| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Энэрэл |
| Хэргийн индекс | 163/2021/0200/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/248 |
| Огноо | 2021-09-12 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 2021/ШЦТ/248
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
Улсын яллагч М.Сайнзаяа,
Иргэдийн төлөөлөгч Б.Бадамханд,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Цэнгүүн
Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******д холбогдох эрүүгийн 2115000000202 дугаартай, 163/2021/0200/Э индекстэй хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1994 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт Булган аймгийн Гурванбулаг сумын 4 дүгээр багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Бариад овогт Батпүрэвийн ******* /РД: ГГ94060112/.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.******* нь Булган аймгийн Гурванбулаг сумын 4 дүгээр багийн нутаг “Үүдийн ам” гэх газарт 2021 оны 8 дугаар сарын 04-ний орой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ А.Ганбат гэгчтэй маргалдан улмаар түүний зүүн суга орчим зэвсэг буюу хутгаар хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.******* өгсөн мэдүүлэгтээ: Мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.
2115000000202 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
1. Хохирогч А.Ганбатын өгсөн: “...Батпүрэв ахын гэрт ортол Нараа ах, Батпүрэв ах, эхнэрийн хамт байсан. Тэгээд байж байтал Сундуй, Нараа ах хоёр муудалцаад барьцалдаж аваад байхаар нь би дундуур нь ороод салгаад байж байтал миний араас миний биеийн зүүн суганы хэсэгт цохих шиг болсон. Тэгтэл Батпүрэв ах ******* Ганбатыг хутгалчихлаа гээд хэлсэн. Тэгэхээр нь би итгээгүй Сундуй, Нараа хоёрыг салгаад удалгүй байж байтал миний зүүн суганы доороос халуун юм өмд рүү орохоор нь гайхаад гараараа дараад хартал цус болчихсон байсан. Тэгээд Баяраа ах миний хувцсыг тайлаад хутгалсан газар дарсан бас Олонбаяр эгч, Мөнх-Эрдэнийн эхнэр нар цус гарч байгаа газар дараад юмаар боосон, сумын эмчийг гар утсаар дуудсан. ...миний бие зүгээр болоод эмчилгээнийхээ мөнгийг гаргуулан авчихвал *******д ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би *******эс 1.500.000 төгрөг нэхэмжилж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 26-28, 32-33-р тал/,
2. Гэрч Б.Батпүрэвийн өгсөн: “...Би хуульд заасан эрх үүргээ ойлголоо. Гэхдээ би болсон асуудлын талаар мэдүүлэг өгнө... Сундуй гэх залуу Наранбаатар 2 хоорондоо ноцолдоод байхаар нь Наранбаатарыг салгаад гэртээ оруулж ирээд суулгасан. Тэгсэн чинь араас бүгдээрээ орж ирсэн. Тэгэхээр нь би Наранбаатарыг авч гарчхаад ороод иртэл Ганбат манай хоймор хивсэн дээр суучихсан намайг танай хүү ******* хутгалчихлаа гэсэн сууж байсан. Одоо хивс цус болсон газар сууж байсан... Уг хутга нь манай гэрийн хутга байгаа юм. Зүүн хатавчинд байх шар шүүгээний шургуулгад байсан. Хэрэг болсны дараа уг хутга нь зүүн баганын хажууд байхаар нь манай эхнэр Олонбаяр аваад зүүн хатавчны хулдаасан доогуур хийсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-р тал/,
3. Гэрч П.Сандагдоржийн өгсөн: “...бүтэн биеийн үзлэг хийхэд зүүн суганаас доош 3-4 сантиметр зайд ташуу байрлалтай 2-3 сантиметр урттай, гүн нь ойролцоогоор 1-1.5 сантиметр зүсэгдсэн шарх байсан ба би 3 оёдол тавьсан... Улаанбаатар хот руу явуулсан шалтгаан дээрх үзлэгийг үндэслэн мөн захын судасны хүчилтөрөгчийн хэмжээ багассан учир дараагийн шатны эмнэлэгт үзүүлж онош тодруулах шаардлагатай байна гэж үзсэн учир явуулсан... Батпүрэвийн Мөнх- Эрдэнэтэй маргалдаад араас намайг цохих шиг болсон чинь хутгалсан байсан гэж ярьсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 39-р тал/,
4. Гэрч Ц.Наранбаатарын өгсөн: “...бид тав Мөнх-Эрдэнийн хамт гэрт нь 2 пиво ууж байгаад А.Ганбат, Б.******* хоёр хоорондоо маргаад байсан. Тэгж байхад аав, ээж хоёр нь орж ирж салгаж байсан санагдаж байна. Тэгээд удалгүй байж байтал Батпүрэв ах манай хүү ******* А.Ганбатыг хутгалсан байна гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-р тал/,
5. Яллагдагчаар Б.******* мэдүүлэхдээ: “...2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөр ... Ганбат эргэж манайд орж ирээд “чи архи байсаар байхад надаас харамлалаа” гэж хэлээд уурлаад гараад яваад өгсөн... Ганбат нь намайг үгээр өдөж, өглөөний явдлаа яриад байсан. Тэгээд сүүлдээ би Ганбаттай маргалдаж барьцалдаж автал хүмүүс бид 2-ыг салгаад би гадаа гарсан юм. Тэгтэл Ганбатыг хүмүүс аваад манай хажууд байдаг манай аав Батпүрэвийн гэр лүү аваад орохоор нь би араас нь дагаж ороод бид 2 дахиж барьцалдаж аваад ноцолдож байгаад би аавын шургуулгаас шар иштэй хутга аваад Ганбатын зүүн суганы ар хэсэг рүү хатгачихсан юм. ...тэгтэл Ганбатыг хот руу эмнэлэг рүү аваад явсан гэсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 63-р тал/,
6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 7788 дугаартай: 1. А.Ганбатын биед цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний зүүн хөндийн хий хуралдалт, зүүн уушигны бүрэн бус авчилт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 51-53-р тал/,
7. Хохирогч А.Ганбатын Гэмтэл согог үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 67-77-р тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2, 18-р тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-9-р тал /, хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-13-р тал/, шүүгдэгчийн гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 84-р тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 85-р тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 86-р тал/, Булган аймгийн Гурванбулаг сумын дөрөвдүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 80-р тал/, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 23 см урттай шар өнгийн иштэй хутга 1 ширхэг, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргаж өгсөн Б.Мөнх-Эрдэнийн амбулаториор эмчлүүлэгчдийн карт, компьютер томограф хийлгэсэн зураг, Ц.Пүрэвмаагийн жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч карт, Б.Мөнх-Эрдэнийн авч байсан шагнал Өргөмжлөл 5 ширхэг, хохирогч А.Ганбатаас ирүүлсэн хүсэлт, хохирол төлбөр төлсөн 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Хаан банкны гүйлгээний баримт зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Цэнгүүн “мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Б.******* нь бусдын эрүүл мэндэд хутга хэрэглэн хүнд хохирол учруулсан нь нотлогдсон байх тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” гэсэн байр суурьтай оролцсон болно.
Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.******* нь Булган аймгийн Гурванбулаг сумын 4 дүгээр багийн нутаг “Үүдийн ам” гэх газарт 2021 оны 8 дугаар сарын 04-ний орой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ А.Ганбаттай маргалдан улмаар зэвсэг хэрэглэж буюу шар өнгийн иштэй хутгаар түүний зүүн суга орчим хутгалж биед нь цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний зүүн хөндийн хий хуралдалт, зүүн уушигны бүрэн бус авчилт буюу гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтлүүд санаатай учруулсан үйл баримт нь хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий шууд болон шууд бус нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдлоо.
Шүүгдэгчийн үйлдэл нь хүний биед зэвсэг хэрэглэн санаатай халдаж амь насанд нь аюултай хүнд гэмтэл учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд “энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно” гэж хуульчлан тайлбарлажээ.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн хутга нь бүтцийн хувьд огтлох, зүсэх зориулалтаар үйлдвэрлэгдсэн байх тул дээрх хуулийн тайлбарын зэвсэг гэх ойлголтод хамаарахаар байна.
Хохирогч А.Ганбатын биед учирсан цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний зүүн хөндийн хий хуралдалт, зүүн уушигны бүрэн бус авчилт гэмтэл нь учрах үедээ амь нас хохирч болох амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болохыг тогтоосон байх бөгөөд шүүгдэгч Б.******* нь хохирогчийн биед уг гэмтлийг хутга буюу хүйтэн зэвсгээр учруулсан болох нь хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэж шүүх үзсэн болно.
Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд амь насанд аюултай хүнд гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Б.Бадамханд нь “Б.******* нь гэм буруутай байна. Гэхдээ хохирлыг барагдуулж, уучлал гуйж, гэм буруугаа хүлээн гэмшиж байгаа юм байна” гэж дүгнэсэн нь шүүхийн дүгнэлттэй тохирч байна.
Иймд шүүхээс шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар;
Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан болох нь нотлогдон тогтоогдсон.
Хохирогч А.Ганбат нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар эмчилгээний зардалд 1 500 000 төгрөг нэхэмжилсэн ба нотлох баримтыг ирүүлээгүй, шүүгдэгч дээрх 1 500 000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Цэнгүүн нь “Б.Мөнх-Эрдэнийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эмчилгээний зардлыг төлсөн, гэм буруугаа хүлээсэн, эрүүл мэндийн хувьд 2020 оны 5 дугаар сард тархиндаа гэмтэл авч мэс засал хийлгэж, тор тавиулсан мөн эхнэр нь жирэмсэн зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур буюу 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү” гэсэн санал дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг шинжлэн судалж хэргийн нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, учруулсан хохирлыг төлснийг мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцон ял оногдуулахдаа харгалзан үзсэн болно.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тус тус тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж хүнд хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хохирогчийн нэхэмжилсэн хэмжээгээр нөхөн төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хорих ялыг хөнгөрүүлэх журмыг хэрэглэх боломжтой байна.
Шүүх зэвсэг ашиглан гэмт хэрэг үйлдсэний улмаас хохирогчийн эрүүл мэндэд амь насанд аюултай хүнд хохирол учирсан хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн болон ар гэр, эрүүл мэндийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан шүүгдэгч Б.*******д мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ буюу таван жилийн хорих ялаас доогуур хэмжээгээр буюу 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.
Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн зүгээс өөрийн үйлдэлдээ гэмшиж буй хандлага, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг дүгнэж түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь Эрүүгийн хуулийн зорилго, нийтлэг зарчимд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч Б.******* нь 34 /гучин дөрөв/ хоног цагдан хоригдсон байх тул цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.
Шүүгдэгч Б.******* нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч А.Ганбат нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн иштэй 23 см урттай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Д.Түшигбаярт даалгаж шийдвэрлэв.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бариад овогт Батпүрэвийн Мөнх-Эрдэнийг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийг 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн цагдан хоригдсон 34 /гучин дөрөв/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч Б.******* бусдад төлөх төлбөргүй, хохирогч А.Ганбат нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн иштэй, 23 см урттай хутга нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Д.Түшигбаярт тус тус даалгасугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД
ШҮҮГЧ Д.ОТГОНБААТАР