| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2020/0279/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/309 |
| Огноо | 2020-08-26 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 2020/ШЦТ/309
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2020/0279/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,
Шүүгдэгч Р.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Б- холбогдох эрүүгийн 1918000540283 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Р.Б- // 1981 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Төгрөг суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, оршин суух, урьд:
-2003 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 1 жил 4 сарын хорих ял,
-2004 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 1 жил 4 сарын хорих ял,
-2005 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 15 хоногийн хорих ял,
-2009 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хорих ял,
-2013 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил 1 сарын хорих ял,
-2018 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 4 жилийн хорих ял,
-2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар 3 жил 8 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
Шүүгдэгч Р.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 01 дүгээр сарын 07-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын соёлын төвийн цонхыг хагалан нууцаар, хууль бусаар нэвтрэн орж дотор нь байрлах Эмийн сангийн хаалгыг эвдэн орж, 1 өдрийн орлого болох 100.000 төгрөгийг авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:
-Шүүгдэгч Р.Б- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Салхитын Эмийн сан руу цонхыг нь цохиж онгойлгож ороод 20.000 төгрөг авсан. Гарахдаа цонхыг нь хагалж гарсан. Харин хохирогч 100,000 төгрөг авсан гээд байгаа, тэгээд нэгэнт орсон учраас төлнө.
...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 14/,
-Хэрэг учрал болсон гэх Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит 3 дугаар багт байрлах Төмөр замын соёлын төвд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 15-36/,
-Улаанбаатар төмөр замын зорчих эрхийн тасалбар нэг ширхэг, гутлын мөр нэг ширхэг зэргийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 44/,
-Иргэний нэхэмжлэгч Ц.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай байгууллагад шинжээчийн дүгнэлтээр нийт 162000 төгрөгийн хохирол учирсан байгаа. Соёлын төв дотор байрлах мастер өрөө, төмөр замын эмчийн өрөө, түрээсээр байдаг эмийн сан, 1 давхрын сургалтын өрөө гээд нийт 4 хаалга цоож эвдэлсэн байсан. Мөн сургалтын өрөөний 2 цонх хагалж орсон.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49-50/,
-Хохирогч Х.Р- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би Дарханд гэртээ байсан. 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өглөө 8 цагийн үед манай төмөр замын эмч “манай соёлын төвд хулгай ороод танай эмийн санд бас орсон байна.” гэхээр нь ирэхэд цагдаа нар ирсэн байсан. Манай эмийн сангаас бол 100 орчим мянган төгрөг бэлнээр алга болсон. Бусад бүх зүйл хэвэндээ байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52-55/,
-Гэрч Г.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 07-ны өглөө 07:10 минутын үед соёлын төвийн хаалгыг нээж үзэх гэтэл үүдэн талын цонх хагарсан байсан.
...Соёлын төвийн хаалгыг татахад цоожтой байхаар нь түлхүүрээр онгойлгоод дотор ороход эмийн сангийн хаалгыг эвдэж онгойлгосон байдалтай байсан. Тэгэхээр нь хулгай орсон байна гэж бодоод цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 58-59/,
-Гэрч Б.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...намайг ирэхэд эмийн сангийн өрөө болон өөдөөс харсан өрөө нь онгорхой байсан.
...Өрөөндөө ороход явахдаа нээлттэй орхиод явсан үзлэгийн өрөөний хаалга хаалттай бас ширээн дээр байсан бичиг баримтууд эмх замбараагүй болчихсон байсан.
...Тарианы өрөөнүүдэд байгаа эд зүйлсээ шалгаж үзэхэд алдагдсан зүйл байгаагүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 60-61/,
-“Үнэлгээнд хамрагдсан соёлын төвийн цонхны шил 2 ширхэг, хаалганы цоож 4 ширхэг зэрэг эд зүйлсийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2019 оны 03 дугаар сарын 20-ны байдлаар 162000 төгрөг байна.” гэх “К*****л зууч” ХХК-ны хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаал /хавтаст хэргийн 67-68/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Р.Б нь хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байх тул түүний үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Иймд шүүгдэгч Р.Б үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 100000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч Ц.Б-д 162000 төгрөгийн хохирол, хохирогч Х.Р- 100 000 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь “К*****л зууч” ХХК-ны хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаал /хавтаст хэргийн 67-68/ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус хуульчилсны дагуу шүүгдэгч Р.Б-с 100000 төгрөг гаргуулж, хохирогч Х.Р, 162000 төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Ц.Б-д тус тус олгох зүйтэй гэж шүүх үзлээ.
2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Р.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч Р.Б- эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Р.Б- 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/07 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 3 сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 3 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, дээрх нөхцөл байдлыг харгалзан оногдуулсан 3 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Улаанбаатар төмөр замын зорчих эрхийн тасалбар 1 ширхэг, гутлын мөр 2 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Р.Б- энэ хэрэгт 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 29 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Б- авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ялын хугацааг 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэснийг дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Р.Б- үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 100000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Р.Б 2 жилийн /хоёр жил/ хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 жил хорих ял дээр Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 7 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 3 жил 8 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 3 сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 3 жил 3 сарын /гурван жил гурван сар/ хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б- оногдуулсан 3 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Р.Б цагдан хоригдсон 29 /хорин ес/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б- 100 000 /нэг зуун мянга/ төгрөг гаргуулж, хохирогч оршин суух Х.Р- /, /, 162000 /нэг зуун жаран хоёр мянга/ төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч оршин суух Ц.Б- / / тус тус олгосугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 1.9-т зааснаар энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Улаанбаатар төмөр замын зорчих эрхийн тасалбар 1 ширхэг, гутлын мөр 2 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ялын хугацааг 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тоолсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Р.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ