нь согтуурсан үедээ 2018 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн  05 цагийн үед Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт, Хамрын хийд явах замд 44-87 УНК улсын дугаартай “Hyundai Starex” загварын тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1-д “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна.” гэснийг, а/-д “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх”, 2.7-д “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно” гэснийг, а/-д “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 9.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас онхолдож, зорчигч Б.Чулуунцэцэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, Л.Буянхүү, Ц.Лхагвасүрэн нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, М.Отгонтуяа, С.Шинжээ нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, Б.Бүрэнжаргал, З.Төмөр, Д.Юмчинлхам нарын амь нас хохироож, автомашинд 10.320.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: О.Түвшинтөгсийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хавтас хэрэгт авагдсан болон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас дүгнэхэд О.Түвшинтөгсөд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа үйл баримттай тохирохгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, бүрэн биш хийсэн мөрдөн байцаалтын ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэлээ. Үүнд:

1. Прокуророос О.Түвшинтөгсийг согтуугаар Авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас гурван хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлджээ. Гэтэл прокурор яллагдагчийг согтуугаар гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх шинжийг сонсгоогүй нь Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

2. Мөрдөн шалгах ажиллагааны үед буюу 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 72 дугаартай “Дахин шинжилгээ хийлгэх тухай” прокурорын тогтоол гарчээ. Уг тогтоолын тогтоох хэсэгт шинжээч нарт нийт 3 асуулт тавьсан бөгөөд 1 дэх асуултаар “2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 23 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй эсэх” гэх асуултад хариулаагүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт тус тус заасан “Шинжээч нь шүүх, прокурор, мөрдөгчийн тавьсан асуултын дагуу тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд шинжилгээг тал бүрээс нь бүрэн бодитой хийж, тогтоосон хугацаанд шинжлэх ухааны үндэслэл бүхий дүгнэлтийг бичгээр гаргана”, “Шинжээч тавьсан асуултын заримыг санаатайгаар хариулахгүй орхисон, эсхүл тогтоосон хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн, эсхүл худал дүгнэлт гаргасан бол хуульд заасан хариуцлага хүлээнэ” гэснийг болон Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2 дахь хэсэгт заасан “Шинжээч нь шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тавьсан асуултын дагуу шинжилгээ хийж, тогтоосон хугацаанд шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргана” гэх үүргээ биелүүлээгүй, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8 дахь хэсэгт заасан “шинжээчийн дүгнэлтэд: шинжээчид тавьсан асуулт, түүнд өгсөн хариулт, түүний үндэслэлийг асуулт тус бүрээр тусгана” гэснийг зөрчсөн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, шинжээч нар нь прокурорын тавьсан асуултад яагаад хариулаагүй талаарх үндэслэлээ дүгнэлтэд тусгаагүй байх тул дахин шинжилгээ хийсэн 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 611 дугаартай Техникийн шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар тооцох боломжгүй байна.

3. Прокуророос О.Түвшинтөгсөд 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заасан ял сонсгожээ. Ингэхдээ түүнийг “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 05 цагийн үед Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, Хамрын хийд явах замд 44-87 УНК улсын дугаартай “Hyundai Starex” загварын тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1-Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна. а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх, 2.7- “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 9.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас онхолдож, зорчигч Б.Чулуунцэцэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, Л.Буянхүү, Ц.Лхагвасүрэн нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, М.Отгонтуяа, С.Шинжээ нарын эрүүл мэндэд хүнд хохирол, Б.Бүрэнжаргал, З.Төмөр, Д.Юмчинлхам нарын амь нас хохирсон, автомашинд шууд 10.320.000 /нийт 13.275.000/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулсан атлаа түүнд сонсгоогүй Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн гэх үйлдлийг нэмж яллах дүгнэлтэд оруулан хэргийг шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

4. О.Түвшинтөгсийн өмгөөлөгч Х.Даваахүүгийн гаргасан “хэрэг болсон газрыг эргэлзээгүй зөв тогтоох шаардлагатай” гэх хүсэлтийг хүлээн авах үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь осол болсон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд үл хөдлөх цэг буюу В цэгийг Хамрын хийдийн авто зогсоолоор авсан бөгөөд энэ ослын газрын схем зурагт тусгагджээ. Түүнээс гадна хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын газрын схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нь ойлгомжгүй, хоорондоо зөрүүтэй байгаа нь хэрэг болсон газар буюу хэрэгт ач холбогдол бүхий байдлыг эргэлзээгүй бүрэн тогтоосон гэж үзэх боломжгүй байна. Иймд осол болсон хэргийн газрын үзлэгийг нөхөн хийж, гэмт хэрэг гарсан байдлыг эргэлзээгүй зөв тогтоох шаардлагатай гэх өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй. Энэ нь хэргийн бодит байдлыг тогтоох, шүүхээс хэргийг хууль ёсны ба үндэслэл бүхий шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой болно.

Мөн мөрдөн байцаалтын үед хохирогч болон тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч нарт эрх, үүргийг хангалттай тайлбарлан өгөөгүйгээс тэдгээрийн өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтыг гарган өгч, хариуцвал зохих этгээдэд холбогдуулан нэхэмжлэл гаргах, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах зэрэг хуульд заасан бусад эрх нь зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байгааг анхаарах нь зүйтэй гэж үзэж эрүүгийн 1819001260345 дугаартай хэргийг Тээврийн прокурорын газарт буцааж, шүүгдэгч О.Түвшинтөгсөд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Прокурор Н.Анхбаяр бичсэн эсэргүүцэлдээ: “... Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эсэргүүцэж байна. Үүнд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл /Хэрэг хянан шийдвэрлэж ажиллагааны хэмжээ хязгаар/-ийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан. Өөрөөр хэлбэл, шүүх хуралдааны хэмжээ хязгаарыг нэг талаас шүүх хуралдааныг чиглэсэн тодорхой зорилгын хүрээнд төлөвлөх, зохион байгуулах, нөгөө талаас ямар ч тохиолдолд шүүгдэгчийн байдлыг дордуулахгүй байх ач холбогдолтой юм.

1. О.Түвшинтөгс нь согтуурсан үедээ 2018 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 05 цагийн үед Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, Хамрын хийд явах замд 44-87 УНК улсын дугаартай “Hyundai Starex” загварын тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болон Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1, 2.7а, 9.1, 9.2-д заасан заалтуудыг зөрчсөний улмаас онхолдож, зорчигч Б.Чулуунцэцэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, Л.Буянхүү, Ц.Лхагвасүрэн нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, М.Отгонтуяа, С.Шинжээ нарын эрүүл мэндэд хүнд хохирол, Б.Бүрэнжаргал, З.Төмөр, Д.Юмчинлхам нарын амь нас хохирсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар ял сонсгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлд заасан шаардлагад нийцсэн гэж үзнэ.

Тодруулбал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д “согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн”, 4.2-д “энэ гэмт хэргийн улмаас хоёр, түүнээс олон хүний амь нас хохирсон бол” гэж хуульчилсан. Өөрөөр хэлбэл согтуурсан үедээ үйлдсэн энэ гэмт хэргийн улмаас 2, түүнээс олон хүний амь нас хохирсон бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар зүйлчлэхээр заажээ.

Шүүхээс О.Түвшинтөгсөд дээрх байдлаар ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан хүндрүүлэх шинжийг сонсгоогүй гэж дүгнэсэн нь эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, түүний нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх тухай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны үнэлэмж, зарчимд нийцээгүй гэж үзнэ.

2. Хэрэгт 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн тээврийн цагдаагийн албаны шинжээчийн бүрэлдэхүүнтэй “... О.Түвшинтөгс нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1-д “...Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна. а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх...”, 9.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 9.2-д “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэх дүгнэлт /2хх-56-57/,

Уг нотлох баримтаар О.Түвшинтөгсийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 9.2-д заасан заалтыг зөрчсөн гэж хэрэгт хувийн сонирхолгүй, зохих чадвартай, эрх бүхий мэргэжлийн шинжээчид гаргасан, мөн уг нотлох баримтыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, эргэлзээтэй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байх тул нотлох баримтаар тооцохгүй гэж дүгнэх боломжгүй юм.

Дээрх нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1-д заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан нотлох баримт гэж үзнэ.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлд “... прокурор яллах дүгнэлт үйлдэх үед яллагдагчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг өөрчлөх, нэмэлт оруулах бол яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж, яллагдагчаар татах тогтоолд оруулсан өөрчлөлтийг яллагдагчид танилцуулахыг мөрдөгчид даалгана...” гэж хуульчилсан ба О.Түвшинтөгсийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг агуулж байгаа тул О.Түвшинтөгсөд Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг өөрчлөх, нэмэлт оруулах хууль зүйн үндэслэлгүй юм.

Мөн О.Түвшинтөгсөд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “...жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна...” гэсэн заалтыг зөрчсөн гэж нэмж 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтэд тусгажээ.

Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн талаар гаргасан шинжээчийн дүгнэлтээр яллагдагчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг өөрчлөх, нэмэлт оруулах хууль зүйн үндэслэлгүй байна.

4. Түүнээс гадна хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, ослын газрын схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нь ойлгомжгүй, хоорондоо зөрүүтэй байгаа гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

      Учир нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүдээр уг осол нь 2018 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 05 цагийн үед Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, Хамрын хийд явах замд гарсан болох нь тогтоогдож байна.

Зам тээврийн осол нь 2018 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр буюу 9 сарын өмнө гарсан бөгөөд тухайн цаг хугацаанд хэргийн газрын үзлэг хийж, ослын газрын схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримт гэж үзнэ.

Хэргийн бодит үнэнийг тогтоох нь хуулийн дагуу хэргийн материалд авагдсан нотлох баримтыг шинжлэн судлах, үнэлж дүгнэх үйл явцуудын нэгдэл юм. Тухайн нотлох баримтын эх сурвалж, цуглуулсан арга хэрэгсэл нь хуульд нийцсэн эсэх, нотлох баримт өөрөө тухайн хэлэлцэгдэж байгаа хэргийн нөхцөл байдлыг нотлох, эсхүл үгүйсгэх чадвартай эсэхэд дүгнэлт өгөх нь зүйтэй.

Учир нь хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, холбогдох хуульд заасны дагуу хийгдсэн ажиллагааг ойлгомжгүй, зөрүүтэй, бүрэн тогтоосон гэж гэж үзэх боломжгүй гэж хийсвэр дүгнэлт хийж хэргийн газарт нөхөн үзлэг хийлгэх эсэх нь бодит байдалд нийцээгүй. Тодруулбал, уг нотлох баримт ямар нотлох баримтаар хэрхэн үгүйсгэж байгаа, хоорондоо зөрүүтэй гэж үзэж байгааг ойлгомжтой тодорхой зааж тусгасан байвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх шаардлагыг хангаагүй байна.

Анхан шатны шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг шүүх хуралдаанд оролцуулан зохих мэдүүлэг, тодруулах тайлбарыг авсны үндсэн дээр нотолбол зохих байдлуудыг тодруулах замаар нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой шалгаж, хянаж, хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хэмжээнд бодит байдлыг тогтоох, хэргийн оролцогч нараас гаргасан хүсэлтийг шийдвэрлэх улмаар холбогдогчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Иймд 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1634 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэжээ.

Прокурор С.Оюунжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эсэргүүцлээ дэмжиж оролцож байна. Хэргийн газрын үзлэгийг хийх шаардлагагүй гэж үзсэн. Учир нь хавтас хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэлийг одоо нөхөн гаргаж хэргийн газрын үзлэг хийх боломжгүй. Нөхөн үзлэг хийнэ гэдэг нь анх хийсэн хэргийн газрын үзлэгийн А цэг, Б цэг, В цэгүүдийг авч хийх учраас хэрэгт авагдсан хэмжээнд буцаж хийгдэнэ. Мөн энэ нь зүйлчлэлд нөлөөлөхгүй гэж үзсэн. Хавтас хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгээр тухайн зам нь өөрөө тахир, Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралтад заасан 39 дүгээр зургаас тодорхой харагдана. Энэ зам нь тахир, эгц уруу зам гэх нөхцөл байдал харагдаж байгаа. Энэ нөхцөл байдалд тухайн жолооч өөрөө замын нөхцөл байдалд тохируулаагүй явснаас тухайн тээврийн хэрэгсэл онхолдсон гэдэг нь тогтоогдсон...” гэв.

Хохирогч Б.Шинжээгийн хууль ёсны төлөөлөгч Б.Амартүвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэг болсон цаг хугацаа өнгөрсөн байхад хэргийн газрын үзлэгийг дахин хийх боломжгүй байх. Тухайн үед байсан шинжээч, цагдаа нарыг энэ шүүх хуралдаанд оролцуулснаар дүгнэлт хурдан гарах боломжтой. Прокурорын эсэргүүцэлтэй санал нэг байна...” гэв.

Хохирогч Б.Бүрэнжаргалын хууль ёсны төлөөлөгч Б.Есөнцагаан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна...” гэв.

Хохирогч Д.Юмчинлхамын хууль ёсны төлөөлөгч П.Баатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна...” гэв.

Шүүгдэгч О.Түвшинтөгс тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хэлэх зүйл байхгүй...” гэв.

Шүүгдэгч О.Түвшинтөгсийн өмгөөлөгч Х.Даваахүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж оролцож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу осол болсон газрыг нарийн тогтоох, осол болсон шалтгаан нөхцөлийг тогтоох ёстой. Энэ ослын шалтгаан нөхцөлийг тогтоох гол нотлох гурван нотлох баримт байдаг. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд “Сайншанд сумын 5 дугаар багын Хамрын хийд явах замд зам тээврийн осол болсон” гэдэг. Гэтэл схем зурагт Хамрын хийдийн хойд талын замд гэсэн байдаг. Мөн хавтас хэргийн 8 дугаар талд Сайншандын 6 дугаар баг гэж бичсэн. Уулзвар дээр зам тээврийн осол болсон гэсэн нотлох баримтууд хоорондоо зөрүүтэй байгаа. Прокурор “уруу газар зам тээврийн осол болсон” гэж хэллээ. Тэмдэглэлд “уулзар дээр болсон” гэж байгаа. Тухайн үед мөрдөгдөж байсан Замын хөдөлгөөний дүрмийн 1.4 дугаар зүйлд “уулзвар гэдэг нь замууд нэг түвшинд огтлолцсон бэлчэрийг хэлнэ” гэж заасан.  Гэтэл схем зурагт уулзвар огт байдаггүй. Мөн ослын шалтгаан нөхцөлийг тогтооход хамгийн чухал ач холбогдолтой зүйл бол “үл хөдлөх цэг” юм. Эргэлзээтэй байдлыг гаргаж осол яг хаана болсон, уулзвар дээр болсон юм уу, 6 дугаар багын нутагт дэвсгэрт болсон юм уу, 5 дугаар багын нутаг дэвсгэрт болсон юм уу гэх зэргийг үзлэг хийж тогтоох шаардлагатай байна. Мөн Хамрын хийд гэж яриад байдаг болохоос бэхжүүлж авсан хийдийн зураг байдаггүй. Иймд үзлэгийг дахин хийлгэх шаардлагатай гэж анхан шатны шүүхэд хүсэлт гаргаад үүнийг шүүх шийдвэрлэсэн учраас дэмжиж байна. О.Түвшинтөгсийг согтуу байсан гэж ярьдаг. Тухайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийхэд ажлын хэсэг томилогдоогүй. С.Батбаяр гэх мөрдөгч ажиллагаа явуулсан  бөгөөд О.Түвшинтөгсөөс цус авсан байдаг. Энэ цус авсан ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.10 дугаар зүйлийг зөрчиж хийгдсэн гэж үзэх үндэслэл болно. 1 дүгээр хавтас хэргийн 47 дугаар талд О.Түвшинтөгсөөс 10 грамм цус авсан гэж тэмдэглэсэн байна. Шинжилгээнд ирэхдээ 4 грамм болоод өөрчлөгдөөд ирсэн. Фото зургаар бэхжүүлж авсан цусанд овог тавиагүй Түвшинтөгс гээд бичсэн байсан. Хавтас хэргийн 152 дугаар талд дүгнэлт гаргахдаа “хөнгөн зэргийн согтолттой” гэсэн мөртлөө О.Түвшинтөгсийн овог, нэрийн мөн бичээгүй. Шинжилгээ авахдаа баримт дээр О.Түвшинтөгсөөр гарын үсэг зуруулаагүй. Эдгээр байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасныг зөрчиж прокурорын зөвшөөрөл аваагүй, байхгүй гэх зэрэг зүйл байхгүй байгаа учраас маргаан гарч байгаа гэж үзэж байна. Зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг тогтооход техникийн шинжээч нарын дүгнэлт гэж гардаг. Зарим шинжээчийн дүгнэлтэд “согтуу” байсан, Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 дугаар зүйлийг зөрчсөн гэж байдаг. Хамгийн сүүлд гарсан дүгнэлт буюу 2 дугаар хавтас хэргийн 170 дугаар талд 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 611 тоот дүгнэлтэд “согтуу” гэсэн заалт ороогүй байна. Эдгээр эргэлзээ бүхий байдлуудыг гаргахын тулд хэргийн газрын үзлэгийг хийлгээд дараа нь техникийн шинжээч нарыг томилуулах санал гаргаж байна. О.Түвшинтөгс өөрөө хүндэвтэр гэмтэлтэй гарсан. Хөдөлмөр чадварын алдалт 80 хувийн групт байгаа. Энэ нь мэдрэлийн үйл ажиллагаанаас үүдэлтэй гэмтэл юм. Тухайн үед сэтгэцийн эмгэг шалгуулах хүсэлт өгсөн боловч хавтас хэрэгт авагдаагүй. Мөн яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт шүүхийн харьяаллыг “Улсын Дээд шүүхийн тогтоосон харьяаллаар” гэж бичсэн байгаа. Аль шүүхэд хэрэг шийдвэрлэх болсон тухай шүүхийн харьяаллыг тодорхой дурдах ёстой байсан. Яллах дүгнэлтийн хавсралтыг гардуулж өгөөгүй. Яллах дүгнэлт гурван хэсгээс бүрддэг. Яллах дүгнэлт гардуулж өгсөн тэмдэглэлд гурван хуудас яллах дүгнэлтийг гардуулж өгье гэсэн атлаа дараа нь таван хуудас болгон зассан байсан. Гэтэл яллах дүгнэлт хавсралттайгаа нийлээд зургаан хэсгээс бүрдсэн байдаг. Эдгээр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байгаа учраас процессийн асуудлыг засварлаж, асуудлыг шийдэх хэрэгтэй. Шүүх хуралдаан мэтгэлцээний зарчмаар явагддаг. Хохирогч нарт хавтас хэрэгт нотлох баримтуудаа хавсаргаж өгөөрэй гэдгийг шүүхийн урьдчилан хэлэлцүүлэг хэлж байсан. Өмгөөлөгч хүний зүгээс өмгөөлөх эрхээр хангуулаарай гэж хэлмээр байна. Прокурор “согтуу” гэдэгт эргэлзээд энэ тухай зүйл заалтыг яллах дүгнэлтэд тусгаагүй байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг үндэслэн С.Түвшинтөгсөд холбогдох хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн эсэргүүцэлд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.  

Анхан шатны шүүх “С.Түвшинтөгсийн үйлдлийг Эрүүгийн хуулийн зохих зүйл, хэсгээр зүйлчлээгүй, техникийн шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах, яллагдагчид ял сонсгохдоо дурьдаагүй зүйлийг нэмж яллах дүгнэлтэд үйлдсэн, осол хэргийн газарт нөхөн үзлэг хийх шаардлагатай” зэрэг үндэслэлүүд зааж, хэргийг прокурорт буцаажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон талуудын тайлбараас дүгнэхэд, С.Түвшинтөгсөд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах явцад зохих хэмжээнд нотолж тогтоосон байх тул шүүх талуудын мэтгэлцээнд үндэслэн шүүгчийн захирамжид заасан зарим ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой байна.

Тухайлбал, шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсгийн 2 дахь заалтад “шинжээч дүгнэлт гаргахдаа зарим асуултад хариулаагүй тул дахин техникийн шинжээчийн дүгнэлт гаргуулах” гэсэн ажиллагааг шүүх хуралдаанд шинжээчийг оролцуулан тодруулж, шаардлагатай бол дахин шинжээч томилж шинжилгээ хийлгэх нь зүйтэй.  

Мөн түүнчлэн шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсгийн 4 дэх заалтын “хэргийн газрын үзлэгийг нөхөн хийж, гэмт хэрэг гарсан байдлыг эргэлзээгүй зөв тогтоох” талаарх заалт нь үндэслэл муутай болжээ.

Учир нь, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судлах замаар тодорхой бус гэж үзсэн, эргэлзээтэй зүйлийг шүүх тодруулж тухайн хэргийг шийдвэрлэх боломжтой байна.  

Харин шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсгийн 1 дэх заалтын “Эрүүгийн хуулийн тохирох зүйл хэсгээр зүйлчлээгүй”, 4 дэх заалтын “яллагдагчаар татахдаа сонсгоогүй үндэслэл нэмж, яллах дүгнэлт үйлдсэн” гэсэн заалтууд нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Прокурорын яллах дүгнэлтээр С.Түвшинтөгсийг “согтуурсан үедээ” гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнийг дурьдсан атлаа тухайн зүйл, хэсгээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдээгүй нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно” гэж заасан ба яллагдагч О.Түвшинтөгс нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн байж болох талаар хангалттай нотлох баримт хэрэгт авагджээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн”, 4.2-т “энэ гэмт хэргийн улмаас хоёр, түүнээс олон хүний амь нас хохирсон бол” гэж тус тусдаа бие даасан шинжтэй гэмт хэрэг байхаар хуульчлагдсан тул “...согтуугаар үйлдсэн гэмт хэргийн улмаас хоёр, түүнээс олон хүний амь нас хохирсон бол мөн зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар зүйлчлэхээр заажээ” гэсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй байна. Прокуророос Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн учраас шүүх энэ үндэслэлээр хэргийг буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэнд хамаарахгүй.

Мөн яллагдагч О.Түвшинтөгсөд прокуророос ял сонсгохдоо “Замын хөдөлгөөний дүрмийн 2.1-ийн а, 2.7-гийн а, 9.2 дахь заалтуудыг зөрчсөний улмаас гэмт хэрэг үйлдсэн” гэж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлджээ.

Гэтэл прокурорын яллах дүгнэлтэд О.Түвшинтөгсийг “Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх заалтыг зөрчсөн” гэж ял сонсгоогүй үйлдэл нэмж оруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгийн “яллагдагч ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх, сонсгосон ялын талаар бичгээр болон амаар тайлбар гаргах эрхтэй”, 32.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Прокурор яллах дүгнэлт үйлдэх үед яллагдагчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг өөрчлөх, нэмэлт оруулах бол яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж, яллагдагчаар татах тогтоолд оруулсан өөрчлөлтийг яллагдагчид танилцуулахыг мөрдөгчид даалгана” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. 

Иймд давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн үндэслэх хэсгийн 1, 3 дахь заалтыг хэвээр үлдээж, 2, 4 дэх заалтыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1634 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Н.Анхбаярын бичсэн 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 1 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

 ШҮҮГЧ                                                                       М.ПҮРЭВСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                                                    Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                                                    Б.ЗОРИГ