| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намдагийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 179/2017/0006/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/40 |
| Огноо | 2017-01-25 |
| Зүйл хэсэг | 215.3., |
| Улсын яллагч | Л.Отгончимэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 2017/ШЦТ/40
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн даргаар О.Өлзийбуян,
Улсын яллагч Л.Отгончимэг,
Шүүгдэгч Б.М-,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Отгонцэцэг нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М-т холбогдох Эрүүгийн 201622000619 тоот хэргийг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Б.М.
Шүүгдэгч Б.М- нь 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 1 дүгээр багийн нутаг Хар завсар гэх газарт ... улсын дугаартай Портер маркын тээврийн хэрэгслийг жолоодох явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар бүлгийн 7.6, 1.5 дахь хэсгүүдэд заасан заалтыг зөрчсөний улмаас 1 нас 6 сартай П.Х-ыг дайрч амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Б.М- нь 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 1 дүгээр багийн нутаг Хар завсар гэх газарт ... улсын дугаартай Портер маркын тээврийн хэрэгслийг жолоодох явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар бүлгийн 7.6, 1.5 дахь хэсгүүдэд заасан заалтыг зөрчсөний улмаас 1 нас 6 сартай П.Х-ыг дайрч амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь
Хохирогч А.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Өчигдөр өдөр манай нөхөр, Б.М- ах 2 бас нэг залуугийн хамт гуравуулаа түлээ хийхээр уул руу явсан. Манайх хоёр хүүхэдтэй байсан. Том нь 4 настай, дүү нь болохоор 1 нас 6 сартай байсан. Би гэртээ юмаа угаагаад сууж байсан. Хүүхдүүд гадаа тоглож байсан юм. 17 цагийн үед Б.М- ах түлээнээс ирээд машинаа зогсоогоод хойд хашааны хаалга онгойлгож байсан. Би тэр үед нь угаасан хувцсаа хатаагаад гадаа байсан юм. Тэгээд удалгүй миний том хүү Б.М- ахын том охинтой хамт гэртээ гүйж орж ирээд дүү дайрагдчихлаа гэсэн. Б.М- ахын охин болохоор танай охин хөдлөхгүй байна дээрээс нь юм гоожиж байна гэж хэлсэн. Тэгээд би гүйгээд гартал хашааны үүдэн дээр охин маань уруугаа харчихсан тархи нь гоожчихсон охин маань нас барсан байсан гомдолтой байна гэх мэдүүлэг /хх-ийн 17-21 дүгээр хуудас/,
Гэрч О.П-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би яасан гэж асуухад Б.М- таны бага чинь машин доогуур орчихсон гэсэн. Гайгүй юу эмч дуудсан уу гэхэд үгүй гэсэн. Би шүргүүлж барьсан юм байх гэж бодсон. Тэгээд замдаа юу ч бодолгүй ярилгүй гэртээ ирээд ортол эхнэр маань уйлаад байхаар нь асуутал охиныг маань алаад хаячихлаа гэсэн. Хаана гэхэд хойд хашааны тэнд гэхээр нь гараад хашааны тийшээ очтол хашаан дотор охины маань гудсан дээр тавьсан байсан. Доошоо харуулаад тавьсан байхаар нь дээш нь харуултал нүүр ам нь хүн харахын аргагүй цус болсон байсан гэх мэдүүлэг /хх-ийн 22-25 дугаар хуудас/,
Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Зам тээврийн ослын дүгнэлтэнд: ...Портер маркийн автомашины жолооч Б.М- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар бүлгийн 7.6-д заасан "Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыгбиеэр шалгаж байрэзлэх, хөдөлгөөний чиг өөрчилөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангана гэсэн", заалт, мөн 1.5 дахь хэсэгт заасан "Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино" гэсэн заалтуудыг зөрчиж осол гаргасан байна гэх дүгнэлт /хх-ий 35-36 дугаар хуудас/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 120 дугаартай дүгнэлтэнд: 1. П.Х-ын биед гэмтэл тогтоогдлоо. 2. П.Х-ын биед гавал ясны олон хэлтэрхийт хугарал, их бага тахины няцрал, хуйханд шарх, дух зүүн бугалга, шуу тохойд зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь машинд дайруулахад үүсэх ба шууд үхэлд хүргэсэн болно. 3. Шүүх эмнэлэгийн задлан шинжилгээгээр талийгаач П.Х-ын биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 4. П.Х- нь гавал тархины хавсарсан ил гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны цочмог дутагдалд орж нас баржээ. Дээрх шалтгаанаар нас барсан гэх нь онош гэсэн хэсгээр батлагдаж байна гэх дүгнэлт /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-8-р хуудас/,
Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 9-10-р хуудас/,
Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-ийн 11-12, 33-34, 38-39-р хуудас/,
Автомашин унэлсэн тайлан /хх-ийн 13-р хуудас/
Цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 40-42, 45-47-р хуудас/ зэргээр шүүгдэгч Б.М-ыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар бүлгийн 7.6-д заасан "Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчилөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангана" гэсэн заалт, мөн 1.5 дахь хэсэгт заасан "Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино" гэсэн заасныг тус тус зөрчсөний улмаас 1 нас 6 сартай П.Х-ыг дайрч амь насыг нь хохироосон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч Б.М- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийугэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62-р хуудас/-аар тогтоогдож байна
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож байна. Ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн 201622000619 дугаартай хэрэгтэд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичигбаримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж, Б.М-ын эзэмшлийн Портер маркын ... улсын дугаартай ачааны авто машины битүүмжиллийг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Хохирогч А.Г- нь шүүгдэгч Б.М-тай эвлэрсэн болох нь 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн эвлэрлийн гэрээгээр батлагдаж байх ба шүүгдэгч нь хохирогч А.Г-т төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1, 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б.М-ын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар шүүгдэгч Б.М-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.М-т оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Б.М-т оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар шүүгдэгч Б.М-ын эзэмшлийн ... улсын дугаартай Портер маркын ачааны авто машины битүүмжиллийг хүчингүй болгосугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-т авсан батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НЯМСҮРЭН