Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 2017/ШЦТ/144

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

нарийн бичгийн дарга Д.Одончимэг, улсын яллагч Ц.Гэрэлбаатар, шүүгдэгч Д.Э******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д******* Э*******ад холбогдох эрүүгийн 1715001510052 дугаартай, 132/2017/0139/Э индекстэй хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Архангай аймгийн Хашаат суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Булган аймгийн Рашаант сумын * дугаар багийн **-** тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, Х******* овогт Д******* Э*******

Холбогдсон хэргийн талаар: Д.Э******* нь /яллах дүгнэлтээр/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Булган аймгийн Рашаант сумын нутаг дэвсгэрт тус сумын замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Б.М******* албан үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Э******* өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв нэмж ярих зүйлгүй гэв. 1715001510052 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлтийн шатанд: Хохирогч Б.Мягмарсүрэн өгсөн: 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 00 цаг 20 минутын үед байх дээр замын шалгалт хийж байсан.

Тэгээд Рашаант сумын гэр хороолол болон байшин хороолол, зам дагуух цайны газраар эргүүлийн үүрэг гүйцэтгээд явж байхад Соната-5 маркийн **-** УНС улсын дугаартай автомашин, Сивик маркийн автомашин нь зэрэгцээд зогссож байсан. Тэгэхээр нь би Соната-5 маркийн **-** УНС улсын дугаартай машин дээр очоод амрыг эрье бичиг баримтаа шалгуулна уу гэж шаардлага тавихад, миний өмнөөс бичиг баримт байхгүй гэсэн.

Харин хажуу талаас нь Рашаант сумын иргэн Э******* гэх зүс таних залуу миний машин байгаа юм пизда чинь яах гээд байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгснээ намайг гараараа түлхэж, тээврийн хэрэгслийг шалгах ажилд саад учруулсан үйлдэл хийсэн. Тэгэхээр нь би буцаагаад цаашаагаа байж бай түлхэхэд газар унаад өгсөн.

Тэгсэн чинь газраас босож ирээд миний нүүрний зүүн хэсэг рүү шууд 4-5 удаа гараараа цохисон. Тэр үед намайг олон гар орж ирэхээр нь би дарагдаад газарт унасан. Босож ирээд албаны машин руугаа суух гэтэл жолоочийн хаалгыг дарчихаад байсан.

Тэгэхээр нь машин руугаа суугаад гар утсаа аваад Ганбаатар ахмадыг дуудсан. Тэр хооронд Э******* миний нүүр рүү 3 удаа хөлөөрөө өшиглөсөн. Ганбаатар ахмадыг яралтай хүрээд ир зодуулж байна гэж хэлэхэд 2 машин нь зугтаад яваад өгсөн. Тэгээд би Э*******ыг дагаад хамт явсан залуутай явган явж байхаар нь албаны машинтай дагаад явж байхад Э******* машины урд салхины шил рүү олон удаа гараа атгаж байгаад нүдэж цохисон.

Мөн цааш явж байгаад эргэж ирээд машины урд талын гупер, кобуд дээр гутлаараа дэвссэн. Тэгээд байж байхад Ганбаатар ахмад машинтай ирсэн. Тэгээд Э*******ыг Ганбаатар ахмадын хамт доош нь харуулж гавлахад ам руу нь шороо орсон. Удалгүй сумын цагдаа Болдбаатар ахлагч ирээд бид нар цагдаагийн тасаг руу Э*******ыг найзын хамт авч явсан.

Цагдаагийн тасагт ирээд Э*******ыг согтуурлын зэрэг шалгадаг Драйгер багажаар үлээлгэж согтуурлыг шалгасан. Хамт явсан Э.Энх-мэндийг шалгахад эрүүл байсан. Харин нөгөө хоёр нь согтуу гарч ирсэн. Тэгээд эдгээр хүмүүсийг хэсэг архийг нь гартал түр хүлээлгэж байгаад маргааш өглөө 09 цагт ир гэж хэлэн явуулсан гэх мэдүүлэг /хх11-13 хуудас/,

Гэрч Д.Болдбаатарын...цагдаагийн хэсэг дээр ирээд толгойн тус газарт цохиж зодсон гэж ярьж байсан... гэх мэдүүлэг / хх-17-18 хуудас/, Гэрч Ц.Сундуйн...хальт харахад Э******* нь Мягмарсүрэн цагдааг гар цээжин тус газарт нь цохиод байсан... гэх мэдүүлэг /хх-19-20 хуудас/, Гэрч Н.Жаргалсайханы...Мягмарсүрэн цагдаа, Э******* хоёр хоорондоо маргаад эхлэсэн. Тэгэхээр нь Алтансүх бид 2 машинаас бууж очоод юу болж байгааг харсан чинь Э******* нь Мягмарсүрэн цагдааг өшиглөөд цохиод байсан...гэх мэдүүлэг /хх-23-24 хуудас/, Гэрч Б.Ганбаатарын...Мягмарсүрэн цагдаа “намайг эдгээр хүмүүсийн бичиг баримтыг шалгах гэсэн чинь Э******* гэх залуу нь машины хажуу талаас шууд надтай зууралдаад цохиж зодсон. Тэгтэл хажууд нь байсан залуучууд салгалгүй харин надтай зууралдаад Э*******аар цохиулж зодуулсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-26-27 хуудас/, Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 26-ний өдрийн 299 дугаартай дүгнэлтэнд: Б.М*******ийн биед дээд уруулд шарх, зүүн шанаа, хүзүү цус хуралт, доод уруул цээжинд зулгаралт, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх29 хуудас/, Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-38 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-39 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг хянаж шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв

. Булган аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Э******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Д.Э******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Булган аймгийн Рашаант сумын нутаг дэвсгэрт тус сумын замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Б.М******* албан үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, гэмт хэргийн сэдэлт, шалтгаан, учирсан хор уршгийн талаар хохирогч, өөр хоорондоо зөрүүгүй өгсөн мэдүүлгүүд, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсаныг тогтоосон шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Д.Э******* холбогдсон хэргийн талаар гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байна.

Хохирогчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

Иймд шүүгдэгч Д.Э******* нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Д.Э*******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Мягмарсүрэн санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлжээ.

Шүүгдэгч Д.Э*******ад ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорыг арилгасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Э******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Х******* овогт Д******* Э*******ыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э*******ыг 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э******* нь 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгийн торгуулийн ялыг 6 /зургаа/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. .

5. Шүүгдэгч Д.Э******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН