| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 168/2019/0318/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/331 |
| Огноо | 2019-12-13 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ц.Лхамсүрэн |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 2019/ШЦТ/331
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч Ц.Лхамсүрэн
Хохирогч А
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор
Шүүгдэгч Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .... овогт Н холбогдох эрүүгийн 1921000000345 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1977 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Дорнод аймгийн Баянтүмэн суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Дорнод аймгийн ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, .... овогт Н. /РД: .../,
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурсанаар:
Шүүгдэгч Ннь 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Дорнод аймгийн ... тоотод байх гэртээ эхнэр А-г зодож “...эрүү ясны зөрөөгүй хугарал...” бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ннь 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Дорнод аймгийн ... тоотод байх гэртээ эхнэр А-г зодож “...эрүү ясны зөрөөгүй хугарал...” бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1921000000345 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Гэрч Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 9-ний шөнө 02 цагийн үед гэртээ унтаж байхад манай эгч А гэрт ирээд Н зодуулчихлаа гэсэн. Харахад 2 шанаа нь хөхөрч хадвсан, амны дотор тал завж нь язарсан, 2 гуяны дотор тал хөхөрсөн, хэл нь хазагдсан байдалтай цус гарсан байхаар нь эгчтэй хамт гэрт нь очиж Н юу болсон талаар асуухаар очиход унтаж байсан. Би эгчийг гэрт нь орхиод гарсан. Өглөө 09 цагийн үед гэрт нь очиход гэрийнхээ гадаа хашаан дотор Нэгчийг газар унагаачихсан дээр нь гараад суучихсан 2 гарыг нь бариад сууж байхаар нь яагаад манай эгчийг зодоод байгаа юм бэ гээд салгасан. Ннь эгчийг зайлаарай гичий минь гээд надад би танай эгчийг зодоогүй шүү гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,
Хохирогч А мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...Венера кафен хойд талд байх караокед ажлынхаа М, Ц, өөр танихгүй эрэгтэй хүний хамт дуулж, пиво ууж байхад гаднаас манай нөхөр орж ирээд намайг явъя гэхээр нь явахгүй гэхэд Н нь янхан, гичий минь явъя гээд хувцасны захаас боогоод шат руу чирсэн ба М эгч гарч ирээд салгаад Най үлдсэн. ...улмаар гэртээ харихад нөхөр Н нь янхан, гичий, архичин авгай гэхээр би хамт олны дэргэд боож чирлээ гэхэд бүгдээрээ адилхан янхан, гичий гээд миний зүүн шанаа руу цохиход би арагшаа савж унасан. ...Н дахин ирж нүүр рүү цохиод цамцнаас боогоод буйдан дээр дээш харуулж хэвтүүлээд хөл, булчин, гуя руу өвдөглөөд цохиж зодоод байхаар нь би гэрээсээ дотуур хувцастайгаа нүцгэн гарч такси бариад дүүгийндээ очсон бөгөөд Б-ыг дагуулаад гэртээ очиход Нгэртээ байхгүй, ээжийнх рүүгээ явсан байсан. Н нь ... хүний муу үзэх гэлээ, цагдаадаа өг гээд намайг дэгээдэж унагаагаад миний дээр мордож суугаад 2 гарыг маань барьчхаад миний өөрийн гараар нудруулаад ам, эрүү рүү цохиод гар тавьсан хойно куртикний захаар боогоод толгой савлуулаад цохиод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар хуудас/,
Шүүгдэгч Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...эхнэр А нь над руу залгаад нэг цаг караокед суулаа шүү гэж хэлээд утсаа тасалчихсан. ...22 цагийн үед ажлаа дуусгаад харих замаараа Венерагийн хойд талын караоке руу орж эхнэрээ харахад эхнэр ажлынхантайгаа уугаад сууж байхаар нь гэртээ харья гэхэд явахгүй гэхээр нь хувцаснаас нь татсан. ...шөнө унтаж байхад 01 цагийн үед эхнэр орж ирээд ажлынхны хажууд эвгүй байдалд орууллаа гээд гэрийн эд зүйл эвдэх гээд над руу агсраад байхаар нь түлхсэн чинь унаад ухаан алдсан. ...20-30 минут ухаангүй байж байснаа босч ирээд цагдаад өгнө гээд нүцгэн гарч гүйх гээд байсан... 08 цагийн үед гэртээ очиход... хувцасаа солиод өмсөж байхад эхнэр чи намайг зодсон байна гээд тоосго бариад намайг цохих гээд байхаар нь зугтаад гэртээ орсон. ...тоосготой гарыг нь барьж байгаад гэрээс гараад түлхсэн чинь газар унахаар нь дараад байж байхад Борж ирээд эгчийг зодоод байгаа муу гэхээр нь зодоогүй гээд дээрээс нь боссон...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 дугаар хуудас/,
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ж.Жаргалтуяагийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 719 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1. А-гийн биед эрүү ясны зөрөөгүй хугарал, баруун зүүн шанаа, зүүн тохой хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, эрүү, баруун мөр, бугалга, гуя, шилбэ, зүүн гарын бугуй, цээжинд цус хуралт, хүзүү, цээж, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүснэ.
3. Дээрх эрүү ясны хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр, баруун зүүн шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь 2.4.1-д зааснаар хөнгөн, бусад гэмтлүүд нь тус бүрдээ 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 17 дугаар хуудас/,
Шүүгдэгч Н-ын хувийн байдлын талаар:
Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 26, 28, 29, 31 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 1921000000345 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н нь 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Дорнод аймгийн ... тоотод байх гэртээ эхнэр А-г зодож “...эрүү ясны зөрөөгүй хугарал...” бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Нмөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Н.Алтанзул /хх-ийн 6-7 дугаар хуудас/, гэрч Б /хх-ийн 12 дугаар хуудас/ нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ж.Жаргалтуяагийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 719 дугаартай дүгнэлт /хх-ийн 17 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад хохирогчийн архи ууж согтуурсан байдал, хэн алины нь хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хороондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Н нь хохирогч А-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бөгөөд хохирогч нь шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол нэхэмжлэхгүй гэж байх тул шүүгдэгч Н-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Н нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Н-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Н-рын ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Н нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч .... овогт Н-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н-ыг 250 /хоёр зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Н оногдуулсан 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч П.Н мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч П.Н-ын ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч П.Н авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТСАЙХАН