Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 22

 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ц.Нэргүй даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Боржигин овогт Ч.Д-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ч-ны нэхэмжлэлтэй /регистрийн дугаар: ЙР000000000/

            Хариуцагч: Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох “Ч.Д-ийн иргэний үнэмлэх, улсын бүртгэлийн мэдээллийн санд Ч гэж аав Цийн нэр андууран бүртгэгдсэн байгааг залруулж бүртгэхийг Улсын бүртгэлийн хэлтэст даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий 121/2020/0016/3 дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Ч-н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А хариуцагч Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, Хяналтын улсын байцаагч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “....Ч.Д нь 1933 онд Ч-ын Ц гэдэг ээжтэйгээ хамт амьдардаг ламд үрчлэгдэж тэндээ өсөж өндийсөн. Миний өргөмөл эцэг 1938 онд улс төрийн хилс хэргээр цаазаар авахуулсан. Ингээд тухайн үед төрийн алба хааж байсан хүмүүс намайг аав Ц-ийн ээж Ч-аар овоглож бүртгэсэн. Үүнээс шалтгаалан улс төрийн хилс хэргийн улмаас төрөөс авах ёстой нөхөн олговороо авч чадахгүй хохирход хүрч байна. Иймд Ч-ын Д гэж улсын бүртгэлд бүртгэгдсэнийг Ц-ийн Д гэж залруулж бүртгэхийг Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн цаг үеийн түүхэн үйл явдлаас болоод хүн эцгээрээ овоглож чаддаггүй нөхцөл байдал байсан нь бодит зүйл. Хамгийн ойрын жишээ дурдахад энэ хэрэгт өмгөөлөгчөөр оролцож байгаа миний хувьд өвөг эцэг тухайн үеийн нөхцөл байдлаас болоод цаазаар авхуулсан учраас өөр овогтой явдаг. Үүний нэгэн адил Д гэх хүн ээжээрээ овоглогдож явсан байгаа юм. Ийм байдалтай өнөөдрийг хүртэл явсан байтал яагаад заавал одоо овгоо зөвтгүүлэхийг хүс ч байна вэ гэх асуулт гарах байх. Монгол улсын төрөөс улс төрийн хилс хэрэгт гүтгэгдэж цаазаар авхуулсан хүмүүсийг цагаатгасан байдаг. Тэр үед цагаатгагдсан хүмүүсийн ар гэр, үр хүүхдүүдэд нөхөн төлбөрийн 1.000.000 төгрөг өгч байсан. Тухайн үед тэр хүний ач гэдгээрээ цагаатгалын мөнгө авсан. Гэтэл өнөөдөр эрх зүйн шинэ орчин бий болсон учраас зайлшгүй залруулах шаардлага бий болж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т зааснаар нотлох баримт нь хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно. Эдгээр баримтуудын аль нэгээр нь нотлогдоход хангалттай байдаг. Хавтаст хэрэгт хууль сануулж, мэдүүлэг өгсөн 3 гэрчийн мэдүүлгээр Д-ийн өргөж авсан эцэг нь Ц гэх лам хүн байсан нь нотлогдож байна. Уг мэдүүлгүүдээр нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлтэй байх тул Ч.Д-ийн иргэний бүртгэлд залруулга хийж бүртгэж өгөхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.

 Хариуцагч Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэний бүртгэлийн цахим архиваас ЙР000000000 регистрийн дугаартай Д-ийн талаар хайлт хийхэд хайлтын үр дүнд Ч-ын Д нь Архангай аймгийн Лүн суманд 1927 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, эх Д-ын Ч /нас барсан/ гэж тэмдэглэсэн ХААТР-1 маягт байна. Мөн өргөдөл гаргагч ЙР0000000000 регистрийн дугаартай Д-ийн Ч ХААТР-1 маягтад эцэг Ч-ын Д, эх Ц-ийн Н гэж тэмдэглэгдсэн байгаа нотлох баримтуудыг хүргүүлж байна...Д гэх хүний эцэг нь Ц гэх хүн байсан талаарх баримт манай цахим баримтын архивд бүртгэгдээгүй байна. Тийм учраас Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “...хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гаргах боломжгүй бол иргэн эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж тогтоолгохыг зөвлөн ажилласан болно” гэв.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Ч нь Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Ч.Д-ийн иргэний үнэмлэх, улсын бүртгэлийн мэдээллийн санд Ч гэж аав Ц-ийн нэр андууран бүртгэгдсэн байгааг залруулж бүртгэхийг Улсын бүртгэлийн хэлтэст даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүх хавтас хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримт болон хэргийн оролцогчдын тайлбарыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.                                                                         Хавтаст хэрэгт авагдсан баримт болох иргэний улсын бүртгэлийн цахим архивын баримтанд Ч-ын Д нь Архангай аймгийн Лүн суманд 1927 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн. Эх Д-ын Ч /нас барсан/ гэж тэмдэглэсэн ХААТР-1 маягт байна.

Харин хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох гэрч Ш.Д-ын “...Манай аав, ээжийн ярьж байгаагаар Д-ийн аав нь Ц гэдэг хүн байсан бөгөөд мундаг лам хүн байсан...Ц гэдэг хүн нь мундаг эм тан барьдаг хүн байсан. Хэлмэгдүүлэлтийн үед баригдахаасаа өмнө ээждээ хань болгох гээд хүүхэд өргөж авч байсан гэсэн. Ээжид нь хань болох хүүхэдтэй болж дээ гэж манай аав, ээж хоёр ярьдаг байсан...” гэх мэдүүлэг,

Гэрч Д.Г-ын “...Миний сонсож байснаар Д-ийг Ц гэх хүн өргөж авч байсан гэсэн. Ц гэх хүний ээжийг Ч гэдэг хүн байсан...Ц гэх лам хүн Д-ийг өргөж авсан бөгөөд хэлмэгдүүлэлтийн үед баригдаж яваад иргэж ирээгүй гэсэн. Түүнээс хойш Ч гэж ээжтэй нь хамт амьдарч байсан гэсэн...” гэсэн мэдүүлэг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд өгсөн “...Д гэх хүний эцэг нь Ц гэх хүн байсан талаарх баримт манай цахим баримтын архивд бүртгэгдээгүй байна. Тийм учраас Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “...хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гаргах боломжгүй бол иргэн эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж тогтоолгохыг зөвлөн ажилласан болно” гэх тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар Д-ийн өргөж авсан эцгийг Ц гэж үзэж болохоор байна.

Харин Ч.Д-ийн овгийг төрсний бүртгэлд бүртгэхдээ Ч-ийн Д гэж бүртгэж төрсний гэрчилгээ олгосон нь хариуцагч захиргааны байгууллагын алдаа биш бөгөөд ингэж бүртгүүлсэн нь тухайн үеийн нийгэм, төрийн нөхцөл байдлаас болсон гэж үзэж болохоор байна.

Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд “Иргэний улсын бүртгэлийн мэдээлэлд нэмэлт, өөрчлөлт оруулах” тухай харилцааг хуульчлан заасан байна. Уг хуулийн мөн зүйл буюу Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Улсын бүртгэгч шүүхийн шийдвэр, эсхүл хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн энэ хуулийн дагуу иргэний улсын бүртгэлийн мэдээлэлд нэмэлт, өөрчлөлт оруулж болно” гэж хуульчлан зохицуулж өгчээ.

 Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “шүүхийн шийдвэр” гэж заасан байх ба хуулийн уг заалтаас үзэхэд шүүхийн шийдвэрээр иргэний улсын бүртгэлийн мэдээлэлд нэмэлт өөрчлөлт оруулж болох хууль зүйн зохицуулалт нь өдгөө Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж үйлчилж байна.

Шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт шүүх нь “Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох” эрхэм зорилготой болохыг хуульчлан зааж өгчээ.  

Иймд шүүхээс нэхэмжлэгч Д.Ч-н “Ч.Д-ийн иргэний үнэмлэх, улсын бүртгэлийн мэдээллийн санд Ч гэж аав Цийн нэр андууран бүртгэгдсэн байгааг залруулж бүртгэхийг Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж улсын бүртгэлийн мэдээллийн санд Ч овогтой Д гэж бичигдсэнийг Ц овогтой Д гэж бүртгэхийг Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12 дахь хэсгийг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч Д.Ч-н нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хангаж, хариуцагч Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд Ч овогтой Д /РД:ЙР00000000/ гэж бичигдсэнийг Ц овогтой Д гэж зөвтгөн өөрчилж бүртгэхийг даалгасугай.   

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай