Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2019/ШЦТ/78

 

 

 

                                                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2019/0078/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,

Шүүгдэгч Ц.А, Б.Б /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт Т овогт Ц.А, Б.Б.Б нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1918000060058 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлснийг 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1.Монгол Улсын иргэн, Т овогт Ц.А ................ суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй “........... ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ......... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

 

2.Монгол Улсын иргэн, Б.Б............. суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “, ам бүл 3, эцэг, эмээгийн хамт ...тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Ц.А, Б.Б нар нь бүлэглэн, 2018 оны 12 дугаар сарын 21-ний шөнийн 02 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг, 9 дүгээр байрны 33 тоотод Т.Бын эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ц.А, Б.Б нар нь бүлэглэн, 2018 оны 12 дугаар сарын 21-ний шөнийн 02 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг, 9 дүгээр байрны 33 тоотод Т.ГБын эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

-Шүүгдэгч Ц.Аийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 21-ний 2 цагт хохирогчийн биед гар хүрснээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогч миний хэлсэн үгэнд уурласныг мэдээгүй байсан. ГБ ирээд намайг цохихоор нь утсаа гаргаад Б.Быг дуудсан. Би тухайн үед эсэргүүцээд толгойн тус газар нь цохисон. Бид хоёр зодолдож байхад Б.Б орж ирээд намайг “нүүр амаа угаа, цус болсон байна” гэсэн. Тэгээд намайг нүүрээ угааж байхад Б.Б хохирогчийг цохиж байсан бөгөөд би би хүрч очоод хохирогчийг хэд хэдэн удаа цохиод гарч явсан.

...гэм буруугийн тал дээр маргаан байхгүй, хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,

 

-Шүүгдэгч Б.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...АС намайг утсаар дуудахаар нь очиход АС зодуулсан байсан. Тэгээд би АСийг “нүүрээ угаа” гэж хэлчихээд хохирогч ГБыг хэд хэдэн удаа цохисон. АС нүүрээ угаачихаад гарч ирээд ГБыг хэд хэдэн удаа цохиод бид хоёр хамтдаа гадагшаа гарсан.

... гэм буруугийн тал дээр маргаан байхгүй, хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,

 

-Гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл  /хэргийн 7/,

-Хохирогч Т.Г-с Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хэргийн 8/,

-“Зүүн шүдний дээд, доод зовхи, баруун нүд дотор талд хавдаж хөхөрсөн. Дээд, доод уруул дотор талдаа язарсан шархтай, баруун шилбэ язарсан, доод эрүү эмзэглэлтэй.” гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хэргийн 11/,

-Компьютер томографын шинжилгээний бичиг /хэргийн 12/,

-Хохиролтой холбоотой баримт /хэргийн 13/,

 

-Хохирогч Т.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 20-ны шөнийн 02 цагийн үед Н-нд байж байгаад АС болон түүний найз Б нарт зодуулсан. Н, АС, АМ нартай хөзөр тоглож байгаад АС намайг “Энхжин гичий шиг зантай юм.” гэхээр нь “чи өөрөө Энхжин шигээ зантай” гээд бид хоёр маргалдахад намайг АС заамдаж аваад утсаараа ярьхаар нь би гар утсыг нь аваад шидтэл “яаж байгаа бацаан бэ?” гээд миний нүүр рүү гараараа нэг удаа цохихоор нь би зөрүүлээд гараараа толгой руу нь арваад удаа цохисон. Намайг бас зөрүүлж гараараа цохисон. Тэгж байтал АСийн найз нар нь орж ирээд Б.Б намайг заамдаж аваад гараараа нүүр рүү цохиход би газар унасан. Намайг газар уначихсан байхад нэг нь өшиглөсөн. Хэн өшиглөснийг мэдээгүй. Намайг газарт хэвтэж байхад “00” руу хоёр нь өргөж оруулаад миний гар нүүрийг угааж өгсөн. Хэн угааж өгснийг, цаашаа юу болсныг мэдэхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 16-17/,

 

-Гэрч Н.Ш-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 21-ны шөнө 00 цагийн үед ажлаа тараад АМ, Б.Б, Отгоо бид 4 юм яриад зогсож байтал Б.Б утсаар яриад “АС хүнд зодуулсан гэнэ, гялс очъё” гэсэн. Бид дөрөв Б.Бын машинд суугаад очиход АС уйлчихсан нүүр нь нил цус болчихсон байсан. Тэгээд “энэ намайг зодсон” гээд ГБыг заасан. Тэгтэл Б.Б очоод ГБыг гараараа шанаа орчимд нэг удаа цохиод, хоёр хацар уруу нь нэг нэг удаа алгадсан. Тэгтэл ГБ газар уначихсан. Тэгээд Б.Б машины түлхүүр гээд надаас аваад гараад явсан. АС очоод ГБыг газар уначихсан байхад нь цээж мөр орчимд нь нэг, нэг удаа өшиглөхөд Отгоо Амгалан нар болиулаад бид нар явсан.” гэх мэдүүлэг /хэргийн 18/,

 

-Гэрч Б.Эрдэнэ-Отгоны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...7 дугаар байрны гадаа Б.Б намайг хүргэж өгөөд ШЭ, АМ хоёртой таараад бид 4 тамхи татаад зогсож байтал Б.Бын гар утас дуугараад ярьснаа “АС хүнд зодуулчихлаа гэнэ, очъё” гээд бид нар 9 дүгээр байранд нөгөө айлд ортол АС уйлчихсан, хамарнаас нь цус гарчихсан, доошоо тонгойгоод хагас суучихсан байсан. Би гэрийн эзэн гэх Намсрайг ”чи зодсон юм уу?” гэхэд “үгүй, ГБтой зодолдсон” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Амараатай нь хэрэлдээд нөгөө өрөөнд нь байж байгаад гарч ирсэн. Тэгэхэд ШЭ АС нар намайг явъя гээд бид нар гарч явсан, буцаж орж ирээд би унтсан юм. Өглөө сэрэхэд ГБ, АС Намсрай Амараа нар байсан бөгөөд ГБын уруул хавдчихсан байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 19/,

 

-Гэрч Н.Амгаланбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...бид нар машинд нь суугаад хуучин хорооллын нэг байрны 5 давхарт айлд ортол нэг банди уйлчихсан, нүүр нь цус болчихсон “намайг ГБ зодчихлоо” гэж хэлсэн. ГБ цаана нь зогсож байсан. Тэгээд Б.Б ГБыг “чи манай найзыг зоддог хэн бэ?” гээд ГБыг заамдаж аваад нүүр рүү нь гараараа нэг удаа цохиход нөгөө банди газар унаад босоод ирэхэд нь хоёр удаа хацар уруу нь алгадсан. Тэгэхэд ГБ доошоо толгойгоо бариад суусан чинь Б.Б гараад явчихсан. Нөгөө зодуулсан гэх банди ГБын нүүр рүү нь өшиглөхөд ГБ ханатай хавсарч цохигдоод газар унасан.” гэх мэдүүлэг /хэргийн 20/,

-Гэрч С.Амарбаясгалангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Намсрай, АС, ГБ бид дөрөв хөзөр тоглож байгаад АС, ГБ хоёр маргалдаж эхэлсэн. АС ГБыг “энэ ямар Энхжин шиг зантай, хүүхдээрээ юм бэ?” гэхэд ГБ уурлаад үүдэнд гутлаа өмсөөд гарах гэж байгаад том өрөөнд байсан АСийг нүүр рүү нь гараараа цохиод байсан. АС нүүрээ гараараа дараад зогсож байсан нөгөө гараараа утсаараа ярих гэхэд нь ГБ утсыг нь аваад шидтэл утас нь хэдэн хэсэг тараад унасан. Тэгэхээр нь би утсыг нь аваад коридорт гарч асаагаад том өрөөнд ортол АСийн хамарнаас цус гараад нүүр нь нил цус болчихсон уйлаад зогсож байсан. Тэгтэл гаднаас Б.Б, Отгоо хоёр танихгүй хоёр бандитай орж ирээд Б.Б ГБ уруу очоод гараараа нэг удаа зүүн шанаа орчимд нь цохисон чинь ГБ доошоо суугаад босоод ирэхэд нь Б.Б дахиад хоёр удаа алгадсан. Тэгтэл АС ГБыг хүзүү, уруул орчимд нь нэг удаа өшиглөсөн.” гэх мэдүүлэг /хэргийн 21-22/,

-Гэрч С.Намсрайн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Амараа, ГБ, АС бид дөрөв хөзөр тоглож байтал АС ГБыг “Энхжин шиг зантай, хүүхдээрээ юм” гэж хэлэхэд ГБ “чи өөрөө Энхжин шигээ зантай” гээд тэд маргалдаад хоёулаа босоод хувцсаа өмсөж байгаад ГБ нь АСийг том өрөөнд сууж байхад нь очоод гараараа нэг удаа нүүр рүү нь цохиод автал зөрүүлээд АС нүүр уруу нь нэг удаа цохисон. Тэгтэл ГБ АСийн толгой руу нилээд олон ойролцоогоор 20-30 удаа цохисон. Тэр үед АС нэг гараараа нүүрээ дараад нөгөө гараараа утсаараа ярьтал ГБ утсыг нь аваад шидсэн. Амараа утсыг нь хамж аваад коридорт гарсан. Тэр үед ГБ АСийн хамар уруу өшиглөтөл хамарнаас нь цус гарахаар нь би очоод боль гээд салгасан. Энэ үед Амараа мөн гаднаас Б.Б, Отгоо бас нэг танихгүй хоёр залуутай орж ирэхэд АС “намайг ГБ зодсон” гэж хэлсэн. Б.Б ГБ дээр очоод гараараа зүүн шанаа орчимд нь нэг удаа цохиход ГБ унаад босоод ирэхэд нь хацар уруу нь хоёр удаа алгадчихаад гараад явтал АС ГБын нүүр рүү өшиглөөд газар унагаасан.” гэх мэдүүлэг /хэргийн 23-24/,

-Гэрч Т.Г-мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр дүү ГБыг хүнд зодуулсныг мэдээд Улаанбаатар хотоос 12  сарын 24-нд Дарханд ирээд дүүгээ харахад нүүр ам нь хавдаад хөхөрчихсөн, нүд нь улайчихсан байхаар нь найз Н-тай нь уулзахад хөзөр тоглож байгаад маргалдаад манай дүү нөгөө бандийг цохичхоод гарах гэхэд нь нөгөө банди нь найзуудаа дуудаад зодсон. ГБ 2 цагаас хойш ухаангүй байж байгаад 05 цагт ухаан орсон гэж хэлсэн. Тэгэхээр нь нөгөө бандитай нь уулзах гэхэд утсаа авахгүй болохоор нь Намсрайгаар дамжуулж 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ярихад “цагдаа дээр байна” гэхээр нь цагдаа дээр ирээд нөгөө банди нартай уулзахад “би зодоогүй, ГБ өөрөө намайг зодсон” гээд байхаар нь Аагий гэдэг бандид хэдэн үг хэлээд нэг алгадаад нэг удаа цээж уруу нь өшиглөсөн юм. Харахад манай дүү зодуулсан байдалтай байсан байхад “би зодоогүй, танай дүү эхэлсэн, намайг зодсон” гээд байхаар нь миний уур хүрсэн юм.” гэх мэдүүлэг /хэргийн 25/,

-“Т.ГБын биед тархи доргилт, баруун, зүүн нүдний дотор салст, зовхи, доод эрүү, хамар, баруун шилбэнд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн олон удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 51 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 29/,

-“Ц.Аийн биед зүүн чихэнд цус хуралт тогтоогдлоо. Дээрх цус хуралт нь хатуу, мохоо зүйлийн нэг бус удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх цус хуралт нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Уг гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 54 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 36/,

-“Ц.А, Б.Б нар нь хохирол төлбөрт 310000 төгрөгийг төлсөн. Одоо надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх хүсэлт /хэргийн 70/,

-Шүүгдэгч Б.Б, Ц.А нарын “...гэм буруугийн тал дээр маргаан байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх хүсэлт /хэргийн 71-72/,

-Хохирогч, яллагдагч нараас гаргасан баталгаа /хэргийн 78/ болон хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байх ба шүүгдэгч нар нь хэргээ хүлээн мэдүүлж, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна.

Шүүгдэгч Б.Б, Ц.А нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Т.ГБын биед “тархи доргилт, баруун, зүүн нүдний дотор салст, зовхи, доод эрүү, хамар, баруун шилбэнд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл учирсан болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 51 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хэргийн 29/ нотлогдож байх бөгөөд энэ нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул тэдний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

 

Иймд шүүгдэгч Б.Б, Ц.А нарыг бүлэглэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуралдааныг явуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

 

Хохирогч Т.ГБ нь “Ц.А, Б.Б нар нь хохирол төлбөрт 310000 төгрөгийн төлсөн. Одоо надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх хүсэлт /хэргийн 70/ өгсөн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч Ц.А, Б.Б нар нь бүлэглэн, 2018 оны 12 дугаар сарын 21-ний шөнийн 02 цагийн орчим Дархан-Уул аймгийн .............. тоотод Т.ГБын эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.А, Б.Б нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ц.А, Б.Б нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

 

Шүүгдэгч Ц.А, Б.Б нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, тэдний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ц.А, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Т овогт Ц.А, Б.Б.Б нарыг бүлэглэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Т овогт Ц.А, Б.Б.Б нарт тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-т зааснаар торгох ялын 500000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд сар бүр 100000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Ц.А, Б.Б нарт үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Ц.А, Б.Б нарт анхааруулсугай.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч Ц.А, Б.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.А, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Я.ТУУЛ