Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 11

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

      Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: "У.Д.С" ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Увс аймгийн Засаг даргад холбогдох,

Увс аймгийн Засаг даргын 2020 оны 5 сарын 01-ний өдрийн “Дулаан халаалтыг зогсоох”тухай А/249 дугаартай захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай  шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч "У.Д.С" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Нэхэмжлэгч "У.Д.С" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: “Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2003 оны 03 сарын 12-ны 14 дүгээр тогтоолоор 2003 онд аймгийн хэмжээнд хувьчлах, бүтцийн өөрчлөлт хийх байгууллага объектийн жагсаалтыг баталж, Төрийн өмчийн хорооны 2003 оны 03 сарын 27-ны өдрийн Увс аймгийн 2003 онд хувьчлах аж ахуйн нэгж, үл хөдлөх эд хөрөнгийн тухай 183 дугаар тогтоолоор Увс аймгийн Улаангом сумын Дулааны станц ОНӨҮГ-ыг уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлах тогтоол гаргаж,"У.Д.С" ХХК нь шугам сүлжээний хамт Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2003 оны 04 сарын 23-ны өдрийн 30 дугаартай тогтоолын дагуу хувьчлагдаж, Увс аймаг Улаангом сумын нутагт дулаан үйлдвэрлэл, түгээлтийн үйл ажиллагаа эрхэлж байна.

        Гэтэл Увс аймгийн Засаг дарга нь 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дулаан зогсоох тухай" А/249 дугаартай захирамж гаргаж"У.Д.С" ХХК-ийн хэрэглэгчдийн халаалтыг зогсоон, орлогыг бууруулах, төлбөрийг чөлөөлөх, хөнгөлөх нөхцөлд компани төлбөрийн чадваргүй болж, санхүү, эдийн засгийн хувьд хүндрэл үүсч, улмаар үйлдвэрлэлийн үйл ажиллагаа доголдон, хэрэглэгчдийг эрчим хүчээр найдвартай хангах, өвөлжилтийн бэлтгэл хангах засварын ажил хийх боломжгүй байдалд хүргэж байна.

       Иймд Увс аймгийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн "дулаан халаалтыг зогсоох тухай" А/249 дугаартай захирамжийг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулахаар нэхэмжпэлийн шаардлагаа өөрчилж тодруулж байна.

        Увс аймгийн Засаг дарга нь 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн "дулаан халаалтыг зогсоох тухай" А/249 дугаартай захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т зааснаар тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан байна.

       Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1. Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.дүгээр зүйлийн 6.1.11. халаалтын улирал эхлэх, дуусах огноог тогтоон гэж тус тус хуульчилсан. Өөрөөр хэлбэл Төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхэд хамааралтай байна.

        Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн "халаалтын улирал эхлэх, дуусах хугацааг тогтоох тухай" 08 дугаар тушаалын 1-ийн "б" заалтад"...Архангай, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан.Сэлэнгэ, Орхон, Төв, Увс, Хөвсгөл аймгуудын халаалтын эхлэх хугацааг тухайн оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөр, дуусах хугацааг дараа оны 05 дугаар сарын 15-ны өдрөөр"...тогтоосон. Эрчим хүчний сайдаас гаргасан 08 дугаартай тушаалын дагуу "У.Д.С" ХХК нь бараа материал татан авах, засвар үйлчилгээгээ хийх, ажилтануудын хөдөлмөрийн дотоод харилцаагаа жилийн өмнө төлөвлөж санхүүгийн чадамжаа тооцоолдог юм.

        Увс аймгийн Засаг дарга нь 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн "дулаан халаалтыг зогсоох тухай" А/249 дугаартай захирамжид"...Аймгийн Онцгой комиссын 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 10 дугаар хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор 1 дүгээр хавсралтаар Увс аймгийн сум, төрийн байгууллага болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллага, орон сууцны айл өрхүүдийн дулаан, халаалтыг зогсоох хуваарийг хавсралтаар баталсан...гэжээ. Дээрх хурлын тэмдэглэлийн 2.1. Ерөнхий боловсролын сургууль, дотуур байр, цэцэрлэг, соёлын төвүүдийн дулаан халаалтыг 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс, төрийн байгууллагуудын дулаан халаалтыг 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс зогсоох"-оор шийдвэрлэсэн байна.

          Энэ нь Эрчим хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрчим хүчний тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, нутаг дэвсгэрийнхээ эрчим хүчний хангамжийн талаархи бодлого боловсруулан холбогдох байгууллагатай хамтран хэрэгжүүлэх хуулийг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл Увс аймгийн Онцгой комиссын хурлын тэмдэглэлийг үндэслэж Увс аймгийн Засаг дарга нь А/249 дугаартай захирамжаар дулаан халаалтыг зогсоох хуулинд заасан эрх хэмжээ байхгүй байтал Монгол улсын Эрчим хүчний сайд төрийн захиргааны төв байгууллагын өмнөөс шийдвэр гаргасан нь Эрчим хүчний тухай хуулийг зөрчиж Засаг даргын чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргажээ.

       "У.Д.С" ХХК-ийн зүгээс Увс аймгийн Засаг даргад албан тоотоор А/249 дугаартай захирамж нь холбогдох хууль тогтоомж зөрчсөн талаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулахад 2020 оны 05 сарын 11-ний өдрийн 1/661 дугаартай албан тоотоор хариу явуулахдаа"... 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын 139 дугаартай "Коронавируст халдвар (СО\/ID-19)-аас урьдчилан сэргийлэх чиглэлээр боловсролын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" тогтоолыг биелүүлсэн гэжээ. Гэтэл 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын 139 дугаартай "Коронавируст халдвар (СО\/ID-19)-аас урьдчилан сэргийлэх чиглэлээр боловсролын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" тогтоолын 1 дэх хэсгийн 2-т"...Сургалтын үйл ажиллагааг зогсоосон хугацаанд боловсролын байгууллагын гэрэл цахилгаан, цэвэр, бохир ус, түлш халаалт зэрэг байр ашиглалттай холбоотой зардлыг хэмнэх зорилгоор шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай"...гэсэн нь дулаан халаалтыг зогсоох талаар дурьдаагүй зөвхөн зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжуулэхээр даалгасныг илэрхий мушгин гуйвуулж тайлбарлаж Монгол улсын Эрчим хүчний сайдын хуулинд заасан эрх хэмжээг хэрэгжүүлж аймгийн Засаг даргын чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасныг нотлож байна.

        Мөн Монгол улсын Эрчим хүчний яамны 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн В/1353 албан тоотод"... цахилгаан, дулааны эрчим хүчний төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх талаар шийдвэр гаргаагүй бөгөөд эрчим хүч таслах, халаалт зогсоохгүй байх чиглэл, үүрэг даалгавар өгсөн....мөн Эрчим хүчний тухай хуулийн 6.1.11-т халаалтын улирал эхлэх, дуусах огноог тогтоох ньТөрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхэд хамааралтай" гэжээ. Өөрөөр хэлбэл Дулааны эрчим хүчийг зогсоох, төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх талаар Төрийн захиргааны төв байгууллагаас захиргааны акт гараагүй байна.

        Увс аймгийн Засаг дарга нь 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн "дулаан халаалтыг зогсоох тухай" А/249 дугаартай захирамжийн он сар нь 2020 оны 05 сарын 01- нд гарсан байтал 1-р хавсралтандаа 2020 оны 04 сарын 20-ны өдрөөр Сум албан газар, аж ахуйн нэгж байгууллага, хувийн аж хуйн нэгж, орон сууцны айл өрхүүдийн дулаан халаалтыг зогсоох хувиарыг баталжээ. Увс аймгийн Засаг дарга нь 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр А/249 дугаартай захирамжийг гаргахдаа өнгөрсөн цагт болсон үйл явдлыг журамлаж Засаг даргын өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргажээ.

      Бодит байдалд "У.Д.С" ХХК нь Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн "халаалтын улирал эхлэх, дуусах хугацааг тогтоох тухай" 08 дугаар тушаалын 1-ийн "б"-д заасны дагуу дулааны үйл ажиллагаа хэвийн явагдсан.

      Үүнээс харахад Увс аймгийн Засаг дарга нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-т зааснаар иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байхгүй байсан байна. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-т заасан "бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх оролцоог нь хангах зарчим зөрчигдсөн. Захиргааны Ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-т Захиргааны байгууллага гэдэгт "Нутгийн өөрөө удирдах байгууллага болон шийдвэр, үйл ажиллагаанд нь захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргахаар хуульд тусгайлан заасан байгууллага. Мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-т "Захиргааны хэм хэмжээний актын төслийг тухайн захиргааны байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт 30-аас доошгүй хоногийн хугацаанд байрлуулж санал авна", 62.2-т "Нийтийн ашиг сонирхол, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх тохиолдолд захиргааны хэм хэмжээ актын төсөлд нийтийн санаа бодлыг тусгах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулж, оролцох боломжоор хангах бөгөөд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг хийж болно", 62.3.1-т "Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд" гэж хуульчилж өгчээ. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т "Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно"... гэжээ

       Энэхүү хуулийн заалтаас үзвэл Хууль ёсны эрх ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа "У.Д.С" ХХК-ийн төлөөллийг заавал хэлэлцүүлэх, захиргааны акт батлах үйл ажиллагаанд оролцуулахгүйгээр албаны бүрэн эрхээ ашиглан Захиргааны хэм хэмжээ тогтоосон акт гаргасан нь манай компани төдийгүй Увс аймгийн нийт ард иргэдийн эрх ашиг, сонирхолыг зөрчсөн үйлдэл болжээ.

      Увс аймгийн Засаг дарга нь 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн "дулаан халаалтыг зогсоох тухай" А/249 дугаартай захирамжийг гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дах заалт, 29.2-т Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т "Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга гамшгаас хамгаалах асуудлаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. 32.1.1-т "Нутаг дэвсгэрийн хэмжээнд гамшгаас хамгаалах арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, удирдах, хэрэгжүүлнэ гэх хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

        Иймд Увс аймгийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн "дулаан халаалтыг зогсоох тухай" А/249 дугаартай захирамжийг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

        Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”... Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчидийн хурлын тэргүүлэгчдийн 2003 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор Увс аймгийн хэмжээнд хувьчлах объектийн жагсаалтыг баталсан. Ингээд 2003 онд "У.Д.С" ХХК-г Д.С авч, Увс аймгийн Улаангом сумын нутагт дулаан үйлдвэрлэл түгээлтийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм. Гэтэл Увс аймгийн Засаг дарга нь 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр А/249 дүгээр захирамж гаргаж, Увс аймгийн Улаангом сумын зарим байгууллагуудын дулаан халаалтыг 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн зогсоосон байгаа. Гэтэл Эрчим хүчний тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн  11-т халаалтын улирал эхлэх дуусах огноог төрийн захиргааны төв байгууллага тогтоох тухай заасан байдаг  бөгөөд Увс аймгийн Засаг даргад халаалтын улирал эхлэх дуусах огноог тогтоох эрх хуулиар олгогдоогүй юм.

      Иймд нэхэмжлэгчийн зүгээс Увс аймгийн Засаг дарга нь өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй асуудлаар захирамж гаргасан байна  гэж үзэж Эрчим хүчний яаманд гомдол гаргасан. Ингээд эрчим хүчний яамнаас “Эрчим хүчний яамнаас халаалт дулааныг зогсоохгүй байх талаар аймаг нийслэлийн засаг даргад үүрэг чиглэл өгсөн” гэсэн агуулга бүхий хариуг ирүүлсэн.

        Захиргааны акт гэж Нийтийн эрх зүй хэмжээнд тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар захиргааны байгууллага албан тушаалтны амаар болон бичгээр гаргасан захирамжилсэн шийдвэр байдаг бөгөөд Увс аймгийн засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр А/249 дүгээр захирамж нь захиргааны акт мөн юм. Харин Увс аймгийн Засаг дарга нь тухайн захиргааны актыг гаргахдаа хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэнээс гадна утга агуулгын хувьд алдаатай захиргааны акт гаргасан. Уг актын 1 дүгээр хавсралтад 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн аж ахуй нэгж байгууллага айл өрхүүдийн дулаан халаалтыг зогсоох тухай заасан ба уг акт нь 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр гарсан байгаа. Мөн Эрчим хүчний сайдын 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 206 дугаар “халаалтын улирал эхлэх, дуусах хугацааг тогтоох” тухай тушаалд Увс аймгийн халаалтын эхлэх хугацааг 9 дүгээр сарын 15-ны өдрөөр, дуусах хугацааг 5 дугаар сарын 15-ны өдрөөр тогтоосон байгаа юм. Увс аймгийн Засаг дарга нь Ковид-19 халдвар гарсантай холбогдуулан Засгийн газрын тогтоолыг үндэслээд 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/249 дүгээр захирамж гаргаж, халаалтын улирал дуусах хугацааг тогтоосон гэж тайлбарлаад байгаа боловч Ковид-19 халдвар гарсантай холбогдуулан гаргасан Засгийн газрын тогтоолд Эрчим хүчний сайд өөрийн халаалтын улирал эхлэх дуусах огноог тогтоох эрх хэмжээг Увс аймгийн Засаг даргад шилжүүлсэн зүйл байхгүй юм.

"У.Д.С" ХХК нь Эрчим хүчний сайдын 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 206 дугаар “халаалтын улирал эхлэх, дуусах хугацааг тогтоох” тухай тушаалын дагуу халаалт дулаанаа үйлдвэрлээд, үйл ажиллагаагаа зогсоохгүйгээр 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хэвийн явуулсан байгаа. Гэтэл Увс аймгийн Засаг даргын дээрх захирамжийн улмаас "У.Д.С" ХХК нь Увс аймгийн Нэгдсэн эмнэлэг, Увс аймгийн Засаг даргын тамгын газар, Улаангом сумын 5 дугаар цэцэрлэг, Увс аймгийн Онцгой байдлын газар, тагнуулын газар зэрэг байгууллагуудаас халаалтын төлбөр болох 47.596.375 төгрөгөө авч чадаагүй байгаа. Манай байгууллагын хувьд нэгэнт эрчим хүчээ үйлдвэрлэж, түгээсэн байхад дээрх төлбөрөө авч чадаагүй байгаагаас манай байгууллагын хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчигдөж байна.

      Увс аймгийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/249 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас хүчингүй болгуулах тухай гэсэн шаардлагыг өөрчилж байгаа тул захирамжийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэв.

Хариуцагч Увс аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ”...Коронавирусын халдварын тархалт буурахгүй байгаатай холбогдуулан гаргасан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 4 сарын 15-ны өдрийн 139 дүгээр тогтоолыг орон нутагт хэрэгжүүлэхэд чиглэсэн зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг аймгийн Засаг даргад даалгасан шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд А/249 дүгээр захирамжийг цаг хугацаа алдахгүйгээр аймгийн Онцгой комиссыг хуралдуулж шийдэлд хүрсний үндсэн дээр батлан гаргасан.Аюултай нөхцөл байдал үүссэн цаг үед тогтоолыг хэрэгжүүлэхгүй байснаар үүсч болох байсан эдийн засгийн болон хүн амын эрүүл мэндийн хохиролоос урьдчилан сэргийлж,зохион байгуулалтын арга хэмжээ авч чадсан.

       Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т зааснаар тухайн байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан байна гэжээ.Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д “ Үндэсний аюулгүй байдлыг хамгаалахтай холбоотой ажиллагаа” гэж хуулийн үйлчлэх хүрээнд тодорхой тусгасан байдаг учраас дээрх заалтын хувьд үйлчлэхгүй юм. Энэ шийдвэрийг бодит цаг үед гарч буй шийдвэрээс ялган салгаж ойлгох нь чухал. Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийг мөн хэрэгжүүлж ажилласан.

        Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын 34.2-т хуулийн этгээдийн үүргийг тодорхойлон хуульчилсан байдаг.Гэтэл хуульд заасан үүргээ биелүүлж,аюултай нөхцөл байдал,гамшгийн үед хэрхэх тухай төлөвлөгөө баталж хэрэгжүүлэх үүргээ ч "У.Д.С" ХХК биелүүлээгүй байгаа нь Эрчим хүчний сайдаас гаргасан 08 дугаар тушаалд үндэслэн жилийн өмнө төлөвлөгөө,санхүүгийн чадамжаа тооцоолсон байдлаас нь харагдаж байна.Засгийн газраас цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан ,аюултай нөхцөл байдлын үед авах арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд Гамшгаас хамгаалах тухай 2017 онд батлагдсан хуульд нийцүүлэн гаргасан 2020 оны 139 дүгээр тогтоолыг орон нутагт хэрэгжүүлснээрээ халаалтын улирал эхлэх,дуусах огноог тогтоох тухай Эрчим хүчний яаманд хамаарах бүрэн эрхийг зөрчсөн гэж үзэхгүй байна.

     Захиргааны ерөнхий хууль үйлчлэх хүрээнд хамаарахгүй нөхцөл байдал үүссэн цаг үеийн шаардлагаар хугацаа хожиж,шуурхай шийдвэр гаргаж хэрэгжүүлэх үндсэн үүргээ гүйцэтгэсэн.Иймд нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү”гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: ”...Увс аймгийн Засаг дарга нь Улсын онцгой комиссын Увс аймаг дахь салбарыг удирдаж байгаагийн хувьд Увс аймгийн нийт иргэдийн эрх ашиг сонирхлыг хамгаалах үүднээс захирамж шийдвэр гаргаж байгаа. Нэг аж ахуйн нэгжийн эрх ашиг, нийт иргэдийн эрх ашиг хоёр хоорондоо ялгаатай гэдгийг бодож үзэх хэрэгтэй. "У.Д.С" ХХК нь зөвхөн өөрийн эрх ашгийн үүднээс өөрт учирсан хохирол төлбөрийн талаар л яриад байна. “"У.Д.С" ХХК нь Увс аймгийн Засаг даргын захирамжийг зөрчиж, 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл халаалт дулаанаа нийлүүлсэн байгаа. Хуулиас давсан эрхтэй аж ахуйн нэгж байж болохгүй. "У.Д.С" ХХК нь Улсын онцгой комиссын Увс аймаг дахь салбарын хуралдаанаас гарсан шийдвэрийг онцгой нөхцөл байдалд хэрэгжүүлж ажиллах ёстой байсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Увс аймгийн засаг дарга захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөн гэж тайлбарлаж байна. Гэтэл тухайн үеийн нөхцөл байдал нь үндэсний аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй нөхцөл байдалтай байсан гэдгийг бодолцож үзэх хэрэгтэй. Увс аймгийн Засаг дарга нь онцгой нөхцөл байдлын үед Гамшгаас хамгаалах тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг баримтлан шаардлагатай арга хэмжээг авч ажилласан. Гамшгаас хамгаалах тухай хуулийн  34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт өмчийн хэлбэрээс үл хамааран хуулийн этгээд нь гамшгаас хамгаалах ямар үйл ажиллагааг авч хэрэгжүүлэх ёстой талаар заасан байдаг. Тэгвэл "У.Д.С" ХХК нь Ковид-19 халдвар тархсантай холбогдуулан яг ямар арга хэмжээ авч хэрэгжүүлсэн юм бэ? Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Увс аймгийн Засаг даргад халаалтын улирал эхлэх дуусах огноог тогтоох эрх хэмжээ байхгүй гэж тайлбарлаж байна. Энэ бол ганц Увс аймгийн Засаг дарга дур мэдэж гаргасан шийдвэр биш. Увс аймгийн онцгой комисс хуралдаад уг хуралдаанаас Засаг даргад өгсөн үүрэг даалгаврыг шийдвэрээр л хэрэгжүүлж байгаа асуудал. Улсын хэмжээнд ганцхан Увс аймагт л Засаг дарга нь халаалтын улирал эхлэх дуусах хугацааг тогтоосон гэж ярьж байна. Улсын онцгой комиссоос харин ч Увс аймгийн онцгой байдлын комисс сайн ажилласан гэж сайшааж байгаа. Увс аймгийн Засаг дарга нь Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг баримтлан ажилласан. Мөн Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 11.1 дэх хэсэгт “Бүх шатны Засаг дарга үндэсний аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй үйл ажиллагаанаас сэргийлэх, таслан зогсоох, түүний шалтгаан, нөхцлийг судлан тогтоох, арилгах арга хэмжээ авч ажиллана” гэж заасан байгаа. Ковид-19 халдвар гарсан онцгой нөхцөл байдалд Засаг дарга нь ганц хуулийн заалтаар хязгаарлагдаж, шийдвэр гаргаж чадахгүйд хүрвэл цаашид уг тахалын дэгдэлтийг тогтоож чадахгүйд хүрнэ.

          Захирамж 4 сарын 20-ны өдрөөс хэрэгжихээр байгаа нь юуг илэрхийлж байна вэ? гэвэл хэмнэгдсэн төсвийг шаардлагатай газар нь хувиарлахаар төсөвт тодотгол хийхээр аймгийн хурал хуралдах гэж байгаа.

            Увс аймгийн Засаг дарга нь Увс аймгийн нийт ард иргэдийн эрх ашгийг хамгаалах үүднээс хугацаа алдалгүй, шуурхай шийдвэр гаргаж ажилласан. Үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой үүргээ төрийн байгууллагууд үүргээ зохих ёсоор  биелүүлсэн. Харин "У.Д.С" ХХК нь дээрх үүргээ биелүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараас харагдаж байна. Хэрэв "У.Д.С" ХХК нь төрийн байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлж ажилласан бол яриад байсан 47.596.375 төгрөгийн хохирол учрахгүй байсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...”гэжээ.

     Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:” Шүүхэд гаргах тайлбар байхгүй” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

       Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж, тал бүрээс нь үнэлээд  дараах дүгнэлт хийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

       Шүүхэд нэхэмжлэгч "У.Д.С" ХХК-иас анх Увс аймгийн Засаг даргын 2020 оны 5 сарын 01-ний өдрийн “Дулаан халаалтыг зогсоох”тухай А/249 дугаартай захирамжийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

       Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2020 оны 6 сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн Увс аймгийн Засаг даргын 2020 оны 5 сарын 01-ний өдрийн “Дулаан халаалтыг зогсоох” тухай А/249 дугаартай захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6-д заасан үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж маргаж буй захиргааны актыг илт хууль бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ,хүчингүй болгуулах тухай шаардлагыг гаргахгүй байгаа талаар тайлбарласан болно.

        Нэхэмжлэгч тал нь “Халаалтын улирал эхлэх, дуусах хугацааг Эрчим хүчний тухай хуульд зааснаар төрийн захиргааны байгууллага тогтоохоор заасан байхад аймгийн Засаг дарга халаалтын улирал дуусах хугацааг тогтоосон нь чиг үүрэгт нь хамааралгүй байна,” гэж маргаж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж нэхэмжлэлээ дэмжиж оролцон Засаг даргын захирамжийг баримтлан 2020 оны 5 сарын халаалтын төлбөрөө төлөөгүй төсөвт газруудын жагсаалтыг хэрэгт хавсаргуулжээ.

         Хариуцагчийн зүгээс “Монгол Улсын Засгийн газрын 2020.04.15-ны өдрийн 139 дүгээр тогтоолыг орон нутагт хэрэгжүүлэх хүрээнд аймгийн Онцгой комиссыг хуралдуулж шийдэлд хүрсний үндсэн дээр аймгийн Засаг дарга захирамж гаргасан ба ковид-19 өвчний үед үүсч болох эдийн засгийн болон хүн амын эрүүл мэндийн хохиролоос урьдчилан сэргийлж Увс аймгийн нийт ард иргэдийн эрх ашгийг хамгаалах үүднээс хугацаа алдалгүй, шуурхай шийдвэр гаргаж Үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой үүргээ хэрэгжүүлж ажилласан тул Эрчим хүчний яаманд хамаарах бүрэн эрхийг зөрчсэн гэж үзэхгүй” гэсэн тайлбар гаргаж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

       Маргаан бүхий акт буюу Увс аймгийн Засаг даргын 2020 оны 05 сарын 01-ний өдрийн “Дулаан, халаалтыг зогсоох тухай” захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх заалтыг үндэслэн, аймгийн Онцгой комиссын 2020 оны 04 сарын 20-ны өдрийн 10 дугаар хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор Увс аймгийн сум,төрийн байгууллагын болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж,байгууллага,орон сууцны айл өрхүүдийн дулаан халаалтыг зогсоох хуваарийг хавсралтаар баталжээ.

        Уг захирамжийн хавсралтаар сумдын төрийн байгууллагууд,Улаангом сумын ерөнхий боловсролын сургууль, дотуур байр, цэцэрлэг соёлын төвүүдийн дулаан халаалтыг 2020.04.20-ны өдрөөс, Улаангом сум дахь төрийн байгууллагууд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллага, орон сууцны айл өрхүүдийн дулаан халаалтыг 2020.05.01-ний өдрөөс эхлэн зогсоохоор батлагдсан байна.

        Увс аймгийн Онцгой комиссын 2020.04.13-ны өдрийн хуралдаанаар төрийн сангийн хэлтсийн дарга Б.Э шинэ коронавирусын тархалтаас шалтгаалан сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосонтой холбогдуулан аймгийн хэмжээнд сургууль цэцэрлэгийн дулаан халаалтыг 2020 оны 4 сарын 15-ны өдрөөс зогсоож, хэмнэлтийн зардлыг өөр шаардлагатай арга хэмжээнд зарцуулах талаар хэлэлцүүлэхээр санал оруулжээ.

      Аймгийн онцгой комиссоос Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байр, соёлын төвүүдийн халаалтыг 4 сарын 15-наас эхлэн зогсоох, хөлдөлт үүсгэхгүй байх, зохион байгуулалтын бусад арга хэмжээ хэрэгжүүлэн ажиллахыг сумдын Засаг дарга, Онцгой комиссын дарга, дулаанаар хангагч байгууллагын дарга, сургууль цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарт үүрэг болгохоор шийдвэрлэснийг комиссын хуралдааны 9 дугаартай тэмдэглэлд тусгасан байна.

         Увс аймгийн Онцгой комиссын 2020.04.20-ны өдрийн хуралдаанаар дулаан халаалтыг зогсоох тухай асуудлыг дахин хэлэлцэн Ерөнхий боловсролын сургууль, дотуур байр, цэцэрлэг, соёлын төвүүдийн дулаан халаалтыг 2020.04.20-ны өдрөөс, төрийн байгууллагуудын дулаан халаалтыг 2020.05.01-ний өдрөөс зогсоохыг дулаанаар хангагч байгууллагын дарга, захирал нарт үүрэг болгож шийдвэрлэснийг комиссын хуралдааны 10 дугаартай тэмдэглэлд тусгагджээ.

       Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.11 дэх хэсэгт зааснаар Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага халаалтын улирал эхлэх, дуусах хугацааг тогтоох бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр зохицуулсан байна.

       Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2019 оны 08 сарын 22-ны өдрийн 206 дугаартай тушаалаар Увс аймгийн халаалтын эхлэх хугацааг тухайн оны 09 сарын 15-ны өдрөөр, дуусах хугацааг дараа оны 05 сарын 15-ны өдрөөр байхаар тогтоон, тушаалын 3.а заалтаар аваари болон ослын бус шалтгаанаар дулаан хангамжийн ажиллагааг зогсоохгүй байх арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахыг үйлдвэр, компаниудын дарга, захирал, аймгийн Засаг дарга нарт даалгасан байна.

          Маргаан бүхий захиргааны актад Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1-д заасныг үндэслэсэн байх ба уг заалтад аймгийн Засаг дарга нь “нутаг дэвсгэрийн хэмжээнд гамшгаас хамгаалах арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, удирдах, хэрэгжүүлэх” бүрэн эрхтэй байхаар заажээ.

          Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 2 сарын 12-ны өдрийн 62 дугаартай тогтоолоор Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс мөн оны 9 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн байх ба уг тогтоолын 3 дахь хэсэгт Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10.4-т заасан арга хэмжээг “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний удирдамж”-ийн дагуу хэрэгжүүлж ажиллахыг гамшгаас хамгаалах алба, бүх шатны Засаг дарга, аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагад үүрэг болгосон байна.

          Улсын онцгой комиссын даргын 2020 оны 2 сарын 13-ны өдрийн 04 дугаартай тушаалаар батлагдсан “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний удирдамжид дулаан халаалтын талаар авах арга хэмжээ тусгагдаагүй байна.

        Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 04 сарын 15-ны өдрийн 139 дугаартай тогтоолоор Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах зорилгоор бүх шатны боловсролын байгууллагын танхимын сургалтын үйл ажиллагааг 2020 оны 9 сарын 1-ний өдрийг хүртэл зогсоохоор шийдвэрлэн сургалтын үйл ажиллагааг зогсоосон хугацаанд боловсролын байгууллагын гэрэл, цахилгаан, цэвэр, бохир ус, түлш халаалт зэрэг байр ашиглалттай холбоотой зардлыг хэмнэх зорилгоор шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгажээ.

      Зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэх тухай ойлголт нь тухайн субьект өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар зохион байгуулалт хийх, эсхүл бүрэн эрхийг шилжүүлэн хүлээн авсны үндсэн дээр холбогдох зохион байгуулалтыг хэрэгжүүлэх боломжийг илэрхийлнэ.

     Захиргааны ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д хуульд зааснаар бусад тохиолдолд захиргааны байгууллага хуулиар тусгайлан заасан бүрэн эрхийг бусдад шилжүүлэхийг хориглоно гэжээ.

       Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.11 дэх хэсэгт заасан Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага халаалтын улирал эхлэх, дуусах хугацааг тогтоох бүрэн эрхийг аймгийн Засаг даргад шилжүүлэн өгсөн эрх бүхий этгээдийн шийдвэр байхгүй байна.

       Иймд Увс аймгийн Засаг даргын зүгээс дулаан халаалтыг хугацаанаас нь өмнө зогсоохоор шийдвэрлэсэн захиргааны акт гаргасныг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсэгт заасан” тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэж үзэх үндэслэлтэй байна.

          Мөн Увс аймгийн Засаг даргын 2020 оны 05 сарын 01-ний өдрийн “Дулаан халаалтыг зогсоох” тухай А/249 дугаартай захирамжийн хавсралтаар зарим байгууллагын халаалтыг 2020 оны 04 сарын 20-ны өдрөөс эхлэн зогсоохоор шийдвэрлэсэн нь агуулгын хувьд алдаатай болжээ.

       Маргаан бүхий захиргааны акт нь илт хууль бус захиргааны актын шинжийг агуулж байгаа тул хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан “Увс аймгийн Засаг дарга нь Увс аймгийн нийт ард иргэдийн эрх ашгийг хамгаалах үүднээс хугацаа алдалгүй, шуурхай шийдвэр гаргаж Үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой үүргээ хэрэгжүүлж ажилласан, төсвийн хэмнэлтээр бусад арга хэмжээг санхүүжүүлэх шаардлагатай“ гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй болно.

        Мөн хариуцагчийн зүгээс Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийг хэрэгжүүлж ажилласан тул Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д “ Үндэсний аюулгүй байдлыг хамгаалахтай холбоотой ажиллагаа” гэж заасны дагуу Засаг даргын захирамжид Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь заалт хамааралгүй болно гэж тайлбар гаргасан ба Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.2 дахь хэсгүүдэд “Үндэсний аюулгүй байдал” гэж Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах гадаад, дотоод таатай нөхцөл баталгаатай хангагдсан байдлыг хэлнэ, “Үндэсний язгуур ашиг сонирхол”-д Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, монголын ард түмэн, соёл иргэншил оршин тогтнох, үндэсний эв нэгдэл, хүний эрх, эрх чөлөө баталгаатай хангагдсан байдал, эдийн засгийн тогтвортой, экологийн тэнцвэрт хөгжил багтахаар зааж тодорхойлжээ.

        Хариуцагч нь Covid-19 халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хүрээнд ажиллах явцдаа Увс аймгийн Засаг даргын 2020 оны 05 сарын 01-ний өдрийн А/249 дугаартай захирамжаар дулаан халаалтыг зогсоох асуудлыг шийдвэрлэснийг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хамгаалахтай холбогдсон шийдвэр гэж үзэх боломжгүй тул хариуцагчийн дээрх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

      Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6 дахь хэсгүүдэд зааснаар илт хууль бус гэж тайлбар гаргасан байна.

       Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэх үндэслэлд хуульд огт заагаагүй нөхцлийг агуулж асуудлыг шийдвэрлэсэн байхыг ойлгох тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх тайлбар үндэслэлгүй болохыг дурдав.

         Маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгч буюу дулаан үйлдвэрлэх, дамжуулах үйл ажиллагаа эрхлэгч этгээдийн эрх,хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Увс аймгийн Засаг даргын 2020 оны 5 сарын 1-ний өдрийн “Дулаан халаалтыг зогсоох” тухай А/249 дугаартай захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр  илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэв.

       Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг  төрийн санд хэвээр үлдээн, хариуцагчийн ажлын алба болох Увс аймгийн Засаг даргын тамгын газраас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох  нь зүйтэй.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      1.Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.11 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч "У.Д.С" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Увс аймгийн Засаг даргын 2020 оны 05 сарын 01-ний өдрийн А/249 дугаартай захирамж нь илт хууль бус болохыг тогтоосугай.

       2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч "У.Д.С" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, Увс аймгийн Засаг даргын тамгын газраас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

         3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалд