Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2017/03072

 

2017 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2017/03072

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ... дугаар хороо, Хүннүгийн гудамж, ... дугаар байр, .... тоот хаягт оршин суух Бэйс овогт Б.О ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... дугаар хороо, .... тоот хаягт оршин суух, Их монгол овогт Т.Э -д холбогдох,

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөөс хариуцагчийн нэрийг хасуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, мөн сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Ичинхорлоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Огийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Ичинхорлоогийн гаргасан тайлбарт: Б.О миний бие Т.Этай 2007 онд танилцаж, 2013 оны 7 дугаар сард гэрлэлтээ батлуулж, улмаар бидний хамт амьдрах хугацаанд 2008 оны 1 дүгээр сарын 23-нд хүү Э.М, 2014 оны 9 дүгээр сарын 12-нд охин Э.Ү нар төрсөн. Бид 2015 оноос хойш зан харилцааны тааламжгүй байдлын улмаас тусдаа амьдарч байгаа, одоо бид тус тусын амьдралтай болсон. Бидний дундын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Хүннүгийн гудамж, 200 дугаар байрны 96 тоот 2 өрөө орон сууцыг 2011 оны 12 дугаар сарын 2-н өдөр миний бие нь Кусацу принт ХХК-ийн борлуулалтын менежер ажилтай байхдаа тус компанитай 53,966,532 төгрөгийн гэрээ байгуулж авсан. Байрны урьдчилгааг би өөрөө 8,166,532 төгрөгийг, миний ээж Ж.Бор 9,000,000 төгрөгийг, нийт 17,166,532 төгрөгийг төлсөн. Үлдэх 36,800,000 төгрөгийг Худалдаа, хөгжлийн банкны 8 хувийн хүүтэй зээлд хамрагдсан бөгөөд Б.О миний цалингаар төлөгдөж байгаа болно.

Гэрлэлтээ цуцлуулах болсон шалтгаан:

1. Т.Э нь 2011 оны 9 дүгээр сард миний эрх чөлөөнд халдан гэмтэл учруулж Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэгдэж, улмаар эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болсон.

2. Мөн 2013 оны 6 дугаар сард согтуу машинаа унаж явна гэхээр нь болохгүй гэж хориглоход цонхоор үсрэнэ гээд 2 хөлөө гарган унах шахахад нь би дүү Шүрэнцэцэгийн хамт татаж дотогш оруулсан.

3. 2014 оны 8 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн нутагт Т.Э нь согтуудаа намайг жирэмсэн байхад зодож, хэл амаар доромжилж, унаж явсан машины салхины шил, хөгжмийг эвдэлж сүйтгэсэн.

4. 2015 он гараад өдөр бүр архи уудаг байсан, архиа сонгох уу, амьдралаа сонгох уу гэхэд би чамаас сална гээд хувцасаа аваад явснаас хойш тусдаа амьдарч байгаа.

5. 2015 оны 11 дүгээр сард миний нэр дээрх 70-90 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаж явна гэж уурлаад салхины шилийг нь өшиглөж хагалсан.

6. 2016 оны 2 дугаар сард Encanto town Оргил худалдааны төвийн гадаа байхад ирээд машинд байсан багаж түрхүүрээ авах үедээ миний барьж явсан iPhone 6 гар утсыг дээрэмдэж аваад буцааж өгөөгүй.

7. 2016 оны 3 дугаар сарын 8-нд гэрийн гадаа ирээд намайг гарч ирсэнгүй гэж хэл амаар доромжилж, гэрийн үүд хаалга ашиглөсөн, мөн 3 дугаар сард телевизийн антены цагаан оролтыг тасдаж сүйтгэсэн.

8. 2016 оны 4 дүгээр сард утсаар ярьж хэл амаар доромжилж Элизабет хотхоны гражид байсан миний эцэг Н.Батсүхийн нэр дээр байдаг 87-50 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг эвдэж, хулгайлан авч явсан.

9. Үүнээс хойш болон өмнө эрүүл болон согтуугаар миний эрх чөлөөнд халдаж, хэл амаар доромжилж, айлган сүрдүүлэх үйлдэл гаргасан учир арга буюу 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл гарган шалгуулж байсан.

10. Т.Э нь 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр миний эцэг Н.Батсүхийн нэр дээрх 87-50 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг авч яван, тэр даруйдаа утсаа салган 14 хоног алга болсон бөгөөд Туул голын усанд оруулан эвдэлсэн байхад нь цагдаагийнхан олсон. Цаашид энэ байдал үргэлжилбэл миний болон хүүхдүүдийн маань амь нас, эрүүл мэндэд, хүмүүжилд хохирол учирч болзошгүй байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг миний асрамжинд үлдээж, хүүхдүүдэд маань тэтгэлэг гаргуулж, хамтран өмчлөх дээрх орон сууцны гэрчилгээнээс Т.Эын нэрийг хасуулж өгнө үү гэв.

Хариуцагч Т.Эын шүүхэд гаргасан хариу тайлбарт: Би 2007 онд 21 настай байхдаа эхнэр Б.Ог 27 настай байхад танилцан гэр бүл болсон. Бид дундаасаа хүү, охин төрүүлж өсгөсөн. 2011 оны 12 дугаар сарын 2-нд дундын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 200-96 тоот 2 өрөө орон сууцыг лизингээр худалдан авч амьдарсан. Б.Огийн ээж, аав, эгч, дүү нар нь бидний амьдралд оролцож, бие даан амьдрах боломж олгоогүй, намайг гэрээс хөөж, зодож, гэрийн түлхүүр хураан авсан. Би арга буюу 2 хүүхдээ амар тайван амьдруулахын тулд хүүгээ өглөө хичээлд нь хүргэж өгч, орой хичээлээс нь аваад гэрт нь хүргэж өгдөг байсан. Үнэхээр Б.О өөр хүнтэй болж надаас салах болсон бол би хүү Мичидбаатарыгаа авна, охин Ану-Үжин бага эмэгтэй хүүхэд учраас ээжид нь үлдээнэ. Эдний аав хөдөө гэр лүүгээ явж миний орон гэрийг чөлөөлж өгөхгүй бол бид хамт амьдрах боломжгүй юм байна лээ. Эдгээр хүмүүс хувийн ашиг сонирхол, шуналаасаа болж миний 2 хүүхдийг өнчрүүлж, намайг амьдралгүй болгож байна. Салахыг хүссэн хүн янз бүрээр хэтрүүлсэн бичих нь ойлгомжтой, би хоосон гуйлгачин Б.Отэй суугаагүй, эд хөрөнгийн талаар нотлох баримт гаргаж өгнө. Би өөрөөсөө эгч, хөдөөний хүүхэнтэй суухдаа сална гэж нийлээгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Т.Эад холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулж, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг өмчлөх эрхээс нэрийг нь хасуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Т.Э, түүний өмгөөлөгч Л.Золзаяа нарт шүүх хуралдааны товыг шүүхээс 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр мэдэгдсэн /утсаар/ боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Ичинхорлоо хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ. гэж заасантай харшлахгүй гэж үзлээ.

 

Мөн тус шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 102/ШЗ2017/14351 дүгээр захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулж, хариуцагч Т.Эыг албадан ирүүлэхийг цагдаагийн байгууллагад даалгасан, Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах газрын Хамгаалалтын газрын 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 25е/1350 дугаар албан бичигт ... хариуцагч Т.Э нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо, к-106-4 тоот хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй гэх хариуг ирүүлжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8-д Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн оролцогч хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй. Хаягаа өөрчилснөө мэдэгдээгүй зохигч болон хэргийн оролцогчид мэдэгдэх хуудсыг түүний сүүлийн хаягаар хүргүүлж, энэ хуулийн 77.6-д заасан иргэн, албан тушаалтанд хүлээлгэн өгөх бөгөөд түүнийг хүргэсэнд тооцно. гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.О, хариуцагч Т.Э нар 2007 онд танилцан хамтран амьдарч, 2013 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр гэрлэлтээ батлуулж, тэдний дундаас 2008 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүү Э.М, 2014 оны 9 дүгээр сарын 12-нд охин Э.Ү нар төрсөн, тэд хоорондын таарамжгүй харьцаанаас улмаас 2015 оны 5 дугаар сараас хойш тус тусдаа амьдарч байгаа нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан №0181003 Г-177 тоот гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ, хүүхдийн №0000927595 Г-7, №1110006147 дугаартай төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч Т.Э нь нэхэмжлэгч Б.Ог болон хүү Э.М, охин Э.Ү нарыг байнгын сэтгэл санааны болон эдийн засгийн хувьд дарамтанд, хүчирхийлэлд байлгаж байсан болох нь нэхэмжлэгч Б.Огийн ... Т.Э нь 2011 оны 9 дүгээр сард миний эрх чөлөөнд халдан гэмтэл учруулж Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэгдэж, улмаар эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болсон. Мөн 2013 оны 6 дугаар сард согтуу машинаа унаж явна гэхээр нь болохгүй гэж хориглоход цонхоор үсрэнэ гээд 2 хөлөө гарган унах шахахад нь би дүү Шүрэнцэцэгийн хамт татаж дотогш оруулсан. 2014 оны 8 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн нутагт Т.Э нь согтуудаа намайг жирэмсэн байхад зодож, хэл амаар доромжилж, унаж явсан машины салхины шил, хөгжмийг эвдэлж сүйтгэсэн. 2015 он гараад өдөр бүр архи уудаг байсан, архиа сонгох уу, амьдралаа сонгох уу гэхэд би чамаас сална гээд хувцасаа аваад явснаас хойш тусдаа амьдарч байгаа. 2015 оны 11 дүгээр сард миний нэр дээрх 70-90 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаж явна гэж уурлаад салхины шилийг нь өшиглөж хагалсан. 2016 оны 2 дугаар сард Encanto town Оргил худалдааны төвийн гадаа байхад ирээд машинд байсан багаж түрхүүрээ авах үедээ миний барьж явсан iPhone 6 гар утсыг дээрэмдэж аваад буцааж өгөөгүй. 2016 оны 3 дугаар сарын 8-нд гэрийн гадаа ирээд намайг гарч ирсэнгүй гэж хэл амаар доромжилж, гэрийн үүд хаалга өшиглөсөн, мөн 3 дугаар сард телевизийн антены цагаан оролтыг тасдаж сүйтгэсэн. 2016 оны 4 дүгээр сард утсаар ярьж хэл амаар доромжилж Элизабет хотхоны гражид байсан миний эцэг Н.Батсүхийн нэр дээр байдаг 87-50 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг эвдэж, хулгайлан авч явсан. Үүнээс хойш болон өмнө эрүүл болон согтуугаар миний эрх чөлөөнд халдаж, хэл амаар доромжилж, айлган сүрдүүлэх үйлдэл гаргасан учир арга буюу 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл гарган шалгуулж байсан. Т.Э нь 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр миний эцэг Н.Батсүхийн нэр дээрх 87-50 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг авч яван, тэр даруйдаа утсаа салган 14 хоног алга болсон бөгөөд Туул голын усанд оруулан эвдэлсэн байхад нь цагдаагийнхан олсон. Цаашид энэ байдал үргэлжилбэл миний болон хүүхдүүдийн маань амь нас, эрүүл мэндэд, хүмүүжилд хохирол учирч болзошгүй байна гэх тайлбар, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Уянгын 2011 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 1541 тоот Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт холбогдсон Т.Эад холбогдох эрүүгийн 21130817 дугаартай хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон тухай тогтоол зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагч Т.Эын байнгын хүчирхийлэл, дарамт нь гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учруулж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч, түүний өмгөөлөгч нарын хүсэлтээр шүүгчийн захирамжаар Баянгол дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийг хүүхдийн асрамжийн асуудлаар шинжээчээр томилоход хариуцагч шинжилгээний байгуулагад очихоор санаатайгаар зайлсхийсэн, түүний өмгөөлөгч Л.Золзаяа нь танай байгууллага дүгнэлт гаргахаас татгалз гэж хэлсэн зэргээс үзвэл хариуцагч, түүний өмгөөлөгч нар шинжээч томилуулах хүсэлтээсээ татгалзсан, мөн санаатайгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удааршруулжээ.

 

Иймд нэхэмжлэгч Б.О, хариуцагч Т.Э нарын гэрлэлтийг цуцалж, хүү Э.М, охин Э.Ү нарыг эх Б.Огийн асрамжинд үлдээж, хуульд заасан хугацаа, хэмжээгээр хүүхдийн тэтгэлэгийг сар болгон эцэг Т.Эаас гаргуулж хүү Э.М, охин Э.Ү нарт олгох нь хүүхдийн эрх ашигт нийцнэ гэж үзлээ.

 

Харин зохигчдын хамтран өмчлөх Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Хүннүгийн гудамж, 200 дугаар байрны 96 тоот 42,6 м/кв талбай бүхий 2 өрөө орон сууц нь Худалдаа, хөгжлийн банкны 15 жилийн хугацаатай, 8 хувийн хүүтэй Орон сууцны зээлийн гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээтэй бөгөөд Хаан банкны бэлэн мөнгөний орлогын баримт, Орон сууц захиалгаар барьж, бариулах тухай Кусацу принт ХХК, Б.О нарын хооронд байгуулсан 2011 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 101/120 тоот гэрээнээс үзвэл маргаан бүхий дээрх 2 өрөө орон сууцны урьдчилгаа төлбөрийг нэхэмжлэгч Б.О төлсөн, сар бүрийн зээлийн эргэн төлөлтийг нэхэмжлэгч төлдөг болох нь тогтоогдож байна. Иймд Худалдаа, хөгжлийн банк, Б.О, Т.Э нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүрэг бүрэн хангагдсан тохиолдолд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Хүннүгийн гудамж, 200 дугаар байрны 96 тоот 42,6 м/кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг Б.Огийн 100 хувийн өмчлөлд шилжүүлэхийг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д заасныг баримтлан Бэйс овогт Б.О, Их Монгол овогт Т.Э нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүү Э.М, охин Э.Ү нарыг эх Б.Огийн асрамжид үлдээсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т заасныг баримтлан 2008 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн хүү Э.М, 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн охин Э.Ү нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн доод хэмжээний 50 хувиар, 11-ээс 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-нд болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр тэтгэлэгийг сар болгон эцэг Т.Эаас гаргуулан олгосугай.

 

4.Худалдаа, хөгжлийн банк, Б.О, Т.Э нарын хооронд байгуулсан 2013 оны 2013/64 тоот Орон сууцны зээлийн гэрээ, 109 тоот Орон сууцны зээлийн нэмэлт гэрээ, мөн ҮХЭХТХЭБГ-2013/64 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээнүүдийн үүрэг бүрэн хангагдсан тохиолдолд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Хүннүгийн гудамж, 200 дугаар байрны 96 тоот 42,6 м/кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг Б.Огийн 100 хувийн өмчлөлд шилжүүлэх нь зүйтэйг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Эаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

6.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарласугай.

 

7.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

  

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            М.МӨНХТӨР