Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Чулууны Тунгалаг |
Хэргийн индекс | 128/2016/0576/З/ |
Дугаар | 117 |
Огноо | 2017-03-27 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 117
Э.М-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч Э.М, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б, хариуцагчийн өмгөөлөгч У.М нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 860 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 54 дүгээр магадлалтай, Э.М-ын нэхэмжлэлтэй, Архивын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 860 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг тус тус үндэслэн Э.М-ын нэхэмжлэлийг хангаж, Архивын ерөнхий газрын даргын 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд түр томилох тухай” Б/23 дугаар тушаалыг хүчингүй болгож, Э.М-ыг урьд эрхэлж байсан Архивын ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дотоод ажил, өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлоор хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр хянан хэлэлцээд 54 дүгээр магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 860 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.
Хариуцагч Архивын ерөнхий газрын даргыг төлөөлж тус газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “...нэхэмжлэгч Э.М-ын удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлээгүй, Архивын ерөнхий газрын дотоод журам болон Ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн нөхцөл өөрөөс үл хамаарсан шалтгааны улмаас бий болсон байна...” гэж, давж заалдах шатны шүүх магадлалынхаа хянавал хэсэгт “нэхэмжлэгч Э.М нь ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажлаа хангалтгүй биелүүлсэн гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна” гэж тус тус дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн.
Тодруулбал, хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй нотлох баримт болох Архивын ерөнхий газарт хандаж иргэд байгууллагаас ирүүлсэн өргөдөл гомдлыг шийдвэрлэх журмын 7.2 дахь заалттай холбогдох мэдээ тайлан гаргаагүй, Архивын ерөнхий газрын дотоод журмын 6.2-т заасны дагуу “11-11 төв”-д Архивын ерөнхий газартай холбоотой иргэдээс ирүүлсэн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр, 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрүүдийн саналын хариуг 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хугацаа алдаж шийдвэрлэсэн талаарх нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Гэтэл шүүх эдгээр нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор үнэлж, дүгнээгүйд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл, дээрх үйл баримтууд нь Э.М-ыг албан тушаал бууруулах үндэслэл болсон бөгөөд тэдгээрийг албан тушаал бууруулах нөхцөл биш гэж үзсэн нь ойлгомжгүй болжээ.
Давж заалдах шатны шүүх магадлалынхаа хянавал хэсэгт “нөгөөтэйгүүр Э.М-ын хувьд албан тушаал бууруулахуйц хэмжээний хугацаанд үргэлжилсэн, албан үүргээ биелүүлээгүй олон удаагийн тохиолдол гаргаагүй байх бөгөөд нэхэмжлэгчийн хувьд байгууллагын байр нүүснээс үүссэн асуудлаас шалтгаалан албан үүргээ биелүүлж чадаагүй тохиолдол байх бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл 2015 оны үр дүнгийн гэрээгээр хангалттай дүгнэгдсэн байна” гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийжээ.
Хэдийгээр Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх хэсэгт албан тушаал бууруулахад “хэмжигдэхүйц байдал” буюу “тодорхой үргэлжлэх цаг хугацаа”, “олон удаагийн давтамжтай тохиолдол” зэрэг урьдчилсан нөхцөлийг тусгайлан зохицуулаагүй байхад шүүх тухайн асуудлаар хийсвэр дүгнэлт хийснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Тодорхой үргэлжлэх цаг хугацааны туршид, олон удаагийн давтамжтай байхыг шаарддаг хуулийн зохицуулалт нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д “2 ба түүнээс дээш” гэж зохицуулсан байна.
Өөрөөр хэлбэл, хуулийн заалт өөрөө буюу Төрийн албан тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх хэсэг нь заавал “тодорхой үргэлжлэх цаг хугацаа”, “олон удаагийн давтамжтай тохиолдол” байхыг шаардахгүй байхад шүүх урьдчилсан нөхцөл заавал байх мэтээр дүгнэлт хийсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Архивын ерөнхий газрын даргын тушаалын үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 23.1.1 дэх хэсэг бөгөөд харин анхан болон давж заалдах шатны шүүх нь “...2015 оны үр дүнгийн гэрээгээр хангалттай дүгнэгдсэн байна” хэмээн Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2 дахь заалттай холбон дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй бөгөөд хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн.
Анхан болон давж заалдах шатны шүүх “...уг орон тоонд түр томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасантай нийцэхгүй” хэмээн дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь ажил олгогч Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх хэсэг, ажлын байрны тодорхойлолт заасан ажил үүргээ Э.М нь хангалтгүй биелүүлсэн тул түүний ажил албан тушаал бууруулах арга хэмжээ авч, Лавлагаа үйлчилгээний төвд архивчаар түр томилсон билээ. Архивын ерөнхий газрын хувьд төрийн захиргааны албан тушаалын хамгийн доод зэрэглэл нь ТЗ-6 байдаг бөгөөд албан тушаал бууруулах арга хэмжээ авах тохиолдолд төрийн үйлчилгээний албан тушаалд томилохоос өөр аргагүй байдаг.
Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Б-гийн 2016 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 1-3/539 тоот чиглэл хүргүүлэх тухай албан бичигт “Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 дахь хэсэгт заасныг үндэслэн үүсээд байгаа нөхцөл байдал, шаардлагатай орон тоог гэрээ байгуулж ажиллуулах зэргээр батлагдсан төсөв дотроо зохицуулалт хийх замаар асуудлаа шийдвэрлэж ажиллах” тухай дурдсан. Нөгөө талаар аливаа ажилтныг албан тушаал бууруулах нь Архивын ерөнхий газрын даргын хуулиар олгогдсон эрх хэмжээний асуудал бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д зааснаар ажлаас халаагүй.
Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хянавал:
Архивын ерөнхий газрын даргын 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд түр томилох тухай” Б/23 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх хэсгийг үндэслэн Захиргааны удирдлагын газрын дотоод ажил, өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн Э.М-ыг “удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлээгүй, албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэж албан тушаал бууруулан, Лавлагаа үйлчилгээний төвд архивчаар түр томилсон, Э.М нь уг тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлдээ “...үндэслэлгүйгээр албан тушаал бууруулсан уг ажлын байр нь үндсэн орон тоонд байхгүй, ...төрийн захиргааны албан тушаалаас төрийн үйлчилгээний албан тушаалд түр томилсон” гэж, хариуцагчаас “...ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн зорилт болох ажилчдын 2016 оны 3, 4 дүгээр сарын цаг бүртгэлийн мэдээ, ...иргэдээс ирүүлсэн 2 саналын хариуг хугацаа алдаж шийдвэрлэсэн, ...албан тушаал бууруулах сахилгын арга хэмжээ авсан” гэж тус тус маргажээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, дотоод ажил, өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтын дагуу нэхэмжлэгч Э.М нь ажилтнуудын цагийн бүртгэлийг хянах, сар бүрийн мэдээ гаргах, иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд хяналт тавих, хариуг санал байдлаар бэлтгэж, удирдлагад урьдчилан танилцуулах, шийдвэрлэлтийн талаарх танилцуулгыг цахим хуудсанд байршуулахад бэлтгэх үүрэгтэй ба ажиллагсдын 3 дугаар сарын цагийн мэдээг гаргасан, 4 сарын мэдээг гаргах хугацаа нь болоогүй байсан, “11 11 төв”-д иргэдээс ирүүлсэн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн, 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн саналын хариуг хугацаанд нь цахим санд байршуулаагүй нь тогтоогдсон, “хугацаа алдаж” байршуулахад өөрөөс нь шалтгаалаагүй буюу Архивын ерөнхий газрыг шинэ байранд нүүлгэх ажиллагаа 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл үргэлжилсэн, шинэ байр сүлжээнд холбогдоогүй байсан нь нөлөөлжээ.
Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д “албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж болохоор заасан, Э.М нь ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан “иргэдийн өргөдөл гомдлын шийдвэрлэлтэд хяналт тавих, шийдвэрлэлтийг цахим санд байршуулах” ажлыг гүйцэтгэхдээ хугацаа хэтрүүлсэн нь “өөрөөс нь шалтгаалаагүй” байхад түүнийг албан үүргээ “хангалтгүй” биелүүлсэн гэж шууд буруутгах үндэслэлгүй талаар шүүхүүд хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан зөв дүгнэсэн байна.
Түүнчлэн Э.М-ын албан тушаалыг бууруулахдаа “орон тоо” нь байхгүй ажил, албан тушаалд түр томилсон учраас “цаашид” эрх, ашиг сонирхол нь хөндөгдөх тул уг захиргааны акт нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасантай нийцэхгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзсэн үндэслэлээ давж заалдах шатны шүүх магадлалдаа тодорхой тайлбарлажээ.
Шүүхүүд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулиар тогтоосон журмын дагуу явуулж, хэрэглэвэл зохих Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн боловч анхан шатны шүүх шийдвэрийнхээ “Тогтоох” хэсэгт уг зүйл заалтыг баримтлаагүй байх тул шийдвэрт, уг шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн “нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах”-аар хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 860 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 54 дүгээр магадлалын “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтын “Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1” гэсний дараа “23 дугаар зүйлийн 23.1.1” гэж нэмж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ