Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 13

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, шүүгч Сү.Уранчимэг, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн нарын бүрэлдэхүүнтэй,                                                                                                 

           Шүүх хуралдаанд:

         Прокурор                                              Ц.Сувдаа

         Шүүгдэгч                                               Ж.А

         Шүүгдэгчийн өмгөөлөгч                         М.Даваасүрэн

         Нарийн бичгийн дарга                         С.Гончигбал нарыг оролцуулан

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 210 дугаар шийтгэх тогтоолтой  Ж.А-д холбогдох 1815003860218 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэнгийн давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, .... А овогт Ж.А.

 Шүүгдэгч Ж.А нь 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Булган аймгийн Орхон сумын нутаг дэвсгэрээс зөвшөөрөлгүй мод бэлтгэж байгаль экологид 133.380 /нэг зуун гучин гурван мянга гурван зуун ная/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 210  дугаар шийтгэх тогтоолоор:

 Ж.А-г зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэн тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч
Ж.А  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ж.А.гийн гэмт хэрэг үйлдэж олсон 44 ширхэг 2.6 метрийн урттай шинэс төрлийн мод, БНХАУ-д үйлдвэрлэсэн шар өнгийн цахилгаан хөрөө болон 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн  5/22 дугаартай прокурорын тогтоолоор битүүмжлэгдсэн **-** БУЛ улсын дугаартай хөх өнгийн ачааны “Портер” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлөн шүүгдэгчээс тус тус албадан гаргуулж улсын төсөв шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалган,

Шүүгдэгч Ж.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурьдаж,

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх ... 2018 оны 11-р сарын 23-ны өдрийн 5/22 дугаартай прокурорын тогтоолоор битүүмжлэгдсэн **-** БУЛ улсын дугаартай хөх өнгийн ачааны "Портер" тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлөн шүүгдэгчээс албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгажээ.

Ж.А нь хэрэгт холбогдон шалгагдаж байх хугацаандаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаль экологид учруулсан хохирол 133.380 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлэн 400.140 төгрөгний хохирлыг бүрэн төлж барагдуулсан.

Хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гарган ЭХХШТХ-ийн 17.3 дугаар зүйлийн 3.т зааснаар прокурорын танилцуулсан эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаархи санал болох 450 нэгжтэй буюу 450 000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн. Хуульд эд хөрөнгө хураах албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулахаар зохицуулсан. Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхдээ прокурорын сонсгосон торгох ял дээр хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ хэрэглэсэнд гомдолтой байна.

Шүүгдэгч нь хэргийг үйлдэхдээ ямар нэг зөвшөөрөлгүй биш мод бэлтгэх эрхийн бичиг авсан боловч цаг агаарын нөхцөл байдлаас болоод түүнийгээ хугацаанд нь ашиглаж чадаагүйгээ анхнаасаа үнэн зөвөөр мэдүүлсэн, бэлтгэсэн мод нь хуурай төрлийн шинэс мод тул цаашид урган төлжих боломжгүй байдал нь түүний хэргийн нийгмийн аюулын шинж чанар их биш, учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч хэргээ хүлээн мэдүүлсэн

Энэ тээврийн хэрэгсэл нь хэдийгээр Ж.А-гийн нэр дээр боловч малаа маллуулдаг эхнэрийнхээ 2 эгчтэй нь мөнгө нийлүүлэн авсан. Мал аж ахуйн бүх ажлаа / өвс хадлан, хужир шүү бэлтгэх, хөрзөн зөөх гм/ амжуулдаг амьдралынх нь амин зуулга зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан " Портер" машиныг Ж.А-д олгож өгнө үү” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Сувдаа дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Тээврийн хэрэгсэлийг хурааж улсын орлогод оруулсантай холбогдуулан ямар нэг тусгайлсан санал байхгүй байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж.А нь 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Булган аймгийн Орхон сумын нутаг “Халзан” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 4.68 м.куб хуурай шинэс мод бэлтгэн, **-** БУЛ улсын дугаартай “Хьюндай Портер” маркийн автомашинаар тээвэрлэж байгаль экологид 133.380 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Я.А, гэрч П.Б, Ц.С, Г.Д нарын мэдүүлэг, модны экологи, эдийн засгийн үнэлгээ тогтоосон дүгнэлт болон тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Ж.А нь мод бэлтгэх БУА ****** дугаартай эрхийн бичиг авсан боловч эрхийн бичигт заасан хугацааг хэтрүүлж мод бэлтгэсэн байх ба мод бэлтгэх эрхийн бичигт заасан хугацааг хэтрүүлж мод бэлтгэсэн үйлдэл нь хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэх үндэслэл болно.

Шүүгдэгч Ж.А-гийн үйлдсэн хууль бусаар мод бэлтгэсэн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан “Хүрээлэн байгаа орчны эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд анхан шатны шүүхээс оногдуулсан торгох ял нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн нь “ ... Энэ тээврийн хэрэгсэл нь хэдийгээр Ж.А-гийн нэр дээр боловч малаа маллуулдаг эхнэрийнхээ 2 эгчтэй нь мөнгө нийлүүлэн авсан. Мал аж ахуйн бүх ажлаа / өвс хадлан, хужир шүү бэлтгэх, хөрзөн зөөх гм/ амжуулдаг амьдралынх нь амин зуулга зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан " Портер" машиныг Ж.А-д олгож өгнө үү” гэх гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргажээ.

“Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэдэгт гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл хамаарах бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан **-** БУЛ улсын дугаартай “Хьюндай Портер” маркийн автомашин нь шүүгдэгч Ж.А-гийн эзэмшлийнх болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулахаар тусгасан боловч

шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, мөн түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирлын хэр хэмжээг харгалзан дээрхи тээврийн хэрэгслийг шүүгдэгч Ж.А-д буцаан олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Мөн анхан шатны шүүх Ж.А-д оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх хугацааг тогтоогоогүй орхигдуулсан байх тул давж заалдах шатны шүүх зөвтгөж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, 1.5, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 210 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ж.А-гийн гэмт хэрэг үйлдэж олсон 44 ширхэг 2.6 метрийн урттай шинэс төрлийн мод, БНХАУ-д үйлдвэрлэсэн шар өнгийн цахилгаан хөрөө зэргийг битүүмжлэлээс чөлөөлж улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн  5/22 дугаартай прокурорын тогтоолоор битүүмжлэгдсэн **-** БУЛ улсын дугаартай хөх өнгийн ачааны “Портер” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж шүүгдэгч Ж.А-д буцаан олгосугай” гэж өөрчилж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А-д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр 150.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай” гэсэн заалт нэмж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэнгийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.ХҮРЭЛБААТАР 

             ШҮҮГЧ                                                         Сү.УРАНЧИМЭГ                           

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ё.БЯМБАЦЭРЭН