| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2021/0049/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/49 |
| Огноо | 2021-05-28 |
| Зүйл хэсэг | 13.14.1, |
| Улсын яллагч | О.Нандинцэцэг |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 2021/ШЦТ/49
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч О.Нандинцэцэг
Шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор О.Нандинцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Э.*******д холбогдох 21*******000000036 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр төрсөн, ******* настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг Мандал сумын 6 дугаар баг, ******* № ******* тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******. /РД:МЭ89**************60/
Шүүгдэгч Э.******* нь 2021 оны 04 дүгээр сарын *******-ны өдөр Зүүнхараа нэгдсэн зар фейсбүүкийн цахим группэд Enхtuya Enхbold гэсэн хаягнаас Засаг даргын тамгын газарт ажилладаг янхан дугаарыг мэддэг хүн байна уу гэх мэдээллийг байршуулж иргэн Н. нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.*******гийн өгсөн …. ... 2021 оны 04 дүгээр сарын *******-ны өдөр Сэлэнгэ аймаг Мандал сумын Зүүнхараа нэгдсэн зар дээр Сэлэнгэ аймгийн Мандал сумын засаг даргын тамгын газарт ажилладаг янхан утасны дугаарыг мэдэх хүн байна уу гэсэн пост оруулаад удалгүй 30 минутын дараа өөрөө устгасан. Би өнхрөөсөө салаад 6 жил болж байна. Манай салсан нөхөр энэ Батцэцэг гэдэг хүнтэй суусан юм. Тэгтэл энэ Батцэцэг нь ээжтэйгээ нийлээд намайг хүнд муулж ярьсан байсан. Тэрнийг нь би сонсоод тийм пост оруулсан юм. Би тухайн үед уураа барьж дийлэхгүй ийм асуудал гаргасан байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Хохирогч Н. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... 2021 оны 04 дүгээр сарын *******-ны өдөр ням гаригт гэртээ амарч байхад өглөө 10 цагийн үед манай найз Г. миний дугаарын утас руу залгаад Зүүнхараа нэгдсэн зар гэсэн групп дээр Засаг даргын тамгын газарт ажилладаг янхан дугаарыг мэддэг хүн байна уу гэсэн пост байршуулсан байна чи ороод хар гэхээр нь би уг Зүүнхараа нэгдсэн зар гэсэн групп руу орж харахад Enхtuya Enхbold гэсэн нэртэй хаягнаас Засаг даргын тамгын газарт ажилладаг янхан дугаарыг мэддэг хүн байна уу гэсэн пост байршуулсан байсан. Би постны доод талд миний дугаар хэрэг болсон юм байх даа гэсэн сэтгэгдэл дээр нь бичсэн боловч надтай огт яриагүй. Дараа нь уг Зүүнхараа нэгдсэн зар гэсэн групп руу орж харахад байршуулсан байсан постыг устгасан байсан... Би маш их гомдолтой байна. Зүгээр ажлаа хийж байгаад хүнд янхнаараа дуудуулсан болохоор их гомдолтой байна гэх мэдүүлэг /Хх-н 10-11 дүгээр хуудас/
Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... 2021 оны 04 дүгээр сарын *******-ны өдөр миний гэсэн дугаарын утсанд миний хуучин эхнэр *******гийн гэсэн дугаараас наад хүүхнийхээ ам хэлийг дарж яваарай хүнд намайг янз бүрээр ярьсан байна гэсэн утга бүхий мессеж ирүүлсэн байсан. Тэгэхээр нь би залгасан чинь элдвээр хэлээд учир зүггүй орилоод байхаар нь би утсаа салгаад очиж уулздаг юм билүү гээд гэрээс гараад явж байсан чинь манай ах эгч нар чи яах гээд байгаа юм очиж уулзах хэрэггүй гэхээр нь би болиод гэр лүүгээ орсон чинь манай эхнэр Батцэцэг надад фейсбүүк Зүүнхараа нэгдсэн зар гэсэн групп дээр намайг ингэж бичсэн байна гэхээр нь харсан чинь захиргаанд ажилладаг янхан дугаарыг мэдэх хүн байна уу гэсэн пост оруулсан байсан..... Би ******* овогтой 2012 оноос 2015 он хүртэл хамт амьдарсан. Бид хоёр дундаасаа 2 хүүхэдтэй би хоёр хүүхдийн тэтгэмж төлдөг юм. Би Батцэцэгтэй 2016 оноос танилцаад 2017 онд нэг гэртээ орсон. *******гаас салаад жил гаран болж байхдаа Батцэцэгтэй танилцаад жилийн дараа Батцэцэгтэй нэг гэрт орсон гэх мэдүүлэг /Хх-н 14 дүгээр хуудас/
Зүүнхараа нэгдсэн зар гэсэн группэд байршуулсан пост, хүмүүсийн бичсэн сэтгэгдэлийг харуулсан баримт /хх-н 03-05 дугаар хуудас/
Э.*******гийн иргэний үнэмлэхний хуулбар /Хх-н 23 дугаар хуудас/
Э.******* нь ******* № ******* тоотод, ам бүл 3 оршин суудаг болохыг тодорхойлов гэсэн гэсэн Сэлэнгэ аймаг Мандал сумын ******* 6 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 29 дүгээр хуудас/
Э.******* нь урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 31 дүгээр хуудас/
Хохирогч Н. Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст гаргасан Э.*******д гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тодорхойлолт /Хх-н 34 дүгээр хуудас/
Яллагдагч Э.*******гийн Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч хохирогч Батцэцэгтэй сайн дураараа эвлэрч гомдол санал, хохирлын талаар ямар нэгэн маргаангүй болсон тул надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /Хх-н 38 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Э.******* нь 2021 оны 04 дүгээр сарын *******-ны өдөр Зүүнхараа нэгдсэн зар фейсбүүкийн цахим группэд Enхtuya Enхbold гэсэн хаягнаас Засаг даргын тамгын газарт ажилладаг янхан дугаарыг мэддэг хүн байна уу гэх мэдээллийг байршуулж иргэн Н. нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгчийн гэм бурууг давхар нотолж байх бөгөөд тэдгээрийг байцаахдаа хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.
Шүүгдэгч Э.*******гийн хохирогч Н. нэр төр, алдар хүндэд халдсан Засаг даргын тамгын газарт ажилладаг янхан дугаарыг мэдэх хүн байна уу гэсэн постыг фейсбүүкийн Зүүнхараа нэгдсэн зар гэсэн группэд байршуулсан үйлдэл нь янхан гэсэн илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэж үзэх үндэслэл болж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт .... Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ .... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ..... Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ .... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт ..... энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх .... гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Э.*******гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгчийн хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж эрүүгийн хариуцлагын талаар прокурортой торгох ялын хэмжээг тохиролцож зөвшөөрсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 450000 төгрөгийн торгох ялаас чөлөөлөх үндэслэлтэй байна
Хохирогч Н.Батцэцэг нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Э.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Э.*******г 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Э.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450000 төгрөгийн торгох ялаас чөлөөлсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Э.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.ХЭРЛЭН.