Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 2020/ШЦТ/261

 

                      

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ,

улсын яллагч П.Даваасүрэн,

хохирогч Л.Цолмонгийн хууль ёсны төлөөлөгч Л.Баатар-Эрдэнэ,

иргэний нэхэмжлэгч, хариуцагч С.Дуламсүрэн,

иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ганбаяр,

шүүгдэгч Б.Б түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Б.Б-д холбогдох Эрүүгийн 1934006990399 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

             

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Б овгийн Б.Б, Монгол улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Дундговь аймгийн Өлзийт суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, бага боловсролтой, жолооч, Хархорин зах дээр наймаа эрхэлдэг, ам бүл 5, 01-13 насны 4 хүүхдүүдийн хамт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо Алтан овооны 30-39 тоотод оршин суух хаягтай,

урьд 2007 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар  зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 900000 төгрөгийн торгуулийн ялаар, 2008 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 270 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Өршөөлийн хуулиар суллагдсан, 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 458 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар шийтгэгдэж Нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 833 дугаартай магадлалаар хорих ялыг өөрчлөж 9406800 төгрөгөөр торгох ялаар, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 628 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тус тус тэнсэн хянан харгалзаж байсан гэв.

 

Холбогдсон хэргийн талаар. /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 08 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө Төв аймгийн Баян сумын 2 дугаар багийн нутаг 159 дэх километрийн шонгийн орчимд 1754 УББ улсын дугаартай тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” 18.3 Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр  хурдаа хасах буюу зогсоно гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган онхолдож Л.Цолмонгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Б.Б нь: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг нөхөн төлнө” гэв.

 

Хохирогч Л.Цолмонгийн хууль ёсны төлөөлөгч Л.Баатар-Эрдэнэ нь: “...Хохирлын хувьд н.Цолмонгийн биеийн байдал хүнд байгаа, дотор эрхтэн нь наалдчихсан. Хохирлын тооцооны хувьд гомдолтой явдаг. Анх шүүхээс 4.523.340 төгрөгийг Б.Б, С.Дуламсүрэн нараас гаргуулна гэж заасан. Түүнээс Р.Б 1.000.000 төгрөг өгсөн. С.Дуламсүрэн 5.000.000 төгрөг өгсөн. Түүн дээр сая эмчилгээ хийлгэсэн, шинжилгээ өгсөн зэрэг асуудлаас болоод 861.090 төгрөгийг үлдэгдэл төлбөр дээр нэмээд 4.093.000 төгрөгийн зардал төлөгдөөгүй үлдсэн...” гэв.

 

Иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ганбаяр нь: “...Иргэн С.Дуламсүрэн нь 2009 оны 07 дугаар сарын 02-ны өдөр “Бэрс финанс” ББСБ-аас тухайн зээлээр худалдаж авч байгаа авто машиныг нь барьцаалаад урьдчилгаа төлбөрөө өөрөө төлөөд, үлдэгдэл 12.712.000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулаад 2.8 хувийн хүүтэй 3 жилийн хугацаатай зээлийн гэрээ байгуулсан. Фидуцийн гэрээний дагуу тухайн зээлийн үүргийн гүйцэтгэлийг нь хангуулах зорилготой барьцааны гэрээ хийгээд мөнгийг нь шилжүүлсэн. Шүүгдэгч Р.Бгийн жолоодож явсан “1754 УБВ” улсын дугаартай приус маркийн тээврийн хэрэгслийн жинхэнэ өмчлөгч нь С.Дуламсүрэн. Энэ автомашиныг манайд түр хугацаанд шилжүүлсэн байсан. Тодорхой зохицуулалтыг нь дор бүр нь фидуцийн гэрээгээр зохицуулсан. Тухайн зээлдүүлэгч банк бус санхүүгийн байгууллага нь автомашин барьцаалсан зээлийг хоёр нөхцөлтэйгээр гаргаж өгдөг. Тухайн барьцаалж байгаа автомашиныг зээлдүүлэгч байгууллагын хараа, хяналтад юм уу, эсхүл зээлдэгч этгээдэд унаж ашиглах боломжтойгоор энэ зээлийг олгодог. Зээлдэгч нь тухайн автомашиныг унаж ашиглах нөхцөлтэй зээлийн гэрээ байгуулаад унаж, ашиглаж байсан байдаг. Зээлийн гэрээний хариуцлага хэсгийн 4.2 дахь хэсэгт барьцаа хөрөнгийг ашиглаж байхдаа бусдад хохирол учруулах юм бол зээлдэг дангаараа хариуцна гэсэн заалт байдаг. Мөн зээлийн гэрээний 1.6-д барьцаа хөрөнгийн эзэмшил, ашиглалтыг зээлдэгчид үлдээх заалт байгаа. 4.5-д гэрээний хугацаанд барьцаа хөрөнгө болох тээврийн хэрэгслийг зээлдэгч эзэмшиж, ашиглах явцдаа бусдад буюу гуравдагч этгээдэд шилжүүлсэн тохиолдолд зээлдэгч дангаараа бүх хохирлыг хариуцна гэсэн заалтын дагуу талууд гарын үсэг зурж, баталгаажуулсан байдаг. Мөн гэрээний 3.2 дахь заалтад барьцаалагчийн үүрэгт барьцаа хөрөнгийг эзэмших, бусдад ашиглуулахгүй, шилжүүлэхгүй байх гэсэн заалт байдаг. “Бэрс финанс” ББСБ-ын хувьд 12.712.000 төгрөгийн барьцаа хөрөнгө болохоос биш жинхэнэ өмч нь биш. Иймд жинхэнэ эзэмшигч, ашиглагчийн хувьд үүрэг хүлээх ёсгүй юм. Тухайн гэмт хэрэг нь банк бус санхүүгийн байгууллагын хашаанд байгаагүй, гадуур гарсан байдаг. С.Дуламсүрэн нь өөрөө унаж, ашиглаж байхдаа Р.Бд шилжүүлсэн нь хавтаст хэргээс харагдаж, тогтоогдсон байдаг. Шүүгдэгч болон иргэний хариуцагч энэ талаар маргадаггүй, хүлээн зөвшөөрдөг. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3-д хэн нэгэн этгээд буюу өмчлөгчийн зөвшөөрөлгүй тээврийн хэрэгслийг ашигласнаас бусад хохирол учруулсан хохирлыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг бусад унуулах боломж олгосон өмчлөгч хариуцлагаас чөлөөлөгдөхгүйг зааж өгсөн. Тийм учраас энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Р.Б болон С.Дуламсүрэн нар хариуцах үүрэгтэй гэж үзэж байна. “Бэрс финанс” ББСБ нь иргэний хариуцагч бус 12.712.000 төгрөгийн зээлсэн барьцаа хөрөнгө болох тээврийн хэрэгсэл нь эвдэрсэн. Тийм учраас иргэний нэхэмжлэгчээр тооцсон. Иймд иргэний нэхэмжлэгчийн эрх ашгийг хамгаалахаар дурдаж өгөхийг шүүхээс хүсэж байна” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч С.Дуламсүрэн нь: “...Анхан шатны шүүхээс тогтоосон мөнгөн дүнг хувааж төлнө гэж хэлсэн. Гэхдээ би цаашид гарах зардлыг төлөлцөхөд үнэхээр хэцүү байна..” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-6 тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-7-8 тал/, осол гарсан байдлыг гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-9-12 тал/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-13 тал/, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-14 тал/, хохирогч Л.Цолмонгоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-20-21 тал/, хохирогчийг төлөөлөх итгэмжлэл /хх-23 тал/, хууль ёсны төлөөлөгч Л.Баатар-Эрдэнээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-27-28 тал/, иргэний нэхэмжлэгч С.Дуламсүрэнгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-30-31 тал/, Зээлийн гэрээний хуулбар /хх-34-37 тал/, иргэний нэхэмжлэгч Ж.Ганбаяраас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-39 тал/, гэрч С.Дуламсүрэнгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-40-41 тал/, гэрч Б.Мөнхцэцэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-45-46, 50 тал/, гэрч Д.Жаргалмаагаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-47-49 тал/, шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 635 дугаартай дүгнэлт /хх-56-57 тал/, Төв аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 129 дугаартай дүгнэлт /хх-61-62 тал/, “Виннер Вэй” ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 14731088 дугаартай авто машин техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-68-73 тал/, шинжээч Б.Батчимэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-76-77 тал/, яллагдагч Б.Бгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-/80-81 тал/, хохирогч Л.Цолмонгийн хохирлын баримтууд /хх-88-98 тал/, гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүхийн хуулбарууд, амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-100-111 тал/, Говьсүмбэр аймаг нэгдсэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн хуулбар баримтууд, тодорхойлолт /хх-166-192 тал/, шүүгдэгч Б.Бгийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-112-151, 195 тал/ болон хэрэгт авагдсан бусад баримтууд зэрэг болно.

 

Шүүх анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос ирүүлсэн хэргийн хүрээнд явуулахад яллах болон цагаатгах талуудын шүүхэд шинжлэн судлуулсан нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон байна.

 

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 08 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө Төв аймгийн Баян сумын 2 дугаар багийн нутаг 159 дэх километрийн шонгийн орчимд 1754 УББ улсын дугаартай тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” 18.3 Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр  хурдаа хасах буюу зогсоно гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, улмаар тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Л.Цолмонгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь:

Хохирогч Л.Цолмонгийн: “...Улаанбаатар хотоос гарахад л Б жолоо барьж гарсан. Би замдаа явж байгаад ядраад унтсан. Тэгээд нэг сэрэхэд л зам тээврийн осол болсон. Би газар хэвтэж байсан. Тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна. Намайг ухаан ороход аль хэдийн хагалгаанд орсон байсан... ...Гүнсээгийн машин гэж байх шиг байсан... ...Би тэд нарыг архи уусан эсэхийг хэлж мэдэхгүй байна... ...Би машины суудал дээр хэвтэж явсан.. ...Цаг агаар хэвийн байсан. Үзэгдэх орчин ямар байсан гэдгийг санахгүй байна... ...Баруун талын бөөрөө болон цөсөө авахуулсан, баруун талын хоёр хавирга хугарсан, уруул оёдол тавиулсан, элэг бяцарсан байгаа... ...Эмчилгээний зардал 3.000.000 төгрөг нэхэмжилж байна... ...Миний мэдэж байгаагаар эмчилгээндээ хэрэглээрэй гээд 300.000 төгрөг өгсөн байсан... ...Би маш их гомдолтой байна. Б.Б надтай осол болсноос хойш уулзсан зүйл байхгүй. Би тэрэнд нь их гомдож байна... ...Би эмчилгээний зардлаа бүрэн гаргуулж авна...” гэх мэдүүлэг /хх-20-21 тал/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Баатар-Эрдэнийн: “...Би Л.Цолмонгийн танил байгаа юм. Шинжээч эмчийн дүгнэлтэд Цолмонгийн цөс авахуулсан болон давсаг хананаас хөндийрсөн талаар тусгаагүй байсан. Гэхдээ энэ талаар шинжээч эмч мэдүүлгэндээ хэлсэн байна... ...Цуглуулсан баримтаар 5.273.350 төгрөгийн баримт гарсан байна. Миний мэдэж байгаагаар 350.000 төгрөгийг өгсөн байгаа. Эрүүл мэндээрээ хохирсон байгаа. Цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Б.Б нь эмчилгээний зардал огт төлөөгүй байгаа. Эмчилгээний зардлыг 100% гаргуулах хүсэлтэй байна... гэх мэдүүлэг /хх-27-28 тал/,

Иргэний нэхэмжлэгч С.Дуламсүрэнгийн: “...Би уг тээврийн хэрэгслийг 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр “Бэрс финанс” ББСБ-ын нэр дээр худалдаж авч байсан...” “...Надад машинд учирсан 8.473.800 төгрөгийн хохирлын талаар ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-31 тал/,

Иргэний нэхэмжлэгч Д.Ганбаярын: “...С.Дуламсүрэн гэх иргэн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр тухайн тээврийн хэрэгслийг гадны байгууллагаас лизингээр худалдаж авсан ба урьдчилгаа төлбөрийг өөрөө төлж үлдэгдэл 12.712.000 төгрөгийг манай Бэрс Финанас ББСБ ХХК-аас зээлж аваад дээрх тээврийн хэрэгслийг худалдаж авсан. Тэгээд манайхаас зээлсэн 12.712.000 төгрөгийг барьцаанд 17-54 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцааны гэрээний дагуу албан ёсоор барьцаалсан учраас тухайн тээврийн хэрэгслийн өмчлөл манай байгууллага дээр шилжсэн байна. Гэрээ ёсоор тухайн тээврийн хэрэгслийг унаж ашиглах эрхийн зээл дуусах хугацаанд Дуламсүрэнд шилжүүлэн өгсөн байна. Өөрөөр хэлбэл машины өмчлөл манай нэр дээр, эзэмших эрх нь Дуламсүрэн гэх эмэгтэйд байсан. Дээрх иргэнтэй байгуулсан барьцааны №109 тоот гэрээний 3.2.6-д зээл дуустал хугацаанд барьцаа хөрөнгийг аливаа хохирол, өр төлбөрөөс ангид байлгах мөн гэрээний 4.6-д тээврийн хэрэгслийг ашиглаж байх явцдаа аливаа гэмт хэрэг, зөрчил, торгууль, тээврийн хэрэгслийн албан татвар зэрэгтэй холбоотой асуудал, эдгээртэй холбоотой үүсэх аливаа маргаантай асуудлыг зээлдэгч Дуламсүрэн хариуцах гэрээний заалттай болно... ...зээлийг хугацаандаа ямар нэгэн асуудалгүй төлж байгаа... ...өнөөдрийн байдлаар 11.400.000 төгрөг байгаа. Түүнтэй байгуулсан гэрээ 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр дуусна... ...Зээл дуусаагүй байхад тээврийн хэрэгсэлд хохирлын үнэлгээгээр 8.473.800 төгрөгийн хохирол учирсан байна. Хэрэв зээл төлөгдөхгүй болон хугацаа хэтэрвэл хэвийн төлөгдөж байвал нэхэмжлэх шаардлагагүй гэж үзэж байна...” гэх мэдүүлэг /хх-39 тал/

Гэрч С.Дуламсүрэнгийн “...Манай нөхөр жолоо  барих байсан боловч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор Б.Бг гуйгаад жолоо бариулсан. ...тэгсэн хүмүүс орилолдоод эхлэхээр нь би босоод харсан чинь өөдөөс саарал өнгийн үүл шиг зүйл ирээд мөргөх шиг болоод л би ухаан алдсан. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. Би уг тээврийн хэрэгслийг 2019 оны 7 сарын 2-ны өдөр тээврийн хэрэгсэл худалдан авах гэрээгээр Бэрс финанс” ББСБ-ын нэр зээл авсан.”гэх мэдүүлэг /хх-40-41 тал/,

Гэрч Б.Мөнхцэцэгийн “...миний сууж явсан приус 20 маркийн тээврийн хэрэгслийг Б.Б жолоодож явсан. Осол болоход би унтаж явсан бөгөөд аа аа гээд жолооч дуугаргах шиг болсон.Тэгээд сэрээд хартал 1, 2, 3 гэх хооронд л машин өнхөрсөн. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-45-46 тал/,

Гэрч Д.Жаргалмаагийн “...осол гаргахад машинд унтаж явсан. Нэг мэдэхэд л осол гарсан байсан. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-47-49 тал/, 

Гэрч Г.Мөнхцэцэгийн “...миний биед учирсан гэмтэл байхгүй гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-50 тал/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Б.Б гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, ослын шалтгааныг тогтоосон шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч Б.Б гийн мэдүүлсэн мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

 

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар:

Шүүгдэгч нь Б.Б нь 2019 оны 08 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө Төв аймгийн Баян сумын 2 дугаар багийн нутаг 159 дэх километрийн шонгийн орчимд 1754 УББ улсын дугаартай тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” 18.3 Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж онхолдож уг ослын улмаас Л.Цолмонгийн эрүүл мэндэд “баруун бөөрны няцрал, урагдалтын улмаас бөөр авагдсан мэс заслын дараах байдал, Th12, L1, L3, L4-р нугаламын хөндлөн сэртэнгийн хугарал, баруун, зүүн уушигны эдийн няцрал, цээжний хөндийн шингэн хуралдалт, элэгний 5,6-р сегмэнтийн няцрал, хэвлийн хөндийн хий, шингэн хуралдалт, нарийн гэдэсний чацархай, нойр булчирхайн эдийн няцрал, доод уруулийн салстын шарх, зүүн бугалга, зүүн хөх, хэвлий, баруун, зүүн гуя, нуруунд цус хуралт бүхий гэмтэл учирсан бөгөөд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай  зэрэгт хамаарагдах буюу хүнд хохирол учруулсан нь хэрэгт авагдсан хохирогчид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн өвчтөний түүхийн хуулбар, мэс заслын тэмдэглэлүүд, хохирогчийн биед учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд болон ослын шалтгааныг тогтоосон дүгнэлтээр нотлогдсон бөгөөд шүүгдэгчийн буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжүүдийг бүрэн хангасан байна.

 

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Болгоомжгүй гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсныг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дэх хэсэг”

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Б.Б гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.

 

Шүүгдэгч Б.Б д Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, Б.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгчийн хувийн байдал /1-13 насны 4 хүүхдийн хамт өрх толгойлон амьдардаг/ зэргийг харгалзан түүнд оногдуулах ялын интервал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаж байх тул Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, хянан шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хасаж”, гэж нэмэгдэл ялыг заавал хэрэглэхээр хуульчилсан тул шүүгдэгч Б.Бгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тухайн зүйл, хэсэгт заасны дагуу эрх хасах ялыг нэмж оногдуулж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эрх хасах нэмэгдэл ялын хугацааг тоолбол зохино.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Цолмонгийн хууль ёсны төлөөлөгч Л.Баатар-Эрдэнэ нь “1754 УББ улсын дугаартай тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэл нь Бэрс Финанс ББСБ-ын өмч талаар тээврийн хэрэгслийн гэрчилгээнд дурдагдсан тул уг Бэрс Финанс ББСБ-ыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 3, 4 дэх хэсэгт заасан үндэслэлээр иргэний хариуцагчаар татаж, уг гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан Л.Цолмонгийн хохирлыг гаргуулах” тухай хүсэлт гаргаснийг шүүх хүлээн авах боломжгүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаар 17-54 УББ улсын дугаартай тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч, өмчлөгч С.Дуламсүрэнгийн зөвшөөрөлтэйгээр Б.Б ашиглах явцдаа зам тээврийн осол гаргаж, уг ослын улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байна.

Мөн хэрэгт авагдсан гэрч, иргэний нэхэмжлэгч С.Дуламсүрэн, иргэний нэхэмжлэгч Бэрс финанс ББСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ганбаярын мэдүүлэг болон 17-54 УББ улсын дугаартай тоёота приус 20 маркийн тээврийг худалдан авсан гэрээ, зээлийн гэрээ, барьцааны буюу фидуцийн гэрээ зэргийг шинжлэн судлахад:

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч С.Дуламсүрэн нь 17-54 УББ улсын дугаартай тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг 2019 оны 7 сарын 2-ны өдөр “Эко кар центр” ХХК-иас /Япон улсаас оруулж ирсэн/ 15.890.000 төгрөгийн үнэ бүхий хар өнгийн тоёото приус 20 маркийн 149000 хөдөлгүүрийн багтаамжтай автомашиныг худалдах худалдан авах гэрээ хийж, уг тээврийн хэрэгслийн урьдчилгаанд 3.305.120 төгрөг төлж / автомашин худалдах, худалдан авах гэрээ хх-84 тал/ үлдэх 12.712.000 төгрөгийг  Бэрс Финанас ББСБ-аас уг тээврийн хэрэгслийг унаж явах нөхцөлтэйгөөр зээлийн болон барьцааны гэрээ /Фидуцийн гэрээ/ хийж, тээврийн хэрэгслийг 12.712.000 төгрөгийн зээлийн барьцаа болгон түр хугацаагаар буюу зээл төлөгдөх хүртэл хугацаагаар Бэрс Финанс ББСБ-ын нэр дээр шилжүүлсэн болох нь

“Эко кар центр” ХХК болон иргэний харицагч С.Дуламсүрэн нарын хооронд байгуулсан “автомашин худалдах, худалдан авах гэрээ/ хх-84 тал/ Бэрс финанс ББСБ болон С.Дуламсүрэн нарын хооронд харилцан тохиролцож байгуулсан зээлийн 2019 оны 7 сарын 2-ний өдрийн гэрээ, мөн өдрийн барьцааны /фидуцийн/ гэрээ талуудын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдсон бөгөөд Бэрс финанс ББСБ болон С.Дуламсүрэн нарын хооронд харилцан тохиролцож байгуулсан зээлийн 2019 оны 7 сарын 2-ний өдрийн зээлийн гэрээний 4.2-т “барьцаа хөрөнгө болох тээврийн хэрэгслийг эзэмших, ашиглах явцад бусдад аливаа хохирол учруулсан бол хохирлыг Зээлдэгч өөрөө төлнө.” гэж,

Мөн  гэрээний 4.5-д “барьцаа хөрөнгө болох тээврийн хэрэгслийг эзэмших, ашиглаж байх явцад бусдад аливаа хохирол учруулсан бол хохирлыг зээлдэгч өөрөө төлөх үүрэгтэйгээр/хх-35 тал/ ,

Барьцааны буюу фидуцийн гэрээний 3.2.5-д “барьцаа хөрөнгийг барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд ашиглуулахгүй, шилжүүлэхгүй, хулгай дээрэм, бусад халдлагаас хамгаалах,” үүрэгтэйгээр талууд харилцан тохиролцож гэрээнд талууд гарын үсэг зурж баталгаажуулснаар уг гэрээ хуулийн хүчин төгөлдөр болж, 17-54 УББ улсын дугаартай тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг С.Дуламсүрэн эзэмшиж, өмчилж байсан байна.

 

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “ зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч , устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэргэслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй..” гэж хуульчлагджээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар 1754 УББ улсын дугаартай тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэл нь Бэрс Финанс ББСБ-аас С.Дуламсүрэнгийн зээлж авсан үнийн дүнтэй тэнцэхүйц барьцаанд тээврийн хэрэгслийн өмчлөлийн нэр Бэрс Финанс ББСБ-ын нэр дээр байсан боловч тухайн автомашины жинхэнэ хууль ёсны эзэмшигч, өмчлөгч нь С.Дуламсүрэн мөн болох нь тогтоогдсон С.Дуламсүрэн нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг ашиглагчийг буюу жолооч Б.Бг С.Дуламсүрэн нь өөрөө томилж, уг тээврийн хэрэгслийг түүнд шилжүүлэн өгч Б.Б нь тухайн тээврийн хэрэгслийг ашиглах явцдаа зам тээврийн осол гаргаж, ослын улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол  учирсан нь нотлогдсон байна.

Түүнчлэн хэрэгт автомашины эзэмшигч С.Дуламсүрэн нь өөрийн найз Бд машин ашиглаж замын хөдөлгөөнд орохыг зөвшөөрч тээврийн хэрэгслээ шилжүүлсэн, Б нь уг тээврийн хэрэгслийг жолоодож яваад болгоомжгүй үйлдлийн улмаас гэмт хэрэг гарч хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, гэмт хэрэг учрал гарахад “Бэрс Финанс “ ХХК нь оролцоогүй, тул бусдын хууль зөрчиж учруулсан гэм хорын хохирлыг хариуцан арилгах үндэслэлгүй юм.

Түүнчлэн хэрэгт авагдсан баримтаас харахад Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /Фидуци/ гэрээ нь Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.6-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангах арга болохоос өмчлөх эрхийг бүр мөсөн шилжүүлэхэд чиглэсэн хэлцэл гэрээ биш юм.

Фидуцийн гэрээний хугацаанд үүргийн гүйцэтгэлийг хангах арга болохоос өмчлөх эрхийг бүр мөсөн “Бэрс Финанс “ ХХК-д шилжүүлэсэн, Бэрс финанс ХХК-нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй гэх гэрээ хэлцэл гэж дүгнэх боломжгүй байна.

Фидуцийн гэрээ нь Иргэний хуулийн 231 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах аргуудын нэг бөгөөд зээлдэгч С.Дуламсүрэн нь зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүргээ биелүүлээгүй нөхцөлд барьцаа хөрөнгийг худалдан борлуулж борлуулсан зүнийн дүнгээс зээлийн үүргийг хангуулж үлдэгдэл мөнгийг зээлдэгчид өгөх харилцааг зохицуулах тул зээлийн хугацаанд машины нэр түр шилжсэн харилцаа бөгөөд мөн Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасан гэрээний харилцаа нь үүрэг гүйцэтгэгч шилжүүлэн авсан эд хөрөнгийг захиран зарцуулах бүрэн эрхийг бус харин үүрэг гүйцэтгэгчийг үүрэг гүйцэтгэх хүртэлх хугацаанд эд хөрөнгийн өмчлөх эрхийг хязгаартайгаар шилжүүлэн авдаг, үүрэг гүйцэтгэгч нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд эд хөрөнгийг бодитойгоор гаргуулан авснаар дуусгавар болдог онцлог бүхий гэрээний харилцаа юм.

Харин Бэрс Финанс ББСБ нь С.Дуламсүрэнтэй хийсэн зээлийн гэрээний үүргийн биелэлтийн хувьд прокурор, мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгчээр тогтоосныг буруутгах боломжгүй бөгөөд Бэрс Финанс ББСБ нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлээ хангуулахаар С.Дуламсүрэнд холбогдуулан Иргэний шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй болно.

 

Шүүх гэмт хэрэг болгоомжгүйгээр үйлдэж нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршиг буюу эмчилгээний зардлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж, хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцоно”, 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлыг мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно.” гэж заасныг үндэслэл болгон гэмт хэргийн хохирлоос үүссэн хор уршгийг дараах байдлаар тогтоож, хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.Б гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч эрүүл мэндэд учирсан хор уршиг бусад зардалд 5673392 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хохирогч Л.Цолмон нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд баруун бөөрны няцрал, урагдалын улмаас бөөр, цөсний хүүдийг авахуулах мэс засал хийлгэсэн, мөн давсагны цоорол, хэвлийд шарх бүхий гэмтлүүд авсан бөгөөд гэмтэл болон хагалгааны явцад цус алдаж цус, цусан бүтээгдэхүүн сэлбэсэн талаар өчтөний түүхийн хуулбар болон бусад баримтад тусгагдсан бөгөөд уг ослын улмаас 1 бөөр, цөс авахуулсан эрүүл мэндийг 60% алдсан байх тул хохирогч Л.Цолмонгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэв.

17-54 УББ улсын дугаартай тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч С.Дуламсүрэн нь шүүгдэгч С.Бд тээврийн хэрэгслийг өөрөө шилжүүлэн өгсөн, бусдад учирсан хохирлыг Б.Бтэй 2 хувааж төлнө гэж мэдүүлж байх тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэгт заасныг үндэслэн хохирогч Л.Цолмонгийн нэхэмжлэлийн шаардлагыг иргэний хариуцагч С.Дуламсүрэн, шүүгдэгч Б.Б нараас хувь тэнцүүлэн гаргуулж  нэхэмжлэлийн шаардлага 5673392 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Б.Бгээс 2836696 төгрөг, иргэний хариуцагч С.Дуламсүрэнгээс 2836696 төгрөгийг тус тус гаргуулж, шүүгдэгч Б.Бгийн төлөх 2836696 төгрөгийн төлбөрөөс түүний хохирогчид төлсөн 1750000 төгрөгийг хасаж 1086696 төгрөг, иргэний хариуцагч С.Дуламсүрэнгийн төлөх 2836696 төгрөгийн төлбөрөөс түүний хохирогчид төлсөн 500000 төгрөгийг хасаж 2336696 төгрөгийг төгрөгийг тус тус гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

Түүнчлэн хохирогч Л.Цолмонгийн цаашид эмчилгээ, асаргаа сувилгаа, цус нөхөн төлжүүлэх болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Б.Бгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн болно.

Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Б нь хохирол төлөхөөр завсарлага авч өөрт ногдох хохирлыг нөхөн төлсөн байх тул энэ шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Б гээс гаргуулах хохирол төлбөргүй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

Харин хэрэгт бичгийн баримтаар хураагдаж ирсэн Б.Б гийн 881676 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

                                                            ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овгийн Б. Бг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б овгийн Б Б г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2, 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.3, 499.4 дэх хэсэгт зааснаар

 иргэний хариуцагч С.Дуламсүрэнгээс 2336696 төгрөгийг гаргуулан хохирогч Л.Цолмонд олгож, шүүгдэгч Б.Б нь 2836696 төгрөг, иргэний хариуцагч С.Дуламсүрэн нь 500000 төгрөгийг хохирогч Л.Цолмонд тус тус төлснийг дурдаж,

хохирогч Л.Цолмонгийн цаашид эмчилгээ, асаргаа сувилгаа, цус нөхөн төлжүүлэх болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Б.Б гээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б д ажил, оршин суугаа газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх /тэнссэн хугацаанд/ албадлагын арга хэмжээ тус тус авсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг сануулсугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, урьдчилан цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Бгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар хураагдаж Б.Бгийн №881676 дугаартай жолоочийн үнэмлэхийг харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Ариунтуяа даалгасугай.

 

10.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

11.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

12.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   Ц.ОТГОНЖАРГАЛ