Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 23

 

 

“******* дэм” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Т.Бямбажав даргалж, шүүгч Н.Насанжаргал, Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн иргэний хэргийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

            Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “******* дэм” ХХК-ий нэхэмжлэлтэй,

Хариуцагч Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын Тамгын газарт хариуцагдах,

            “69.138.751 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.           

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “******* дэм” ХХК-ийн төлөөлөгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Наранцацрал, хариуцагчийн төлөөлөгч Б.*******, нарийн бичгийн даргаар Э.Дөлгөөн оролцов.

Нэхэмжлэгч “******* дэм” ХХК болон түүний төлөөлөгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: “...2015 оны 06 дугаар сард орсон хүчтэй аадар борооны улмаас сумын айлуудын жорлон, бохирын нүхний бохир ус үерийн усаар туугдан хальж, төвийн айл өрх, нийтийн эзэмшлийн талбайг хамран бохирдуулан халдварт өвчин гарах аюултай нөхцөл байдал үүссэн учир өвчнөөс урьдчилан сэргийлж, халдваргүйтгэл хийсэн ажлын хөлсний дутуу 17.984.200 төгрөгийг Ханбогд сумын Засаг даргын тамгын газраас гаргуулан өгч манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ханбогд сумын Засаг даргын тамгын газрын төлөөлөгч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Тус компанийн гаргасан 69.138.751 төгрөгний нэхэмжлэлийг дараах үндэслэлээр манай Тамгын газар төлөх үндэслэлгүй байна. Үүнд: “******* дэм” ХХК-тай анх 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр ариутгал халдваргүйтгэлийн ажил хийлгэх тухай гэрээ байгуулж ажилласан. Тус гэрээний гол нөхцөл нь нийтийн эзэмшлийн 191535м2 талбай болон 16 өрхийн өмчлөлийн газарт ариутгал хийлгэж нийтийн эзэмшлийн талбайн ариутгал, халдваргүйтгэлийн зардлыг Засаг даргын Тамгын газраас айл өрхийн хашаа ариутгах зардлыг иргэн өөрөө хариуцахаар гэрээ байгуулсан. Гэвч “******* дэм” ХХК нь айлын хашааны талбайг ариутгахдаа ч нийтийн эзэмшлийн талбайг ариутгахдаа ч тэр гэрээний үүргээ дангаар биелүүлээгүй. Айлын хашааг ариутгахад машин, 1 тонн багтаамжтай сав, шүрших төхөөрөмж, шатахуун, жолооч зэргийг Засаг даргын Тамгын газраас шийдвэрлэсэн. Мөн нийтийн эзэмшлийн талбайг ариутгахад зөвхөн заавар зөвлөгөө өгч, бодис найруулсан зэрэг л ажил хийсэн. Харин гол ажлыг Засаг даргын Тамгын газраас хүсэлт тавьсны дагуу “Хангүрд” ХХК-ийн автомашинаар хийлгүүлж, холбогдох зардлуудыг Засаг даргын Тамгын газраас гаргасан.

Бид тус компанийн хийж гүйцэтгэсэн ажлыг дараах байдлаар тооцоолж санхүүжилт олгосон. “******* дэм” ХХК-ийн ажилчдын ажилласан хоногийн цалингийн тооцоог ажлын хөлс, илүү цагийн хөлсийг оруулаад тооцоход 2.365.452 төгрөг, дээр нь “Хангүрд” ХХК-ийн жолоочийн ажлын хөлс 75000 төгрөг, ариутгал хийлгээд мөнгөө өгөөгүй 41 айлын зардал 839.000 төгрөгийг оруулаад тооцоход нийт ажпын хөлс 3.282.452 төгрөг гарч байна. 72 айлын жорлон, бохирын цооногт ариутгал халдваргүйжилт хийсний ажлын хөлс 1.368.000 төгрөг, 14 айлын хашаанд ариутгал хийж 686000 төгрөг, нийт 2.054.000 төгрөгийг айл өрхүүдээс бэлнээр авсан. Ингээд Засаг даргын Тамгын газраас гэрээний дагуу 5.000.000 төгрөг шилжүүлсэн бөгөөд “******* дэм” ХХК нь Ханбогд суманд ариутгал халдваргүйтгэлийн ажлыг хийсний хөлсөнд 7.054.000 төгрөг авсан нь хийж гүйцэтгэсэн ажилд дүйцэхүйц мөнгөн дүн гэж үзэж байна.

Тус компани нь ажлын хөлсөө гамшгийн үед ажилласнаар тооцож ажлын хөлсөө 3 дахин, 7 хоногийн амралтын өдрийг 2 дахин өсгөж бодсон нь Гамшгийн тухай хуулийн 33.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 51.1 дэх заалтуудтай нийцэхгүй байна.

Сумын нийтийн гудамж, замын ариутгалд “******* дэм” ХХК-ийн ажилчид зөвхөн автомашины усанд хэдэн литр ариутгалын бодис хийснээс өөр ажил хийгээгүй байж нийтийн эзэмшлийн гудамж, замын ариутгал халдваргүйжилт хийсэн ажлын хөлс гэж нэхэмжилсэн байгаа нь үндэслэлгүй зардал юм. Б.******* гуай нийтийн эзэмшлийн гудамж, замыг ариутгахад манай ажилчид заавар зөвлөгөө өгч хамт ажилласан гээд байгаа бөгөөд ажилласан цагийн бүртгэлийг үндэслэн олгосон ажлын хөлсөндөө энэ ажлын хөлс хамт тооцогдсон. Заавар зөвлөгөө өгсөн байж болно. Тэр нь байнга хажууд нь хэдэн цагаар суугаад зөвлөөд байх ажил биш бөгөөд ерөнхий зааварчилгаагаа өгөөд газрыг нь заагаад өгчихвөл жолооч машин хоёр ажлаа хийчихнэ. Үүнд хүн хүч гаргаад цаг зарцуулаад байх асуудал байхгүй. “Хангүрд” ХХК-ийн усны автомашин нь усаа өөрөө цацдаг тул нийтийн эзэмшлийн гудамж, замыг ариутгахад өөр хүн ажиллаж шаардлагагүй, ажлын хөлс тооцогдох үндэслэлгүй юм. Гэрээний алданги тооцно гэсэн байна. Хугацаандаа мөнгөө төлөөгүй нь манай байгууллагаас шалтгаалаагүй бөгөөд улс орны эдийн засгийн хүндрэлтэй байдлын улмаас Монгол Улсын Сангийн яамнаас гүйлгээ хийх эрхийг хаасантай холбоотой үүссэн асуудал бөгөөд үүнийг манай байгууллагаас шалтгаалаагүй зүйл юм.

Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвийн айл өрх, нийтийн эзэмшлийн газарт ариутгал халдваргүйтгэлийн ажил хийх гэрээний төлбөрт өөрчлөлт оруулах тухай гэрээг хоёр тал харилцан тохиролцож 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр байгуулснаар 2015 оны 06 дугаар сард байгуулсан гэрээний төлбөр тооцооны асуудлыг тодорхой болгож шийдвэрлэсэн гэж үзэж байна. Шинээр байгуулсан гэрээг хоёр тал харилцан тохиролцож байгуулсан бөгөөд ямар нэгэн хууран мэхлэх, залилах үйлдэл хийгдээгүй болно. Иймд манай байгууллага гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэж байна” гэжээ.

Анхан шатны шүүх: Б.*******гийн нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох 69.138.751 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь тус шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 286 тоот захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч  Б.******* давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “...Нэхэмжлэгч тал нь нийтийн эзэмшлийн хэдий хэмжээний талбайд ариутгал хийсэн талаараа нотлох баримтаар нотлож чадахгүй байна гэжээ. Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны ажилтан Үнэнбат нь гудамж хорооллын хаягийг өгч ариутгал хийх газрын хэмжээ хязгаарыг зааж өгснөөр ариутгалын ажил хийгдэж дуусаад тухайн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтнээр ариутгалын ажил хийгдсэн газрын талбайн хэмжээг гаргуулснаар 2 тал харилцан тохиролцож нийтийн эзэмшлийн 191535 м2 талбайд ариутгал хийсэн гэдэг дээр маргаагүй, мөн нийтийн эзэмшлийн 191535 м2 талбайг 120 төгрөгөөр харилцан тохиролцсон учраас хөлсний хувьд ч маргадаггүй. Харин ч хариуцагч талаас 191535 м талбайд 1м2-ийг 120 төгрөгөөр тохиролцсон гэдгээ хүлээн зөвшөөрч байхад нотлох баримтаа бүрдүүлж чадаагүй гэж дүгнэлт хийгээд байгаа нь хэтэрхий нэг талыг барьж шийдээд байгаа нь илт байна гэж үзэж байна.

Үндсэн шаардлага болон нэмэгдүүлсэн шаардлага буюу алданги нийт 69.138.751 төгрөг нэхэмжилж байгаагаа тодорхой илэрхийлж чадахгүй байна гэжээ. Энд нэхэмжлэгч миний зүгээс гэрээнд заасны дагуу алданги тооцож, тооцоолол хийсэн баримтаа нэхэмжлэлдээ хавсаргасан бөгөөд хариуцагч талаас танилцаж гарын үсэг зурсан байдаг. Нэхэмжлэгч болон хариуцагч талаас миний тооцоолол хийж нотлох баримтаар хавсаргасан баримтыг буруу гэж нотлох баримтаас хасах хүсэлтийг аль аль нь гаргаагүй, нотлох баримт шинжлэн судлаагүй орхигдуулсан нь чухам ямар хуулийн заалт зөрчсөн гэж миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоод байгаа нь ойлгомжгүй байгаагаас гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “шүүх хэргийн оролцогчийн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, мөн хуулийн 40.2-т “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг тус тус зөрчсөн шүүх хурал дээр ч миний бие өөрийн хэлэх гэсэн тайлбараа бүрэн илэрхийлж чадаагүй миний үгийг байнга тасалж байсан нь шүүх хурлын тэмдэглэл дээрээс тодорхой харагдах байх.

Нийтийн эзэмшлийн 191535 м2 талбайд халдваргүйтгэлийн ажил гүйцэтгэсэн гэдэг нь хэргийн оролцогчдын тайлбар болон гэрээнд тодорхой тусгагдсан хэнд ч ойлгомжтой байгаа, ямар үнэтэй бодис хэрэглэн ариутгал хийгдсэн, энэ ямар үнэтэй болсон талаар “******* дэм” ХХКомпаний захирал миний бие Эрүүл мэндийн тухай хууль болон бусад дүрэм журмын дагуу тушаалаараа м2 талбайд хэдий төгрөгөөр хийгдэх талаар хүснэгтээр гаргаж түүнийгээ хэрэгжүүлж ажиллаж байсан талаараа нотлох баримт өгсөн байгаа. Тэр ч байтугай ямар нэртэй бодис хэрэглэсэн талаараа ч нотлох баримт өгсөн байхад чухам юу нь ойлгомжгүй болоод нотлох баримт гаргаж өгсөнгүй гээд байгааг ойлгохгүй байна.

Мөн хариуцагч талаас м2-ийг 120 төгрөгөөр хийх хөлс болон нийтийн эзэмшлийн 191535 м2 талбайн хэмжээн дээр маргадаггүй. Харин урьдчилгаа мөнгө болох 5.000.000 төгрөг авахын тулд хийсэн гээд байгаа Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвийн айл өрх, нийтийн эзэмшлийн газарт ариутгал халдваргүйжилтийн ажил хийх гэрээний төлбөрт өөрчлөлт оруулах тухай гэрээнд заасан хөлсөө төлсөн учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаад байгаа. Энэ гэрээг миний зүгээс ажил гүйцэтгэсний урьдчилгаа хөлсөө авах гэж л хийсэн гэрээ гэж ойлгож энэ талаарх тайлбараа хэлсээр ирсэн байгаа. Тиймдээ ч энэ болсон асуудлын талаар Засаг даргын Тамгын газрын ерөнхий нягтлан бодогч Батдэлгэрийг гэрчээр асуулгасан байгаа. Тийм байхад энэ гэрээ нь хүчин төгөлдөр байна уу үгүй юу 2 талын хүсэл зориг илэрхийлэгдэж хийсэн гэрээ мөн үү гэдгийг шүүх нягталж үзээгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Одоо миний яг үнэн бодитоор гаргуулж авсан ариутгасан талбайг бас өөрөө багасгаж зурсан зураг нотлох баримтаар өгч байхыг нь би харсан. Тэр зургийн улмаас надыг хэдий талбай ариутгасанаа мэдэхгүй гэсэн өгүүлбэр дүгнэлтийг оруулсан гэж бодож байна. Миний ариутгалын ажлыг эхлэхээс нь 69-88.72 хувиар үнийг нь шахан бууруулж хийлгээд одоо нэхэмжилсэн хөлсөө авах гэхээр янз бүрээр яриад огт оролцоогүй байж мэдэмхийрэн миний өгсөн өргөдөлд бичсэн өгүүлбэрт тооцоог ашиглан яриад тэр нь маш үнэн болж батлагдаад байгаад би гомдолтой байна.

Бас хамгийн сүүлд надыг хөгжлийн бэрхшээлтэй гэж ялгаж бодоогүй өөрийнх нь бодол гэж тайлбар өгөөд байсан. Гэтэл ******* гэж бодигаль хүн гэж үзэж байгаа үгүй нь ч мэдэхэд хэцүү болоод байна. Учир нь: Надыг Годил Гэндэн овогтой Базарын ******* гэдэг регистрийн дугаар нь РЮ52041003 гэсэн регистрийн дугаартай. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг гэж бичээд байхад Сөнөд Доной овогтой Базарын ******* РД нь КМ:74051011 Даланзадгадын 2-р баг гэж шүүхийн шийдвэрт бичсэн байх юм. Эндээс үзэхэд ер нь миний энэ нэхэмжлэлд яаж ямар өнцгөөс хандсан нь илт байгаа тул би давж заалдах бүрэн үндэстэй гэж бодож байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчснөөс гадна маргааныг зохицуулсан хууль хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзлээ.

Бичмэл нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасны дагуу шүүхэд эх хувиараа ирсэн байх, хэрэв эхийг нь өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар нь хэрэгт цугларсан байх төдийгүй шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тохиолдолд тэдгээр нотлох баримт нь мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасны дагуу шүүхийн  шийдвэрийн үндэслэл болох ёстой.

Гэтэл шүүхийн шийдвэр нь хэргийн 149, 152-162 талуудад авагдсан баримтыг үндэслэл болгон гарсан боловч тухайн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т зааснаар шүүх хуралдаанаар шинжлэн судласан байдал шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй байх тул шүүхийн шийдвэрийг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-д заасан шаардлагын дагуу гараагүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулах төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд гэдэгт мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасан хэргийн оролцогч хамаарах боломжгүй байхад хэргийн 227-234 дүгээр хуудсанд шүүх хариуцагчаар оролцож буй Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын Тамгын газрын өөрийнх нь “хуулбар үнэн” тэмдэг дарж баталгаажуулсан бичмэл нотлох баримтууд авагдсан байна. Тухайн нотлох баримтууд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон эсэх нь шийдвэрийн агуулгаас тодорхойгүй боловч хэргийн нөхцөл байдлыг нотлох, үгүйсгэж буй үндэслэлийн талаар шүүхээс ямар нэгэн үнэлэлт өгөөгүй байгааг хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзнэ.

Шүүхийн шийдвэрийнхээ тогтоох хэсэгт эрх зүйн маргааныг шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл, хэсгийг бичээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасантай нийцээгүй байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ хариуцагчаар Засаг даргын тамгын газрыг сонгосон. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлд зааснаар аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын ажлын алба нь Тамгын газар боловч Засаг дарга, Тамгын газар хоёр нь эрх зүйн өөр чадвартай, бие даасан хоёр этгээд байтал Сумын Засаг даргын тамгын газарт тухайлбал, мөн хуулиар хүлээсэн чиг үүрэгтэй холбоотой болон Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан төсвийн шууд захирагчийнх хувьд гаргасан нэхэмжлэлтэй хэрэгт Засаг дарга хариуцагчийн төлөөлөгчийг томилж хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулжээ. /хэргийн 226 дугаар хуудас/

Шүүгчийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 287 дугаар захирамжаар нэхэмжлэгч “******* дэм” ХХК-ий нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байх боловч шүүхийн шийдвэрийн удиртгал, үндэслэх, тогтоох хэсгээс иргэн Б.*******гийн нэхэмжлэлтэй хэргийг хэлэлцэж шийдвэрлэсэн байдал бичигдсэн байгаа нь шүүхээс иргэний хэрэг үүсгэгдээгүй асуудлаар шийдвэр гаргаж байна гэж үзэх үндэслэл болж улмаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаарзүйлд заасан хэргийн талаар шийдвэр гаргах зохицуулалтыг зөрчсөн гэх дүгнэлтэд хүргэж байна.

Дээрх хэрэг хянан шийдвэрлэх журам зөрчсөн зөрчил нь шүүхээс хэргийн оролцогчийн шүүхийн өмнө эрх тэгш байх, мэтгэлцэх зарчмуудыг хэрэгжих боломжийг оролцогчдод олгоогүй гэж үзэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байх тул давж заалдах шатны шүүх нь мөн хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянах эрх хэмжээний хүрээнд мөн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 203/ШЗ2016/00036 тоот шүүгчийн захирамжаар 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 127 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн. /хэргийн 164 дүгээр тал/ Хэргийг дахин шийдвэрлээд гарсан анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаар шийдвэрийг эс зөвшөөрсөн давж заалдах гомдолдоо улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлж өгөх хүсэлт дахин гаргасныг шүүх шийдвэрлээгүй байна. /хэргийн 245 дугаар тал / Нэхэмжлэлийг болон өмнөх гомдлыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн шийдвэрүүд нь дараагийн давж заалдах гомдлыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.6, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн гэж үзэх үндэслэл болохгүй тул нэхэмжлэгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Гэвч уг хэрэг, маргаан шүүхэд шийдвэрлэгдэх гэж удсан, улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх хүсэлтийн үндэслэл өөрчлөгдөөгүй байгааг харгалзан хэргийг давж заалдах журмаар хянав.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж байгаа тул хэргийн нөхцөл байдал, үйл баримтын талаарх давж заалдах гомдлын үндэслэлд дүгнэлт хийгээгүй болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167,1, 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд нь буцаасугай.

 2. Нэхэмжлэгч нь давж заалдах гомдолд улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 3. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

                               

 

 

                             ДАРГАЛАГЧ                                       Т.БЯМБАЖАВ

                                 ШҮҮГЧИД                                       Ц.ОТГОНЦЭЦЭГ    

                                                                                         Н.НАСАНЖАРГАЛ