Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2020/00644

 

Н.Э-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, Танхимын тэргүүн Х.Сонинбаяр, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2019/01759 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1843 дугаар магадлалтай,

Н.Э-гийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Н.Э-гийн гаргасан гомдлыг үндэслэн,

Танхимын тэргүүн Х.Сонинбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунчимэг, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Ч.Дамдиндорж, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч Н.Э- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр иргэн Б.Энхтөр, Б.Анхбаяр нартай харилцан тохиролцож өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Интернэйшнл рент Ар зайсан гудамжны 90/6 дугаар байрны 7 тоот хаягт орших 139.1 м.кв талбайтай 4 өрөө орон сууц болон 18 м.кв талбайтай автомашины зогсоолыг барьцаалан иргэн Ч.Дамдиндоржоос 147 тонн арматур төмөр авах зорилгоор худалдах, худалдан авах болон барьцааны гэрээнүүдийг байгуулж, нотариатаар баталгаажуулсан. Дээрх гэрээнүүдийн дагуу өөрийн өмчлөлийн дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан. 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцээд 1706 дугаар шийдвэр гаргасан бөгөөд шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар хариуцагч Б.Энхтөрөөс 15.725.000 төгрөг, хариуцагч Б.Анхбаяраас 113.475.000 төгрөг, хариуцагч Н.Э-гаас 26.775.000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ч.Дамдиндоржид олгож, хоёр дахь заалтаар барьцааны эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар тогтоон шийдвэрлэсэн. Миний өмчлөлийн эд хөрөнгүүдийг үнэлэх ажиллагаа явуулж үнэлгээг 308.800.000 төгрөгөөр үнэлснийг эс зөвшөөрч байна. Учир нь дээрх орон сууц болон авто зогсоолыг 2011 онд Жигүүр гранд ХХК-иас 500 гаран сая төгрөгөөр худалдан авч байсан. Уг орон сууц болон авто зогсоолыг урьд эрүүгийн хэрэгт 412.108.176 төгрөгөөр үнэлсэн байдаг. Үүний дараа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 350.800.000 төгрөгөөр үнэлсэн. Шүүхийн шатанд Вендо ХХК-иас 356.984.858 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээг гаргахад ижил стандарт баримталж гаргадаг. Гэтэл яаж үнэлэхээрээ ингэж 3 өөр үнэлгээ гарч ирээд байгаа юм.

Иймд Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.                                                  

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхэд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2018/01706 дугаар шүүхийн шийдвэрээр Б.Энхтөрөөс 15.750.000 төгрөг, Б.Анхбаяраас 113.475.000 төгрөг, Н.Э-гаас 26.775.000 төгрөгийг тус тус гаргуулж Ч.Дамдиндоржид олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 18291145 дугаар тогтоолоор үүсгэж, барьцаа хөрөнгийн өмчлөгч болох Н.Э-гийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Интернэйшнл рент хотхон, 90/6 дугаар байрны 7 тоот хаягт байршилтай, 139.1 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 18291145/01 дүгээр тогтоолоор битүүмжилж, 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 18291145/02 дугаар тогтоолоор хураасан. Талууд үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул хөрөнгийн үнэлгээний Мөнх Оргил трейд ХХК-ийг томилоход 308.800.000 төгрөгөөр үнэлэгдсэнийг 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 4/3714 дугаар албан бичгээр мэдэгдэж, Н.Э-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Наран ирж танилцан Б.Энхтөр, Б.Анхбаяр нарт баталгаат шуудангаар хүргүүлсэн. Бидний зүгээс хуульд заасны дагуу үйл ажиллагаа явуулсан.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Ч.Дамдиндорж шүүхэд гаргасан тайлбартаа: Би шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хийсэн үнэлгээтэй санал нэг байна. Учир нь би Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсан, 96 дугаар байрны 44 тоотод оршин суудаг. Үнэ хөлсийн хувьд маргаан бүхий орон сууцтай ойролцоо байр байх бөгөөд анх 1 м.кв-ыг нь 2.250.000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоо манай Ар зайсангийн байрнуудын үнэ маш их буурсан. Учир нь Ар зайсангийн хэсэгт хуучин сүрьеэгийн больнец байсан учир савханцартай бүс гээд хүмүүс орон сууц авахаа байсан. Иймд шинжээчийн дүгнэлт бодитой гарсан гэж үзэж байна гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2019/01759 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Интернэйшнл рент хотхон, 90/6 дугаар байрны 7 тоот хаягт байршилтай, 139.1 м.кв талбайтай 4 өрөө орон сууц болон 18 м.кв талбай бүхий авто зогсоолыг 308.800.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Н.Э-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1843 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2019/01759 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Н.Э- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 01759 дугаартай шийдвэр,Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1843 дугаартай магадлалуудыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч НШШГГазраас гаргаж өгсөн зарим нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу болон үүсгэж буй эрх зүйн дагаврын хувьд нотлох баримт болж чадахгүй, хууль бус баримтууд байгаа талаар нэхэмжлэгчийн зүгээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаануудад удаа дараа тайлбарлаж, мэтгэлцсэн боловч шүүх нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, татгалзлыг хүлээн авалгүй, тус баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь ИХШХШТХуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3 дахь хэсгүүдийг зөрчсөн зөрчил болсон. Тухайлбал: НШШГГазраас маргаан бүхий үнэлгээ хийх ажиллагаа явуулахдаа “...Үнэлгээ хийх шинжээч томилох шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд тогтоол гаргаж буй албан тушаалтан гарын үсэг зурж тогтоолыг албажуулаагүй, шинжээчийн гаргасан дүгнэлт гэгчийг хүлээлгэн өгсөн гэх нотлох баримтад хүлээн авсан албан тушаалтан гарын үсэг зурж баталгаажуулаагүй гэх мэт илтэд илэрхий зөрчлүүд хэрэгт авагдаж шүүх хуралдааны явцад шинжлэн судлагдсан. Дээрх байдлаар НШШГГазраас явуулсан гэх үнэлгээ хийх ажиллагаа, цаашлаад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь илтэд хууль бус ИХШХШТХуульд заасан үндэслэл журмуудыг ноцтой зөрчсөн болох нь тодорхой байсаар байхад анхан болон давж заалдах шатны шүүхүүд дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийлгүй хэргийг хянан хэлэлцэж шийдвэр, магадлал гаргаж байгаа нь ИХШХШТХуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1,172.2.2 дахь хэсгүүдийг зөрчсөн зөрчил болно. Шүүх орон сууцны анхны үнэлгээг тодруулах, анхны үнэлгээтэй холбоотой нотлох баримтуудыг холбогдох байгууллага албан тушаалтнаас гаргуулалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн зөрчил болно. Орон сууцны үнэлгээтэй холбоотойгоор хэрэгт 3 өөр төрлийн үнэлгээ буюу шинжээчийн дүгнэлт авагдсан байдаг. Тэдгээрээс шүүхийн шатанд болон нэхэмжлэгчийн татгалзлын үндэслэл болгоод буй үнэлгээнүүдийг анхан шатны шүүх нотлох баримтаар үнэлэхээс татгалзсан бөгөөд үндэслэлээ илтэд хууль бусаар тайлбарласан. Эд хөрөнгийн үнэлгээ, түүнийг явуулах аргачлал, стандарт нь улсын хэмжээнд дагаж мөрддөг ганц л зохицуулалттай байсаар байхад нэг эд хөрөнгийн талаар яагаад ийм илтэд зөрүүтэй өөр өөр дүгнэлт гаргаад байгааг ойлгомжгүй, ШГА-ны явцад гаргасан үнэлгээг чухам ямар үндэслэл журмын дагуу шүүх бодитой гэж дүгнэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь тодорхой бүс, энэ талаар анхан шатны шүүх шийдвэртээ тодорхой дурдаж чадаагүй байдаг. Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 01759 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1843 дугаартай магадлалуудыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Н.Э- нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай  нэхэмжлэлийн шаардлага гаргасанд, анхан шатны шүүх иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг хангасан, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ маргааныг зохицуулсан хуулийг зөв сонгон хэрэглэсэн тул энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй, шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцжээ.

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 07 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2018/01706 дугаар шийдвэрээр Б.Энхтөрөөс 15.725.000 төгрөг, Б.Анхбаяраас 113.475.000 төгрөг, Н.Э-гаас 26.775.000 төгрөгийг тус тус гаргуулж Ч.Дамдиндоржид олгохоор шийдвэрлэсэн байна. /хх8-11/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэр заавал биелэгдэх бөгөөд сайн дураараа биелүүлээгүй бол хуульд заасан журмын дагуу албадан гүйцэтгэнэ.

Б.Энхтөр, Б.Анхбаяр, Н.Э- нар төлбөрийг сайн дураараа төлөөгүй тул, барьцааны зүйл болох Н.Э-гийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206033704 дугаар бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Интернэйшнл рент хотхон, 90/6 дугаар байрны 7 тоот хаягт байршилтай, 139.1 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, автомашины зориулалттай 18 м.кв үл хөдлөх хөрөнгүүдийг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн тогтоолоор битүүмжлэх, хураах ажиллагааг явуулж, улмаар  төлбөр төлөгч, өмчлөгч нараас үнийн санал авах, хөндлөнгийн шинжээчээр үнэ тогтоолгох зэрэг холбогдох ажиллагааны  мэдэгдлийг төлбөр төлөгч, өмчлөгч нарт тухай бүр нь хуульд заасан журмын дагуу хүргүүлэх ажиллагааг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллага  хуульд нийцүүлэн явуулжээ.

Төлбөр төлөгч Н.Э- нь үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эд хөрөнгийг 550.000.000 төгрөгөөр үнэлэн анхны албадан дуудлага худалдааны үнийн саналыг өгсөн боловч төлбөр авагч Ч.Дамдиндорж үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй тул хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь “Мөнх-Оргил” трейд ХХК-ийг шинжээчээр томилж, үнэлгээ хийлгэсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 23 дугаар Шинжээч томилох тухай тогтоол гарсан байх бөгөөд уг тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгөнд үнэлгээ тогтоолгохоор “Мөнх оргил трейд” ХХК-ийг шинжээчээр томилон, тогтоолыг үйлдсэн 140 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч, ахмад Н.Даваажаргал, шинжээч Б.Эрдэнэбаатар нар гарын үсэг зурж албажуулжээ. /хх-70/ Мөн шинжээчийн дүгнэлт, үнэлгээний 12/Ш тоот тайланг хүлээлцсэн баримтад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг төлөөлж үнэлгээний тайланг хүлээн авсан гарын үсэг зурагдаагүй нь тухайн үнэлгээний тайланг нотлох баримтын шаардлага хангахгүй гэж дүгнэх үндэслэл болохгүй юм.

“Мөнх-Оргил трейд” ХХК нь барьцааны үл хөдлөх  хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлалыг, “...тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний орлогын хандлагын, зардлын хандлагын, зах зээлийн харьцуулалтын аргуудыг хослуулан үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 308.800.000 төгрөгөөр тогтоосон” нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасантай нийцжээ.

Дээр дурдсан үнэлгээнээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан явцад нэхэмжлэгчээс “Дамно” ХХК-ийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 412.108.176 төгрөгийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх130-144/, мөн нэхэмжлэгчийн хүсэлтээр 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр захирамжаар “Вендо” ХХК-ийг шинжээчээр томилж, нэхэмжлэгчийн барьцааны эд хөрөнгийн үнэлгээг 356.984.851 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан гэх  баримт  хэрэгт авагджээ. /хх-158-162/

Хэрэгт нотлох баримтаар авагдсан дээрх үнэлгээнүүдийг харьцуулан дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх хуулийн үндэслэл тогтоогдоогүй, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасныг зөрчөөгүй байна. 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 07 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2018/01706 дугаар шийдвэрт зааснаар төлбөр төлөгч Б.Энхтөрөөс 15.725.000 төгрөг, Б.Анхбаяраас 113.475.000 төгрөг, Н.Э-гаас 26.775.000 төгрөг бүгд 155.975.000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Интернэйшнл рент Ар зайлсан гудамж 90/6 дугаар байрны 7 тоот хаягт байршилтай, 139.1 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, автомашины зориулалттай 18 м.кв үл хөдлөх хөрөнгүүдээр хангуулахаар заасан байхад давж заалдах шатны шүүх үүнийг зөвхөн Н.Э-гийн төлөх 26.775.000 төгрөгийн үүрэгт хамаарч байгаа мэт дүгнэлт хийсэн нь буруу юм.

Дээр дурдсан үндэслэлээр  хяналтын шатны шүүхэд гаргасан “...Үнэлгээ хийх шинжээч томилох шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд тогтоол гаргаж буй албан тушаалтан гарын үсэг зурж тогтоолыг албажуулаагүй, шинжээчийн гаргасан дүгнэлт гэгчийг хүлээлгэн өгсөн гэх нотлох баримтад хүлээн авсан албан тушаалтан гарын үсэг зурж баталгаажуулаагүй. Мөн шүүх орон сууцны анхны үнэлгээг тодруулах, нотлох баримтуудыг холбогдох байгууллага албан тушаалтнаас гаргуулалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн, үнэлгээнүүдийг анхан шатны шүүх нотлох баримтаар үнэлэхээс татгалзсан’’ гэх нэхэмжлэгчийн гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.             

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2019/01759 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1843 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.Э-гийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.УНДРАХ

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР