Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2019/ШЦТ/330

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Ц.Лхамсүрэн

Шүүгдэгч Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт Б холбогдох эрүүгийн 1921005050320 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Дорнод аймгийн Булган суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ....суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ... овогт Б. /РД: ..../

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Бнь 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Булган сумын 2 дугаар багийн нутаг “Бурхант” гэх газраас иргэн Э1 тооны даагыг хулгайлж, 1000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч Б нь 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Булган сумын 2 дугаар багийн нутаг “Бурхант” гэх газраас иргэн Э 1 тооны даагыг хулгайлж, 1000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1921005050320 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

     Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

            Гэрч Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын сүүлээр ...Бнь миний унаж явсан зуузай тамгатай хүрэн халзан морийг унаад гэрээсээ урагшаа яваад 30 миниутын дараа ирэхдээ ухаа зүстэй яндан охин даага хөтлөөд ирсэн. Юун даага вэ гэхэд манай даага байгаа юм, азарга хазаад өттэй байна гэж хөтөлж ирээд махлахаар болсон. ...Э-рийг машинтай нь дуудаад ... Б малын эмч Д-аас 2 адууны гарал үүслийн бичиг миний нэр дээр аваад ирээч гэж хэлсэн. ...Бнь өөрийнхөө даага гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

 

            Гэрч Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...манай сумын Бгэх залуу миний ... дугаарын утас руу залгаад ...2 адуу махлаад аймгийн төв рүү авч явах гэсэн юм. Миний машин болохгүй байх тул аймгийн төв рүү яваад өгөөч гэж гуйсан. Би өөрийн эзэмшлийн 86-03 ДОА улсын дугаартай Приус маркийн тээврийн хэрэгсэлтэй 18 цагийн үед очиход Бнь гэрийнхээ гадаа 2 даага махалсан, Т, Б нарын хамт байсан. Мах өгсөн өдрийн маргааш орой нь Э гэх хүн ирээд Б-н гэрээс адууны мах аваад аймаг орсон уу гэж асуухаар нь Б, Т хоёр нэг, нэг даага хийгээд аймаг орно гэхээр нь би хүргэж өгсөн... гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,

Хохирогч Б.Э-ээ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын эхээр ...манай адуунаас хоёр даага азарга нь хасаад байсан тул адуунаасаа салгаад тусдаа явдаг болоод хэд хоносон. Би бэлчээрээр нь хураагаад л байдаг байсан бөгөөд хонгор халзан зүстэй тамгагүй охин даага алга болсон тул тэр хавиар нь сураглаад явж байтал 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүрэн морь унасан хүн ухаа даага хөөгөөд явж байсан талаар хүнээс сонсоод сураад явж байтал Булган сумын зүүн хойно Т-өө гэх айлын гадаа хоёр адуу махлагдсан байсан... Т-Өө, Б нар даага алга болох өдөр махны зах дээр 2 даага зарсан байсан. Миний алдсан даага удамтай хурдан даага байсан. ...миний бие 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хулгайд алдсан 1 тооны дааганы хохирлоо Баттөрөөс авсан тул надад гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12, 43 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгч Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сард өдрийг нь сайн санахгүй байна манай гэрийн ойролцоо тамгагүй өтсөн даага 3-4 хоносон. ...манай ойролцоо нутагладаг б, т хоёр Т-рын өтсөн даагыг манай гадаа өтийг нь цэвэрлэх гэж байгаад болиод янзалсан бөгөөд би тэр үед Б-ийн морийг унаад манай ойролцоо байсан даагыг авчраад тэр хоёрт миний даага бас өтсөн гэж хэлээд янзалсан. Бид нар Э-рийг машинтай нь дуудаад махаа ачаад махны цэгт өгсөн. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Хөнгөн ял шийтгэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

 

            - Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 9, 49 дүгээр хуудас/,

            - Хохирогч Эгомдол санал байхгүй гэх хүсэлт /хх-ийн 43 дугаар хуудас/,

           

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар: Шүүгдэгч Б-н иргэний үнэмлэхийн хуулбар, Дорнод аймгийн Булган сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, малын 2018 оны тооллогын дүн, урьд ял шийтгэдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34, 36, 37, 40, 42 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн 1921005050320 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б нь 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Булган сумын 2 дугаар багийн нутаг “Бурхант” гэх газраас иргэн Э1 тооны даагыг хулгайлж, 1000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Б.Э-мээ /хх-ийн 10-13 дугаар хуудас/, гэрч Б /хх-ийн 15-16 дугаар хуудас/, Э/хх-ийн 18 дугаар хуудас/, Т /хх-ийн 20 дугаар хуудас/ нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 49 дүгээр хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүй, ёс зүйн ухамсар дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгөтэй болох санаа зорилго болон хохирогчийн зүгээс өөрийн өмчлөлийн малаа хараа хяналтгүй, хариулгагүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунхайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд нь хор уршиг зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Бнь хохирогч Ээд хөрөнгөнд хохирол учруулсан бөгөөд хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Б-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй байна. 

 

Шүүгдэгч Б-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх Б-ийн өмчлөлийн морины үнэлгээ тодорхой бус энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, нотлох баримт байхгүй байх тул гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан уналга буюу морины үнийг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэх боломжгүй байна гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Б-ийн .... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч .... овогт Б-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ийг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 хэсэгт зааснаар шүүгдэгч Б-д оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 /дөрөв/ дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 хэсэгт зааснаар шүүгдэгч Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Б-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Б-ийн  .... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.БАТСАЙХАН