| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Надмидын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 177/2018/0198/э |
| Дугаар | 02 |
| Огноо | 2019-02-22 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 02
Х.М-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч М.Нямбаяр, Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Х.Энхтуул, шүүгдэгч Х.М-ын өмгөөлөгч Ө.Нарантуяа, нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нарыг оролцуулан
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 02 дугаар шийтгэх тогтоолтой, Х.М-д холбогдох эрүүгийн 1835003400215 дугаартай хэргийг шүүгдэгч Х.М-ын өмгөөлөгч Ө.Нарантуяагийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1991 оны 10 дүугаар сарын 15-ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, ам бүл-3, эхнэр, 1 хүүхдийн хамт Увс аймгийн Наранбулаг сумын 2-р багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар:ОЗ91101513, Х ургийн овогт Х-гийн М.
Шүүгдэгч Х.М нь 2018 оны 9 дүгээр сарын 9-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 10-нд шилжих шөнө тус аймгийн Наранбулаг сумын “Сэжүүр” гэх газраас хохирогч Х.С-гийн 5 тооны ямаа хулгайлж 256.000 төгрөгний, хохирогч Я.Зодовын 9 тооны ямаа хулгайлж 438.000 төгрөгний хохирол, бусдад нийт 694.000 төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хольдог ургийн овогт Хорлоогийн Мөнхжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М-д 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий
ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 02 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Мд 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн. Х.М нь урьд өмнө нь ял шийтгүүлж байгаагүй, түүний хувийн байдлын талаар гэрч З.У, Х.О, Х.Л нар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо мэдүүлдэг.
Шүүгдэгч Х.М нь Увс аймгийн Наранбулаг сумын Алдар багт эхнэр, хүүхдийн хамт оршин суудаг, анх удаа хөнгөн төрлийн гэмт хэрэгт холбогдож, холбогдсон хэргийнхээ талаар үнэн зөв мэдүүлэг өгч, гэм буруугаа шүүхийн шатанд ойлгож, гэмшиж, ухамсарласан, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлж арилгасан зэргийг харгалзан үзээд ялыг өөрчилж хөнгөрүүлэн тэнсэж өгнө үү” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтэндээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй тул уг шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Х.М-ын өмгөөлөгч Ө.Нарантуяагийн давж заалдсан гомдлыг үндэслэн Х.М-д холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Х.М-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Х.М нь 2018 оны 9 дүгээр сарын 9-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 10-нд шилжих шөнө тус аймгийн Наранбулаг сумын “Сэжүүр” гэх газраас хохирогч Х.С-гийн 5 тооны ямаа хулгайлж 256.000 төгрөгний, хохирогч Я.Зодовын 9 тооны ямаа хулгайлж 438.000 төгрөгний хохирол, нийт 694.000 төгрөгний хохирол учруулсан болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийжээ.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Х.М-ын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүний үйлдлийг зөв тогтоон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мал хулгайлах” гэмт хэрэг үйлдснээр зүйлчилж хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч Х.М-ын өмгөөлөгч Ө.Нарантуяагийн гаргасан “.. шүүгдэгч Х.М гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа мөн хувийн байдал, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлж арилгасан зэргийг харгалзан үзээд ялыг өөрчилж хөнгөрүүлэн тэнсэж өгнө үү” гэх гомдлын хувьд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “ Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж хуульчилжээ.
Анхан шатны шүүх Х.М-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулсан нь дээрхи хуулийн шаардлагад нийцсэн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон, хууль зүйн үндэслэлтэй байна.
Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчийн ял шийтгэлийг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Х.Мын өмгөөлөгч Ө.Нарантуяагийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 02 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.М-ын өмгөөлөгч Ө.Нарантуяагийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
Гомдол , эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ЖАМБАЛСҮРЭН
ШҮҮГЧИД М.НЯМБАЯР
Н.МӨНХЖАРГАЛ