Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 2020/ШЦТ/401

 

Sh-401                   11.6-1                     2020.11.04

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2020/0360/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Дэлгэрмэнд,

Шүүгдэгч Н.Э- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Э-д холбогдох эрүүгийн 2018003870453 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлснийг 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Н.Э- 1974 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Дорнод  аймгийн Чойбалсан суманд төрсөн, 46 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Д” цайны газарт тогооч ажилтай, ам бүл 6, хүүхдүүдийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Н.Н.Э-  нь 2020 оны 07 дугаар сарын 07-ноос 2020 оны 07 дугаар сарын 08-нд шилжих шөнө 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын ,,,,, дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Долоогийн буудал” гэх газарт иргэн Г.Г.Г-той маргалдан, эрх чөлөөнд нь халдан түлхэж унаган, эрүүл мэндэд нь “духны шарх, тархи доргилт, цээжний өмнө ар хэсэг, баруун мөр, хүзүү, зүүн гарын шуун дахь зулгаралт, цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

   ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

-Шүүгдэгч Н.Н.Э-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…миний буруу, хохиролд 900000 төгрөг төлсөн.”гэх мэдүүлэг,

-Зөрчлийн талаар амаар болон холбоо мэдээллийн хэрэгсэлээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл / хавтаст хэргийн 6/,

-Гэрч С.А- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тухайн өдөр би Н.Э-гийн хамт голын эрэг дээр 1 шил 0.5 хэмжээтэй “С” нэртэй архи хувааж уусан.

...Н.Э- нь Г.Г-ийг түлхэх үед Г.Г- газарт унасан. Тэгээд босож ирэхдээ толгой нь хагарсан байсан.

...Н.Э-тай маргалдаж байгаад Н.Э- түлхсэн чинь унаад босож ирэхдээ хөмсөгнийх нь дээд талаас цус гарчихсан байсан.”  гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10, 38/,

-Гэрч Т.З- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...намайг очих үед Г.Г-ийн толгой хагарсан байсан. Толгойноос нь цус гоожоод нүүр рүү нь урсчихсан байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13/,

-“...Г.Г.Г-ийн биед духны шарх, тархи доргилт, цээжний өмнө ар хэсэг, баруун мөр, хүзүү, зүүн гарын шуун дахь зулгаралт, цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Г.Г.Г-ийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Г.Г.Г-ийн биед учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн .... дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 16-17/,

-Хохирогч Г.Г.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...45 орчим насны махлаг, өндөр, шар царайтай эгч намайг барьж аваад миний футболкыг урахаар нь би “яаж байгаа юм бэ?” гээд маргасан чинь тэр эгч миний зүүн талын дух хэсэг рүү гартаа нэг хатуу юм атгаж байгаад цохисон. Гарт нь яг юу байсан гэдгийг би мэдэхгүй байна. Тэгээд миний духнаас цус гарсан.

...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32, 71/,

-“...үнэлгээнд хамрагдсан дээрхи эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2020 оны 07 дугаар сарын 07-ны байдлаар 700000 төгрөг байна.” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 53-54/,

-Хохирогч Г.Г.Г-ийн эмчилгээ хийлгэсэн, эм тариа авсан талаарх бичгийн баримтууд /хавтаст хэргийн 57-59/,

-Шинжээч Д.Т- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Г.Г.Г-ийн биед үүссэн духны шарх, тархи доргилт, цээжний өмнө ар хэсэг, баруун мөр, хүзүү, зүүн гарын шуун дахь зулгаралт, цус хуралт гэмтэл нь газар унах, боржур мөргөхөд, бөгж, чулуу зэрэгт цохигдох үед үүсэж болно. Хурц ир үзүүртэй зүйлээр үүсгэгдэхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 73/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч Н.Н.Э-  нь 2020 оны 07 дугаар сарын 07-ноос 2020 оны 07 дугаар сарын 08-нд шилжих шөнө 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын,,,, дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Долоогийн буудал” гэх газарт иргэн Г.Г.Г-той маргалдан, эрх чөлөөнд нь халдан түлхэж унаган, эрүүл мэндэд нь “духны шарх, тархи доргилт, цээжний өмнө ар хэсэг, баруун мөр, хүзүү, зүүн гарын шуун дахь зулгаралт, цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь нотлогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

Иймд шүүгдэгч Н.Н.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хохирогч Г.Г.Г- нь “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 71/ өгсөн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Н.Н.Э-  нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Н.Н.Э-  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, бусдад төлөх төлбөргүй байгаа нь  эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцал байдал болж байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Н.Н.Э-  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Н.Э-д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Н.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-т зааснаар шүүгдэгч Н.Н.Э-д  оногдуулсан 450000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд сар бүр 45000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Н.Н.Э-д  үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Н.Н.Э-д  анхааруулсугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Н.Э-д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Я.ТУУЛ