| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 179/2017/0078/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/41 |
| Огноо | 2017-03-18 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Г.Сэндэнсүрэн |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 2017/ШЦТ/41
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн даргаар Б.О-
Улсын яллагч Г.Сэндэнсүрэн
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ч.Будхүү, Б.Амаржаргал
Шүүгдэгч Б.Г-, М.Б- нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г-, М.Б- нарт холбогдох Эрүүгийн 201722000004 тоот хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Б.Г,
Монгол улсын иргэн, М.Б,
Шүүгдэгч Б.Г-, М.Б- нар нь бүлэглэн согтуугаар 2016 оны 12 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах иргэн П.Э-ы ажиллуулдаг "Фрэйндс" нэртэй караокены газрын цонхны хамгаалалтыг төмөр багажаар эвдэж цонхоор нэвтрэн орж эд зүйл хулгайлан 1.221.200 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Г-, М.Б- нар нь бүлэглэн согтуугаар 2016 оны 12 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах иргэн П.Э-ы ажиллуулдаг Фрэйндс нэртэй караокены газрын цонхны хамгаалалтыг төмөр багажаар эвдэж цонхоор нэвтрэн орж эд зүйл хулгайлан 1.221.200 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч П.Э-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би энэ караокены газрыг ажиллуулаад 2 сар гаран болж байна. Манай пааб өдөр 12 цагт онгойгоод орой 00 цагт хаадаг юм. 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хамгаалагч Б.Гансүх, Төрөө 2, бармен Ө-, тогооч нарын хамт ажиллаад орой хаагаад бүх гал хамгаалагчаа унтраагаад 00 цагийн орчимд гарцгаасан. Тэгээд 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 12 цагийн үед Ө- нөгөө ээлжний бармен Т-н хамт очоод хэсэг байж байгаад зах орчихоод эргээд 12 цаг 30 минутын үед пааб дээр ирсэн байсан, бид нар араас нь очоод хулгай орсон гэдгийг нь мэдэцгээсэн. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Үүдний заалны хананд өлгөөтэй байсан ELKO брэндийн 32 инчийн хар өнгөтэй LCD телевизор нэг ширхэг, 5 дугаартай караокены өрөөнд байсан PHILIPS брэндийн 32 инчийн хар өнгөтэй LCD зурагт нэг ширхэг, үйлчилгээний зааланд хөгжим явуулах зориулалттай DELL маркийн хуучны нөүтбүүк нэг ширхэг алга болсон байсан. /нөүтбүүкийг өмнө нь нэрийг нь андуурч хэлсэн байсан/ Эдгээр зүйлд ямар содон зүйл байгааг нь мэдэхгүй байна. Эдэлгээнд ороод хуучирсан байгаа. Мөн лангуун дээр байсан 0.75 литрийн Евок архи нэг шил, 0.75 литрийн Сархад архи нэг шил, 0.75 литрийн хар чингис архи нэг шил, нэг ширхэг ширээний бүтээлэг алга болсон байна. Гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р тал/,
Гэрч О.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 15 цаг өнгөрч байхад М.Б- манайд ганцаараа ирсэн. Ирэхдээ би өнгөрсөн шөнө хөдөөнөөс орж ирлээ гэж ярьж байсан, тэгж ирэхдээ архи дарс уугаагүй гэмээр байсан. М.Б- манай гэрт 16 цаг өнгөртөл зурагт үзэж сууж байснаа нээрээ би нэг хүнээс зурагт өрөндөө авсан байгаа танайх худалдаж авахгүй биз гэхээр нь би хөгшин ээжтэйгээ ярьж байгаад тэрийг нь үзэхээр болсон. Тэгтэл М.Б- гэртээ хариад аваад ирье гээд явснаа удалгүй ирэхдээ 32 инчийн хар өнгөтэй LCD зурагтыг улаан өнгийн бүтээлгэнд боосон авч ирсэн. М.Б-ын авч ирсэн зурагтыг тогонд залгаад үзэхэд асаад гарч байхаар нь би М.Б-т 100.000 төгрөг бэлэн тоолж өгсөн. Тэгээд М.Б- бид хоёрыг М.Б-ын гэрт нь очиж 2 том пиво, нэг шил архи хувааж уугаад би 00 цаг өнгөрч байхад гэртээ харьсан гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р тал/,
Гэрч С.О-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 12 цагийн үед би босоод гэртээ байж байтал манай О-г гаднаас нэг хүн дуудаад аваад гарсан. Удалгүй дүү маань гаднаас орж ирснээ Б.Г- ирсэн байна. Нэг нөүтбүүк барьцаанд тавих гэсэн юм, оройхон хөдөө явах гэсэн чинь бензингүй болчихлоо, үсрээд л 2 хоногийн дараа авчих юм гэнээ гэхээр нь би гэрээсээ гараад харсан чинь Б.Г-, М.Б- 2 нэг нөүтбүүк барьсан явж байсан. Би юун учиртай юм яриад байгаа юм бэ гэсэн нь М.Б- нь манай эгчийнх байгаа юм мөнгө хэрэг болоод байна 45.000 төгрөгний л барьцаанд тавих гэсэн юм гэхээр нь би М.Б-т итгээд өөртөө байсан 45.000 төгрөгийг өгөөд нөүтбүүкийг нь аваад үлдсэн гэх мэдүүлэг /ххийн 34-35-р хуудас/,
Гэрч Ч.Д-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр би гэртээ байж байтал өглөөгүүр 11 цагийн үед шиг л санагдаад байна, манай гэрт Гатулга ганцаараа ирсэн, ирэхдээ 1 хар өнгийн хавтгай зурагт авч ирээд манайд үлдээгээд явсан. Ямар учиртай зурагт юм бэ гэж асуусан чинь хүнээс авцаандаа авлаа, удирдлага нь хөдөө байгаа гэсэн маргааш авч ирээд өгье гэсэн, суурь байхгүй байгаа тал нар өөрсдөө суурь олоод аваарай гээд гараад явсан гэх мэдүүлэг /хх-ийн 36-37-р хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-6-р тал/,
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-8-р тал/,
Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 010 дугаартай 1. Хэргийн газраас илрүүлэн авсан гутлын улны мөр нь шинжилгээд тэнцнэ. 2. Хэргийн газраас бэхжүүлэн авсан гутлын мөр нь Б.Г-, М.Б-аас хурааж авсан гутлын мөр хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн гутлын мөртэй ерөнхий шинж тэмдгээрээ тохирч байна гэх дүгнэлт /хх-ийн 41-р тал/,
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 42-43-р тал/,
Эд хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 47-тал/,
Шүүгдэгч Б.Г-ын мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд өгсөн: 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр би гэртээ найз М-ын хамт байж байгаад багийн даргын сонгуулиа очиж өгчихөөд эргээд гэртээ ирцгээсэн. Тэгээд гэртээ ирж байж байгаад М-ын хамт 15 цагийн үед хорооныхоо айл болох О- эгчийн гэрт нь очиж архи уусан. Бид хоёрыг тэнд очиход О- гуай хүүхдүүдтэйгээ байсан. Бид 2 тэр айлд 2 шил 0.75 лирийн Ерөөл архи ууж дуусгасан. Тэгээд тэндээсээ би М-ын хамт гарч яваад М- гэр лүүгээ явсан, би харих гэж яваад найз М.Б-тай гудамжныхаа үзүүрт тааралдсан. М.Б- бид 2 манай гэрт хальт оччихоод эргээд М.Б-ын гэрт нь очсон. Тэдний гэрт хоёулаа нэг шил 0.75 литрийн Ерөөл архи уусан. Тэр архиа ууж сууж байгаад архи дуусчихаар нь хулгай хийж архи авч ууя, хоёулаа Фрэйндс орж хулгай хийе гэж яриад, тэдний гэрээс бахь аваад явсан явсаар байгаад Фрэйндс баарны тэнд ирсэн. Бид 2-ыг тэнд ирэхэд шөнийн 02 цаг болж байсан санагдаж байна. Бид 2 баарны арын цонхны хамгаалалтын төмрийг бахиараа ангайлгаж хөшөөд цонхоор нь дотогшоо орсон. 00-ын цонхоор бид 2 хамт ороод баарных нь өрөө рүү орсон. Тэндээс хананд нь өлгөөстэй байсан зурагтыг авсан, бас текэн дээр нь байсан нөүтбүүкийг авсан, лангуун дээрээс нь 2 шил чингис, нэг шил вива архи авсан. Намайг эд нарыг аваад байж байхад М.Б- дахиад нэг зурагт аваад ирсэн байсан. Тэгээд бид 2 эргээд цонхоороо буцаж гараад эргэж алхаж явсаар байгаад М.Б-ын гэрт ирсэн. Бид 2-ыг ирэхэд 03 цаг болж байсан. Бид 2 М.Б-ын гэрт очоод нэг шил архиа уугаад унтацгаасан. Бид 2 хэсэг унтаж өглөө 09 цагийн үед үлдсэн архиа аваад О- эгчийн гэрт очиж архи уучихаад тэднийхээс гараад эргээд М.Б-ын гэрт очоод нэг зурагт, нэг нөүтбүүкийг аваад гарсан, М.Б- гэртээ үлдсэн. Би найз О-ын гэрт очоод О-од 45.000 төгрөгөөр нөүтбүүкээ зарсан, дараа нь төрсөн ах Ганбатын гэрт нь очоод эхнэрт нь зурагтаа өгсөн. Тэгээд би эргэж О- эгчийн гэрт нь очиж архи ууж байгаад орой гэртээ хариад унтаж байтал өглөө цагдаа нар ирээд авсан гэх мэдүүлэг /хх-ийн 57-58-р тал/,
Шүүгдэгч М.Б-ын мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд өгсөн: Би Б.Г-ын гэрээс гараад явж байтал Б.Г-тай гудамжных нь үзүүрт тааралдсан. Тэгэхэд Б.Г- согтуу надад нэг шил архи аваад өгөөч гэхээр нь би мөнгөгүй байна гэж хэлчихээд ганцаараа ажил руугаа явсан, Б.Г- тэндээ үлдсэн. Би ажил дээрээ очоод тайлангуудаа баталгаажуулчихаад гэртээ харьсан. Гэртээ харих замдаа Б.Г-тай тааралдаад бид 2 манайд очсон. Манайд очиход 17 цаг өнгөрч байсан байх, би гэртээ хариад захирал миний данс руу мөнгө хийхийг нь хүлээгээд байж байтал миний дансанд захирлаас 30.000 төгрөг ирсэн. Тэгэхээр нь тэр мөнгөөрөө дэлгүүрээс 0.75 литрийн Ерөөл архи аваад тэр архиа манайд хувааж уусан. Ууж байсан архи маань бараг 02 цагийн үед дууссан. Тэгээд архи олж уух гэхээр мөнгө байхгүй байсан болохоор хулгай хийе гэсэн яриа гарсан, бид 2 байж байгаад хулгай хийж архи авч ууя, 2-лаа Фрэйндс оръё гэж яриад, манай гэрээс нэг бахь аваад явган явсаар байгаад 1 дүгээр 10 жилийн сургуулийн тэнд ирээд би үлдсэн, Б.Г- орчихоод ирье гээд явсан. Б.Г- ирэхгүй удаад байхаар нь би Б.Г-ын утас руу залгасан чинь, би орсон байна чи хүрээд ир урдуур тойроод ирээрэй гэсэн. Тэгэхээр нь би Фрэйндс баарны 00-ын цонхны тэрүүгээр очсон чинь цонх нь онгорхой байсан, тэгтэл өөдөөс Б.Г- 1 ширхэг нөүтбүүк авчихсан, цүнхэнд архи хийсэн ирээд намайг ороод ир гэхээр нь би цонхоор дотогшоо орсон, тэгээд Б.Г-ын авч ирсэн юмнуудыг 00-д үлдээчихээд цаашаа орсон. Тийшээ ороод би караокений өрөөний хананд тогтоосон байсан нэг ширхэг зурагтыг аваад гарч байтал Б.Г- цаанаас нэг ширээний бүтээлгэнд боосон зурагт авч ирсэн. Бид 2 авсан зүйлүүдээ аваад 00-ын цонхоор гараад явган явсаар байгаад манай гэрт ирсэн, бид 2-ыг гэрт ирэхэд барагцаагаар 4 цаг болж байсан байх. Тэгээд бид 2 нэг шил архиа задалж талыг нь уугаад унтацгаасан. Маргааш өглөө нь босоод Б.Г- бид 2 13 дугаар хороонд байдаг О- гэдэг айлд очиж бүх архиа уусан. Архиа ууж дуусаад 12 цагийн үед гарсан. Гараад манайд очоод Б.Г- нэг зурагт нөүтбүүкээ аваад явсан, би гэртээ үлдсэн. Гэртээ байж байгаад 15 цаг өнгөрч байхад найз Г-ын гэрт очсон. Тэднийд очиж хэсэг сууж байгаад зурагт зарах гэсэн юм авах хүн байна уу гэсэн чинь Г-ын хөгшин ээж нь авна гэхээр нь би гэртээ хариад нөгөө зурагтаа авч ирээд хөгшин ээжид нь 100.000 төгрөгөөр зараад мөнгийг нь бэлнээр авсан. Гэх мэдүүлэг /хх-ийн 64-65-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Б.Г-, М.Б- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар орон байранд нэвтрэн орж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч нар нь урьд ял шийтгэл эдлэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77, 83-р тал/-р тогтоогдож байна.
Шүүгдэгч нар нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, хохирол төлбөрөө барагдуулсаныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин бүлэглэн, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдснийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 18 см урттай 2 талаасаа нийлж хаздаг нарийн иртэй хар саарал өнгийн бахийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц усгах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2016220001004 дугаартай хэрэгт хураагдан ирсэн бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй болохыг дурьдлаа.
Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Мөрөн сумын 10, 13 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын тодорхойлолт, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгчид эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр хуульд заасан хорих ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б.Г-, М.Б- нарыг орон байранд нэвтрэн орж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар Б.Г-, М.Б- нарт эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Б.Г-, М.Б- нарт оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Б.Г-, М.Б- нарт оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар шүүгдэгч нарын засрал хүмүүжилд хяналт тавихыг Цагдаагийн газарт даалгасугай.
6. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгчдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурьдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т зааснаар эрүүгийн 201722000004 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 18 см урттай 2 талаасаа нийлж хаздаг нарийн иртэй хар саарал өнгийн бахийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоны дараа устгахыг шүүгчийн туслах Г.Түвшинтөгсөд даалгасугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ