| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 168/2019/0313/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/325 |
| Огноо | 2019-12-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Алтай |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 2019/ШЦТ/325
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч С.Алтай
Шүүгдэгч Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .. овогт Э холбогдох 1921000000334 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Дорнод аймгийн Сэргэлэн суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, ...оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, .. овогт Э. /РД: .../
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Энь 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, ...тоотод ...Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар иргэн ...Б-ыг зодож эрүүл мэндэд нь баруун хацар шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, нуруунд цус хуралт, зулгаралт, зүүн бугалга, бүсэлхийн цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Энь 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, ...тоотод ...Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар иргэн ...Б-ыг зодож эрүүл мэндэд нь баруун хацар шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, нуруунд цус хуралт, зулгаралт, зүүн бугалга, бүсэлхийн цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1921000000334 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Гэрч Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 10 цагийн орчим ...Э гаднаас бага зэргийн архи уусан байдалтай орж ирээд Б хандан “чи өөдгүй хүүхэн байна ...намайг Х гэр бүлээс гадуур харьцаатай гэж эхнэрт нь хэлсэн байна” гэхэд Б “хэлсэн ч гэсэн чи яадаг юм бэ” гээд өөдөөс нь хэрэлдээд маргалдсан. Энэ үед Э гараараа Б алгадаж, үснээс нь зулгааж цохиж зодсон. ...энэ болсон асуудал хурдан болоод өнгөрсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 дугаар хуудас/,
Хохирогч Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр намайг найзындаа байхад гаднаас Т гэх эмэгтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирээд надад хандан чи намайг Х элдвээр хэлдэг хэн бэ гэж хэлээд над руу дайрч намайг зодсон. Улмаар Энь миний үснээс зулгааж хэвлий орчимд өшиглөж, тогооны залгуураар гуядаж зодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/,
Шүүгдэгч Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын дундуур Хэрлэн сумын 10 дугаар баг, гэрийн хаягийг нь сайн санахгүй байна. Найз Г-ийн гэрт пиво ууж байхад гаднаас Х гэх залуу орж ирээд бид нартай хамт шар айраг уусан. Би тухайн үед согтсон байсан тул гэр рүүгээ орж чадахгүй байсан болохоор Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, Ивээлийн 19-03 тоотод оршин суух найз Н гэр рүү явахаар болоход Х миний хамтаар Н гэрт хамт очсон. ...удалгүй гаднаас Н өөрийн найз болох Б-ын хамтаар орж ирсэн бөгөөд Б, Н гэрт түр амьдарч байсан юм. ...хоол идээд байж байтал Б өөрөө би утсаа тавьчих уу? гэж хэлээд гарч яваад 32,000 төгрөгөнд утсаа тавьсан гээд архи, шар айраг авчирсан ба Х нь мөн ажлынхаа газрын хүнээс 50,000 төгрөг зээлээд архи, шар айраг авч уугаад бид нар тухайн газраа хоносон. ...ингээд Б-аас намайг муугаар ярсан талаар нь асуухад миний өдөөс хохино чи Х-тай явдаг нь үнэн биз дээ гээд миний барьцаанд таьсан гар утсыг хурдан авч өгсөн бол ийм асуудал гарахгүй байсан гэж хэлэхээр нь би уурлаж адилхан ууж идчихээд гэж хэлээд хоёр удаа алгадаж, түлхэж унагааж мөн үснээс нь татсан. ...өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Жаргалтуяагийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 688 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1. Ч.Б-ын биед баруун хацар шанаад зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, нуруунд цус хуралт, зулгаралт, цээжинд зулгаралт, зүүн бугалга, бүсэлхий, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх баруун хацар шанаад зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, нуруунд цус хуралт, зулгаралт, цээжинд зулгаралт, зүүн бугалга, бүсэлхийн гэмтлүүд нь бүрдэл хэсгээрээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, зүүн гуяны цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй, 3-5 хоногийн өмнө үүссэн байх боломжтой.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 20 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар: Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29, 30, 31 дүгээр хуудас/,
Эрүүгийн 1921000000334 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э нь 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, ...тоотод ...Б-тайхувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар иргэн ...Б-ы гзодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Э мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, гэрч Н.Н /16-18 дугаар хуудас/, хохирогч Ч.Б /хх-ийн 10 дугаар хуудас/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Жаргалтуяагийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 688 дугаартай дүгнэлт /хх-ийн 20 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогчийн хэн аль архи ууж согтуурсан байдал, хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Хохирогч Ч.Б нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 50000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүх хуралдаанд шүүгдэгч Э гаргаж өгсөн “...хохирогч Ч.Б-ын гомдол саналгүй...” гэх хүсэлт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа хэдий ч хохиролтой холбогдох баримт хэрэгт байхгүй байх тул шүүгдэгч Э-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч Ч.Б нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Э нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Э-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Э ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч .. овогт Э-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-н хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримт болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Э.Э-ын ... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогч Ч.Б нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТСАЙХАН