Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2015/0482

 

Д.Э*******гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчД.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н*******, Б.Ө******* нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 459 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Д.Э*******гийннэхэмжлэлтэй, Б*******т холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Э******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Д.Э******* би цагдаагийн байгууллагад 24 жил 7 сар буюу /295 сар/ажиллаад 2012 оны 01 дүгээр сарын 10-нд цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон юм. Би энгийн иргэний байгууллагад 1982 оны 07 дугаар сарын 24-нөөс 1984 оны 5 дугаар сарын 25-ны хооронд 1 жил 10 сар буюу /22 сар/, цагдаагийн байгууллагын орон тоо, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр цэргийн албан хаагчаас энгийн орон тоонд 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 3 жил буюу /36 сар/, нийлээд 4 жил 10 сар буюу 2 жил 5 сар, цэргийн албанд ажилласан 7 сарыг нэмээд бүтэн 3 жил болж байгаа тул цэргийн байгууллагад ажиллан шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцож, цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоосон хэмжээг өөрчилж өгөхийг хүссэн өргөдлийг гаргасан юм.

Үүгээр 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 6/879 тоот хариугаар: та 55 нас хүрсэн үедээ Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д зааснаар цэргийн байгууллагад ажилласан 1 жилийг энгийн байгууллагад 1 жил 6 сар ажилласнаар нэмэгдүүлэн тооцуулж, нийт ажилласан хугацаагаараа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжтой юм гэжээ. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т заасны дагуу тухайн иргэнд өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно гэж туйлын тодорхой зааж өгсөн бөгөөд энэ заалтыг биелүүлж өгөх тухай өргөдөл гаргасан, түүнээс уг хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалтын талаар огт яригдаагүй, тэгээд энэ 2 заалт хоёр өөр ойлголттой гэж үзэж байна.

Мөн Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсгийг буруу тайлбарлаж байгаа гэж үзэх үндэслэлтэй бөгөөд энэ нь Монгол хэлний өгүүлбэр зүйн утгаараа энгийн нийлмэл өгүүлбэрийн бүтэцтэй байгаа бөгөөд утга санааны хувьд өгүүлбэрийн энгийн хэсэгт Цэргийн албан хаагчийн иргэний байгууллагад ажилласан 1 жилийг 6 сар цэргийн байгууллагад ажиллан шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцож гэж тодорхой хугацааг шилжүүлэн тооцох тухай дурдсан байна. Харин өгүүлбэрийн 2 дахь хэсэгт Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу тухайн иргэнд өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно гэж өгүүлбэрийн эхний хэсэгт заасан утгыг өөр хуулийн заалтаар зохицуулж болох тухай дурджээ.

Иймд миний улсад хөдөлмөрлөж, нийгмийн даатгалын шимтгэлээ төлж байсан 4 жил 10 сар буюу 2 жил 5 сарыг тэтгэврийн хугацаанд огт оруулж тооцохгүй өнөөдрийг хүртэл хохироож байгаа тул Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт заасны дагуу уг хугацааг цэргийн байгууллагад ажилласан хугацаанд тооцож, цэргийн тэтгэврийн хэмжээг өөрчлөн бодох шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Д.Э******* 1984-1988 онд ажилласан хугацаа 4 жил 1 сар 6 өдөр, 1991-2012 онд ажилласан хугацаа 20 жил 6 сар 10 өдөр, нийт 24 жил 7 сар 16 өдөр цагдаагийн байгууллагад ажилласан. 2007-2011 оны нийт 60 сарын цалингаа сонгон 2012 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон. 2007-2011 оны 60 сарын цалингийн дундаж 80 хувь 560865 төгрөг /20 жилд/, 4 жилийг 1.5 хувиар тооцон 6 хувь 42064 төгрөг, 7 сарыг 0,125 хувиар тооцон нийт 0.875 хувь 6134 төгрөг нийт 609063 төгрөгийн тэтгэврийг Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу тогтоолгосон. 2012 онд тогтоолгосон тэтгэвэр нь Засгийн газрын 15, 153, 52 дугаар тогтоолуудаар удаа дараа нэмэгдэж 691449 төгрөг болсон бөгөөд сар бүр тэтгэвэр олгогдож байна.

Нэхэмжлэгчийн хувьд ц

эргийн байгууллагад ажиллахаас өмнө энгийн байгууллагад 1 жил 10 сар ажилласан гэж байна. Цэргийн байгууллагад ажиллаж байх явцдаа бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр энгийн байгууллагад шилжиж цолгүй ажилласан байдаг.

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т Цэргийн алба хаасан 1 жилийг иргэний байгууллагад ажилласан жил рүү шилжүүлэх юм бол 1 жил 6 сар нэмэгдүүлэн энгийн байгууллагад шимтгэл төлсөн хугацаанд оруулж Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу энгийн бүрэн тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг тавина гэж ойлгож болно. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх заалт нь Цэргийн албан хаагчийн иргэний байгууллагад ажилласан 1 жилийг нэхэмжлэгчийн хүсэлтээр энгийн байгууллагад ажилласан 4 жил 10 сарыг цэргийн байгууллагад ажилласан жилд шилжүүлж тооцуулан цэргийн байгууллагад ажилласан 1 жилийг 6 сар болгон ухрааж тооцуулаад 2 жил 5 сарыг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нийцүүлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгоно гэсэн заалт юм.

Энгийн тэтгэвэр тогтоогдчихоод Цэргийн албан хаагчийн 4 жил 10 сар буюу 2 жил 5 сарыг энгийн байгууллагад ажилласнаар багасгаж, цэргийн бүрэн тэтгэвэр тогтоолгож оруулах зохицуулалт биш юм. Цэргийн албан хаагчийн иргэний байгууллагад ажилласан 1 жилийг 6 сар цэргийн байгууллагад ажилласан шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцож Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно гэсэн заалт юм. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох эрх үүслээ гэж бодоход нэхэмжлэгч өнөөдөр 53 настай 55 нас хүрсэн үед энэ хуулийн заалт үйлчилнэ.

Тэгэхээр цэргийн бүрэн тэтгэвэрт 2 жил 5 сарын тэтгэврийг нэмэгдүүлэн тооцох заалт байхгүй мөн боломжгүй. Учир нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу тэтгэврийг тооцох болохоос биш цэргийн албан хаагчийн бүрэн тэтгэвэрт нь оруулж цэргийн албан хаагчийн бүрэн тэтгэврийг нэмэгдүүлэн тооцно гэсэн заалт биш юм. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д зааснаар энэ хуулийн 2, 3, 4 дэх хэсэгт заасан тохиолдолд цэргийн тэтгэвэр авагчийн цалин, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг Нийгмийн даатгалын санд төлөх журмыг Засгийн газар тогтооно гэж заасан байдаг. 2010 оны Засгийн газрын 9 дүгээр тогтоолын 4 дэх заалтад шимтгэлийн зөрүүг Нийгмийн даатгалын сангаас төлнө гэж нэхэмжлэгч тайлбарлаж байна.

Үүнийг тодорхой тайлбарлаагүй байна гэж үзэж байна. Засгийн газрын тогтоолын агуулга нь хэрвээ цэргийн албанд ажилласан жилийг энгийн байгууллагад ажилласан жилд оруулан тооцуулаад Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх заалтад хамааруулах юм бол цэргийн албан хаагч нь эрт тэтгэвэр тогтоолгодог. Яагаад вэ гэхээр нас залуу үедээ тэтгэвэрт гарч тэтгэвэр тогтоолгосон байдаг.

Нас залуугаар тэтгэвэрт гарсны дараа энгийн байгууллагад өндөр цалингаас шимтгэл төлсөн байдаг учраас энэ заалт гарсан байдаг болов уу гэж үзэж байна. Гэхдээ энэ заалт хэрэгжихэд хэцүү яагаад гэхээр энгийн тэтгэвэр тогтоолгоно, цэргийн албан хаагчийн тэтгэвэр бага байна гэх ойлголтоор энгийн тэтгэвэр тогтоолгохыг хүссэн агуулгын заалт юм. Засгийн газрын энэ тогтоолоор шимтгэлийн зөрүү гарч байна гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 459 дүгээр шийдвэрээр: Нэхэмжлэгч Д.Э*******гийн 1982-1984,1988-1991 онуудад энгийн байгууллагад ажиллан 4 жил 10 сар шимтгэл төлсөн хугацааг цэргийн байгууллагад ажилласан жилд шилжүүлэн тооцуулж тэтгэврээ нэмэгдүүлэхээр гаргасан хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхийг Б*******т даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өнөрбаян давж заалдах гомдолдоо: Шүүгч Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх заалтын " ... нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу тухайн иргэнд өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно." гэдэг заалтыг буруу ойлгож Д.Э*******гийн тогтоолгосон цэргийн бүрэн тэтгэвэр дээр энгийнээр ажилласан 2 жил 5 сарыг нэмж тооцож болно гэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Уг заалтын агуулга нь энгийн байгууллагад ажилласан нэг жилийн хугацаагаа цэргийн байгууллагад зургаан сараар ажилласанд тооцуулж Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар биш, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар өндөр насны тэтгэвэр тогтоолгохыг хүссэн иргэнд хамааралтай заалт юм.

Нийгмийн даатгалын байгууллага цэргийн бүрэн тэтгэвэр тогтоолгосон Д.Э*******гийн хүсэлтийг хангавал Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийг зөрчихөд хүрэх юм.

Цэргийн албан хаагч нь Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан нөхцөл, болзлыг хангаж цэргийн бүрэн буюу хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгосноос хойш энгийн байгууллагад нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан бол хуулийн 9 дүгээр зүйлийн 4-д "Цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон боловч 12 сараас доошгүй хугацаанд ажил, хөдөлмөр эрхэлж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тэтгэвэр авагч хүсэлтээ гаргасан тохиолдолд тэтгэврийн хэмжээг анхны тэтгэвэр тогтоолгосон дундаж цалингаас бодож энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан хувиар өөрчлөн тогтооно." гэсэн заалтаар тэтгэврээ өөрчлүүлэн тогтоолгох эрхтэй.

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлээр иргэний болон цэргийн албан хаагчийн тогтоолгосон тэтгэврээ өөрчлүүлэх хүсэлтийг хэрхэн зохицуулах талаар тусгасан. Үүнд:

2. Авч байгаа тэтгэврийг нь тогтооход баримталсан хөдөлмөрийн хөлсний хэмжээг дүйцүүлэн тооцох итгэлцүүрийг Засгийн газраас шинэчлэн тогтоосонтой холбогдуулан хөдөлмөрийн хөлсний хэмжээ өөрчлөгдөх үндэслэлтэй болсон нь тогтоогдож тэтгэвэр авагч хүсэлтээ гаргасан бол зөвхөн нэг удаа гэж заасан байна.

Нийгмийн даатгалын байгууллага Д.Э*******гийн цэргийн байгууллагад 24 жил, 7 сар ажилласан хугацаагаараа 2012 оны 01 дүгээр сарын 10-нд тогтоолгосон цэргийн бүрэн тэтгэвэр дээр цэргийн байгууллагад ажиллахаасаа өмнө болон цэргийн байгууллагад ажиллах хугацаандаа дунд нь энгийнээр ажилласан нийт 4 жил 10 сарын хугацааг Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4-д "Цэргийн албан хаагчийн иргэний байгууллагад ажилласаи нэг жилийг 6 сар цэргийн байгууллагад ажиллан шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцож Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу тухайн иргэнд өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно." гэсэн заалтын дагуу 2 жил 5 сар цэргийн байгууллагад ажилласнаар тооцож тэтгэврийг нэмэгдүүлэх боломжгүй.

Иймд Нийгмийн даатгалын байгууллага хэрхэн хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалтгүй гаргасан Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 эны 08 дугаар сарын 10-ны өдрийн 459 тоот шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байгаа тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь заалтын дагуу шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2012 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэгч Д.Э*******д цэргийн албан хаагчийн бүрэн тэтгэвэр тогтоохдоо 1984-1988 онд ажилласан хугацаа 4 жил 1 сар 6 өдөр, 1991-2012 онд ажилласан хугацаа 20 жил 6 сар 10 өдөр нийт 24 жил 7 сар 16 өдөр цагдаагийн байгууллагад ажилласан хугацааг үндэслэжээ.

Харин нэхэмжлэгчээс 1982-1984, 1988-1991 онуудад нийт 4 жил 10 сарын хугацаанд иргэний байгууллагад ажилласныг цэргийн байгууллагад ажилласан хугацаанд шилжүүлэн тооцож тэтгэвэрээ нэмэгдүүлэх талаарх хүсэлтийг хариуцагчаас Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 55 нас хүрсний дараа нөхөн тооцуулж нэмэгдүүлэх боломжтой гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4 Цэргийн албан хаагчийн иргэний байгууллагад ажилласан нэг жилийг 6 сар цэргийн байгууллагад ажиллан шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцож Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу тухайн иргэнд өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно гэжээ.

Үүнээс үзэхэд дээрх хуулийн заалт нь тэтгэвэр тогтоолгогчийн иргэний байгууллагад ажилласан жилийг цэргийн байгууллагад ажилласан жил рүү шилжүүлэн тооцож тэтгэвэрээ тогтоолгох боломжийг заасан бөгөөд энэ эрхийнхээ дагуу нэхэмжлэгч хүсэлт гаргасан байхад хариуцагч нараас хуулийн заалтыг буруу тайлбарлаж нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн байна.

Иймээс нэхэмжлэгчийн 1982-1984,1988-1991 онуудад энгийн байгууллагад ажиллан 4 жил 10 сар шимтгэл төлсөн хугацааг 2 жил 5 сар цэргийн байгууллагад ажилласан жилд шилжүүлэн тооцож, тэтгэвэрийг нэмэгдүүлэхийг хариуцагч Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст даалгах үндэслэлтэй юм.

Харин анхан шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хуулийн заалт баримтлаагүй байх учир зохих өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахьхэсгийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 459 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Э*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Д.Э*******гийн 1982-1984,1988-1991 онуудад энгийн байгууллагад ажиллан 4 жил 10 сар шимтгэл төлсөн хугацааг 2 жил 5 сар цэргийн байгууллагад ажилласан жилд шилжүүлэн тооцож, тэтгэвэрийг нэмэгдүүлэхийг даалгасугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсгийг баримтлан давж заалдах шатны шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ Ц.ЦОГТ

ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН