Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 10

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

      Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

         Нэхэмжлэгч: “М.Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

         Хариуцагч: Увс аймгийн Засаг даргад холбогдох,

              “М.Т” ХХК-ийн Увс аймаг дахь салбар эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах эсэх талаар шийдвэр гаргахгүй байгаа Увс аймгийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгон, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах тухай захирамж гаргахыг даалгах,хохиролд 500 мянган төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “М.Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Нэхэмжлэгч “М.Т” ХХК-ийг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уянга шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М.Т” ХХК-ийн Увс аймаг дахь салбар эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл 2019 оны 07 сарын 01-ний өдөр дуусгавар болох байсан тул тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтийг Увс аймгийн Эрүүл мэндийн газраар дамжуулан гаргасан.

       Уг хүсэлтийг хянан шийдвэрлэх асуудал 2019 оны 12 сар хүртэл тухайн захиргааны байгууллагын үйл ажиллагаатай холбоотой хойшилсон ба 2019 оны 12 сарын 24-ний өдөр Увс аймгийн Засаг даргын тамгын газрын 6/1930 дутаар албан бичгээр "эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшеөрлөө сунгах хүсэлтээ ирүүлсний дагуу стандартын үнэлгээ хийж. хурлаар хэлэлиүүлж шийдвэрлэсэн ба нэр зөрчилтэй байгаа тул нэрээ өөрчилж хүсэлтээ дахин гарга" гэх агуулга бүхий хариуг өгсөн.

        Тиймээс 2019 оны 12 сарын 24-ний өдрийн 6/1930 дугаар албан бичигт үндэслэн бид Увс аймгийн Эрүүл мэндийн газарт 2020 оны 01 сарын 08-ны өдөр нэр солиулах хүсэлт гаргасан, Увс аймгийн Эрүүл мэндийн газраас 2020 оны 01 сарын 15-ны өдрийн 15 тоот албан бичгээр "хүсэлтийг хүлээн авч танилцаад шаардлага хүргүүлж байна'" гэх хариуг өгсөн. Энэхүү шаардлага хүргүүлсэн албан бичигт үндэслэн бид 2020 оны 03 сарын 30-ны өдөр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтийг нэр өөрчлөх хүсэлтийн хамт 01/558 тоот албан бичгээр дахин гаргасан.

         2020 оны 03 сарын 30-ны өдрийн 01/558 тоот эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрхшйн хугацааг сунгуулах тухай хүсэлтийг хянан шийдвэрлэх комиссын хурал (Увс аймгийн Засаг даргын тамгын газрын харьяа Нийглтйн бодлогын хэлтэс, Увс аймгийн Эрүүл мэндийн газрын хамтарсан) 2020 оны 04 сарын 09-ний өдөр болсон.

        Хурлаар асуудлыг хэрхэн шийдвэрлэснийг тодруулах зорилгоор Увс аймгийн Засаг даргын тамгын газрын харьяа Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн н.М, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга С.А нартай утсаар холбогдоход комиссын хурлаар танай компанийн эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг дэмжсэн шийдвэр гарсан ба түүнийг Увс аймгийн Засаг даргад танилцуулсан байгаа гэх хариуг өгсөн....

       Харамсалтай нь өнөөдрийг хүртэл манай байгууллагын Увс аймаг дахь салбар эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахтай холбоотой аливаа шийдвэр өнөөдрийг хүртэл гараагүй ба энэ нь тус салбарын үйл ажиллагаа хэвийн явагдах нөхцөл боломжийг хязгаарлаж байна. Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн тухай хуулнйн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг, Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.19 дэх хэсэгт тус тус заасны дагуу эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгасан эсхүл сунгахаас татгалзсан тухай шийдвэрийг хүсэлт хүлээн авсан өдрөөс хойш 30 хонөгийн дотор гаргах ёстой боловч Увс аймгийн Засаг дарга холбогдох шийдвэрийг гаргахгүй өнөөдрийг хүрсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасны дагуу бидний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн эс үйлдэхүй' гэж үзэж байна.

     Аймгийн Засаг даргын зүгээс шүүхэд ирүүлсэн тайлбартаа “М.Т” ХХК-ийн салбар эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгахгүй байгаа шалтгааныг 2 үндэслэлээр тайлбарлаж байгаа. 1-рт Стандартыг баримтлан стандартын 5.7 дугаар зүйлд зааснаар аймгийн төвд газрын 1 дүгээр бүсчлэлд 1 зэрэглэлийн эмийн сан үйл ажиллагаа явуулна гэсэн зүйлийг тайлбарласан. Гэтэл аймгийн төв газрын 1 дүгээр бүсчлэл гэж тогтоосон зүйл байхгүй. Хэрэгт авагдсан нотлох баримт дотор Увс аймгийн Улаангом сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн А/01 дугаартай газрын үнэлгээний бүс болон газрын хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай гэсэн тогтоол байгаа. Тогтоолын үндэслэл болгож байгаа хуулийн заалтаас харахад уг тогтоолын заалт нь зөвхөн газрын үнэлгээ болон төлбөр тогтоох зорилготой гаргасан тогтоол байсан. Гэтэл аймгийн төв газрын нэгдүгээр бүсчлэл гэдгийг Хот байгуулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь хэсэгт зааснаар: бүсчлэл гэж хот, тосгоныг хөгжүүлэх төлөвлөлтийн үе шатанд нутаг дэвсгэрийг ашиглалтын үүрэг, зориулалтаар бүсчлэн хувааж, ашиглалтын төрлийн хязгаарлалт тогтоохыг ойлгож байгаа. Газрын төлбөр тогтооход эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэлт болон эмийн сангийн зэрэглэл ямар ач холбогдолтой байгааг ойлгохгүй байна. “М.Т” ХХК нь 2016 онд салбар эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлөө авсан. Гэтэл газрын үнэлгээний бүс тогтоож байгаа энэ тогтоол 2018 онд батлагдсан тул өмнө нь бүсчлэл тогтоосон тогтоол гарсан эсэхийг мэдэхгүй байна. “Мөнхий тун” ХХК-ийн хувьд 2 дугаар зэрэглэлийн эмийн сангийн тусгай зөвшөөрлийг сунгуулах талаар хүсэлт гаргасан. Гэтэл “М.Т” ХХК нь нэгдүгээр зэрэглэлийн эмийн сан болох ёстой гэсэн шаардлага тавьсан. “М.Т” ХХК-ийн салбар эмийн сангийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг сунгах талаар өгсөн хүсэлтийг тусгай зөвшөөрлийн комиссоор хэлэлцүүлсэн боловч хурлын тэмдэглэлийг манай компанид танилцуулах боломжийг олгоогүй. Шүүх дээр ирээд хавтаст хэрэгтэй танилцах явцдаа хурлын тэмдэглэлтэй танилцлаа. Тухайн хурал дээр 1 жилийн хугацаанд 1 дүгээр зэрэглэлийн эмийн сангийн үйл ажиллагаа явуулах байр боломжоор хангах талаар дурдагдсан байхад бидэнд мэдэгдээгүй байж шүүхэд гаргасан хариу тайлбар дээрээ ийм зүйл бичиж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. 2020 оны 5 дугаар сард шүүхэд хандахаасаа өмнө аймгийн Засаг даргатай биечлэн уулзахаар очсон боловч байгаагүй.

      Иймд хариуцагчийн хариу тайлбар үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

 

         Хариуцагч Увс аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Эмийн санд тавих нийтлэг шаардлага MNS 5260: 2015 Монгол Улсын стандартын 5.1-т “нийтийн үйлчилгээний эмийн сан нь нэгдүгээр зэрэглэлийн эмийн сан, хоёрдугаар зэрэглэлийн эмийн сан байна” 5.7 дахь хэсэгт Нийслэлийн болон аймгийн төвд газрын 1 дүгээр бүсчлэлд зөвхөн нэгдүгээр зэрэглэлийн эмийн сан байна гэж тус тус заажээ.

        Мөн стандартын А хавсралтад, хүн хүчний хангамж /доод хязгаар/, С хавсралтад эмийн сангийн өрөө тасалгааны нормативийг заасан. Энэ стандартыг хангасан тохиолдолд 1 дүгээр зэрэглэлийн эмийн сангийн тусгай зөвшөөрөл олгох нөхцөлтэй. Гэтэл “М.Т” ХХК-ийн хувьд аймгийн төвд 1 дүгээр бүсчлэлд хоёрдугаар зэрэглэлийн эмийн сангийн үйл ажиллагаа явуулж байгаа нь стандарт шаардлагыг хангахгүй байна.

      “М.Т” ХХК-д тавьсан санал, шаардлага, стандартад заасан нөхцөлийг хангаагүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг сунгах боломжгүй.

        Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.         

ҮНДЭСЛЭХ нь:

              Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж, тал бүрээс нь үнэлээд  дараах дүгнэлт хийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

       Шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У “М.Т”” ХХК-ийн Увс аймаг дахь салбар эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах эсэх талаар шийдвэр гаргахгүй байгаа Увс аймгийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгон, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах тухай захирамж гаргахыг даалгах, хохиролд 500 мянган төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “тусгай зөвшөөрлийг олгох комисс “М.Т” ХХК-ийн эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгахыг дэмжсэн байхад аймгийн Засаг дарга одоог хүртэл сунгах эсэх талаар шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус байх бөгөөд холбогдох шийдвэрийг гаргаагүйгээс 500 мянган төгрөгийн торгууль оногдуулсаныг хохиролд нэхэмжилнэ”  гэж маргаж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж нэхэмжлэлээ дэмжиж оролцов.

Хариуцагчийн зүгээс “М.Т” ХХК-ийн салбар эмийн сан 2-р зэрэглэлийн эмийн сан тул зөвшөөрлийг сунгах боломжгүй” гэсэн тайлбар гаргаж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

1.“М.Т” ХХК-ийн Увс аймаг дахь салбар эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах эсэх талаар шийдвэр гаргахгүй байгаа Увс аймгийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгон, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах тухай захирамж гаргахыг даалгах тухай нэхэмжлэлийн талаар:

       Нэхэмжлэгч “М.Т” ХХК нь эмийн үйлдвэр, эм ханган нийлүүлэх, эм импортлох, хөвөнгийн үйлдвэр, эмийн сан, эм эмнэлэгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж импортлох ханган нийлүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд байна.

        “М.Т.М” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 01 сарын 02-ны өдрийн 01/01 дугаартай тушаалаар тус компанийн орон нутаг дахь эмийн сангуудын бүтэц орон тоог баталсан байх бөгөөд Увс аймгийн хэмжээнд “У.Э.Ө”, “У.Б” нэртэй хоёр эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэхээр тогтоож байжээ.

       Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Улаангом сумын 3-р багт байрлах “Б” нэртэй төвийн барилгад байрлах эмийн сангийн тусгай зөвшөөрөлтэй холбогдох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан талаар тодруулсан болно.

      Эмийн сангийн тусгай зөвшөөрөл анх “М.Т” ХХК-ийн нэр дээр олгогдож тус компаниас тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлтийг гаргасан байдаг бөгөөд “М.Т.М” ХХК нь “М.Т” ХХК-тай нэгтгэгдсэн талаар нэхэмжлэгч талаас тайлбарласан, сүүлд 2020 оны 03 сарын 30-ны өдөр “М.Т” ХХК-иас тусгай зөвшөөрлийг сунгуулах тухай хүсэлтийг холбогдох байгууллагад гаргасан байгаа тул “М.Т” ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд гэж шүүхээс үзсэн болно.

      Анх Увс аймгийн Засаг даргын 2016 оны 07 сарын 01-ний өдрийн А/389 дугаартай “Тусгай зөвшөөрөл олгох, сунгах тухай” захирамжийн хавсралтаар “М.Т.М” эмийн сангийн тусгай зөвшөөрлийг 3 жилээр олгож ЭХ-16/18/121 дугаартай эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээг олгосон байна.

     Тусгай зөвшөөрлийн хугацаа 2019 оны 07 сарын 01-ний өдөр дууссан байх ба 2019.06.30-ны өдөр “М.Т.М” ХХК-иас Увс аймгийн Эрүүл мэндийн газарт тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай хүсэлтийг гаргажээ.

       Увс аймгийн Засаг даргын тамгын газрын 2019.12.24-ний өдрийн 6/1937 дугаартай албан бичгээр тусгай зөвшөөрлийн комиссын албаны дарга С.А нь“М.Т” ХХК-д тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах хүсэлтийг хурлаар хэлэлцүүлэхэд эмийн сангийн нэр эрүүл мэнд, даатгалын тасагт “Б” нэртэйгээр гэрээ байгуулагдсан ба тусгай зөвшөөрлийн гэрчилгээний нэр зөрчилтэй байгаа тул нэрээ өөрчилж, хүсэлтээ дахин гаргах тухай хариуг хүргүүлсэн байна.

     Мөн Эрүүл мэндийн газрын 2020.01.15-ны өдрийн 37 дугаартай албан бичгээр эмийн сангийн нэр өөрчлөх хүсэлтийг тодорхой дурдаж дахин ирүүлэх тухай хариу өгсөн байна.

  “М.Т” ХХК-иас 2020.03.30-ны өдрийн 01/558 дугаартай албан бичгээр ЭХ-16/18/121 дугаартай эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг “М.Т” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн, “М.Т.М” эмийн сангийн нэрийг “М.Т” ХХК, Увс-1” болгон өөрчилж тусгай зөвшөөрлийн хугацааг зохих журмын дагуу сунгаж өгөхийг хүссэн хүсэлтийг дахин гаргажээ.

Увс аймгийн Эрүүл мэндийн газрын Тусгай зөвшөөрөл олгох комиссын 2020.04.08-ны өдрийн хуралдаанаар “М.Т.М  нэртэй 2-р зэрэглэлийн эмийн сангийн тусгай зөвшөөрлийг сунгах, нэрийг  “М.ТУ-1” болгон өөрчлөх эсэх асуудлыг хэлэлцээд эмийн сангийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн хугацааг 1 жилээр сунгах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн байна.

“М.Т” ХХК-ийн зүгээс Увс аймгийн Засаг даргад 2020.04.28-ны өдөр тусгай зөвшөөрлийг сунгах эсэх талаарх хариугаа албан ёсоор бичгээр мэдэгдэхийг хүссэн хүсэлтийг явуулжээ.

Эрх бүхий байгууллагыг төлөөлөн Увс аймгийн Эрүүл мэндийн газар, Увс аймгийн Засаг даргын тамгын газраас хүсэлтийг удаа дараа буцааж дахин ирүүлэх шаардлага тавьж,“М.Т” ХХК-иас 2020.03.30-ны өдөр тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг дахин гаргажээ.

Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох тухай асуудлыг зохицуулсан ба 19 дүгээр зүйлийн 19.2-д Улсын хэмжээнд тусламж үйлчилгээ үзүүлэх болон гадаадын хөрөнгө оруулалттай эрүүл мэндийн байгууллагад эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эрүүл мэндийн бусад байгууллагад аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрөл олгохоор, 19 дүгээр зүйлийн 19.19-д тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг сунгасан, эсхүл сунгахаас татгалзсан тухай шийдвэрээ хүсэлт хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гаргахаар зохицуулсан байна.

“М.Т” ХХК-ийн 2020.03.30-ны өдөр гаргасан Увс аймаг дахь салбар эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгуулах тухай хүсэлтийг аймгийн Засаг даргын дэргэдэх тусгай зөвшөөрлийн комисс 2020.04.08-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд тусгай зөвшөөрлийн хугацааг 1 жилээр сунгах нь зүйтэй гэж үзсэн хэдий ч хариуцагч Увс аймгйин Засаг даргаас энэ талаар ямар нэг шийдвэр гаргаж, хэрхэн шийдвэрлэсэн талаар хуулийн хугацаанд хариу өгөхгүй байгаа хууль бус эс үйлдэхүй гаргасан байна.

Иймд хариуцагч албан тушаалтнаас хүсэлтийн хариуг хэрхэн шийдвэрлэх нь нэхэмжлэгчид ач холбогдолтой, эрх ашиг сонирхлыг нь хөндөхөөр байх тул шүүхээс хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, холбогдох журмын дагуу хүсэлтийг шийдвэрлэхийг даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Харин хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчийн гаргасан өргөдөлд ямар нэг хариуг өгөөгүй байхад хариуцагчийн шүүхэд ирүүлсэн “М.Т” ХХК-ийн эмийн сан 1-р зэрэглэлийнх байх ёстой” талаарх тайлбарт дүгнэлт хийх боломжгүй, мөн хариуцагчаас хүсэлтийг шийдвэрлэхдээ Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.17-д зааснаар эрх бүхий мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт, мөн тусгай зөвшөөрөл олгосон эрх бүхий байгууллагын дүгнэлт зэргийг гаргуулан хүсэлтийг шийдвэрлэх ёстой байхад тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг хариуцагчид даалгасан шийдвэр гаргах үндэслэлгүй болно.

Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “М.Т” ХХК-ийн Увс аймаг дахь салбар эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах эсэх талаар шийдвэр гаргахгүй байгаа Увс аймгийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах тухай захирамж гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

2. Хохирол 500 мянган төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар:

Мэргэжлийн хяналтын улсын байцаагчаас 2020.04.09-ний өдөр “М.Т” ХХК-ийн эмийн сангийн тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байхад үйл ажиллагаа явуулсан зөрчил гаргасан үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 500 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

“М.Т” ХХК-иас 2020.03.30-ны өдөр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах тухай хүсэлтийг дахин гаргасан байх бөгөөд хариуцагч байгууллагаас хүсэлтийг шийдвэрлэх хугацаа дуусаагүй, ямар нэг шийдвэр гараагүй байх үед эмийн сангийн үйл ажиллагаа эрхэлсний улмаас торгуулийн шийтгэл хүлээсэн нь хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйтэй шууд холбоогүй байна.

Иймд хохиролд 500 мянган  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчийн ажлын алба болох Увс аймгийн Засаг даргын тамгын газраас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох  үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлөх байтал 70300 төгрөгийг төлсөн байх тул илүү төлсөн 100 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй.

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.19 дахь хэсэгт заасны дагуу “М.Т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган, Увс аймаг дахь салбар эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах эсэх талаар шийдвэр гаргахгүй байгаа Увс аймгийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, холбогдох журмын дагуу захиргааны акт гаргахыг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас “эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлыг сунгах тухай шийдвэр гаргахыг даалгах болон хохирол 500 мянган төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

              2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч “М.Т” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, Увс аймгийн Засаг даргын тамгын газраас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг, төрийн сангаас 100 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Мөнхийн тун” ХХК-д олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.