Шүүх | Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дүгэрсүрэнгийн Алтанцэцэг |
Хэргийн индекс | 124/2019/0025/з |
Дугаар | 12 |
Огноо | 2020-09-18 |
Маргааны төрөл | Газар, |
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 12
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Э.Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Гуравдагч этгээд: ”У” ХК, Ч.П,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын Засаг даргад холбогдох,
Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2011 оны 01 сарын 21-ний өдрийн А/07 тоот захирамжийн хүнсний захын зориулалтаар “У” ХК-д олгосон газрын 2 контейнерын талбай бүхий газрын давхацсан хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Э.Ө” ХХК-ийн захирал Р.О, түүний өмгөөлөгч Т.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, гуравдагч этгээд “У” ХК-ийн захирал П.А /цахимаар/, Ч.П /цахимаар/, гуравдагч этгээд Ч.П-ийн өмгөөлөгч Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Э.Ө” ХХК-ийг төлөөлөн захирал Р.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:” “Миний бие нь ХБУГ-т 1982-1991 онуудад төлөвлөгөөт эдийн засгийн даргаар ажиллаж улмаар ХБУГ нь бөөний бараа бааз, хоршоодын холбоо болон задарч 2 байгууллага болсон билээ. Би тэгээд хэрэглэгчдийн хоршоодын холбоонд үлдэж эдийн засагч, ня-бо зэрэг ажлуудыг хийж байгаад 1994 оноос “Э.Ө” ХХК-ийн захирлаар ажиллаж байна. Газрын тухай хуулийн дагуу анх 1998 онд газрын албаныхан ирж хэмжилт хийж манай компанид 7103 мкв газрыг хүлээлгэн өгч гэрээ байгуулж гэрчилгээ олгож газрын нэгдсэн санд бүртгүүлж 15 жилийн хугацаатай гэрчилгээ олгосон газрын тойм зураг гаргаж өгсөн. 2006.05.16-нд Улаангом сумын газрын даамал Ж.Б, Б.О нар ирж дахин нарийвчилсан хэмжилт хийж уг газар 7465 мкв болсон ба гэрээ хийж нэг гэрчилгээ олгосон. Манай газар нь хүнсний захын баруун, зүүн 2 талд байрлаж байгаа бөгөөд кадастрын зургийг хийлгэх гэхэд 2 өөр газарт нэг гэрчилгээ хийх ёсгүй гэсэн учир миний бие сумын засаг даргад өргөдөл гаргаж уг газрыг 2 салгаж авсан ба хувьцаа эзэмшигч Э.С, Д.Ж нарт газрын хагасыг өгч үлдэх газартаа кадастрын зураг хийж авсан. Манай компанийн эзэмшлийн газарт Б, О, Янар контейнер байршуулан үйл ажиллагаа явуулдаг байснаа “Хүнсний захын байршил ашиглан контейнерыг урагшаа харуулж тавимаар байна. Та биднээс татварын авч болно” гэж хэлсэн учир би зөвшөөрсөн. Контейнерыг урагшаа харуулж тавьснаар “У” ХК-ийн газар дээр тавигдсан гэж ойлгогдож маргаан гарсан. Гэтэл “У” ХК-д ““Э.Ө” ХХК-ийн газраас давхардуулан олгосон байна. Иймд “Э.Ө” ХХК-ийн эзэмшлийн газраас “У” ХК-д давхардуулан олгосон Улаангом сумын Засаг даргын 2011 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн А/07 тоот захирамжийн “У” ХХК-д холбогдох хэсгээс 2 контейнерын байрлаж байгаа газрыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаснаа дэмжиж байна” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “1999 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр болон 2001 оны 2 дугаар сарын 09-ний өдрүүдэд “Э.Ө” ХХК болон “У” ХХК-д газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон байдаг. Увс аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2004 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 445 дугаартай шийдвэрээр “эрх зүйн актад үндэслэхгүйгээр газар эзэмших гэрчилгээ олгосон” гэж үзэж уг гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Улмаар иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийн анхны буюу 1995 болон 2001 оны газар эзэмших гэрчилгээнүүд нь шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон байдаг. Сүүлд буюу 2006 онд “Э.Ө” ХХК-ийн зүгээс Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын захирамжийн дагуу газар эзэмших гэрээ байгуулж гэрчилгээ авсан байдаг. Улаангом сумын Засаг дарган 2012 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн А/11 дугаартай захирамжийн дагуу газрын хэмжээг өөрчлөн 2464 м/кв болгон хувааж Газрын тухай хуульд зааснаар нэгж талбарын хувийн хэрэг үүсгэж, газар эзэмших эрхийн гэрээ байгуулж гэрчилгээ олгосон. “У” ХК-д Увс аймгийн Засаг даргын 2007 оны 7 дугаар сарын 11-ний өдөр 239 дугаар захирамжаар 15 жилийн хугацаатайгаар газар эзэмших гэрчилгээ олгосон байдаг. Газар эзэмших гэрээ шинэчлэн байгуулагдаагүй ба өмнө нь олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг сэргээж олгосон байдаг. Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2011 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн А/07 дугаартай захирамжаар “У” ХК-д газар эзэмших эрх олгосон. Гэтэл хэрэгт 0333491 дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээнд зориулагдаж иргэн Ч.П олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээ байна. “У” ХК-ийн зүгээс Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2011 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн А/07 дугаартай захирамжийн дагуу эзэмшиж авсан газраа Ч.П шилжүүлсэн байдаг ба ямар иргэний эрх зүйн гэрээ, бичиг баримтыг үндэслэн газрыг шилжүүлсэн нь тодорхойгүй байна. Иргэн Ч.П шилжүүлсэн гэр бүлийн хамтын хэрэгцээний газрын гэрчилгээ нь Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2011 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр А/07 дугаартай захирамжийг үндэслэл болгож шилжүүлсэн байдаг боловч сумын Засаг даргын уг захирамж нь иргэн Ч.П газар олгохоор шийдвэрлэсэн захирамж биш юм. Газар эзэмших эрхийг шилжүүлж байгаа тохиолдолд ямар нэгэн байдлаар худалдах худалдан авах гэрээ, бэлэглэлийн гэрээ байгуулагдаж байж газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулийн этгээдээс иргэний нэр дээр шилжүүлэх ёстой байдаг. Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2011 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр А/07 дугаартай захирамжийг үндэслэн “У” ХК-д газар эзэмших эрхийг олгохдоо Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар тухайн газар нь бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэгэн байдлаар давхцаж байгааг шалгасны үндсэн дээр газар эзэмших эрх олгох ёстой байсан. Гэтэл 2006 онд “Э.Ө” ХХК-д тухайн газрын газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож гэрээ байгуулсан атлаа 2011 онд “У” ХК-д газар эзэмшүүлэхдээ давхцуулан олгосон болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэлээр нотлогдож байна. “Э.Ө” ХХК-ийн 2464 м/кв газар болон “У” ХК-д Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2011 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн А/07 тоот захирамжаар давхцуулан олгосон газрыг хэмжиж үзвэл 19 м/кв газар давхацсан гэдэг нь тогтоогдсон. Иймд Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2011 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн А/07 тоот захирамжийн “У” ХК-д хүнсний захын зориулалтаар олгосон газраас “Э.Ө” ХХК-тай давхацсан хэсэг болох 19м.кв газрыг эзэмшүүлснийг хүчингүй болгож өгнө үү.
Иргэдээс төрийн байгууллагад гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт “Өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн, эсхүл энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан арга хэмжээ авсан тохиолдолд энэ тухай хариуг биечлэн амаар буюу харилцах утсаар, эсхүл бичгийн зэрэг тохиромжтой хэлбэрээр мэдэгдэнэ” гэж заасан байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс Увс аймгийн Засаг даргад урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгэхээр өргөдлөө гаргасан. Түүний дагуу Увс аймгийн Газрын алба руу цохолт хийсэн боловч хариуцсан мэргэжилтэн Б ажлаар Улаанбаатар хот руу явсан байсан тул хүлээгдэх шалтгаан болсон. Хүлээж ядаад Газрын албаны даргатай уулзтал Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийг хариуцсан газрын мэргэжилтнийг дуудаж уулзуулсан. Тухайн мэргэжилтэн А-ийн зүгээс та бүхэн энэ асуудлыг шүүхэд хандаж шийдвэрлүүлэх хэрэгтэй гэсэн хариу өгсөн учир би шүүхэд хандсан гэдэг зүйлийг нэхэмжлэгч хэлдэг. Иргэдээс төрийн байгууллагад гаргасан өргөдөл гомдлын хариуг заавал бичгээр өгнө гэсэн зүйл байхгүй. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх хэсэгт “дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол 30 хоногийн дотор тухайн шатны шүүхэд хандахаар зохицуулсан байдаг. Газрын албанаас шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүл гэж хэлсний дагуу 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэгчийн хувьд хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө нэхэмжлэл гаргасан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна “ гэв.
Хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Улаангом сумын Засаг даргын 2011 оны 01 дүгээр сарын 21-ны өдрийн А/07 тоот захирамжаар 12-р багийн нутагт Ч.П-д худалдаа үйлчилгээний зориулалтаар 26928 м/кв газрыг олгож 85....... нэгж талбарын дугаартай хувийн хэрэг үүсгэн улсын бүртгэлд бүртгэж олгосон боловч архивлагдаагүй.
Мөн сумын Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/11 тоот захирамжаар 12-р багийн нутагт "Э Ө" ХХК-д худалдаа үйлчилгээний зориулалтаар 2464 м/кв талбайг эзэмшүүлж 8516001702 нэгж талбарын дугаартай хувийн хэрэг үүсгэж нийт 22 хуудас материал архивласан.
Мөн 2015 онд Газрын кадастрын мэдээллийн сангийн "Лэнд менежер" программ хангамж нэвтэрсэн боловч тухайн нэгж талбарууд нь манай мэдээллийн санд ороогүй байгаа болно” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:” Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2011 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн А/07 тоот захирамж одоог хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.Манай байгууллагын даргатай Р.О ирж уулзаж байсан ба би тэр үед өргөдлийн хариуг албан ёсоор өгсөн зүйл байхгүй,тухайн үед даргын өрөөнд уулзахдаа шүүхэд хандах боломжтой талаар хэлсэн ” гэв.
Гуравдагч “У” ХК-ийн захирал П.А шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Увс” хүнсний захын одоо үйл ажиллагаа явуулж байгаа газар нь манай компанийн нэр дээр байдаггүй бөгөөд иргэн Ч.П-ийн нэр дээр гэрчилгээтэй байдаг. “У” ХК-ийг байлцуулахгүйгээр “Э.Ө” ХХК-д газар эзэмших гэрчилгээ олгосон нь учир дутагдалтай байна. Яагаад гэвэл талуудыг байлцуулахгүйгээр гэрчилгээ олгосон нь газрын маргаан үүсгэж байна “ гэв.
Гуравдагч этгээд Ч.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”. Миний хувьд нэхэмжлэгчийн Улаангом сумын засаг даргын 2011 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн А/07 тоот захирамжийн У ХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг огт дэмжихгүй байр суурьтай байна. Энэхүү маргаан бүхий газар нь Улаангом сумын засаг даргын 2006 оны 11 сарын 08-ны өдрийн 120 дугаартай Газар эзэмших эрхийг сунгахгүй болгох тухай захирамжаар 3-р багт “Э.Ө” ХХК-ийн эзэмшил 7456 м/кв-с гурилын захын 20м х 26м=520 м/кв-г хасаж, үлдэх 6936м/кв-г “Э.Ө” ХХК-д эзэмшүүлж газрын гэрчилгээг шинэчилж олгохыг даалгасан.
Улаангом сумын засаг даргын 2011 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн А/07 тоот захирамжаар У ХК-д биш иргэн Ч.П-д 12-р хорооны нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээний зориулалтаар 26928 м/кв газрыг олгож, 8516001359 нэгж талбарын дугаартай хувийн хэрэг үүсгэсэн талаар Улаангом сумын засаг даргын 2019 оны 12 сарын 11-ны өдрийн 121 тоот албан бичигт дурдсан байна.
Өнгөрсөн он жилүүдэд “Э.Ө” ХХК-ийн захирал О нь манай хүнсний захын үйл ажиллагаанд бүдүүлгээр халдаж, хэвийн ажиллагаанд саад учруулах, иргэн, байгууллагын нэр төр гутаах зэрэг үйлдэл удаа дараа гаргасан тул арга буюу цагдаагийн байгууллагад хандаж байсан. Бидний зүгээс түүнд аль болох хүлээцтэй хандаж, үл ойлголцол маргааныг эвийн журмаар зохицуулахыг хичээж ирсэн ч үр дүнд хүрсэнгүй.
Дээрх газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар нь ашиглаж, газрын төлбөрийг цаг хугацаанд төлж хуульд заасан бүх шаардлагыг хангаж ирсэн бөгөөд эзэмшил нь иргэн Ч.П миний нэр дээр байдаг. Аливаа нэгэн газар эзэмших гэрчилгээ өгөхдөө 2 талыг байлцуулж шийдвэр гаргах ёстой. 2007 онд газар эзэмших гэрчилгээ хүчингүй болгосноос хойш хууль бус үйл ажиллагаа явагдсан гэж үзэж байна. “У” ХК-ийн зөвшөөрөлгүйгээр “Э.Ө” ХХК-д газар хувааж өгсөнд гомдолтой байгаа. Энэ үйлдлээс болж буруу үйл ажиллагаа явагдсан.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг огт хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзаж өгнө үү ”гэв.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:” 1999 оноос өмч хувьчлал эхэлснээс хойш үйлдвэр аж ахуйн газрууд тарж тус тусдаа үйл ажиллагаа явуулж байсан. “Э.Ө” ХХК болон “У” ХК-ийн хооронд маргаан үүссэн учир дээрх маргааныг шүүхээр шийдвэрлүүлж, Увс аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2004 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 445 дугаартай шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн 22 дугаар магадлал гарсан. Уг шүүхийн шийдвэрээр “Э.Ө” ХХК болон “У” ХК-ийн эзэмшлийн газруудыг давхардуулан гэрчилгээ олгосон байх тул хүчингүй болгож дахин гэрчилгээ олгохоор үүрэг болгож шийдвэрлэсэн. Үүрэг болгосны дагуу газрын албанаас 2 талыг байлцуулж байгаад маргаан бүхий газар дээр хэмжилт хийж давхцалыг арилгасны дараа аж ахуйн нэгжүүдэд дахин гэрчилгээ олгох ёстой байсан. Гэтэл газрын албанаас “У” ХК-ийг оролцуулахгүйгээр “Э Ө” ХХК-д тухайн газраас олгож “Э.Ө” ХХК-д ашигтайгаар шийдсэн. Энэ асуудлаас болж “У” ХК-ийн зүгээс удаа дараа Мэргэжлийн хяналтын газар болон Увс аймгийн Улаангом сумын Засаг даргад удаа гомдол гаргаж байсан. Гомдлын дагуу эрх бүхий байгууллагаас 3 хүний бүрэлдэхүүнтэй баг очиж маргаан бүхий газар дээр тойм зураг гаргасан. Тойм зураг дээр гурилын захын объект ороод 8 объект болсон. Увс аймгийн тухай үеийн Засаг дарга М, Газар зохион байгуулагч Б, Б гэсэн хүмүүс тойм зураг хийж баталгаажуулсан байдаг. Улаангом сумын Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 120 тоот захирамжаар “Э.Ө” ХХК-ийн эзэмшлийн газраас гурилын захын 520 м/кв газрыг хасаж, дахин шинээр гэрчилгээ олгохоор шийдвэрлэсэн боловч биелэгдээгүй. Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын У ХК-д олгосон 2000 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 68 тоот захирамжид “Хүнс худалдааны зах, бусад газар, гурилын зах гээд нийт 775 м/кв газар эзэмшүүлэхээр шийдсэн. Тухайн үеийн сумын Засаг дарга нар маргааныг бүхэлд нь У ХК-ийн талд шийдвэрлэж байсан. шүүхийн шийдвэр гарсны дараа 2006 онд Газрын албанаас “Э.Ө” ХХК-д газар эзэмших гэрчилгээ өгөхдөө энэ бүхнийг харгалзаж үзэхгүйгээр шийдвэрлэсэн. “Э.Ө” ХХК-ийн захирлын шүүхэд гаргасан нэхэмжлэлд “Тухайн газар нь П.А нь миний газар та нар О-т татвар төлж болохгүй гэж хэлээд өөрөө татвар авдаг болсноос хойш би татвар авч чадахгүй байгаа бөгөөд би 2018 оны 11 дүгээр сараас хойш өөрийн эзэмшлийн газраас татвар авч чадахгүй. Өнөөдрийн хүртэл хохирогч байна” гэж дурдсан байсан. Нэхэмжлэгч О нь 2018 оны 11 дүгээр сараас маргаан бүхий газрыг давхцуулж гэрчилгээ олгосон талаар мэдэж байсан ба “уг газраас би татвар авч байхад П.А 2018 оноос татвар аваад” эхэлсэн гэж нэхэмжлэл дээрээ тодорхой дурдсан байна. Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу захиргааны шийдвэр нь иргэн аж ахуйн нэгжийн эрх ашгийг хөндсөн талаар мэдсэн эсвэл мэдэх боломжтой байснаас хойш 1 сарын дотор урьдчилсан гомдол гаргах ёстой. Газрын тухай хуульд мөн газрын маргаантай асуудалд урьдчилан гомдол гаргахаар заасан байгаа. Сумын Засаг даргын захирамжийг эс зөвшөөрсөн гомдлоо 2018 оны 11 дүгээр сараас хойш буюу 2018 оны 12 дугаар сард Увс аймгийн Засаг даргад гаргах ёстой байсан. Гэтэл нэхэмжлэгч анхны гомдлыг 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр сумын Засаг даргын захирамжтай холбогдуулан аймгийн Засаг даргад гомдол гаргасан. Өргөдөл гомдол хүлээн авч шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар гомдлыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шалган шийдвэрлэж хариу өгөх ёстой. 30 хоног өнгөрснөөс хойш хариу ирэхгүй байгаа тохиолдолд шүүхэд хандах эрх үүсдэг. 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл 30 хоног болж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш шүүхэд хандах 30 хоногийн хугацааг тоолох ёстой байдаг. Нэхэмжлэгчийн шүүхэд хандаж гомдол гаргах сүүлийн хугацаа 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр дуусгавар болж байна. Гэтэл хөөн хэлэлцэх хугацаа дуусаад 14 хоногийн дараа нэхэмжлэгч О шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь хэсэгт зааснаар “энэ хуулийн 14.1 дэх хэсгээс 14.4 дэх хэсэгт заасан хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой. Иймд уг маргааныг шүүхээр хэлэлцэх боломжгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Нэхэмжлэгч анхныхаа нэхэмжлэл дээр маргаан бүхий захирамжаас П.А-т холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэсэн байтлаа өөрчлөн “ “Э Ө” ХХК-ийн газраас давхцуулан газар олгосон Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2011 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн А/07 тоот захирамжийн “У” ХХК-д газар эзэмшүүлсэн хэсгийн буюу хавсралтын 27 дугаарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэсэн агуулгатай нэхэмжлэл гаргасан байна. Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2011 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн А/07 тоот захирамжид 27 дугаар хавсралт байхгүй. Гэтэл нэхэмжлэгч О шүүхэд гаргасан тайлбартаа “Би У ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох гэсэн зүйл байхгүй зөвхөн 2 контейнер байгаа хэсгийг хүчингүй болгуулах шаардлагатай байна” гэсэн агуулгатай тайлбар гаргасан. Гэтэл 2 контейнер байгаа хэсэг газрыг тусгайлан олгосон захиргааны акт байхгүй. Миний эрх ашгийг хөндөж байгаа үйл баримт нь “У” ХК-ийн газар бүхлээрээ биш зөвхөн 2 контейнер байгаа хэсэг газрыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж байгаа нь “У” ХК-ийн хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбартаа “У” ХК-ийн зүгээс ямар эрх зүйн актыг үндэслэн иргэн П-д газар шилжүүлсэн болох нь тодорхойгүй байна. Энэ нь хууль бус үйлдэл гэж үзэж байна гэсэн агуулгатай тайлбар гаргасан. Өнөөдрийн маргаан нь П-д газар шилжүүлсэн талаар маргаагүй учир хэрэгт холбогдолгүй зүйл ярьж байна. Иргэн П-д газар шилжүүлснээр “Э.Ө” ХХК-ийн хууль ёсны эрх ашиг хөндөгдөөгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна ” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхэд нэхэмжлэгч “Э.Ө” ХХК нь Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2011 оны 01 сарын 21-ний өдрийн А/07 тоот захирамжийн хүнсний захын зориулалтаар “У” ХК-д олгосон газрын 2 контейнерын талбай бүхий газрын давхацсан хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.
Нэхэмжлэгч “Э.Ө” ХХК нь газрын маргааны талаарх гомдлыг Увс аймгийн Засаг даргад 2019 оны 09 сарын 07-ны өдөр гаргасан байх бөгөөд Засаг даргаас өргөдлийн талаар судалж, саналаа танилцуулахыг Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын даргад даалгасан байна.
Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлд гомдлыг шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан 30 хоногийн дотор хянан шийдвэрлэж хариу өгөх, шаардлагатай тохиолдолд уг хугацааг захиргааны байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор сунгаж болох бөгөөд энэ тухай гомдол гаргасан иргэн, хуулийн этгээдэд мэдэгдэхээр заасан байна.
Мөн Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 6 дахь хэсэгт өргөдөл, гомдолд үндэслэл бүхий хариу өгөх үүргийг төрийн байгууллага албан тушаалтан хүлээхээр заасан байна.
“Э.Ө” ХХК-ийн захирал Р.О нь 2019 оны 10 сарын эхээр өргөдлийн хариуны талаар Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын даргатай уулзахад шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа Б.А-тай уулзуулахад шүүхэд хандах талаар хариу өгсөн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж тайлбар гаргасан ба Б.А би өргөдлийн хариуг албан ёсоор өгсөн зүйл байхгүй, тухайн үед даргын өрөөнд уулзахдаа шүүхэд хандах боломжтой талаар хэлсэн гэж тайлбар гаргасан болно.
Өөрөөр хэлбэл төрийн захиргааны байгууллагаас иргэний өргөдөл гомдолд хугацаа сунгасан бол 60 хоногийн дотор хариу өгөх үүрэгтэй байх ба энэхүү үүргээ биелүүлээгүйтэй холбоотойгоор нэхэмжлэгчийг шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй бөгөөд шүүхээс нэхэмжлэгч нэхэмжлэлээ шүүхэд 2019 оны 10 сарын 30-ны өдөр ирүүлснийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д заасан хуулийн хугацаанд гаргасан гэж үзлээ.
Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлээд маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд дараах дүгнэлт хийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч тал “2 контейнер байрлаж байгаа “Э.Ө” ХХК-ийн газрыг “У” ХК-д давхцуулан олгосон нь үндэслэлгүй“ гэж маргаж, нэхэмжлэлийн шаардлагыг өмгөөлөгч дэмжиж оролцов.
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргасан байна.
Гуравдагч этгээд “У” ХК-ийн зүгээс тухайн газар нь манай компанийн биш Ч.П-ийн эзэмшлийн газар гэсэн тайлбарыг гаргасан ба Ч.П-ийн хувьд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй талаар байр суурь илэрхийлж оролцов.
Нэхэмжлэгч тал анх шүүхэд “Э.Ө” ХХК-ийн эзэмшлийн газраас П.А-т давхардуулан газар эзэмшүүлсэн Улаангом сумын Засаг даргын 2013 оны захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2020 оны 01 сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж Улаангом сумын Засаг даргын 2011.01.21-ний өдрийн А/07 дугаартай захирамжийн хавсралтын 27 дугаар дахь “У” ХК-д холбогдох хэсгийг /2 контейнерын газар/ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Улаангом сумын Засаг даргын 2011.01.21-ний өдрийн А/07 дугаартай захирамжийн хавсралтад 27 дугаартай хэсэг байхгүй байх ба шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа “Улаангом сумын Засаг даргын 2011.01.21-ний өдрийн А/07 дугаартай захирамжийн хавсралтын У ХК-д хүнсний захын зориулалтаар олгосон газрын 2 контейнер байрлаж байгаа хэсгийг хүчингүй болгуулах тухай гэж тодруулсан болно.
Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2011 оны 01 сарын 21-ний өдрийн А/07 дугаартай захирамжийн хавсралтын 19 дэх хэсэгт “У” ХК-д Улаангом сумын 3-р багт хүнсний захын зориулалтаар 26928м/кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.
“Э.Ө” ХХК болон “У” ХК-ийн хооронд урьд нь гурилын захын 20х26 метр газрын эзэмшлийн давхцалтай гэх маргаан гарч шүүхийн шийдвэр гарч байсан байна.
Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 10 сарын 07-ны өдрийн 445 дугаартай шийдвэрээр “Э.Ө” ХХК-ийн 1999.04.25-ны өдрийн 24501 тоот 7103м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээ, ”У” ХК-ийн 32016м.кв газар эзэмших эрхийн 2001.02.09-ний өдрийн 24522 тоот гэрчилгээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн байх ба Увс аймгийн Давж заалдах шатны шүүхийн 2004 оны 12 сарын 03-ны өдрийн 22 дугаартай магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэснээр “Э.Ө” ХХК болон “У” ХК нь шинээр газар эзэмших хүсэлт гаргаж эрх бүхий этгээдээр шийдвэрлүүлэх нөхцөл байдал бий болсон байна.
“Э.Ө” ХХК-ийн хувьд Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2006 оны 05 сарын 16-ны өдрийн 52 дугаартай захирамжаар 7456 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэж газар эзэмшүүлэх гэрээ байгуулан, эрхийн гэрчилгээ олгож байсан байх ба эзэмшил газрын тойм зургийг үйлдсэн байна.
Тойм зурагт “Э.Ө” ХХК-ийн эзэмшил газрыг 3 хэсэгт хуваасан байх ба 1 дугаартай үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай 2 давхар барилгын газар 299 м.кв, 2 дугаартай аж ахуйн зориулалттай хашаа /35мх157м/, 3 дугаартай бусад талбай 2184м,нийт талбайг 7465 м.кв гэж тэмдэглэсэн байна.
Нэхэмжлэгчээс аж ахуйн зориулалттай газар нь тусдаа байршилтай гэж тайлбарласан ба 2 давхар барилгын доорх газар 299 м.кв газар болон барилгын урдах бусад талбай 2184 м.кв, нийлээд 2483 м.кв талбай байхаар, аж ахуйн хашаа 4189 м.кв байхаар тойм зураг, гэрээнд бичигджээ.
Гэтэл үүний дараа “У” ХК-д газар эзэмшүүлэх асуудал шийдвэрлэгдээгүй байхад Улаангом сумын Засаг даргын 2006 оны 11 сарын 08-ны өдрийн 120 дугаартай захирамжаар Сум дундын шүүхийн 445, аймгийн давж заалдах шатны шүүхийн 22 тоот шийдвэрийг үндэслэн “Э.Ө” ХХК-ийн эзэмшил 7456 м.кв газраас гурилын захын 520 м.кв газрыг хасаж үлдэх 6936 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэж байсан байх ба уг захирамжийн дагуу шинээр гэрээ байгуулж,гэрчилгээ олгосон баримтгүй байх ба энэхүү захирамж биелэгдээгүй байна.
“Э.Ө” ХХК нь аж ахуйн зориулалттай газраа хувьцаа эзэмшигчдэд эзэмшүүлэхээр 2011 оны 11 сарын 25-ны өдөр Улаангом сумын Засаг даргад хандсанаар Улаангом сумын Засаг даргын 2012 оны 02 сарын 03-ны өдрийн А/11 дугаартай захирамжаар “Э.Ө” ХХК-ийн эзэмшил 8072.3 м.кв газраас Д.Ж-т 2839.8 м/кв газрыг, Э.С-д 2768.5 м/кв газрыг, “Э.Ө” ХХК-д 2464 м/кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.
Газар эзэмшүүлэх шийдвэрийг гаргах эрх бүхий этгээдээс “Э.Ө” ХХК-ийн эзэмшил газрыг өөр өөр хэмжээтэйгээр шийдвэрлэж байсан байх ба хамгийн сүүлд “Э.Ө” ХХК-д Улаангом сумын Засаг даргын 2012 оны 02 сарын 03-ны өдрийн А/11 дугаартай захирамжаар 2464 м.кв газрыг эзэмшүүлсэн нь хүчин төгөлдөр үйлчилж газар эзэмших гэрээ байгуулан гэрчилгээ олгогдсон байна.
“У” ХК-ийн хувьд хүнсний зах, гурилын зах, бусад газарт газар эзэмших хүсэлтийг 2007 оны 03 сарын 20-ны өдөр гаргасныг газрын албаны ажилтан мөн өдөр хүлээн авсан байх ба Увс аймгийн Засаг даргын 2007 оны 06 сарын 11-ний өдрийн 239 дугаартай захирамжаар 25069.2 м.кв газрыг хүнсний захын зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон байна.
Үүний дараа Улаангом сумын Засаг даргын 2011 оны 01 сарын 21-ний өдрийн А/07 дугаартай захирамжаар “У” ХК-д 4 байршилд газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байх ба А/07 дугаартай захирамжийн хавсралтын 19 дэх хэсэгт “У” ХК-д хүнсний захын зориулалтаар 26928 м.кв газрыг эзэмшүүлжээ.
Харин газрын нэгж талбарын хувийн хэрэгт газар эзэмших гэрээг байгуулсан баримтгүй байх бөгөөд 26928 м.кв газрыг эзэмших эрхийн гэрчилгээг “У” ХК-д бус урьд нь уг компанийн захирлаар ажиллаж байсан Ч.П-ийн нэр дээр олгосон байна.
Газрын кадастрын зургийн хувьд 2009 онд “Г” ХХК нь Увс аймгийн хэмжээний кадастрын зураглалыг хийж гүйцэтгэн Autocad программд оруулж өгснөөр газрын даамлууд уг программыг ашиглаж зураг үйлдэж хэвлэдэг болсон талаар газрын албаны мэргэжилтэн У.Б гэрчийн мэдүүлэг өгчээ.
Тухайн үед “Г” ХХК нь “Э.Ө” ХХК – ийн эзэмшлийн газарт кадастрын зураглал хийн улсын тоо бүртгэлийн хуудсыг бөглөсөн байх ба “У” ХК-ийн эзэмшлийн газарт кадастрын зураглалыг хийсэн баримт байхгүй нь бичиг баримтад үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэл, хавсаргасан баримтаар тогтоогдож байна.
“У”ХК-ийн эзэмшлийн газрын кадастрын зургийг 2010.07.07-ны өдөр Увс аймгийн ГХБХБГ-ын ажилтан М.Ч-т үйлдсэн байх ба уг зурагт маргаж буй 2 контейнер байрлах газрыг “У” ХК-ийн эзэмшлийн газарт оруулан зурсан байна.
Ингээд Autocad программд маргаан бүхий 2 контейнерын газар давхцалтайгаар кадастрын зураг үйлдэгдсэн байна.
Шүүхээс маргаан бүхий газарт үзлэг хийхэд 2 контейнер байрлах газар нь 19 м.кв байсан ба ГХБХБГ-ын мэргэжилтэн Д.Ж-ийн үзлэгийн тэмдэглэлд хавсаргасан зургаас /autocad программын зургийг ашиглаж зурсан/ үзэхэд “У” ХК /Ч.П/ болон “Э.Ө” ХХК-ийн эзэмшлийн газраас 3 хэсэг газар /68 м.кв, 82 м.кв, 19 м.кв/ давхцалтай байгаагаас нэхэмжлэгч 19 м.кв газрын давхцалтай хэсэгт маргаж шүүхэд нэхэмжлэл гаргасан болно.
Маргаан бүхий газарт байрлах 2 контейнерын талаар гэрч Д.О “ 2006 оны үед хүнсний захын үүдэнд гурилын зах уруу харсан контейнерт худалдаа эрхэлдэг байсан Д гэдэг хүнээс контейнер худалдаж аваад хүнсний зах уруу харуулаад худалдаа эрхэлдэг байсан. Худалдаж авсны дараа О гэж хүн ирээд Д миний газарт үйл ажиллагаа явуулж түрээс төлдөг байсан,чи түрээс төлөх ёстой гэхэд нь би зөвшөөрч 30 мянган төгрөгийн түрээс төлөөд худалдаа эрхэлдэг болсон. Мөн хүнсний захын эзэн Ч.П-ийн түрээс хураадаг хүн ирээд манайд түрээс төлөх ёстой гээд 20 мянган төгрөгийн түрээс сар бүр төлөхөөр тохиролцож 2 хүнд түрээс төлж ажилладаг байсан” гэж, Я.А-д “ Би 2009 оноос хойш хүнсний зах дээр худалдаа хийж байна.2006 оны үед манай аав Я хүнсний захын үүдэнд гурилын зах руу харсан контейнерт худалдаа эрхэлдэг байсан хүнээс контейнер худалдаж аваад хүнсний зах руу харуулаад худалдаа эрхэлж эхэлсэн. Би 2019 оны намар хүртэл О, П нарт давхар түрээс төлдөг байсан “ гэж тус тус мэдүүлсэн байна.
Анх нэхэмжлэлтэй холбогдуулан хариуцагчийн ирүүлсэн тайлбарт уг 2 компанийн эзэмшлийн газрын кадастрын зураг мэдээллийн сангийн Лэнд менежер программд ороогүй тухай тайлбар ирүүлсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Газрын харилцаа,барилга,хот байгуулалтын газраас “Э.Ө” ХХК болон Ч.П-ийн эзэмшлийн газрын кадастрын зургийг Лэнд менежер программаас хэвлэж ирүүлсэн болно.
Одоо хүчин төгөлдөр бүртгэгдсэн газрын кадастрын мэдээллийн сангийн мэдээллээс үзэхэд давхцал бүхий 3 хэсэг газрыг “Э.Ө” ХХК –д хамааралгүйгээр 2420 м.кв газар, Ч.П нь давхцал бүхий 3 хэсэг газрыг оруулан 26935 м.кв хэмжээтэй газрыг эзэмшихээр байна.
Өөрөөр хэлбэл “Э.Ө” ХХК нь Улаангом сумын Засаг даргын 2012 оны 02 сарын 03-ны өдрийн А/11 дугаартай захирамжаар эзэмшүүлсэн /2464 м.кв/ газрын хэмжээнээс 44 м.кв-аар бага, “У” ХК нь /Ч.П/ Улаангом сумын Засаг даргын 2011 оны 01 сарын 21-ний өдрийн А/07 дугаартай захирамжаар эзэмшүүлсэн газрын хэмжээнээс 7 м.кв-аар илүү газрыг эзэмшихээр кадастрын зураглал хийгджээ.
Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.-д заасны дагуу газар эзэмшигчид Засаг даргын захирамжид заасан хэмжээгээр газар эзэмших эрх үүсэх ба мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д зааснаар хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх шаардлагатай байна.
Дээр дурдсан үйл баримтуудаас үзэхэд “Э.Ө” ХХК-ийн эзэмшлийн газар дахь гурилын зах уруу харсан 2 контейнерыг иргэд 2006 оны үед худалдаж аваад хүнсний зах уруу хаалгыг нь харуулж ашигладаг болсон үеэс “Э Ө” ХХК болон “ У” ХК-д давхар түрээс төлдөг болсон, “Э.Ө” ХХК нь 2006 оны 5 сарын 12-ны өдөр эзэмших газрын тойм зургийг гаргаж өгөхдөө 2 контейнер байрлах маргаан бүхий газрыг эзэмшихээр зурсан, 2009 оны кадастрын зураглалын төсөлд “Э.Ө” ХХК хамрагдаж газрын кадастрыг тухайн үеийн мэдээллийн сангийн autocad программд оруулсны дараа “У” ХК-ийн эзэмшлийн газрын кадастрын зургийг 2010 оны 07 сарын 07-ны өдөр үйлдэхдээ маргаан бүхий газрыг давхцуулан зурсан, “Э.Ө” ХХК маргаан бүхий 19м.кв газрыг оруулан тооцоход 2439 м.кв газрыг эзэмшихээр байгаа нь захирамжаар эзэмшүүлэхээр заасан газрын хэмжээнээс илүү гарахааргүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.
“У” ХК-д хүнсний захын үйл ажиллагаа эрхлэх зориулалтаар Улаангом сумын Засаг даргын 2011 оны 01 сарын 21-ний өдрийн А/07 дугаартай захирамжийн хавсралтын 19 дэх хэсэгт зааснаар 26928 м.кв газрыг эзэмшихээр шийдвэрлэгдсэн байтал Ч.П-ийн нэр дээр газар эзэмших гэрчилгээ олгогдож кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн нь хуульд нийцээгүй байх ба уг 26928 м.кв газрын кадастрын мэдээллийн сан дахь кадастрын муж,координатыг “У” ХК-д эзэмшүүлсэн 26928 м.кв газрын кадастрын зураглал гэж үзэх боломжтой юм.
Иймд маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хөндсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2011 оны 01 сарын 21-ний өдрийн А/07 дугаартай захирамжийн хавсралтын 19 дэх хэсэгт “У” ХК-д хүнсний захын зориулалтаар 26928 м.кв газрыг эзэмшүүлсэн хэсгээс 19 м.кв хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчийн ажлын алба болох Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын тамгын газраас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Э.Ө” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2011 оны 01 сарын 21-ний өдрийн А/07 дугаартай захирамжийн хавсралтын 19 дэх хэсэгт “У” ХК-д хүнсний захын зориулалтаар 26928 м.кв газрыг эзэмшүүлсэн хэсгээс 19 м.кв хэсгийг хүчингүй болгосугай.