Шүүх | Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэдэн-Ишийн Нэргүй |
Хэргийн индекс | 121/2020/0001/З |
Дугаар | 21 |
Огноо | 2020-10-20 |
Маргааны төрөл | Газар, |
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 21
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Нэргүй даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:Өвөрхангай аймгийн иргэн Ч.Д-ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Засаг дарга, мөн аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт тус тус холбогдох “Өвөрхангай аймгийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/643 тоот “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” захирамж болон захирамжийн хавсралт дахь Ч.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Д, түүний өмгөөлөгч Д.Б хариуцагч Өвөрхангай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х, мөн аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Ч.Г, гуравдагч этгээд Д.Д, түүний өмгөөлөгч П.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Д шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ: “......Миний бие 2014 онд Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газраас зохион байгуулсан газрын дуудлага худалдаанд оролцож Арвайхээр сумын Шинэ төвд байрлалтай “Худалдаа үйлчилгээний төв”-ийн зориулалттай 1400 мкв газрыг худалдан авсан. Үүний дагуу Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Т 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн а/242 тоот захирамж гарган нэгж талбарын 6216000388 дугаар бүхий 1400 мкв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр газар эзэмших эрхийн 000438572 дугаартай гэрчилгээ олгосон.
Уг газарт барилга барихаар төрийн холбогдох байгууллагуудаас барилга барих зөвшөөрөл, техникийн нөхцөл хүсэхэд газар дээгүүр нь өндөр хүчдэлийн шугам, газрын доогуур нь хоёр ширхэг шилэн кабелийн шугам, гээд олон дэд бүтцийн шугамууд дайран өнгөрсөн тул “техникийн нөхцөлүүд олгох боломжгүй учраас тухайн газарт барилга барьж болохгүй” гэсэн хариу өгсөн.
Миний бие дээрх асуудлыг Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Т даргад хандаж аймгийн захиргаанаас барилга барих боломжгүй газрыг надад дуудлага худалдаагаар 22.500.000 төгрөгөөр зарсан байна. Газрыг зориулалтын дагуу эзэмшиж ашиглах ямар ч боломжгүй юм байна гэдгийг хэлээд газрыг өөр барилга барих боломжтой газраар сольж, шилжүүлж олгохыг хүссэн. Д.Т дарга миний хүсэлтийг хүлээж аваад 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн а/299 тоот захирамжийг гаргаж надад дуудлага худалдаагаар худалдан авсан газраас урагш 30 орчим метрийн зайд газрыг давхцуулахгүйгээр 1400 мкв газрыг амины орон сууцны зориулалтаар олгосон. Энэ захирамжийн дагуу газрын гэрчилгээ гарахгүй явсаар байгаад 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн 13-р баг, Төв-4, 432 тоот хаягт 6216031771 нэгж талбарын дугаар бүхий 1400 мкв газрыг “Амины орон сууцны” зориулалтаар 10 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр эрхийн улсын бүртгэлийн Э-1018000190 дугаарт бүртгэлтэй газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон.
Миний бие “ХААН” банкнаас зээл авч хүү алданги, үндсэн зээл нийлээд 2 удаагийн шүүгчийн захирамжаар Ч.Д намайг ХААН банканд нийт 94.657.155 төгрөг төлүүлэхээр шүүхийн шийдвэр гарсан байсан. Энэ барьцаанд миний бие банкнаас зээл авах үед дуудлага худалдаагаар эхэлж худалдаж авсан нэгж талбарын 6216000388 дугаар бүхий газраа барьцаалсан байсан.
Гэтэл 2019 оны 09 дүгээр сард болсон Өвөрхангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэрийн дагуу зохион байгуулсан газрыг албадан дуудлага худалдаанд оруулах ажиллагаагаар миний анх 2014 онд дуудлага худалдаагаар худалдан авсан нэгж талбарын 6216000388 дугаар бүхий газрыг албадан дуудлага худалдаагаар иргэн Д овогтой Д гэдэг хүнд 22.100.000 төгрөгөөр зарж борлуулсан байсан. Миний бие 2019 оны хавар барьцаанд байсан нэгж талбарын 6216000388 дугаарт бүртгэлтэй газрыг аймгийн Засаг дарга урагшаа шилжүүлж олгосон гэж Өвөрхангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын холбогдох хүмүүст хэлсэн.
Өөрсдөө ирж үзсэн. Дээр нь иргэн Д.Д гэдэг хүнтэй хамтарч барилга барьж байгаа талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид хэлэхэд барилгын зураг төсөл, төсөв зэргийг бүгдийг нь канондож авсан. Тэгсэн хэрнэ надад шинээр олгосон газрыг битүүмжилж, хурааж үнэлэхгүй анх олгогдсон эзэмших эрх нь хүчингүй болсон газрыг үнэлүүлээд албадан дуудлага худалдаанд оруулсан. Хэрэв надад шинээр олгосон газрыг хөрөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлсэн бол хамаагүй өндөр үнээр үнэлэгдэх байсан.
Учир нь надад шинээр олгосон газар бол барилга барих техникийн нөхцөлүүд нь олгогдсон газар юм. Албадан дуудлага худалдаа болсноос хойш иргэн Д.Д-д миний шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу битүүмжлэгдээгүй, хураагдаагүй, үнэлэгдээгүй, дуудлага худалдаанд оруулаагүй, дээр нь барилга барьсан аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн а/299 тоот захирамжийг үндэслэн 2019 оны 04 сарын 12-ны өдөр олгогдсон эрхийн улсын бүртгэлийн Э-1018000190 дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон газрыг хууль бусаар шилжүүлсэн байсан.
Иргэн Д.Д-д миний 2019 оны 04 сарын 12-нд газар эзэмших эрхийн гэрчилгээ нь олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэхдээ аймгийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/643 тоот захирамжийг үндэслэн шилжүүлсэн байсан.
Энэхүү захирамжийг миний бие илт хууль бус гэж үзэж байна. Учир нь Д.Д-д Өвөрхангай аймгийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/643 тоот захирамжийг үндэслэн шилжүүлсэн эрхийн улсын бүртгэлийн Э-1018000190 дугаарт бүртгэлтэй газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу барьцаалагдаагүй, битүүмжлэгдээгүй, хураагдаагүй, үнэлэгдээгүй, дээр нь барилга баригдсан, шүүхийн шийдвэрийн албадан дуудлага худалдаанд ороогүй байхад энэхүү газрыг шүүхийн албадан дуудлага худалдаанд ороод иргэн Д.Д худалдан авсан гэсэн үндэслэлээр Д.Д-гийн нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь илт хууль бус байна.
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй бол гэсэн үндэслэлээр маргаан бүхий захиргааны акт болох Өвөрхангай аймгийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/643 тоот захирамжийг илт хууль бус гэж үзэж байна. Уг захиргааны актын үндэслэх хэсэгт Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4, 38.6 дахь заалтуудыг үндэслэсэн байсан. Газрын тухай хуулийн 38.4-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана”. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно. 38.6-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлсэн бол орлого олсон гэж үзэж, орлогын хэмжээг дуудлага худалдааны анхны үнээс багагүй байхаар тооцно” гэж заасан. Хуульд заасны дагуу Өвөрхангай аймгийн газрын албанаас надаар иргэн Д.Д-д газраа шилжүүлэхийг хүссэн өргөдөл бичүүлж аваагүй. Миний бие иргэн Д.Д-д газар эзэмших гэрчилгээгээ шилжүүлэх өргөдөл газрын албанд гаргаагүй. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа явуулаагүй, 43 дугаар зүйлд заасны дагуу миний эрхийг хөндсөн захиргааны акт гарсан байхад энэ талаар надад Өвөрхангай аймгийн Засаг дарга болон газрын алба хуулийн хугацаанд мэдэгдээгүй бөгөөд миний бие Өвөрхангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас энэ талаар 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр олж мэдсэн. Иймд Өвөрхангай аймгийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/643 тоот “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Ч.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Д би Өвөрхангай аймгийн Засаг дарга, Өвөрхангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт тус тус холбогдуулан Өвөрхангай аймгийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/643 тоот Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай захирамжийн Ч.Д-д холбогдох хэсгийг нь хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан байгаа. Яагаад нэхэмжлэл гаргасан бэ гэхээр 2014 онд дуудлага худалдаагаар авсан 2014 оны 05 дугаар сарын 30-ны А/242 тоот захирамжаар 6216000388 бүхий нэгж талбарын дугаартай 1400 метр квадрат газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр авсан байдаг.
Уг газраа ашиглах боломжгүй болсон учраас хүсэлт гаргасан. Үүний үндсэн дээр 2016 онд 06 дугаар сарын 09-ний өдрийн А/299 тоот захирамж гарсан. Уг 2016 оны 06 дугаар сард гарсан захирамжийг гарахдаа байршлыг нь шилжүүлчхээд давхар зориулалтыг нь өөрчлөгдсөн байдаг. Худалдаа үйлчилгээний төвийн зориулалттай байсан барилга амины орон сууцны зориулалттай болсон.
Гэхдээ байрлал нь өөрчлөгдөөд 2 өөр гэрчилгээ гарсан. Уг 2 гэрчилгээг тайлбарлахдаа сүүлд программд ороод өөрчлөгдсөн гэж хэлдэг. Нэгж талбарын дугаарууд өөр өөр буюу байршил нь мөн өөр байдаг. 2 өөр байршилтай буюу нэг ч цэг давхцаагүй байгаа байдлыг шүүгч газар дээр нь очиж үзлэг хийхэд нотлогдсон. Дээрх үзлэг болон нотлох баримтуудаар нотлогдсон учраас барьцаа хөрөнгөнд ороогүй газар байгаа. Барьцаа хөрөнгөнд ороогүй нэгж талбарын дугаартай газрын дуудлага худалдааг хийхдээ процессын алдаа гаргасан байдаг. Дуудлага худалдаа 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр болсон байдаг.
Гэтэл шүүх хуралдаан эхлэхэд өгсөн нотлох баримт дээр 2019 оны 09 дүгээр сарын 24-нд иргэний хэрэг үүсчихсэн байдаг. Иргэний хэрэг үүсчихсэн 6216000388 нэгж талбарын дугаар бүхий 000438572 дугаартай гэрчилгээтэй газар битүүмжлэгдсэн банкны барьцаанд байсан. Би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 03 сард хүсэлт гаргахдаа энэ газар нь шинэ болсон. Уг газар дээр байшин барьсан байгаа гэдгийг бичиж өгч байсан.
Энэ бүгдийг мэдэж байсан байж яагаад хуучин газрыг нь зарчхаад шинэ газрыг нь шилжүүлчих вэ гэдэг асуудалд гомдолтой байгаа. Иймд Өвөрхангай аймгийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/643 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэсэн хүсэлтэй байгаа. Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудлыг шүүгч тайлбарласан учраас холбогдох хэсгүүдийг нь товч тайлбарлалаа гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хэдэн зүйл тодруулж хэлье. Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт ямар алдаа байсан гэхээр та нарын гаргаж байгаа шийдвэр бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирсэн 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн албан тоотыг үндэслэж захирамж гарсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар хийгдсэн ажиллагаа учраас сонсох ажиллагаа хийх шаардлагагүй. Тийм учраас үндэслэлтэй гэсэн тайлбарыг бичгээр өгсөн. Хэрвээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албан тоотыг үндэслэж байгаа бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албан тоот дээр нэхэмжлэлийн шаардлага дээр дурдсанчлан 2014 оны 6216000388 нэгж талбар дугаартай газрыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдсон учраас иргэн Д-д шилжүүлж өгнө үү гэсэн байдаг. Гэтэл уг нэгж талбарын дугаар нь өөрчлөгдсөн газар дээр нь бүхэл бүтэн үл хөдлөх эд хөрөнгийн суурь босгогдсон, техникийн нөхцөл байдал, барилга барих зөвшөөрөл нь авагдсан газрыг Засаг даргын Тамгын газарт шууд шилжүүлсэн. Засаг даргын Тамгын газар болон Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас тайлбарлахдаа хуучин байсан газрыг нь солиод нэгж талбарын дугаар нь манай системээр солигдсон болохоос нэг л газар юм гэж хэлсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед шүүхээс хийгдсэн үзлэгээр тухайн 2 газар нь 2 өөр газар гэдэг нь тогтоогддог. Хоорондоо 30-50 метрийн зайтай 2 өөр газрууд байдаг. Нөгөө газар дээр нь барилга баригдчихсан нөхцөл байдалтай байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад Ч.Д энэ тухайгаа олон удаа хэлсэн. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нэгэнт барьцаалагдсан газар дээр хийх үндэслэлтэй учраас тэр газар дээр нь ажиллагааг хийсэн. Хэрэв ажиллагаа хийсэн юм бол Засаг даргад хэргийг шилжүүлэх ёстой байсан. Гэтэл өөр газар дээр газрын нэгж талбартай дугаартай газрыг шилжүүлж байгаа нь өөрөө үндэслэлгүй захиргааны акт болсон гэж үзэж байгаа. Хоёрт захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа сонсох ажиллагаа хийгээгүй гэж нэхэмжлэгч тал үзэж байгаа. Харин хариуцагч талаас Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.5-ыг баримтлаад захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа учраас сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй гэж үздэг. Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.5-т зааснаар Захиргааны байгууллага шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах талаар заасан заалт юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага бол захиргааны байгууллага биш. Тус байгууллага нь тусгай чиг үүрэгтэй хууль хүчний байгууллага. Тийм учраас захиргааны байгууллага гэж үзээд сонсох ажиллагаа явуулаагүй нь үндэслэлгүй буюу Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.5-т заасныг буруугаар хэрэглэж байна гэж үзэж байна. Гуравдугаарт хариуцагч талаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар ирсэн албан тоотод үндэслэж байна гэдэг. Гэтэл 2020 оны 03 дугаар сарын 30-нд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх гээд манай талаас тайлбарлахдаа үндэслэл болж байгаа албан бичигтэй холбоотойгоор иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хуульд заасан журмын дагуу ажиллагаа хийсэн эсэх дээр дүгнэлт хийсний дараа Захиргааны хэрэг шийдэгдэх ёстой. Иргэний шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн хэргээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага өөрөө хуульд заасан процессын алдаа гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа гаргасан учраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ хүчингүй болсон. Хүчингүй болсон Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албан тоотыг үндэслэж гаргасан Захиргааны акт нь хүчингүй гэж үзэж байгаа. Дээрх үндэслэлээр 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/643 тоот захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулж нэхэмжлэгч Ч.Д-ы хууль ёсны ашиг сонирхлыг сэргээж өгнө үү гэсэн хүсэлтэй байна” гэв.
Хариуцагч Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Ч.Г-оос шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч гаргагч Ч.Д нь Өвөрхангай аймгийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн а/242 дугаар захирамжаар Арвайхээр сумын шинэ төвд худалдаа үйлчилгээний зориулалттай 1400 м2 газрыг эзэмшсэн. Ч.Д-ы эзэмшил газар доогуур холбооны шилэн кабель байгаагаас зориулалтын дагуу барилга барих боломжгүй болсон тул тухайн эзэмшил газрын байршлыг шилжүүлсэн.
Мөн Ч.Д тухайн газрын зориулалтыг амины орон сууцны зориулалтаар өөрчлүүлэх хүсэлт гаргаж, улмаар аймгийн Засаг даргын 2016 оны 06 сарын 09-ний өдрийн а/299 дугаар захирамжаар Ч.Д-ы эзэмшил худалдаа үйлчилгээний зориулалттай газрын зориулалтыг амины орон сууцны зориулалттай болгон өөрчилсөн бөгөөд, энэ нь шинээр өөр газар эзэмшүүлсэн шийдвэр биш юм.
Газрын харилцаа, барилга, Геодези зураг зүйн газрын даргын /тухайн үеийн нэрээр/ 2010 оны 16 тоот тушаалаар батлагдсан “Нэгж талбар дугаарлах журам”-ын 4.1-т Нэгж талбарын дугаарыг аймаг, нийслэл, дүүргийн Газрын албаны кадастрын асуудал хариуцсан мэргэжилтэн болон сумын Газрын даамал олгоно гэж заасны дагуу 2014 онд Ч.Д-ы эзэмшил худалдаа үйлчилгээний зориулалт бүхий 1400 м2 газарт 6216000388 гэсэн нэгж талбарын дугаарыг олгосон.
Газрын харилцаа, барилга, Геодези зураг зүйн газрын даргын 2016 оны 03 сарын 22-ны өдрийн А/83 дугаар тушаал гарч “ Лэнд менежер” программ хангамжийг 2016 оны 03 сарын 31-ний өдрөөс эхлэн Арвайхээр суманд нэвтрүүлсэн. Аймгийн Засаг даргын 2016 оны 06 сарын 09-ний өдрийн а/299 дугаар захирамжийг үндэслэн Ч.Д газар эзэмших эрхийн гэрчилгээг шинээр гаргуулж авахаар 2019 оны 4 дүгээр сард хүсэлтээ гаргасан.
Тухайн үед 2017 оноос мөрдөгдөж эхэлсэн Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2017 оны 05 сарын 08-ны өдрийн А/139 дугаар тушаалаар батлагдсан –Газрын кадастрын мэдээллийн санг ажиллуулах журам”-ын дагуу газрын кадастрын мэдээллийн санд бүртгэсэн.
Уг журмын 5.9.6-д “кадастрын өөрчлөлт бүрэн дууссанаар тухайн нэгж талбаруудыг өргөдөлтэй холбож өргөдлийн явцын дагуу холбогдох захирамж, шийдвэр гарснаар мэдээллийн сангийн үндсэн давхаргад автоматаар нэгж талбарын дугаар авч баталгаажна” гэж заасны дагуу Ч.Д-ы эзэмшил газар 6216031771 нэгж талбарын дугаартай болсон. Мөн аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүсэлт илгээн газар эзэмших эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж Э-1018000190 дугаарыг авсан. Ч.Д нь газар эзэмших эрхийн гэрчилгээг шинээр гаргуулж авахаар хүсэлтээ гаргасны дагуу амины орон сууцны зориулалт бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг бичсэн.
Энэ нь Ч.Д-ы эзэмшил худалдаа, үйлчилгээний зориулалттай 1400 м2 газрын эзэмших эрх нь хүчингүй болсон бус харин газар эзэмшлийн зориулалт өөрчлөгдсөнөөс шалтгаалж газар эзэмших эрхийн гэрчилгээг шинээр бичсэн хэрэг юм.
Ч.Д-д нэгж талбарын 6216000388 дугаар бүхий худалдаа үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрхийн гэрчилгээг манай байгууллагад хураалгасны дараа эрхийн улсын бүртгэлийн Э-1018000190 дугаар бүхий шинээр бичигдсэн гэрчилгээг олгохоор мэдэгдсэн.
Гэвч Ч.Д нэгж талбарын 6216000388 газар эзэмших эрхийн гэрчилгээгээ өгөөгүй, эрхийн улсын бүртгэлийн Э-1018000190 дугаар бүхий шинэ гэрчилгээг аваагүй болно.
Эцэст нь аймгийн Засаг даргын 2019 оны А/643 дугаар захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2, 28.1.5 дахь заалт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь заалтуудыг удирдлага болгон аймгийн ГХБХБГазарт ирүүлсэн ШШГГ-ын 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 01/1607 албан бичгийн дагуу шийдвэрийг гаргасан болно”.Бид нар үнэн бодитой мэдээллээ гаргаж өгсөн. Нэг тодруулах зүйл байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь өөрөө шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж байгаа. Шийдвэр нь хүчингүй болсон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа шүүхийн шийдвэрийг үндэслэж явуулсан нь хүчингүй болсон гэж ойлгож болох уу? Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь захиргааны байгууллага ч гэсэн шүүхийн шийдвэр эцсийнх байдаг. Төрийн байгууллага шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтэй гэдэг утгаар бид нар тайлбар гаргасан. Манай эрх шилжүүлсэн захирамж хууль зүйн үндэслэлгүй гэж үзэх боломжгүй гэв.
Хариуцагч Өвөрхангай аймгийн Засаг даргаас шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч Ч.Д нь Өвөрхангай аймгийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн а/242 дугаар захирамжаар Арвайхээр сумын шинэ төвд худалдаа үйлчилгээний зориулалттай 1400 м2 газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргасан.
Улмаар 2015 онд Ч.Д-ы эзэмшил газар доогуур холбооны шилэн кабель байгаагаас зориулалтын дагуу барилга барих боломжгүй болсон гэсэн мэргэжлийн байгууллагын саналыг үндэслэн эзэмшил газрын байршлыг Аймгийн Засаг даргын дэргэдэх Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас Ч.Д-тай тохиролцон шилжүүлсэн байна. Үүний дараа Ч.Д хүсэлт гаргаж тухайн газрын зориулалтыг амины орон сууцны зориулалтаар өөрчлүүлэхээр аймгийн Засаг даргын 2016 оны 06 сарын 09-ний өдрийн А/299 дугаар захирамж гаргасан.
Өөрөөр хэлбэл дээрх захирамжаар Ч.Д-ы эзэмшил худалдаа үйлчилгээний зориулалттай газрын зориулалтыг амины орон сууцны зориулалттай болгон өөрчилсөн бөгөөд, шинээр өөр газар эзэмшүүлсэн шийдвэр огт биш юм. Үүний дагуу аймгийн Засаг даргын дэргэдэх Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас Газрын харилцаа, барилга, Геодези зураг зүйн газрын даргын /тухайн үеийн нэрээр/ 2010 оны 16 тоот тушаалаар батлагдсан “Нэгж талбар дугаарлах журам”-ын 4.1-т Нэгж талбарын дугаарыг аймаг, нийслэл, дүүргийн Газрын албаны кадастрын асуудал хариуцсан мэргэжилтэн болон сумын Газрын даамал олгоно гэж заасны дагуу 2014 онд Ч.Д-ы эзэмшил худалдаа үйлчилгээний зориулалт бүхий 1400 м2 газарт 6216000388 гэсэн нэгж талбарын дугаарыг олгосон байна. Улмаар аймгийн Засаг даргын 2016 оны А/299 дугаар захирамжийн дагуу иргэн Ч.Д газар эзэмших эрхийн гэрчилгээг шинээр гаргуулж авахаар 2019 оны 4 дүгээр сард хүсэлтээ гаргасан.
Тухайн үед 2017 оноос мөрдөгдөж эхэлсэн Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2017 оны 05 сарын 08-ны өдрийн А/139 дугаар тушаалаар батлагдсан “Газрын кадастрын мэдээллийн санг ажиллуулах журам”-ын дагуу газрын кадастрын мэдээллийн санд бүртгэсэн. Уг журмын 5.9.6-д “кадастрын өөрчлөлт бүрэн дууссанаар тухайн нэгж талбаруудыг өргөдөлтэй холбож өргөдлийн явцын дагуу холбогдох захирамж, шийдвэр гарснаар мэдээллийн сангийн үндсэн давхаргад автоматаар нэгж талбарын дугаар авч баталгаажна” гэж заасны дагуу Ч.Д-ы эзэмшил газар 6216031771 нэгж талбарын дугаартай болсон байдаг.
Мөн аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүсэлт илгээн газар эзэмших эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж Э-1018000190 дугаарыг авсан байна. Аймгийн Засаг даргын дэргэдэх Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт иргэн Ч.Д нь газар эзэмших эрхийн гэрчилгээг шинээр гаргуулж авахаар хүсэлтээ гаргасны дагуу амины орон сууцны зориулалт бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээ бичигдсэн байна. Энэ нь Ч.Д-ы эзэмшил худалдаа, үйлчилгээний зориулалттай 1400 м2 газрын эзэмших эрх нь хүчингүй болсон бус харин газар эзэмшлийн зориулалт өөрчлөгдсөнөөс шалтгаалж газар эзэмших эрхийн гэрчилгээг шинээр бичигдсэн гэсэн үг юм.
Эцэст нь аймгийн Засаг даргын 2019 оны А/643 дугаар захирамжийг гаргахдаа иргэн Ч.Д-тай шийдвэр гаргах сонсох ажиллагааг хийгээгүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2, 28.1.5 дахь заалт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь заалтуудыг удирдлага болгон аймгийн Засаг даргын дэргэдэх Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт ирүүлсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 01/1607 албан бичгийн дагуу шийдвэрийг гаргасан болно” гэжээ.
Хариуцагч Өвөрхангай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх 2014 онд холбогдох Арвайхээр хотын 75 га талбайд хийгдсэн хөгжлийн төлөвлөгөөний дагуу төлөвлөгөөнд авсан газрыг анх дуудлага худалдаанд оруулж байсан.
Дуудлага худалдаанд оруулахаасаа өмнө тухайн газар доогуур кабел байгааг манай байгууллага мэдэж байсан. 2013 оны 12 дугаар сард хуралдаад аймгийн иргэдийн Төлөөлөгчийн хурал үндсэн чиглэлдээ тухайн шилэн кабелыг холдуулах асуудлыг шийдвэрлэнэ гээд үндсэн чиглэлдээ тусгасан байсан бөгөөд 2014 онд тухайн газрыг дуудлага худалдаанд оруулах асуудал нь шийдэгдээд 2014 тухайн газраас дуудлага худалдаагаар зарсан.
Гэтэл бодит байдал дээр үндсэн чиглэлдээ тусгасан шилэн кабел шилжүүлэх ажил хийгдээгүйгээс Ч.Д авч техникийн хэрэгслээ авч чадахгүй газар дээрээ барилга барьж чадахгүй байдал үүссэн нь үнэн бөгөөд үүнээс болоод 2016 онд дахиад газрын байршлыг болон зориулалтыг нь өөрчлүүлсэн байгаа. Газар олгохдоо үйлчилгээний зориулалттай газар зарахаар дуудлага худалдааг зохион байгуулж байсан. Сүүлд 2016 оны захирамжаар амины орон сууцны зориулалттай болгосон.
Аймгаас хөрөнгө гаргаж тухайн шилэн кабелийг зайлуулахад 5.000.000.000 төгрөгийн ажил хийгдэхээр 2014 онд техник эдийн засгийн үндэстэй судалгаа нь гарсан юм байна лээ.
Тухайн үед уг мөнгийг гаргах боломж байхгүй учраас Ч.Д-ы хүсэлтийг хүлээж аваад газрын байршлыг шилжүүлж урагш нь зөөгөөд шилэн кабелаас нь газраа шилжүүлж өгсөн. 2014 онд дуудлага худалдаагаар авсан газрын гэрчилгээг Ч.Д авсан байсан.
Авсныхаа дараа банкны барьцаанд тавьсан юм байна лээ. 2016 онд дахиад газрын байршлыг шилжүүлээд сольсныхоо дараагаар тухайн газрын гэрчилгээг өөрөө аваад өмнө банкны барьцаанд тавьсан гэрчилгээг сольж авах шаардлага байсан. Нэхэмжлэл дээр дурдаад байна л даа дуудлага худалдаагаар газар авчхаад байршлыг нь шилжүүлчихвэл 2 өөр газар эзэмшдэг юм шиг нэхэмжлэл дээр ойлгогдоод байна. Тийм биш Ч.Д-ы өөрийнх нь хүсэлтийн дагуу газрын байршлыг шилжүүлсэн тухайн үедээ газрын байршлыг шилжүүлсний дараагаар газрын байршил өөрчилсөн захирамжаа үндэслээд газрын гэрчилгээг сольж авах ёстой байсан.
Гэрчилгээг сольж авахад кадастрын зураг, газрын гэрчилгээний эдэлбэрийн дугаар нь тухайн үед шалтгаалаад өөрчлөлт ороод өөрчлөлтүүд нь хийгдээд явах ёстой байсан. Сүүлийн нэгж хөтөлбөрийн дугаар өөрчлөгддөг нь анх сумын газрын албаны даамал мэргэжилтэн нь өөрөө нэгж хөтөлбөрийн дугаараа олгоод явдаг байсан бол 2016 онд газрын мэдээллийн сангийн программд нэвтэрснээр программаас автоматаар дугаар олгодог болсон.
Тэрний улмаас нэгж хөтөлбөрийн дугаар өөрчлөгдсөн болохоос биш өөрөөр нэгж хөтөлбөрийн дугаар өөрчлөх шаардлага байхгүй байсан. Захирамжийн хувьд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас манай байгууллагад албан газрын дуудлага худалдаа явууллаа. Д ялсан яллагчид нь газрын эрхийг нь шилжүүлж өгнө үү гэсэн албан тоот ирсэн. Тэрийг захирамжийн үндэс болгосон болгоогүй гээд нэхэмжлэл дээр яриад байна. Тухайн бичиг ирсний дараагаар бид нар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг харсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 90 дүгээр зүйлд эрх бүхий Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хүсэлтийг биелүүлэхгүй бол тухайн албан тушаалтан арга хэмжээ авна гэсэн шүүхийн заалт байдаг юм байна лээ. Тухайн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шүүхийн шийдвэрийг биелүүлж байгаа учраас хуулийн хүрээнд ажиллаад дуудлага худалдаа нь албан ёсоор явагдсан байх гэж ойлгосон. Нэгэнт шүүхийн шийдвэр нь гараад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хууль журмын дагуу үйл ажиллагаа явуулсан байгаа учраас эргээд Ч.Д-д мэдэгдэх шаардлага байхгүй.
Хоёр иргэн хоорондоо хүсэлтээ гаргаж шүүхийн шийдвэрийг биелүүлж байгаа учраас Ч.Д-аас газар эзэмших хүсэлтээ шилжүүлж өгөөч гэж хүсэлтийг нь авах шаардлага манайд байхгүй. Тийм учраас бид нар аймгийн Засаг даргад танилцуулаад 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/643 тоот захирамжийг гаргасан тухайн захирамжийг бид нарын зүгээс ямар нэг хууль зөрчсөн гэж үзэхгүй байна. Ч.Г даргын тодруулж асуусан нэхэмжлэгчийн эзэмшил газрыг нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар албан дуудлага худалдаа зарлаад яллагчийг нь тодруулж өгсөн.
Дуудлага худалдаа явуулсан үйл ажиллагаа нь шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон гэж би ойлгосон. Тэрнээс биш дуудлага худалдаа дахиад явах юм байна гэж би ойлгож байгаа. Миний ойлгосон зөв үү? Өмнө нь явуулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дуудлага худалдаа явуулсан процесс нь хууль бусаар явагдсан уу эсхүл журмыг нь зөрчсөн үү ямар нэг алдаа болсон юм байна. Дуудлага худалдаа хүчингүй болсон гэхээр аймгийн Засаг даргын 2019 оны А/643 тоот захирамжийн Ч.Д-тай холбогдох хэсгийг нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дуудлага худалдаа явуулсан учраас шилжүүл гэсэн бичиг ирснийг дагуу шийдсэн учраас өнөөдөр дуудлага худалдаа нь цуцлагдаж байгаа юм бол Ч.Д-тай холбогдсон хэсэг нь хүчингүй болох байх тэр үед дахиад дуудлага худалдаа явуулаад яллагчид нь газрыг нь өгөх юм байна гэж ойлгоод байгаа юмаа. Яг тэр үед болсныг ярихад газар барьцаалах гээд юм яриад байгаа юм. Хүмүүсийн дунд хоёрдмол ойлголт яваад байгаа. Өмчилсөн газар эзэмшсэн газар гээд хоёр тусдаа газар өмчилсөн иргэн бол газраа барьцаална гэж ойлгож болно.
Газар эзэмшиж байгаа тохиолдолд хуульд заасан байгаа газар эзэмших эрхийн гэрчилгээг барьцаална гэж байдаг тийм учраас манай байгууллагын тайлбараар өгсөн 2014 онд авсан гэрчилгээг сүүлд 2019 онд авсан гэрчилгээ хоёр хоёулаа нэг эрхтэй нэг л гэрчилгээ гэсэн үг харьяалагдах газар нь тухайн үедээ газрын байршил нь солигдсон байж болно гэхдээ тэр нь нэг л газар юмаа. Нэхэмжлэл дээрээс уншаад үзэхэд тэр юм уу яригдаж байгаагаас ойлгоход хоёр тусдаа газар гэж ойлгоод нэгийг нь дуудлага худалдаагаар зараад нөгөөдхийг нь банкинд барьцаалсан гэж ойлгогдоод байгаа тийм зүйл бол биш мэдээж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дахин дуудлага худалдаа явуулаад дахиад нөгөө газраа өөр хүнд зарах юм болов уу? гэж ойлгоод байгаа юм.
Тухайн үед холбогдох шийдвэр нь гарах байх гэхдээ миний ойлгосноор аймгийн Засаг даргын 2019 оны А/643 дугаар захирамжийн Ч.Д-тай холбоотой хэсгийг түдгэлзүүлсэн байгаа тэрийг хүчингүй болох байх гэсэн ойлголттой яваад байгаа” гэв.
Гуравдагч этгээд Д.Д-гээс шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ч.Д-ы нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Ч.Д-тай 2019 оны 04 дүгээр сараас эхлэн итгэлцлээр хамтарч ажиллахаар болсон. Гэтэл Ч.Д нь тус газрыг Өвөрхангай аймгийн Шүүхээр шийдэгдэж банкинд хураагдсан, аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажиллагаанд байсныг нуун дарагдуулж 2019 оны 05 дугаар сараас барилгын ажлыг надаар эхлүүлэн ажилласан. 2019 оны 08 дугаар сард энэхүү газрыг хураагдсаныг миний бие мэдэж барилгын ажлыг зогсоон хуульд заасан үндэслэлээр албадан дуудлага худалдаанд оролцохоор болсон. Ч.Д-ы эзэмшлийн 1400 мкв газар дээр ойролцоогоор миний бие 230.000.000 орчим төгрөгийн барилгын хөрөнгө оруулалт хийсэн байсан бөгөөд хөрөнгө оруулсан хэмжээгээр алдагдалд орох болсон. Ийм учраас дуудлага худалдаанд орж уг газрыг хуулийн дагуу худалдаж авсан.
Ч.Д-д 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн а/242 дугаар захирамжаар Арвайхээр сумын шинэ төвд худалдаа үйлчилгээний зориулалттай 1400 мкв газар эзэмшсэн. Ч.Д-ы эзэмшлийн газар доогуур холбооны шилэн кабель байгаагаас шалтгаалж зориулалтын дагуу барилга барих боломжгүй болсон тул тухайн эзэмшлийн газрын байршлыг шилжүүлсэн байна. Ч.Д нь уг газрын зориулалтыг амины орон сууцны зориулалтаар солих хүсэлт гаргасныг /аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн а/299 дугаар захирамжаар өөрчилсөн бөгөөд энэ нь 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн а/242 тоот захирамж гарган нэгж талбарын 6216000388 дугаар бүхий 1400 мкв болгон өөрчилсөн нь /Ч.Д-ы хүсэлтээр/ шинээр газар эзэмшсэн хэрэг биш.
Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт авагдсан “...Өвөрхангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 624 дугаартай хариу тайлбар, Өвөрхангай аймгийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1/683 дугаартай хариу тайлбарууд нь хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч П.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэдгээ түрүүлээд хэлчихье. Хоёрдугаарт Ц.Х дарга яриад байна нэг газрыг хоёр газар болгоод яриад байна гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Анх 2014 онд тухайн доогуур нь шугам сүлжээ явсан гээд байгаа газрыг аваад өөрчлөлт оруулсан.
Өөрчлөлт оруулах талаар нэхэмжлэгчийн хүсэлтийг нь хангаад өөрчилсөн хүсэлт нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарлаад байна л даа. Түүн дээр нь өөрийнхөө тайлбарыг дурдаад явчихъя. 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 1715210, 1715211 гэсэн шүүхийн шийдвэр гүйцэтгэл явуулах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосон гэсэн тайлбарыг ярьж байна. Энэ нь үнэн юугаар нотлогдоод байгаа юм бэ? гэхээр 2020 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 559 дагууртай Өвөрхангай аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар хүчингүй болгосон. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ болон Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн албадан дуудлага худалдаа зохион байгуулах 09/22 тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагч нь Өвөрхангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Ч.Д хөрөнгийн үнэлгээг зөвшөөрч улмаар бие даан худалдан борлуулах 1 сарын хугацаа авсан.
Нэхэмжлэгч хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан. Энэ маргааны хүрээнд нэхэмжлэгч Ч.Д-ы шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байгаа. Ц.Х дарга андуурч яриад байх шиг байна. Тухайн газар дээр дахин дуудлага худалдаа болохгүй ээ. Дуудлага худалдаа болохгүй гэдгийг шүүхийн шийдвэр нотлоод өгчхөж байгаа юм. Шүүхийн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон. Хэрвээ дуудлага худалдаа хийхээр байсан бол Ч.Д, Үүрийнтуяа нар гомдол гаргах хугацаандаа гомдлоо гаргах байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Д нь тус шүүхэд хандан 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ Өвөрхангай аймгийн Засаг дарга, мөн аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт тус тус холбогдуулан “Өвөрхангай аймгийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/643 тоот “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Харин 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр дээрх нэхэмжлэлийн шаардлагаа “Өвөрхангай аймгийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/643 тоот “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” захирамж болон захирамжийн хавсралт дахь Ч.Дд холбогдох хэсгийг хүчингүй болгох” гэж өөрчилсөн. Анх Өвөрхангай аймгийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн а/242 тоот захирамж гарган нэгж талбарын 6216000388 дугаар бүхий 1400 мкв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр газар эзэмших эрхийн 000438572 дугаартай гэрчилгээ олгожээ. Харин тус газарт шилэн кабелийн шугам таарсан тул 30 орчим метрийн зайд аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн а/299 дугаар захирамжаар Ч.Д-ы эзэмшил худалдаа үйлчилгээний зориулалттай 1400 мкв газрын зориулалтыг амины орон сууцны зориулалттай болгон өөрчлөлт оруулжээ. Энэ захирамжийн дагуу 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн 13-р баг, Төв-4, 432 тоот хаягт 6216031771 нэгж талбарын дугаар бүхий 1400 мкв газрыг “Амины орон сууцны” зориулалтаар 10 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр эрхийн улсын бүртгэлийн Э-1018000190 дугаарт бүртгэлтэй газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон байна. Нэхэмжлэгч Ч.Д, түүний эхнэр Ч.Үүрийнтуяа нарт “ХААН” банкнаас шүүхэд нэхэмжлэл гаргаж 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 145/ШШ2016/00153 дугаартай Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн “Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар 35477081.36 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 145/ШШ2016/00224 дугаартай Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн “Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар 59180074.87 төгрөг, нийт 94.657.155 төгрөг төлүүлэхээр шүүх шүүгчийн захирамжаар тус тус шийдвэрлэжээ. Уг “ХААН” банкны зээлийн барьцаанд тус маргалдаж байгаа газрын гэрчилгээг нэхэмжлэгч барьцаалсан байна. Шүүхийн шийдвэрийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газар нь уг төлбөрийг барагдуулахын тулд гүйцэтгэлийн ажиллагаа хийж уг газрыг 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр дуудлага худалдаа зарлаж, уг дуудлага худалдаагаар иргэн Д.Д 22100000 төгрөгөөр худалдан авчээ. Уг дуудлага худалдааны дагуу иргэн Ч.Д-аас газар эзэмших эрхийн гэрчилгээг Д.Д-д шилжүүлэхийг уламжлан Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газрын 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 01/1607 албан бичгийн дагуу шийдвэрийг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нь Өвөрхангай аймгийн Засаг даргад хүргүүлжээ. Газрын тухай хуулийн З8 дугаар зүйлийн 38.4-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно”. Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дугаарт “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлсэн бол орлого олсон гэж үзэж, орлогын хэмжээг дуудлага худалдааны анхны үнээс багагүй байхаар тооцно” гэж заасныг үндэслэн Өвөрхангай аймгийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/643 тоот “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” нэр бүхий иргэдэд холбогдох захирамж гарчээ. Гуравдагч этгээд Д.Д-д шилжүүлсэн газар, нэхэмжлэгч Ч.Д-ы эзэмшиж байсан газрын байршил, солбицолууд зөрүүтэй байгаа нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна. Гэтэл 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 145/ШШ2020/00599 дугаартай Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч Ч.Д-ы эхнэр Ц.Ү-ийн нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох тус газрын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн №1715210, №1715211 дугаар бүхий шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тогтоолоор үүссэнээс хойш иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж, хүчингүй болгож шийдвэрлэжээ. Энэ шийдвэрийг хэргийн оролцогчид давж заалдаагүй бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болсноор Ч.Д, Ц.Ү нарын иргэний гүйцэтгэх ажиллагааг эхнээсээ явуулж, хүчингүй болсон иргэний хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн гүйцэтгэх ажиллагааны улмаас үүнтэй холбоотой гарсан шат шатны байгууллага, албан тушаалтнуудын актууд хүчингүй болох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Өвөрхангай аймгийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/643 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” захирамжийн холбогдох заалтыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 107 дугаар зүйлийн 107.5 дугаарт зааснуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6, 4 дүгээр зүйлийн 4.2.5 дугаарт зааснуудыг баримтлан нэхэмжлэгч Ч.Д-ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж “Өвөрхангай аймгийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/643 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” захирамжийн нэр бүхий иргэдээс хавсралтын иргэн Ч.Д-аас Д.Д-д эзэмших газрыг шилжүүлсэн хэсгийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т зааснаар нэхэмжлэгч Ч.Д нь тус шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Захиргааны хэрэг үүсгэх, улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх тухай” 121/ШЗ2020/0003 дугаартай захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.