| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Амарын Нарантуяа |
| Хэргийн индекс | 150/2017/00185/И |
| Дугаар | 185 |
| Огноо | 2017-11-16 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 185
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сайхан сум, 1-р баг, 10-14 тоотод оршин суух Боржигон овогт ******* /РД: ТГ00000000/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сайхан сум, 1-р баг, 10-14 тоотод оршин суух Харчин овогт ******* /РД: ТИ00000000/,
Дархан-Уул аймаг, Дархан сум, Хуучин дархан, 00-00 тоотод оршин суух Боржигон овогт ******* /РД: ТЕ0000000/ нарт холбогдох хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг болох 10 000 000 төгрөг, зээлд төлсөн 500 000 төгрөг, нийт 10 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч С.Алтанцэцэг, нарийн бичгийн дарга С.Цэнд-Аюуш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...******* миний бие ЦШХК анх байгуулагдахад анхны суурийг тавилцаж байсан. ЦШХК-с надад анх 11 дүгээр байрны 22 тоотыг өгсөн. Би тэр байрандаа эхнэр охины хамт амьдардаг байсан ба миний эхнэр Тунгалагмаа нь ОХУ-руу наймаанд яваад буцаж ирээгүй юм. Миний охин Ууганцэцэгийг манай ээж Дашдулам өсгөн хүмүүжүүлсэн. Энэ үеэс ангийн охин Алтанцэцэг 4 хүүхэдтэйгээ надтай ирж нийлэн гэр бүл болж одоо хүртэл хамтран амьдарч байна. Алтанцэцэг бид хоёрын дундаас хүү Спартак төрсөн. Би эр хүний хувьд 5 хүүхдээ өсгөж нас биенд хүргэсэн. Бага хүү Спартак энэ жил сургууль төгсөх юм. Эхнэр Тунгалагмаатай анх суухдаа улсаас надад өгсөн 11-22 тоот байрыг 20-21 тоот байраар сольсон. 3-40 тоот байраа 21-36 тоот байр болгон солиход өөрийн болон дундын засвар үйлчилгээтэй холбоотой бүхий л зардлыг өөрийн цалин дээрээсээ суутгуулж байсан. Харин 7-12 тоот байрнаас гарч 21 дүгээр байрыг Чимэдцогзолмаагаас худалдаж авахад Алтанцэцэг надад мэдэгдээгүй. Энэ үеэс миний өмчлөх эрх зөрчигдөж эхэлсэн. Яагаад миний нэрийг хасуулсныг би мэдээгүй. Гэтэл Алтанцэцэг өөрийн охин болох Дархансүрэн нар нь 20-21 тоот байрыг өмчлөл болгон авсан байсан. Би энэ талаар их удаан хөөцөлдсөн. 20-21 тоот байранд хамтран өмчлөгчөөр тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргаж улмаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 239 дугаартай шүүхийн шийдвэрийн дагуу уг байрны хамтран өмчлөгч болсон. Шүүхийн шийдвэрийн дагуу улсын бүртгэлд бүртгүүлэх гэхэд 20-21 тоот байрны гэрчилгээний эх хувийг авч ир гэж хэлсэн. Гэтэл улсын бүртгэлийн гэрчилгээг Энхболд гэдэг хүнд 500.000 төгрөгийн барьцаанд Алтанцэцэг нь тавьсан байсан. Иймд Алтанцэцэгийн зээл 500.000 төгрөгийг би төлж 2017 оны 08 сарын 11-ны өдөр Энхболдын Хаан банкны дансаар шилжүүлэн гэрчилгээгээ авсны улмаас улсын бүртгэлд авч хамтран өмчлөгч болсон. Алтанцэцэг нь хариу тайлбартаа энэ миний байр гэснийг би хүлээн зөвшөөрөхгүй. Мөн Алтанцэцэг нь намайг өөрийг нь байнга дарамталж зоддог гэсэн байна. Би тухайн цагт архи уудаг байсан нь үнэн. Би эр хүний хувьд үр хүүхэддээ гар хүрч үзээгүй өдий хүргэсэн. Энэ маргаантай асуудал гарснаас болж Алтанцэцэгийн хүү Балбар нь намайг гэрт хэвтэрт ортол зодсон. Энэ талаар баримтыг сая өмгөөлөгч шүүхэд нотлох баримтаар гаргаж өглөө. Насны эцэст өөрөө орох оронгүй болж гэрээсээ байнга хөөгдөж туугдаж байдаг. Тиймээс 20-21 тоот байрнаас өөрт ногдох 10.000.000 төгрөг, зээлэнд өгсөн 500.000 төгрөг нийт 10.500.000 төгрөг нэхэмжилж байна. Би энэ мөнгөөр өөрөө 1 өрөө байр авмаар байна. Гэрээсээ байнга хөөгдөж, хөөгдөх болгондоо өндөр настай ээж рүүгээ яваад байх хэцүү байна. Миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү... гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч нь 20-21 тоот байраа хамтын өмчлөх дундын эд хөрөнгөөр гаргуулах, мөн бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэсний 500.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Анх хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхэд гаргаж 2016 оны 11 сарын 23-ны өдөр 239 дугаартай шүүхийн шийдвэрээр Ганпүрэвийг хамтран өмчлөгчөөр бүртгэж, улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгасан. Улсын бүртгэл дээр өөрчлөлт оруулах гээд яваад очиход улсын бүртгэлийн журмаараа гэрчилгээний эх хувь хэрэгтэй болсон. Алтанцэцэг нь гэрчилгээг Энхболдын зээлийн гэрээний барьцаанд тавьсан байсан. Энэ мөнгөө төлж барьцааг чөлөөлөхийг удаа дараа шаардсан боловч төлөөгүй. Тиймээс Энхболд гэдэг хүнтэй уулзаад 500.000 төгрөгийг Алтанцэцэгийн нэрийн өмнөөс төлж барьцаанд тавьсан гэрчилгээгээ авч хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн. Анх Хөтөл гэж байгуулагдаад ууган ажилчиддаа байр олгосон байдаг. Байр олгосон талаарх баримтыг шүүхэд гаргаж өгсөн байгаа. Ганпүрэвт 1990 онд 11-22 тоот байрыг олгосон байдаг. 11-22 тоотдоо тухайн үедээ Алтанцэцэг гэдэг хүнтэй хамт байгаагүй. Тунгалагмаа гэдэг хүнтэй гэр бүл байсан ба охин Ууганцэцэгтэй хамт гурвуулаа амьдарч байсан. 11-22 тоот байрыг 3-40 тоот байраар, 3-40 тоот байраа 20-21 тоот байраар сольсон. Яг 20-21 тоот байрыг солигдох хугацаанд Алтанцэцэг холбоогүй байдаг. Ингээд Тунгалагмаа ОХУ-руу яваад ор сураггүй болсон. Ганпүрэв охинтойгоо үлдэх үед Алтанцэцэг орж ирсэн байдаг. Ганпүрэвийн охиныг эх болох Дашдулам өсгөсөн байдаг. 20-21 тоот байрыг 7-12 тоот байраар сольсон. Сольсон учир нь Алтанцэцэг өөрийн 4 хүүхдийн хамт ирж ам бүл олуулаа болж байгаа тул байраа томруулах шаардлага гарсан гэж тайлбарладаг. 7-12 тоотоор сольсон цагаас өмчлөгчийн эрх зөрчигдөж эхэлсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. 7-12 тоот байрыг 20-21 тоот байраар сольсон. Ингэж солихдоо нэхэмжлэгч нь энэ байр хэрхэн Алтанцэцэг Дархансүрэн хоёрын өмчлөл болсон гэдгийг өөрөө ойлгодоггүй. 2012 оны 08 сарын 22-ны орон сууц худалдах худалдах авах гэрээнд худалдагч талыг төлөөлөн Чимэдцогзолмаа, худалдан авагч талыг төлөөлөн Алтанцэцэг, Дархансүрэн гэсэн гэрээ хийгдсэн. Нэхэмжлэгч нь хариуцагчийн гаргаад байгаа бүх байрнууд нь миний байр юм ,би өөрийн хөрөнгөөр бий болгосон гэдгээ нотлохын тулд сая шүүхэд орон сууц ашиглалтын карт зэрэг 3,4 баримтыг гаргаж өгсөн. Тиймээс өмгөөлөгч миний зүгээс Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-д зааснаар үндэслэл гаргаж тавьж байгаа. 108-8-д дундын өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгуулж авах эрхтэй. Ийнхүү салгахад уг эд хөрөнгийн зориулалт, иж бүрдэл бусад чанар алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж заасан байгаа. Тиймээс дундын өмчлөлийн байрыг улсын бүртгэлд бүртгүүлсэн үнийн дүн болох 30.000.000 төгрөгнөөс өөрт ногдох хэсэг болох 10.000.000 төгрөг нэхэмжилж байгаа. Мөн байрны гэрчилгээг 500.000 төгрөгөөр Алтанцэцэг нь Энхболдод барьцаанд тавьсан байсан гэдгийг нотлохын тулд нэхэмжлэгч талын хүсэлтээр Энхболдыг гэрчээр оролцуулахаар дуудсан байгаа. Ганпүрэв нь гэрчилгээ улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрхээ хэрэгжүүлэх зорилгоор Алтанцэцэгээс удаа дараа шаардахад төлөхгүй байсан учраас 500.000 төгрөгийг төлөөд гэрчилгээгээ авсан. 496.1-д хэн нэгэн этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураараа буюу өөрөө мэдэж, андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлсөнөөр үүрэг бүхий этгээд нь үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг төлсөн этгээд тэр этгээдээс зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно гэж заасан байдаг. Энэ нь Ганпүрэв нь бусад этгээдийн буюу Алтанцэцэгийн өрийг төлсөн. Энэ өрийг төлснөөр Алтанцэцэг нь Энхболдоос зээлсэн зээлийн гэрээний үүргээс чөлөөлөгдсөн гэж үзэж байгаа тул 500.000 төгрөгийг төлөх ёстой гэж үзэж байгаа. Алтанцэцэг нь тайлбартаа Ганпүрэвийг үр хүүхдүүдийг маань зоддог гэсэн байдаг. Гэтэл хариуцагчийн хүү Балбар нь энэ маргаанаас болж нэхэмжлэгчийг зодож улмаар нэхэмжлэгч эмнэлэгт хэвтсэн асуудал гарсан. Эмнэлгийн байгууллагын бичгийг авчирч өгсөн. Нэхэмжлэгч сая биеийн байцаалт хэсэг дээрээ 10-14 тоотод амьдарч байгаа гэж хэллээ. Энэ нь нэхэмжлэгч нь өнөөдөр 40 дүгээр байранд байр хөлсөлж байгаа. Тэр байрандаа ганцаараа амьдарч байгаа ба асуултынхаа явцад тодруулна. 10-14 тоот байрын дундын өмчлөлтэй холбоотой зардлаа төлж байгаа талаар хариуцагч тайлбартаа хэлэх байх... гэв.
Хариуцагч С.Алтанцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Ганпүрэв бид хоёр нэг ангид байсан юм. Би Хөтөлд ирээд 8 дугаар байрны 1 давхарт 1 өрөө байр авсан. Тэгээд байж байтал Ганпүрэвтэй таарсан. Тухайн үедээ би хүүхдүүдээ тэжээхийн тулд архи зарж, нэхий авдаг байсан юм. Ганпүрэв нэг анги гээд манайд орж ирээд миний зарж байгаа архинаас авдаг байсан. Тэгээд яваандаа бид хоёр дотносч би Ганпүрэвийн байранд орсон. 8 дугаар байшингийнхаа 1 өрөө байрыг заралгүй байлгаж байсан юм. Зарах гэж байтал Ганпүрэвийн охин дүү нь тийм хямдхан зарж яах юм. Байлгаж бай гэхээр нь байраа бараг жил гаран байлгаж байсан юм. Нэг өдөр Ганпүрэвийн хамаатан Хишгээ орж ирээд танай байрыг намын байр болгож авъя гээд тухайн үедээ хямдхан 300.000 төгрөгөөр зарж байсан. Зарсан мөнгөө би нэгэнт л хамт амьдарч байгаа юм чинь гээд Ганпүрэвт өгсөн. Дараахан нь эдний хүргэн нь нас барсан гээд ээждээ зээлсэн гэж байсан. Би эдний байранд нь байхад Ганпүрэв уух болгондоо агсам тавьж, би өдөр болгон цагдаад барьж өгдөг байсан. Цагдаа нар бүгд мэдэж байгаа. Миний тархийг хагалж байсан нь одоо ч гэсэн хадаас нь харагдаж байгаа. Миний 2 дахь хүү Отгонтамирыг их зоддог байсан. Бид хоёрын дундаас хүү Спартак төрсөн. Төрөхдөө ч би Ганпүрэвээс нэг удаа шөл авч үзээгүй. Цагдаа нар өргөдлөө өгөөч гэхээр нь би өргөдөл өгдөггүй байсан. Ажилгүй болчихно за яах юм гээд л буцаагаад л авдаг байсан. Би нэг найз хүүхнийдээ ортол гэр нь аягүй сайхан дулаахан байсан. Тэгэхээр нь би солихоор бол чи надтай солиорой. Би олон хүүхэдтэй болохоор даараад байна гэж хэлж байсан. Тэгээд л өнгөрсөн юм. 2 жилийн дараа нэг өдөр байж байтал Оюунжаргал над руу яриад надад мөнгөний хэрэг гараад байна байраа жижгэрүүлмээр байна гэхээр нь би 7-12 тоотоор сольсон. Би тэр мөнгийг өөрөө нэхий зарж зөрүү хийж сольж байсан. Би толгойгоо хагалуулаад гүйж байхад Жижгээ намайг Ганпүрэв чамайг ингэж их зоддог юм чинь чи байргүй хоцорвоо. Нэр дээрээ шилжүүлээрэй гэхээр нь би өөрийн нэр дээр болгосон. Охиныхоо нэрийг зоосон. Би 3 банди 1 охинтой, нэг банди маань энд гал командад ажилладаг юм. Тэгээд 7-12 тоот байрыг Ганпүрэв худалдаж авсан гэдэг юм. Энэ байрыг худалдаж аваагүй сольж авсан юм. Энэ мөнгийг би өөрөө төлж байсан. 7-12 тоот байраа 20-11 тоотоор солиод 20-21 тоот байраа Дамдинтай 10-14 тоот байраар сольсон. Тухайн үедээ би Дамдингаас 4.000.000 сая төгрөг аваад амьдралдаа хэрэглээд дууссан. Тухайн үедээ би Ганпүрэвийн нэрийг оруулаагүй. Маш их дарамталдаг байсан тул би хөөгдөөд явбал байргүй үлдэхгүйн тулд би өөрийнхөө нэр дээр болгосон. Миний нэр дээр байдаг байсан учраас би өөрөө мэдэгдэхгүйгээр сольсон... Тухайн үедээ намайг их зоддог байсан. Тэр үед манай найз чи нэг л өдөр хөөгдөнө. Чи 4 хүүхдээ аваад л хөөгдөнө шүү гэхээр нь би байраа өөрийн нэр дээр шилжүүлсэн юм... Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 500 000 төгрөгийг би төлнө... гэв.
Шүүх хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд дундаа хамтран өмчлөх хөрөнгөөс өөрт ногдох хэсэг болох 10 000 000 төгрөг, зээлд төлсөн 500 000 төгрөг нийт 10 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 10 000 000 төгрөгийг төлөхгүй гэж мэтгэлцэж байна.
Нэхэмжлэгч *******, хариуцагч С.Алтанцэцэг нар нь 1999 оноос эхлэн С.Алтанцэцэг түүний 4 хүүхэдтэй хамтран амьдарч эхэлсэн байна.
Хариуцагч С.Алтанцэцэг *******ийн өмчлөлийн байрыг өөрийн болон охин *******гийн нэр дээр шилжүүлж түүний өмчлөх эрхийг зөрчсөн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч *******т 1990 оны 02-р сарын 01-ний өдөр Дархан хотын Хөтөл хорооны орон сууц гудамжны 11-р байрны 2 дугаар орцны 1 өрөө орон сууцыг эзэмшихээр өгсөн /хх-27/ дараа нь 1992 оны 03-р сарын 01-ний өдөр 3 дугаар байрны 3 дугаар орцны 40 тоот 1 өрөө, 1997 оны 01-р сарын 01-ний өдөр 21 дүгээр байрны 03 орцны 36 тоот 1 өрөө байрыг тус тус эзэмшиж байсан байна. 1998 онд С.Алтанцэцэг түүний 4 хүүхэдтэй хамтран амьдрахаар болж 3-36 тоот нэг өрөө орон сууцыг хүүхдүүд томорсон учир томсгож 2 өрөө 20 дугаар байрны 21 тоот байраар сольсон байна. Дээрх 20 дугаар байрны 21 тоот 2 өрөө орон сууцыг С.Алтанцэцэг өөрийн болон охины нэр дээр шилжүүлж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулж авсан бөгөөд ингэж авахдаа *******ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг яаж хасуулсан нь /хх-24/ тодорхойгүй байна. Харин 2016 онд шүүхээр нэхэмжлэгч ******* дээрх 20 дугаар байрны 21 тоот үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгосон болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Ингээд 2017 оны 08-р сарын 14-ний өдөр *******, *******, С.Алтанцэцэг нар нь 20 дугаар байрны 21 тоот 20 28.95 мкв байрны хамтран өмчлөгч /хх-5/ болжээ.
Хариуцагч С.Алтанцэцэг нь 20 дугаар байрны 21 тоот 2 өрөө орон сууцыг хувиараа мөнгө хүүлэгч Л.Энхболд гэгчид үл хөдлөх эрхийн гэрчилгээгээ барьцаалж 500 000 төгрөг зээлсэн байсныг нэхэмжлэгч ******* нь тухайн байрны өмчлөгчөөр нэрээ бичүүлэхийн тулд 500 000 төгрөгийг төлж байсан болохыг хариуцагч С.Алтанцэцэг зөвшөөрч байна. Иймд нэхэмжлэгч тал гэрч Л.Энхболдыг гэрчээр асуулгах хүсэлтээсээ шүүх хуралдаан дээр татгалзсан болно.
Хариуцагч С.Алтанцэцэгийн өмчлөлд байсан гэх 8 дугаар байрны нэг өрөө байрыг 300 000 төгрөгөөр зарж борлуулсан болохыг зохигчид тайлбарлаж байна. Энэ 300 000 төгрөгийг нэхэмжлэгч *******ийн ээж, дүү нар хэрэглэж дуусгасан гэх хариуцагчийн тайлбарыг шүүх хуралдаанд гэрч Т.Дашдулам няцааж би байр зарсан гэх 300 000 төгрөгөөс нэг ч төгрөг аваагүй гэжмаргаж байна. Зохигчид дээрх 300 000 төгрөгийг амьдралдаа хэрэглээд дууссан болох нь тэдгээрийн тайлбар, гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.
*******, С.Алтанцэцэг, ******* нар нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д зааснаар хуульд зааснаар20 дугаар байрны 21 тоот 2 өрөө орон сууцыг өмчилж байсан байна. Дундаа хэсгээр өмчлөгчид нь өөрсдийнхөө дундаа байгаахөрөнгийн өөрт ногдох хэсгээ өмчлөх эрхтэй бөгөөд бусдын өмчлөлд шилжүүлэх, өөр байдлаар захиран зарцуулахдаа бусад хэсгээр өмчлөгчид мэдэгдэх үүрэгтэй. Үүнээс хойш 1 сарын дотор ямар нэг хариу өгөөгүй тохиолдолд худалдан борлуулах хүсэлтэй өмчлөгч нь өөрт оногдох хэсгээ гуравдагч этгээдэд зарах эрхтэй болно. Гэтэл С.Алтанцэцэг нь 20 дугаар байрны 21 тоот орон сууцыг *******т мэдэгдэлгүйгээр өөрийнхөө амьдралд мөнгө хэрэг болсон гэж 10 байрны 5 давхарын 14 тоот 2 өрөө хүйтэн байраар сольж зөрүү мөнгө гэж 4 000 000 төгрөг авч хэрэглэсэн байна. Мөн хариуцагч нь тус шүүхэд 10-р байрны 14 тоот 2 өрөө байрныхаа үнэлгээг гаргуулахаар хүсэлт гаргасан бөгөөд энэ *******ийн өмчлөлийн байр биш тул үнэлгээ гаргахаас татгалзсан болно.
Зохигчдын зүгээс 20 дугаар байрны 21 тоот байрны үнэлгээг гаргуулахаар ямар нэг хүсэлт гаргаагүй, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэхэд талуудын зүгээс ямар нэг татгалзал гаргаагүй болно.
Хариуцагч нь тухайн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 10 000 000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байгаа ч үүнийгээ нотолсон нотлох баримтуудыг шүүхэд ирүүлээгүй нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нотолж чадахгүй байна.
Хэрэгт авагдсан 20-р байрны 21 тоот 2 өрөө байрыг /хх-ийн 24 хуудсанд/ 30 000 000 төгрөгөөр худалдаж авсан гэх үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээн дээрх үнийг баримталж нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж *******, С.Алтанцэцэг, ******* нарт хувааж нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 10 000 000 төгрөгийг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч ******* нь өөрийн өмчлөлийн өөрт ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлтэйбайна. Монгол улсын иргэн бүр Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч нь шударгаар дээрх 2 өрөө орон сууцыг олж авсан, тухайн үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөөгүй байна.
Дээрх байдлуудыг дүгнээд Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8, 496 дугаар зүйлийн 496.1-д зааснаар хариуцагч С.Алтанцэцэгээс 5 500 000 төгрөг, хариуцагч *******гээс 5 000 000 төгрөг гаргуулж бүгд 10 500 000 төгрөгийг нэхэмжлэгч *******т олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь 10 500 000 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 182 950 төгрөг төлөхөөс 310 450 төгрөг төлсөн байх тул илүү төлсөн 127 500 төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргаж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ. Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч С.Алтанцэцэгээс 5 500 000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 102 950 төгрөг, *******гээс 5 000 000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 94 950 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8, 496 дугаар зүйлийн 496.1-д зааснаар хариуцагч С.Алтанцэцэгээс 5 500 000 төгрөг, хариуцагч *******гээс 5 000 000 төгрөг гаргуулж бүгд 10 500 000 төгрөгийг нэхэмжлэгч *******т олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч С.Алтанцэцэгээс 102 950 төгрөг, *******гээс 94 950 төгрөг, төрийн сангийн орлогоос 127 500 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ хуулийн 119.3, 119.4-т зааснаар үүнээс хойш 7 хоногийн дотор шийдвэрийг бүрэн эхээр бичгээр үйлдэх бөгөөд үүнээс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгч *******, хариуцагч С.Алтанцэцэг нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг гардан авахыг, хариуцагч *******д шийдвэрийн хувийг гардуулахыг тус тус дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаасаа хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.НАРАНТУЯА