Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2020/00694

 

Ц.С-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Алтанчимэг даргалж, Танхимын тэргүүн Х.Сонинбаяр, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2019/02808 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2140 дүгээр магадлалтай,

Ц.С-ийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Орон сууц үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох, орон сууцыг төлбөр авагчид шилжүүлж, уг орон сууцнаас албадан гаргасан ажиллагааг хүчингүй болгож, буцаан оруулахыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Танхимын тэргүүн Х.Сонинбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Ц.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 629 дүгээр шийдвэрээр Б.Энхзулаас 149,021,766 төгрөг гаргуулж Пуре финанс ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Миний өмчлөлийн Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 51 дүгээр байрны 84 тоот 3 өрөө орон сууцанд үнэлгээ хийлгэсэн байх бөгөөд энэ талаар өмчлөгчид огт мэдэгдээгүй, мэдэгдсэн гэх үед нь Монгол улсад байгаагүй. Хотын А зэрэглэлийн байрлалтай 3 өрөө орон сууцыг 88,000,000 төгрөгөөр Мөнх Оргил трейд ХХК 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр үнэлснийг мэдлээ. 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага намайг үнийн саналаа бичиж өгсөн гэх боловч 2016 оны 3 дугаар сарын 1-ны өдөр Монгол улсын хилээр гараад 2016 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Монгол улсад орж ирсэн бүртгэл байдаг. Шүүхийн шийдвэрээр барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж гарсан байхад яагаад Ц.С-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах ажиллагаа хийж байгааг ойлгохгүй байна. 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр албадан дуудлага худалдаагаар ялагч тодорсон тул байраа чөлөөлж өгөхийг мэдэгдсэн байна. 2018 оны 4 дүгээр сард дуудлага худалдаагаар авсан этгээд нь дэнчингээ буцааж авсан тул дуудлага худалдаа хүчингүй болсон. Ингээд Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 51 дүгээр байрны 84 тоот орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангуулахаар хийсэн хураах болон битүүмжлэх, дуудлага худалдаагаар бусдад шилжүүлэх шийдвэрлэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэсэн гомдлыг барьцаа хөрөнгийг бусдад шилжүүлснийг мэдээд гаргасан байхад тухайн орон сууцыг 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр албадан чөлөөлөх ажиллагааг хууль зөрчиж хийжээ. Иймд дээрх орон сууц үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох, орон сууцыг төлбөр авагчид шилжүүлсэн, уг орон сууцнаас албадан гаргасан ажиллагааг хүчингүй болгож, буцаан оруулахыг даалгаж өгнө үү гэжээ.           

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхэд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 629 дүгээр шийдвэрээр Б.Энхзулаас 149,021,766 төгрөг гаргуулж Пуре финанс ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч үүргээ биелүүлээгүй тул төлбөр төлөгч Б.Энхзулын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Ц.С-, Д.Мөнхтуяа нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 51 дүгээр байрны 84 тоотод байрлах 40 м/к талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 171/01 тоот тогтоолоор битүүмжлэн, 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 171/02 тоот тогтоолоор хураасан. Гэвч тухайн ажиллагааг барьцаа хөрөнгө байгаа газарт очиж тогтоол үйлдээгүй гээд ахлах шийдвэр гүйцэтгэгч П.Хадбаатар нь улсын байцаагчийн акт тогтоож 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 171/02 тоот хураах тогтоолыг хүчингүй болгосон, шийдвэр гүйцэтгэгч хураах ажиллагааг 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдөр дахин зөвтгөж явуулж, үнийн саналыг тухайн өдрөө Ц.С-ээс авсан. Тэрээр 300,000,000 төгрөгөөр үнийн саналаа өгсөн. Тухайн санал өгсөн баримт нь он, сар, өдөргүй боловч 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдөр үнийн санал өгсөн тухай шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд тусгагдсан байгаа. Дэнчин буцааж олгосон асуудлын тухайд гэвэл дуудлага худалдаа зарлаад дэнчин төлсөн байхад шүүхээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тул дэнчин төлөгч хүсэлт гаргаад ажиллагааг сэргээх хүртэл хугацаанд дэнчингийн мөнгөө түр буцааж авсан. 2016 оны 115 дугаар тогтоолоор шинжээчээр Мөнх Оргил трейд ХХК-г томилсон. Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 88,000,000 төгрөгөөр тогтоосныг талуудад мэдэгдсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлгээний 70 хувиар буюу 88,000,000 төгрөгийн 70 хувиар тооцож 61,600,000 төгрөгөөр 2016 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр анхны дуудлага худалдаанд оруулахыг 2016 оны 8 дугаар сарын 19, 22-ны өдрүүдэд Б.Энхзул, Ц.С-, Д.Мөнхтуяа нарт мэдэгдсэн. Тухайн орон сууцны өмчлөх эрхийг 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Э.Энхсайханд шилжүүлсэн, мөн сарын 29-ний өдөр түүний эзэмшилд орон сууцыг чөлөөлж өгсөн байгаа гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2019/02808 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 оны/ хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.С-ийн үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 51-84 тоот орон сууцнаас албадан гаргасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож, тухайн орон сууцанд Ц.С-ийг буцаан оруулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2140 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2019/02808 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 оны/ хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, мөн хуулийн /2017 оны/ 71 дүгээр зүйлийн 71.18 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Базаррагчаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарь1Н 18-ны өдрийн 2140 дугаар магадлалыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул дараах хяналтын шатны гомдлыг гаргаж байна.

Нэхэмжлэгчийн зүгээс барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 51 дүгээр байр, 84 тоот орон сууцыг бусдад шилжүүлснийг мэдээд дээрх барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хийсэн хураах болон битүүмжлэх дуудлага худалдаагаар бусдад шилжүүлэхээр шийдвэрлэсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулахаар гомдол гаргасан байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэргүйгээр бусдын өмчлөл, эзэмшлийн байранд 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хууль бусаар нэвтэрч албадан чөлөөлөх ажиллагаа хийсэн. Мөн барьцаа хөрөнгийг 2019 оны 04 дүгээр сард дуудлага худалдаагаар авсан этгээд нь дэнчингээ буцааж авсан тул дуудлага худалдаа хүчингүй болсон байтал шийдвэр гүйцэтгэх газраас барьцаа хөрөнгийг бусдад шилжүүлэх ажиллагаа явуулсан-нь хууль зөрчсөн.  Гэтэл давж заалдах шатны шүүхээс өмчлөх эрх нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар Э.Энхсайханд хуулийн дагуу шилжсэн, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу хийгдсэн гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2140 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ12019/02808 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгч Ц.С- хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан орон сууц үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох, орон сууцыг төлбөр авагчид шилжүүлж, уг орон сууцнаас албадан гаргасан ажиллагааг хүчингүй болгож, буцаан оруулахыг даалгах нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч “...үнэлгээнд гомдол гаргах хугацаа өнгөрсөн, мөн шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар маргах эрхгүй” гэж тайлбарлан нэхэмжлэлээс татгалзжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг  буюу  Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 51-84 тоот орон сууцнаас албадан гаргасан ажиллагааг хүчингүй болгож, орон сууцанд Ц.С-ийг буцаан оруулахыг хүссэн шаардлагыг нь хангаж, орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах шаардлагыг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлоор хэргийг хянан хэлэлцээд  шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо “... орон сууцыг бусдад шилжүүлснийг мэдээд..., шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулахаар гомдол гаргасан, мөн ... дуудлага худалдаагаар авсан этгээд нь дэнчингээ буцааж авсан тул дуудлага худалдаа хүчингүй болсон байтал шийдвэр гүйцэтгэх газраас барьцаа хөрөнгийг бусдад шилжүүлэх ажиллагаа явуулсан нь хууль зөрчсөн ..., иймд  ... магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2016/00629 дугаар шийдвэрээр Б.Энхзул “Пүре Финанс ББСБ” ХХК-д 148.123.200 төгрөг төлөх үүрэгтэй байна.

Төлбөр төлөгч Б.Энхзул  үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны хөрөнгө болох Ц.С-, Д.Мөнхтуяа нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 51 дүгээр байр, 84 тоот хаягт байрлах 3 өрөө 40 м.кв орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрт мөн заажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэр заавал биелэгдэх бөгөөд сайн дураараа биелүүлээгүй бол хуульд заасан журмын дагуу албадан гүйцэтгэнэ.

Шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185, 186  дугаар зүйлд дагуу шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж гарч гүйцэтгэх хуудас бичигдэх бөгөөд уг баримт бичгүүдийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлснээр шийдвэрийг  албадан биелүүлэх ажиллагаа  эхэлнэ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд төлбөр төлөгч Б.Энхзул төлбөрийг сайн дураар төлж барагдуулаагүйн улмаас, албадан гүйцэтгэх ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар явуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрт нэрлэн заасан барьцааны орон сууцыг битүүмжлэн, хурааж үнийн санал авах, үл хөдлөх эд хөрөнгийг хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэх  ажиллагаа явуулсан байх ба ажиллагаа тус бүртэй холбогдуулан төлбөр төлөгч, өмчлөгч нар гомдол гаргаж шийдвэрлүүлж байжээ.

Тухайлбал, төлбөр төлөгч Б.Энхзул үл хөдлөх хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох гомдол гаргасныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 181/ШШ2016/01586 дугаар шийдвэрээр, /хх48-49/   

Мөн төлбөр төлөгч Б.Энхзул анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах гомдол гаргасныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2017/02976 дугаар шийдвэрээр, /хх84-87/

Өмчлөгч Ц.С- эд хөрөнгө хураах, битүүмжлэх, анхны дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай гомдлыг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн 102/ШШ2018/02882 дугаар шийдвэрээр /хх105-111/ хянан хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлага тус бүрийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Дээрх хэргүүд нь нэхэмжлэгчийн гомдлоор давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн, шийдвэр, магадлал нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Иймд орон сууц үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг өмнө нь төлбөр төлөгч Б.Энхзул гаргаж шүүхээр шийдвэрлэж байсан тул дахин энэ талаар нэхэмжлэл гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-т заасан “... энэ хуулийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй” гэснийг зөрчсөн, нэхэмжлэлийг дахин хянан шийдвэрлэх эрх зүйн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлага гаргаагүй ба дуудлага худалдаагаар авсан этгээд нь дэнчингээ буцааж авсан тул дуудлага худалдаа хүчингүй болсон байхад шийдвэр гүйцэтгэх газраас барьцаа хөрөнгийг бусдад шилжүүлэх ажиллагаа явуулсан нь хууль зөрчсөн гэх гомдлыг хангах үндэслэл мөн тогтоогдохгүй байна.

Анхны албадан дуудлага худалдаагаар барьцааны үл хөдлөх хөрөнгө борлогдоогүй тул хоёрдахь албадан дуудлага худалдааг явуулахад Э.Энхсайхан ялагч болж дуудлага худалдаагаар худалдан авсан орон сууцны өмчлөгчөөр хуульд заасан журмын дагуу бүртгэгдэж, 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хууль ёсны өмчлөгчийн гэрчилгээг олгожээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 4/9724, 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 4/10063 тоот мэдэгдлүүдээр төлбөр төлөгч, өмчлөгч нарт  орон сууцыг султган чөлөөлөх тухай  мэдэгдэн улмаар 2019 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр орон сууцыг чөлөөлж, өмчлөгч Э.Энхсайханы эзэмшилд хүлээлгэн өгсөн хариуцагч байгууллагын ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4, 178 дугаар зүйлд заасныг зөрчөөгүй байна.

Хэргийн энэ нөхцөл байдлын талаар давж заалдах шатны шүүх, хуулийн үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгчийн орон сууцыг төлбөрт шилжүүлж, уг орон сууцнаас албадан гаргасан ажиллагааг хүчингүй болгож, буцаан оруулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан баримтад тулгуурласан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.2.1.-д заасныг зөрчөөгүй байна.

Иймд дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2140 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Базаррагчаагийн гомдлыг хангахгүй орхисугай.       

2. Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.АЛТАНЧИМЭГ

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР