| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 179/2017/0016/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/50 |
| Огноо | 2017-02-07 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 2017/ШЦТ/50
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн даргаар Б.Оюунбилэг
Улсын яллагч П.Итгэл
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мягмарсүрэн
Шүүгдэгч Б.С- нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.С-д холбогдох Эрүүгийн 201622000142 тоот хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Б.С
Шүүгдэгч Б.С- нь 2016 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод оршин суух Д.Ш-ийн байшинд хууль бусаар нэвтэрч 32 инчийн LCD телевизор хулгайлан 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.С- нь 2016 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод оршин суух Д.Ш-ийн байшинд хууль бусаар нэвтэрч 32 инчийн LCD телевизор хулгайлан 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Д.Ш-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016 оны 3 дугаар сарын 19-ний өдөр ажлаа тарчихаад оройны 18 цаг 30 минутын үед гэртээ харихад гэрийн маань хаалга цоожгүй байсан. Тэгэхээр нь гэрлүүгээ ороод харсан чинь хойморт байсан зурагт алга болсон байсан. Тэгэхээр нь цагдаад дуудлага өгч тэмдэглүүлсэн юм. Манай гэрээс алдагдсан зурагт нь Самсунг маркийн 32 инчийн хавтгай дэлгэцтэй, хар өнгөтэй зурагт байсан. Уг зурагтанд ямар нэгэн содон шинж тэмдэг гэх зүйл байхгүй, бараг шинээрээ байгаа зурагт байгаа. Уг зурагтыг 2013 оны өвөл Тэнхлэг плазагаас 600.000 төгрөгөөр лизингээр авч байсан. Одоо уг зурагтыг зах зээлийн ханшаар үнэлнэ. Манай гэрээс өөр ямар нэгэн эд зүйлс алдагдаагүй байсан гэх мэдүүлэг /ххийн 12-р тал/,
Гэрч Д.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Дулаанхаан дэлгүүр дээр очоод байж байхад миний төрсөн дүү Д.Ш- ирээд Д.Б- ах хаалга онгойлгоод өгөөч гэж байсан, тэгэхээр нь би очиж хашаагаа давж хаалга онгойлгож өгчихөөд гэрлүүгээ орох гээд очиход гэрийн хаалганы цоож эвдэрсэн онгорхой байдалтай байсан. Тэгэхээр нь дүүтэйгээ хамт гэр лүүгээ ороод харахад бор зурагтын тавиур дээр байсан зурагт маань алга болсон байсан. Тэгэхээр нь цагдаад дуудлага өгч тэмдэглүүлсэн. Цагдаад тэмдэглүүлснээс хойш манай төрлийн хүн болох Б.С- нь танай зурагтыг би гэртээ юм үзэхээр авчихсан байсан гээд буцаагаад авчирч өгсөн. Б.С-г зурагтыг маань ямар учраас авч явсан талаар мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 16-р тал/
Гэрч Э.Ш, Г.О нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 13-14, 18-19-р тал/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-4-р тал/,
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-р тал/,
Эд зүйлс үнэлсэн тайлан /хх-ийн 21-р тал/
Шүүгдэгч Б.С-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн өглөө 10 цагийн үед байхаа /яг цагийг нь сайн санахгүй байна./ Д.Б- ахын гэрлүү ороход Д.Б- ах хашаан дотроо ганцаараа байсан. Д.Б- ах нь Д.Ш- эгчийн төрсөн ах нь байгаа юм. Тэгээд Д.Б- ах бид 2 ярьж байгаад Дулаанхаан дэлгүүр орсон. Дэлгүүр дээр очиход О- ах, ¨ндоо ах нар байсан. Тэгээд тэд нартай ярьж байгаад бөөндөө 1 шил архи мөнгөө нийлүүлж авч уухаар болсон. Уг архийг Д.Б- ахын хашааны ард талд Уг архийг уугаад дууссаны дараа бүгдээрээ салаад явцгаасан, би тэндээсээ гэр лүүгээ харьсан. Тэгээд би гэртээ харьж байж байгаад үдээс хойш Д.Б- ахын гэрт очиход гэрт нь хүн байхгүй, хаалга нь цоожтой байсан. Тэгэхээр нь би хаалганы цоожийг гараараа татаж үзэхэд хаалга нь онгойчихсо, тэгэхээр нь дотогш явж ороод дотроос хойморт байсан 32 инчийн зурагтыг нь аваад буцаад гарсан. Тэндээс гарангуутаа гэрлүүгээ харьсан. Тэгээд зурагтыг нь гэртээ аваачаад зурагтаар телевиз үзсэн. Уг өдрийн маргааш зурагтыг нь Д.Б- ахын гэрт нь оруулж өгсөн. Намайг тэдний гэрт зурагтыг нь оруулж өгөхөд Д.Ш- эгч ганцаараа байсан. Тэгэхэд Д.Ш- эгч чи яагаад манай зурагтыг авчихсна юм бэ, би хулгай орсон гээд цагдаагийн газарт тэмдэглүүлчихсэн ш дээ гэж байсан, тэгэхээр нь би өчигдөр зурагтаар чинь юм үзсэн юм гэж хэлсэн. Тухайн үед ийм л зүйл болсон. /хх-ийн 56-57-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Б.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар орон байранд нэвтрэн орж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч Б.С- нь урьд ял шийтгэл эдлэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69-р тал/-р тогтоогдож байна.
Шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, хохирол төлбөрөө барагдуулсаныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн 201622000142 дугаартай хэрэгт хураагдан ирсэн бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь 3 хоног цагдан хоригдсон болохыг дурьдлаа.
Шүүгдэгч Б.С-д ял шийтгэл оногдуулахдаа Мөрөн сумын Элст багийн Засаг даргын тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын тодорхойлолт, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгчид эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр хуульд заасан хорих ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б.С-г орон байранд нэвтрэн орж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар Б.С-г эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Б.С-д оногдуулсан 2 /хоёр/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Б.С-д оногдуулсан 2 /хоёр/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ хугацаагаар хянан харгалзсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-д зааснаар Б.С-гийн цагдан хоригдсон 3 /гурав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар шүүгдэгч Б.С-гийн засрал хүмүүжилд хяналт тавихыг Цагдаагийн газарт даалгасугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгчдэгч нь хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь 3 хоног цагдан хоригдсон болохыг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С-д урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ