Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2015/0371

 

О ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга нарыг оролцуулан хийж, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 22 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, О ХХК-ийн нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Я.Н, Р.На нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Я.Н, Р.На нарын 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 100005092 дугаар актын Татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлийн хассанаас үлдэх хэсэг болох 43670655,2 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож өгнө үү. 77701500 төгрөгийн зөрчил нь авлага бөгөөд, орлого болж орж ирээгүй. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д нягтлан бодох бүртгэлийн аккруэл суурь гэж мөнгө хүлээн авсан эсвэл төлсөн эсэхээс хамаарахгүйгээр орлогыг олсон үед, зардлыг гарсан үед нь хүлээн зөвшөөрч бүртгэх аргыг, 3.1.2-т нягтлан бодох бүртгэлийн мөнгөн суурь гэж мөнгө хүлээн авсан буюу төлсөн үед орлого буюу зардлыг хүлээн зөвшөөрч бүртгэх аргыг хэлнэ гэж заасан. Ийнхүү бүртгээгүйн улмаас хариуцлага хүлээх бол Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д зааснаар хариуцлага хүлээлгэх байжээ. Манайх уг орлогыг орж ирсэн үед нь орлогоор бүртгэсэн.

Худалдан борлуулах зорилгоор Улаанбаатар хотод 144400000 төгрөгийн орон сууц худалдан авсан. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д зааснаар нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийдэг. Татварын ерөнхий газраас энэ талаар тодруулга авахад төсөвт төлөх албан татвараас хасч тооцно гэсэн хариу өгсөн. Татварын байцаагч нар акт гаргахдаа прокурорын тогтоолыг үндэслэн гаргах ёсгүй. Татварын хяналт шалгалт эрхэлсэн нэгжийн даргын томилолт, удирдамжийн дагуу үйлдэнэ. 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 10140400030 дугаар томилолтыг буюу хугацаа нь дууссан эрх зүйн хүчин чадалгүй болсон томилолт болон прокурорын тогтоолыг үндэслэсэн гэжээ.

Хариуцагч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын 2014 оны 03 дугаар сарын 18-өдрийн 6/850 тоот хүсэлтийн дагуу мөн 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн татварын хэлтсийн даргын томилолтын дагуу шалгасан. Ингээд шалгахад тухай аж ахуй нэгж 45 айлын оронсууц барьж борлуулсан байдаг.

Түүнийгээ борлуулаад их хэмжээний орлогыг нуун дарагдуулсан. Нэмэгдсэн өртгийн албан татвараас хасагдахгүй зардлыг хасагдах зардалд тооцно гэж үзээд цагдаагийн байгууллагаар шалгуулахаар дүгнэлт бичиж өгсөн. Тухайн дүгнэлтийг шалгаж үзээд эрүүгийн шинжгүй захиргааны хариуцлага ногдуулна гэсэн тогтоолыг үндэслээд татварын улсын байцаагчийн акт гарсан байгаа. Татварын улсын байцаагчийн актыг Өвөрхангай аймгийн татварын хэлтсийн дэргэдэх маргаан таслах комиссоор шалгагдаад акт хэвээр батлагдсан. Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлөөр ороод 43670655,2 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн.

Тухайн "О" ХХК-ийн хүлээн зөвшөөрөхгүй байгаа 77.701.500 төгрөгийн авлагыг борлуулалтын орлогод тусгахгүй гэж үзээд байгаа нь Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар Албан татвар төлөгч нь нягтлан бодох бүртгэлийн аккруэл сууриар гаргасан улирал, жилийн татварын тайланг үндэслэн жилийн эхнээс өссөн дүнгээр орлого болон төлөх албан татвараа өөрөө үнэн зөв тодорхойлж төсөвт төлнө гэсэн заалтыг зөрсөн.

Зардлаа хүлээн зөвшөөрөөд орлогоо хүлээн зөвшөөрдөггүй. Борлуулалтын орлогыг бүгдийг нь тусгаад дараа ондоо авлага нь орж ирсэн ч байсан гэсэн авлагаа бууруулах журмаар явдаг.

Тухайн компани орон сууцны барилгыг худалдах зориулалтаар худалдаж авсан гэдэг. Татварын хуульд орон сууцыг худалдах буюу нэмэгдсэн өртгийн албан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.3-д үйлдвэрлэл, үйлчилгээнд зориулж импортолсон болон худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох худалдан авалтыг хасахгүй гэсэн зүйл заалт байдаг. Энэ зүйл заалтын дагуу хасахгүй гэж үзсэн. Ийм учраас Татварын байцаагч нарын гаргасан актаа дэмжиж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 22 дугаар шийдвэрээр Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Багийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Р.На, Я.Н нарын 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 100005092 дугаартай, нийт 5945215520 төгрөгийн төлбөрийг "О" ХХК-д ногдуулсан актыг хүчингүй болгожшийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатнышүүхийн 2015 оны 07дугаар сарын 03-ний өдрийн 22 тоот шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Татварын Ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-т заасан Татварын хяналт шалгалтыг удирдамж, томилолтгүйгээр хийх гэсэн заалт, мөн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийх бөгөөд түүнд дараах зүйлийг тусгана гэсэн хуулийн заалтуудыг зөрчсөн гэж үзэж актыг хүчингүй болгосон.

О ХХК-ийн 2012 оны 01 дүгээр сарын 01-ээс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх санхүүгийн баримтанд татварын хяналт шалгалтыг Өвөрхангай аймгийн Цагдаагийн Газрын 2014 оны 03дугаар сарын 18-ны өдрийн 6/850 тоот хүсэлтийн дагуу тусгай удирдамж боловсруулан 2014 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн 10140400030 дугаар томилолтыг үндэслэн Татварын улсын байцаагч Я.Н, Ч. Өвгөнхүү нар шалгалт хийж дараахь зөрчлийг илрүүлэн эрүүгийн шинжтэй буюу их хэмжээний орлого нуусан гэж үзэн 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 100000662 тоот Татварын улсын байцаагчийн дүгнэлтийг бичиж Цагдаагийн байгууллагаар шалгуулахаар шилжүүлсэн.

Мөн Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2014 оны 08-р сарын 12-ний 129 тоот тогтоолоор угО ХХК-г Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, эрүүгийн шинжгүй гэж үзэн захиргааны хариуцлага тооцуулахаар буюу татварыг нөхөн төлүүлэхээр гаргасны дагуу 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 100005092 тоот актыг татварын улсын байцаагч Я.Н, татварын улсын ахлах байцаагч Р.На нар актыг бичсэн болно. 2014 оны 11 дүгээр сарын 12-ны 02 тоот Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх маргаан таслах зөвлөлөөр хэлэлцэж, актыг хэвээр баталсан. 2015 оны 03 дугаар сарын 20-ны 21 тоот Татварын Ерөнхий Газрын дэргэдэх Татварын Маргаан Таслах зөвлөлийн хурлаар тус тус шийдвэрлэсэн.

Тухайн О ХХК нь Татварын Ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн хуулиудыг тус тус зөрчсөн нь шат шатны хяналт шалгалтаар нотлогдож байхад Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар хүчингүй болгосныг зөвшөөрөхгүй байна.

Энэ хуульд: 3.1.Төрийн хяналт шалгалт нь Улсын Их Хурал, Ерөнхийлөгч,Төрийн аудитын байгууллага болон төрийн захиргааны байгууллагын хяналт шалгалт /цаашид "мэргэжлийн хяналт" гэх/, Үндсэн хуулийн Цэц, шүүх, прокурорын хяналт, нутгийн өөрөө удирдах байгууллагаас энэ хуулийн дагуу хэрэгжүүлэх хяналт шалгалтаас бүрдэнэ гэж заасан. Татварын хяналт шалгалтын ажил нь Татварын Ерөнхий хуулиар зохицуулагддаг .

Мөн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс томилолт, удирдамж, хавсралт баримтуудыг шаардаж үзээгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд бидний хууль ёсны эрх ашгийг хамгаалж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж хэргийг шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг ханган, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгч О ХХК-ийн хүчингүй болгуулахыг хүссэн маргаан бүхий акт болох Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 100005092 дугаар акт, уг актаар тогтоосон төлбөрийг багасган шийдвэрлэсэн Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн шийдвэр, нэхэмжлэгч, хариуцагчийн маргаж буй үндэслэлтэй холбоотой татварын хяналт шалгалт явуулах удирдамж, томилолт, зөрчил буюу орон сууцыг худалдан авсан, худалдсантай холбоотой санхүүгийн анхан шатны баримт, уг ажил гүйлгээг тусгасан санхүүгийн бүртгэл, 2014 оны санхүүгийн тайлан, 2013, 2014 оны аж ахуйн нэгжийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан зэрэг хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулалгүй Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д Захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ гэж заасныг зөрчсөн байна.

2. Уг захиргааны хэрэг нь татварын хяналт шалгалт явуулж гаргасан татварын улсын байцаагчийн акттай холбоотой маргаан байх бөгөөд Татварын ерөнхий хуулиар татварын хяналт шалгалтыг хэрхэн явуулах талаар нарийвчлан зохицуулсан байхад хэрэглэх ёсгүй Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг хэрэглэсэн буруу байна. Энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

Хариуцагч нь ... тусгай удирдамж, томилолтын дагуу хяналт шалгалт явуулж дүгнэлт гаргасан, цагдаагийн байгууллага, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, ... татвар нөхөн төлүүлэхээр гаргасны дагуу актыг бичсэн гэж тайлбарласан байхад уг тусгай удирдамж, томилолтыг цуглуулж, Татварын ерөнхий хууль болон уг хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд эрх бүхий этгээдээс баталсан Татварын хяналт шалгалт явуулах болон удирдамж томилолт олгохтой холбоотой дүрэм, журамд нийцэж байгаа эсэх, дээрх тохиолдолд дахин удирдамж, томилолт авдаг эсэх талаар дүгнэлт өгөх шаардлагатай.

Мөн нэхэмжлэлийн шаардлагын агуулга, хариуцагчийн эс зөвшөөрсөн үндэслэлтэй холбоотой дээр дурдсан баримтыг цуглуулж, тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хууль зүйн дүгнэлт хийн хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

Түүнчлэн анхан шатны шүүх нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ /томилолт, удирдамжтай холбоотой/ нэмэгдүүлсэн нэхэмжлэгчийн өргөдлийг хариуцагчид гардуулаагүй, нэхэмжлэгч, хариуцагчаас нэхэмжлэл, тайлбартаа хавсаргаж өгсөн маргаан бүхий захиргаан акт, маргаан таслах зөвлөлийн тогтоол зэрэг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтуудыг яагаад хэрэгт хавсаргаагүй, нотлох баримтаас ямар үндэслэлээр хассан (нэхэмжлэл болон хариуцагчийн тайлбарыг хүлээн авсан шүүхийн тэмдэглэлд тус тус 19 хуудас гэж тэмдэглэсэн) нь тодорхойгүй, энэ талаар ямар нэгэн баримт үйлдээгүй, шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагын агуулга, хариуцагчийн тайлбарыг тусгаагүй зэргээр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.8, 38 дугаар зүйлийн 38.1, 72 дугаар зүйлийн 72.3-т заасныг зөрчжээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь захиргааны хэргийн шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 22 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ О.НОМУУЛИН

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ