Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2020/00693

 

“Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Алтанчимэг даргалж, Танхимын тэргүүн Х.Сонинбаяр, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШШ2019/00940 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1227 дугаар магадлалтай,

“Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Банк хадгаламж, зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Ж” ХХК,

Үл хөдлөх хөрөнгүүдийг хураан авахаар битүүмжилснийг хүчингүй болгож, битүүмжлэлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Танхимын тэргүүн Х.Сонинбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнгүүн, хариуцагч Банк хадгаламж, зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунбаяр, Б.Базарсад, нарийн бичгийн дарга Т.Болортуяа нар оролцов.

Нэхэмжлэгч “Ж” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 153/1 тоот тогтоолоор манай компанийн өмчлөл, эзэмшилд байдаг Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо, Сонсголон/18135/, Товчооны зам, ШТС-100 тоот үл хөдлөх хөрөнгө, Баянгол дүүрэг, 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс /16100/, Ажилчны гудамж, ШТС-58 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгө, Баянгол дүүрэг, 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс /16100/, Москвагийн гудамж, ШТС-20 тоот үл хөдлөх эд хөрөнгө, Баянгол дүүрэг, 4-р хороо, 2-р хороолол /16052/, Нарны зам, ШТС-37 тоот үл хөдлөх эд хөрөнгө, Баянгол дүүрэг, 11-р хороо, 4-р хороолол, Хувьсгалчдын зам гудамж, ШТС-1 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгө, Баянзүрх дүүрэг, 12-р хороо, Амгалан 13270, Цагдаагийн академийн өргөн чөлөө, ШТС-75 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгөнүүдийг ... Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1921 дугаар шийдвэрийн дагуу төлбөр төлөгч Ж ХХК-иас төлбөр авагч Э.Сүрэнд олгох ёстой 51.855.668.321 төгрөгийн төлбөрт ... хураан авахаар битүүмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон байна. Төлбөр төлөгч Ж ХХК нь манай компанитай хамаарал бүхий аж нэгж биш бөгөөд тус компанийн өр төлбөрийг манай компани хариуцах, мөн манай компанийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах хууль зүйн үндэслэл огт байхгүй. Дээр дурдсан тогтоолын дагуу битүүмжлэгдсэн үл хөдлөх хөрөнгүүд нь Ж ХХК-ийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэлтэй байгаа боловч тус компанийн өмчлөлийн хөрөнгө биш юм. Тодруулбал: 2013 онд Ж ХХК нь өөрийн үүсгэн байгуулсан Ж ХХК-ийн 100 хувийн хувьцаагаа иргэн Г.Дашнямд Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ-ний дагуу шилжүүлсэн. Иймд дээрх дурдсан үндэслэлийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2018 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн тогтоолоор дээрх үл хөдлөх хөрөнгөнүүдийг битүүмжилснийг ... хүчингүй болгож, битүүмжлэлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1073 дугаар магадлалаар төлбөр төлөгч Ж ХХК-иас зээлийн гэрээний төлбөрт тооцуулан тус компанийн нэр дээр байгаа эд хөрөнгүүдийг шилжүүлж, төлбөр авагч Олон улсын хамтын ажиллагааны банкинд олгохоор шийдвэрлэсэн. Уг төлбөрт шилжүүлэхээр шийдвэрлэгдсэн эд хөрөнгүүд дотор Ж ХХК-ийн нэр дээр байдаг боловч Ж ХХК-д өмчлөх эрх нь шилжиж ирсэн үндсэн нэхэмжлэлд заасан үл хөдлөх хөрөнгөнүүд хамаарч байна. Дээрх хөрөнгүүдийг нь Ж ХХК-ийн төлбөрт тооцуулан Олон улсын хамтын ажиллагааны банкинд олгохоор Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас битүүмжлэх хөрөнгийн жагсаалтад оруулж, төлбөр гаргуулах ажиллагааг хийж байгаа нь манай компанийн өмчлөх эрхээ хууль ёсоор хэрэгжүүлэхэд саад болж байгаа тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д заасан журмын дагуу нэхэмжлэлд заагдсан үл хөдлөх хөрөнгөнүүдийг битүүмжлэх хөрөнгийн жагсаалтаас хасуулахаар, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

Мөн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 3639 дугаар шийдвэр, Давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 29-ний өдрийн 1019 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 09 дугаар тогтоолоор төлбөр төлөгч Ж ХХК-иас 4.749.270.862 төгрөг гаргуулж, төлбөр авагч Хадгаламж банкинд олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба болон Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас явуулж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааны Ж ХХК-ийн өмчлөл, эзэмшилд байдаг Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 1200 м.кв талбайтай, Ү-1902001439 гэрчилгээний дугаартай шатахуун түгээх станцыг Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба даалгаврын дагуу Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 2-р баг, 21 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 15280011/03 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилсэн. Уг битүүмжлэгдсэн шатахуун түгээх станцыг Ж ХХК нь Ж ХХК-ийн өмчлөлд 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгийн бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн бөгөөд барьцааны гэрээний улмаас улсын бүртгэлд бүртгэгдэхгүй өнөөдрийг хүрсэн. Иймд эд хөрөнгө хураах тогтоолуудыг хүчингүй болгож, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 1200 м.кв талбайтай, шатахуун түгээх станцыг битүүмжлэлээс чөлөөлүүлэхээр тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.                                                  

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхэд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1921 дугаар шийдвэрээр Ж ХХК-иас 32.855.296.74 ам доллар буюу 51.596.943.659.3 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 258.142.668 төгрөгийн хамт гаргуулж, Э.Сүрэнд олгож, Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.1-д зааснаар хариуцагч Ж ХХК нь нэхэмжлэгч Э.Сүрэнд төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд банкны баталгааны гэрээний дагуу хариуцагч Төрийн банкнаас дээрх төлбөрийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Сүрэнд олгохоор шийдвэрлэгдсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2014 оны 2 дугаар сарын 04-ний өдөр үүсгэж, төлбөр төлөгч Ж ХХК болон 100 хувийн хувьцаа эзэмшигч Ш.Б-д шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацаатай мэдэгдлийг удаа дараа гардуулсан боловч төлбөрийг барагдуулаагүй. Иймд төлбөр төлөгчийн өмчлөлд хөрөнгө бүртгэлтэй эсэх холбогдох бүртгэлийн байгууллагаас авсан лавлагаагаар Ж ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй Ү-2205016935, Ү-2205017207, Ү-2205018225, Ү-2205019169, Ү 2204029547, Ү-2201009711 дугаар бүртгэлтэй шатахуун түгээх станцын зориулалттай үл хөдлөх хөрөнгө Олон Улсын хамтын ажиллагааны банкны үүргийн гүйцэтгэлд давхар барьцаалагдсан холбогдох байгууллагын лавлагаагаар тогтоогдсон тул Компаний тухай хуулийн 9 дүгээр зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 84 дүгээр зүйлийг тус тус үндэслэн хөрөнгөнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 153/1, 153/2, 153/3, 153/4, 153/5, 153/6 шатахуун түгээх станцыг тус тус битүүмжилсэн.

Мөн тус газарт 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1073 дугаар магадлалаар Ж ХХК-иас 17.932.743 евро буюу 42.045.183.593 төгрөгийг гаргуулж, Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банкинд олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичгийг хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байна. Иймд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхээр хуулийн дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үндэслэлгүйгээр хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Ж ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

Хариуцагч Банк хадгаламж, зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба шүүхэд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 3639 дугаартай шийдвэр, Давж заалдах шатны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1019 дугаар магадлалтай, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 09 дугаар тогтоолоор Ж ХХК-иас 4.749.270.896.02 төгрөг гаргуулж, Хадгаламж банкинд олгох, мөн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 10547/с дугаартай шүүгчийн захирамжаар Ж ХХК-иас 985.688.200 төгрөгийг гаргуулж шийдвэрлэжээ. Төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас явуулж буй ... Сүхбаатар дүүргийн иргэний анхан шатны шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1921 дугаар шийдвэрийг үндэслэн, төлбөр төлөгч Ж ХХК-иас төлбөр авагч Э.Сүрэнд олгох ёстой 51 855 668 321 төгрөгийн төлбөрийг гаргуулах ажиллагааны явцад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 151/1-ээс 151/7 хүртэлх шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор битүүмжлэгдсэн нэр бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг хэргийн материалаас судалж үзэхэд: Жийн 100 хувь хөрөнгө оруулалттай Ж ХХК-д бэлэглэлийн гэрээгээр 2013 оны 7 дугаар сарын 10-ны өдөр шилжүүлж, гэрээг нотриатаар батлуулан эзэмших эрхийн гэрчилгээг улсын бүртгэлийн газарт бүртгүүлж авах тухай гэрээнд тус бүрт нь заасан байна. Гэвч Ж ХХК нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-т Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн аль нь ч гаргах эрхтэй гэж заасан байхад Ж ХХК энэ үүргээ биелүүлээгүй байна.

Ж нь 2015 оны 12 дугаар сарын 15-нд Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банктай хууль ёсны хүчин төгөлдөр зээлийн хязгаартай 10К/08 гэрээг байгуулахдаа үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор эдгээр хөдлөх болон үл хөдлөх хөрөнгүүдээ барьцаалжээ. 2008 оны 12 дугаар сарын 13-нд Зээлдүүлэгч нь Иргэний хуулийн 281.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлж, эхний удаа 7.200.000 евро, 800.000 еврог нийт 17.932.743 еврог ЖХХК-д шилжүүлсэн байна. Ж зээлдэгч нь эргэн төлөлтийн үүргээ биелүүлээгүй. Ж зээлийн гэрээний үүргийн биелэлтээ хангах зорилгоор ЭЗХАОУ-ын банкинд барьцаалуулсан эд хөрөнгүүдээ Иргэний хуулийн 156-р зүйлд зааснаар улсын бүртгэлд бүртгүүлсэн нь одоо хүчинтэй байна. Давж заалдах шатны 10-р шүүх 2014 оны 11 дүгээр сарын 14-нд хэргийг хэлэлцээд зээлдүүлэгч, зээлдэгч хоёрын зээлийн төлбөрийг барьцаалагдсан үл хөдлөх хөргүүдээр тооцож зээлийг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Иймээс ЖХХК-ийн зээлийн төлбөрт тооцогдсон нэр бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаа болон битүүмжлэлээс чөлөөлөх үндэслэлгүй байна.

Ж ХХК-ийн захирал Ш.Б-д холбогдох эрүүгийн хэрэгт Э.Сүрэнгээс 51.855.668.321 төгрөгийн зээл авсан, түүнийгээ төлөх асуудалд Хадгаламж банкаар баталгаа гаргуулсан гэх асуудал нь хамт шалгагдаж, эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа тул иргэний хэрэгт тайлбар өгөх боломжгүй байна гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШШ2019/00940 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2, 44.2.8 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Улсын бүртгэлийн Ү-2201009711 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо, Сонсголон/18135/, Товчооны зам, ШТС-100 тоотод байрлах, үл хөдлөх хөрөнгө, Улсын бүртгэлийн Ү-2205016935 дугаартай, Баянгол дүүрэг, 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс/16100/, Ажилчны гудамж, ШТС-58 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгө, Улсын бүртгэлийн Ү-2205017207 дугаартай, Баянгол дүүрэг, 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс/16100/, Москвагийн гудамж, ШТС-20 тоот үл хөдлөх эд хөрөнгө, Улсын бүртгэлийн Ү-2205018225 дугаартай, Баянгол дүүрэг, 4-р хороо, 2-р хороолол/16052/, Нарны зам, ШТС-37 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгө, Улсын бүртгэлийн Ү-2205019169 дугаартай, Баянгол дүүрэг, 11-р хороо, 4-р хороолол, Хувьсгалчдын зам гудамж, ШТС-1 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгө, Улсын бүртгэлийн Ү-2204029547 дугаартай, Баянзүрх дүүрэг, 12-р хороо, Амгалан 13270, Цагдаагийн академийн өргөн чөлөө, ШТС-75 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийг, хариуцагч Банк хадгаламж, зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны Говьсүмбэр аймаг, Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 1200 м.кв талбайтай, Ү-1902001439 гэрчилгээний дугаартай шатахуун түгээх станцыг битүүмжилснийг хүчингүй болгож, битүүмжлэлээс чөлөөлүүлэх нэхэмжлэгч Ж ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Ж ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1227 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШШ2019/00940 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч Ж ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Тамир хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШШ2019/00940 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 1227 дугаартай магадлалыг эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас “...Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1921 дугаар шийдвэрийн дагуу төлбөр төлөгч “Ж”ХХК- иас төлбөр авагч Э.Сүрэнд олгох ёстой 51.855.668.321 төгрөгийн төлбөр...” -ийг гаргуулах зорилгоор битүүмжлэгдсэн “Ж” ХХК-ийн нэр дээрх дараах үл хөдлөх хөрөнгүүд нь:

Улсын эрхийн бүртгэлийн Ү-2205016935 дугаартай, Баянгол дүүрэг, 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс /16100/, Ажилчны гудамж, ШТС-58 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгө нь 2013 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгийн бэлэглэлийн гэрээгээр,

Баянзүрх дүүрэг, 12-р хороо, Амгалан 13270, Цагдаагийн академийн өргөн чөлөө, ШТС-75 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгө нь 2013 оны 06 дугаар сарын 06 сарын 19-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгийн бэлэглэлийн гэрээгээр,

Баянгол дүүрэг, 11-р хороо, 4-р хороолол, Хувьсгалчдын зам гудамж, ШТС-1 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгө нь үл хөдлөх эд хөрөнгө нь 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгийн бэлэглэлийн гэрээгээр,

Баянгол дүүрэг, 4-р хороо, 2-Р хороолол /16052/,Нарны зам, ШТС-37 тоот үл хөдлөх эд хөрөнгө нь 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгийн бэлэглэлийн гэрээгээр,

Баянгол дүүрэг, 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс/16100/, Москвагийн гудамж, ШТС-20 тоот үл хөдлөх эд хөрөнгө нь 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгийн бэлэглэлийн гэрээгээр,

Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо, Сонсголон /18135/, Товчооны зам, ШТС-100 тоот үл хөдлөх эд хөрөнгө нь 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгийн бэлэглэлийн гэрээгээр,

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 1200 м.кв талбайтай, Ү-1902001439 гэрчилгээний дугаартай шатахуун түгээх станцыг 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээгээр тус тус “Ж” ХХК-ийн өмчлөл, эзэмшилд шилжсэн.

Дээрх гэрээнүүд нь иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.3 дахь хэсэгт заасан ...Хуулиар тогтоосон хэлбэрээр гэрээ хийснээр өмчлөх эрх үүсдэг хөрөнгийн хувьд бэлэглэлийн гэрээг тухайн хэлбэрээр хийнэ...” гэж заасантай нийцсэн хүчин төгөлдөр гэрээ юм. Уг гэрээний дагуу нэхэмжлэгчийн зүгээс үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхээ баталгаажуулахаар гэрээнд заасан хугацааны дотор харьяалах эд хөрөнгийн улсын бүртгэлд хандсан боловч нэхэмжлэгчээс үл хамаарах шалтгаанаар бүртгэл хийж, өмчлөх эрхийн гэрчилгээг олгоогүй болно. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар албадан гүйцэтгүүлж байгаа Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1921 дугаартай шийдвэрийн хариуцагч буюу төлбөр төлөгч нь “Ж" ХХК бөгөөд “Ж” ХХК нь дээрх маргаанд хамааралгүйн дээр төлбөр авагчаас тусдаа, бие даасан  хуулийн этгээд юм. Иймд уг төлбөрийг барагдуулах зорилгоор өөр хуулийн этгээдийн эд хөрөнгийг битүүмжилсэн нь үндэслэлгүй болно.

Мөн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1921 дугаар шийдвэртэй холбоотойгоор хуурамч нотлох баримт бүрдүүлж, шийдвэр гаргуулсан гэх эрүүгийн хэрэг үүсэн шийдвэрлэгдэж байгаа байдалд шүүхээс дүгнэлт хийгээгүй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх байдлыг нотлох зорилгоор улсын бүртгэлийн байгууллагаас маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөх эрхийг шилжүүлэх бүртгэл хэрхэн хийгдэж байсан, ямар шалтгааны улмаас хийгдээгүй талаарх баримтыг тодруулах зорилгоор баримт гаргуулах хүсэлт гаргасан боловч хэрэгт ач холбогдол бүхий биш гэж үзэж нотлох баримтаар гаргаагүй болно. Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 11 дүгээр сарын 14-ны өдрийн 1073 дугаар магадлалаар төлбөр төлөгч “Ж” ХХК-иас зээлийн гэрээний төлбөрт тооцуулан тус компанийн нэр дээр байгаа эд хөрөнгүүдийг шилжүүлж, төлбөр авагч Олон улсын хамтын ажиллагааны банкинд олгохоор шийдвэрлэсэн. Уг төлбөрт шилжүүлэхээр шийдвэрлэгдсэн эд хөрөнгүүд дотор “Ж” ХХК-ийн нэр дээр байдаг боловч “Ж” ХХК-д өмчлөх эрх нь шилжиж ирсэн дээрх хөрөнгүүд багтсан байгаа бөгөөд уг хөрөнгийг төлбөрт тооцуулах хөрөнгийн жагсаалтаас хасуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ байдалд шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Шийдвэр гүйцэтгэх албанаас уг шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотойгоор ямар нэгэн битүүмжлэх хураах ажиллагаа явуулаагүй болно.

Иймд 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн дугаар 181/ШШ2019/00940 дугаартай шийдвэр, 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 1227 дугаартай магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

“Ж” ХХК-иас  хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Банк хадгаламж, зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албад холбогдуулан үл хөдлөх хөрөнгүүдийг хураан авахаар битүүмжилснийг хүчингүй болгож, битүүмжлэлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг, хариуцагч нар эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ. 

Түүнчлэн төлбөр төлөгч “Ж” ХХК хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож “... зээлийн төлбөрт тооцогдсон нэр бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаа болон битүүмжлэлээс чөлөөлөх үндэслэлгүй...” гэж “Ж” ХХК-ийн нэхэмжлэлийн  шаардлагыг үгүйсгэсэн тайлбар гаргасан нь шийдвэрт тусгагджээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “ ...битүүмжлэгдсэн 7 шатахуун түгээх станцыг 2013 онд бэлэглэлийн гэрээгээр авсан, нэхэмжлэгчээс үл хамаарах шалтгаанаар бүртгэл хийж, өмчлөх эрхийн гэрчилгээг олгоогүй, “Ж” ХХК нь дээрх маргаанд хамааралгүй байхад төлбөрийг барагдуулах зорилгоор манай эд хөрөнгийг битүүмжилсэн энэ байдлыг нотлох зорилгоор улсын бүртгэлийн байгууллагаас ямар шалтгааны улмаас бүртгэл хийгдээгүй талаарх баримтыг тодруулах хүсэлт шүүхэд гаргасан боловч хэрэгт ач холбогдол бүхий биш гэж үзсэн буруу, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1921 дугаар шийдвэртэй холбоотойгоор хуурамч нотлох баримт бүрдүүлж, шийдвэр гаргуулсан гэх эрүүгийн хэрэг үүсэн шийдвэрлэгдэж байгаад шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй…” гэх агуулгыг зааж шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна.

“Ж” ХХК-иас Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1921 дугаар шийдвэрээр  51.596.943.659.3 төгрөг гаргуулах, мөн Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1073 дугаар магадлалаар эвлэрлийг баталсан  42.045.183.593 төгрөгийн төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 3639 дугаар шийдвэрээр 4.749.270.896.02 төгрөг гаргуулах гүйцэтгэлийн ажиллагааг  Банк хадгаламж, зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба  тус тус хариуцан явуулж байгаа, ажиллагааны явцад шийдвэр, магадлалд нэрлэн заагдсан Улаанбаатар хотод байршилтай 6 шатахуун түгээх станц болон Говьсүмбэр аймаг, Сүмбэр сумын нутаг дэвсгэрт байрлах шатахуун түгээх станцыг битүүмжилж, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны 153/1, 153/2, 153/3, 153/4, 153/5, 153/6 тоот тогтоол үйлдсэн нь талуудын тайлбар хэргийн баримтаар тогтоогджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25  дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг, үгүйсгэх, татгалзах үндэслэл , тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх  үүрэгтэй бөгөөд,  шүүх  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын  гаргаж хэрэгт цугларсан баримтыг үндэслэн маргааныг шийдвэрлэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчимд нийцнэ.

Төлбөрт битүүмжлэгдэж буй хөрөнгийн өмчлөгч болохыг нэхэмжлэгч баримтаар  нотолж хуулийн дээрх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “Ж” ХХК  битүүмжлэгдсэн  эдгээр хөрөнгийг худалдах, худалдан авах, бэлэглэлийн гэрээний үндсэн дээр шилжүүлж авсан өмчлөгч,  төлбөр төлөгч  нь манай компанитай хамаарал бүхий аж ахуйн нэгж биш манай компанийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах хууль зүйн үндэслэлгүй гэж тайлбарлан хууль ёсны өмчлөгчийн эрх зөрчигдсөн гэж байгаа хэдий ч нэхэмжлэлийн  шаардлага үндэслэлээ баримтаар нотлоогүй байх ба эдгээр хөрөнгүүд төлбөр төлөгч “Ж” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байгааг үгүйсгэсэн баримтгүй байна.

Иймд талуудаас гаргаж, хэрэгт цугларсан баримтын хүрээнд шүүх шийдвэрээ гаргахдаа, шийдвэр  гүйцэтгэх байгууллагын эд хөрөнгө битүүмжилсэн ажиллагааг бусдын өмчлөх эрхт халдаж хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40   дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримт үнэлэх хуулиар тогтоосон журамд нийцжээ. Шүүх зохигчийн маргаанд хэрэглэвэл зохих Шүүхийн шийдвэр  гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.8, 49 дүгээр зүйлийн 49.3, Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Улсын бүртгэлийн байгууллага өмчлөгчөөр бүртгээгүй шалтгааныг шүүхээр тодруулах тухай хүсэлт гаргасныг анхан шатны шүүх ач холбогдолтой биш гэж үзээд хангаагүй гэх гомдол нь хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийг маргаан бүхий хөрөнгийн өмчлөгчөөр бүртгээгүй асуудал нь энэ маргаанд хамааралгүй тул шүүх тэр талаар  баримт бүрдүүлэх учиргүй. Иймээс Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШЗ2019/04818 дугаар шүүгчийн захирамжаар “Ж” ХХК-ийг нэхэмжлэлд дурдсан хөрөнгийг улсын бүртгэлийн байгууллага өмчлөгчөөр бүртгээгүй шалтгааныг тодруулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасныг зөрчсөн гэж үзэхгүй. /3хх-144-146/

Түүнчлэн төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндэс болсон шүүхийн шийдвэрийг хуурамч баримт бүрдүүлж гаргуулсан гэж эрүүгийн хэрэг  шийдвэрлэгдэж байгаад шүүхээс  дүгнэлт хийгээгүй гэх гомдол мөн хангагдах үндэслэлгүй байгаа ба шийдвэр гүйцэтгэх газарт  хэд хэдэн шийдвэрийг биелүүлэх  ажиллагаа хийгдэж байгаагаас гадна, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1921 дугаар шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр байна.

Хоёр шатны шүүх хариуцагч  байгууллагуудын явуулж буй гүйцэтгэлийн ажиллагааг,  гомдол гаргасан хүрээнд буюу нэхэмжлэгч нь тухайн битүүмжлэгдсэн хөрөнгийг өмчлөх  эрхтэй  эсэх, энэхүү эрх нь зөрчигдсөн эсэх  асуудалтай холбогдуулан дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дүгээр зүйлийн 122.4-д заасан “энэ хуулийн 55.7, 122.1-д заасны дагуу гаргасан гомдлыг хянан хэлэлцэх хүрээ нь тухайн гомдол гаргасан асуудлаар хязгаарлагдах бөгөөд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндэслэл болох энэ хуулийн 6.2-т заасан шийдвэрийн агуулгад хамаарахгүй”  гэсэнтэй  нийцжээ.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, харин хоёр шатны шүүх  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ маргааныг зохицуулсан хуулийг оновчтой сонгон хэрэглээгүй тул шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1227 дугаар магадлалын  тогтоох хэсгийн 1 дэх заалт,  Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШШ2019/00940 дүгээр шийдвэрийн  тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2, 44.2.8 дахь заалтад ...” гэснийг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 122 дугаар зүйлийн 122.1-д ...” гэж өөрчлөн шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.АЛТАНЧИМЭГ

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР