Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн

2019 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 2019/ШЦТ/187

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган, Улсын яллагч Д.Сүрэнхор, Шүүгдэгч Д.А******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Сүрэнхорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.А******* холбогдох эрүүгийн 1915004410223 дугаартай, 163/2019/0189/Э индекстэй хэргийг 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Булган аймгийн Сайхан суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, шашин судлаач мэргэжилтэй, малчин, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Булган аймгийн Сайхан сумын 2 дугаар багт оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, ******* гөрөөчин овогт Д******* А*******

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.А******* нь 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Булган аймгийн Сайхан сумын нутагт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Б.О******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.А*******гийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

Эрүүгийн 1915004410223 дугаартай хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Хохирогч Б.О******* өгсөн: Нөхөр бид хоёр Сайхан сумын 2 дугаар багийн нутагт байх Төгс-Эрдэнэ гэх залуугийн найранд хамт яваад ...гэртээ ирэхэд манай нөхөр А******* нилээн хэрүүл өдөөд байсан. Өдөр нь би А*******гийн ээжтэй жаахан маргалдсан юм, тэрийг сөхөөд уурлаад ...намайг өөдөөс нь хэрэлдэхэд шууд цохиж авч үсдээд, намайг унасан байхад өшиглөсөн, тэгж нилээн агсамнаж намайг зодож байгаад унтсан. ...Урьд өмнө нь цохиж зодож байгаагүй, ганц нэг алгадаж байсан гэх /хх-15-16 тал/, ...Миний бие одоо зүгээр ямар нэгэн өвдсөн болон зовиурлаж байгаа зүйл алга байна. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би хадам ээжтэйгээ таарамжгүй, маргалдсан байж байгаад л нөхөртэйгээ тэр асуудлаас үүдээд маргалдаад намайг зодчихсон...өөрөөр ямар нэгэн шалтгаан байхгүй гэх мэдүүлэг /хх-11-12 тал/,

Гэрч С.Т******* өгсөн: ...2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 1 цагийн орчимд миний төрсөн, эмэгтэй дүү Отгонтуяа “манай нөхөр намайг зодож нүдээд алчих гээд байна, би та нартай ярьж чадахгүй байна. Яривал алчих гээд байна” гэж 99818571 дугаарын утас руу өөрийн утаснаас мессеж явуулсан байсан. Би тэгээд Улаанбаатар хотын цагдаагийн газрын 102 дугаарын утас руу залгаж Булган аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн усыг авч тэндээс Сайхан сумын хэсгийн төлөөлөгчийн утсыг аваад болсон хэргийн талаар мэдээллэж дуудлага өгсөн. Тэгээд миний дүүг хөдөө гэртээ байхад хэсгийн төлөөлөгч нь сумын эмчийн хамт очиж эмнэлэгт авчирсан юм байна лээ. 2017 онд миний дүү над руу залгаад “ирээд аваадхаач, намайг А******* зодлоо” гэж хэлж байсан. Би тухайн үед хажуу талын айлынх нь залуу Чука гэж хүн рүү залгаад “чи очоод манай дүүг хараадах, тэгээд над руу хэл” гэсэн. Чука буцаагаад надад хандан ямар ч байсан биед нь халдаад зодохын хувьд бол зодсон байна. Нүүр ам нь хөхөрсөн, бусад нь гайгүй байна” гэсэн гэх мэдүүлэг /хх-14-15 тал/,

Гэрч Д.З******* өгсөн: "...Анх очиход гэртээ хоёулаа унтаж байсан. А******* архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай хоорондоо хэрэлдсэн А******* эхнэрийнхээ биед халдсан гэж эхнэр нь хэлж байсан. Уйлаад нүд нь бүлцийгээд хавдчихсан мөн нүдний доод талд улайгаад цохиулсан бололтой байсан. Гар болон бугалга хэсэгт хөхөрсөн байсан. Хэсгийн төлөөлөгч бид хоёр эхнэрийг нь өөртэй нь хамт сумын төв рүү авчирсан, эхнэрийг нь ах дүү нар нь хотоос ирж авна гээд байсан ба шөнө нь ирээд аваад явсан гэх мэдүүлэг /хх-17 тал/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дугаар сарын 27-ны өдрийн 270 дугаартай: 1. Магадлуулагч Б.О******* биед нүүрэн дэх зүсэгдсэн шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. 3. Дээрхи гэмтэл нь цаг хугацааны хувьд хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрхи гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-24 тал/,

Шүүгдэгч Д.А*******гийн яллагдагчаар татагдаж өгсөн: 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Булган аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн нутагт байх өөрийн гэртээ эхнэр Б.О гэр бүлийн хувийн маргаанаас үүдэн маргалдаж байгаад алгадаж, нүүр рүү нь гараар цохисон. Түүний улмаас манай эхнэрийн биед гэмтэл учирсан. Би энэ гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Эхнэрээсээ уучлалт гуйгаад бид хоёр ойлголцсон гэх мэдүүлэг /хх-29-30 тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-1 тал/,

гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-6 тал/,

эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг шүүгдэгчийн хувийн байдлын талаархи баримтууд /хх-32-35 тал/,

хэргийн материал танилцуулсан баримт /хх-45-46 тал/ зэрэг нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Д.А******* нь 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Сайхан сумын нутагт гэртээ “миний ээжтэй таарч тохирохгүй маргалдлаа” гэх шалтгаанаар эхнэр Б.О агсам тавьж түүний бие, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хууль зүйн факт, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Хохирогч Б.О******* өгсөн мэдүүлгийн эх сурвалж мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч С.Т, Д.З нарын хэргийн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгааны талаар өгсөн мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтэл болон гэмтлийн зэргийг тогтоосон Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дугаар сарын 27-ны өдрийн 270 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч Д.А*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, өөр хоорондоо зөрүүгүй, түүнчлэн хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх учир шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Отгонтуяа, гэрч С.Т нарын өгсөн мэдүүлгээр шүүгдэгч Д.А*******гийн гэр бүлийн хүний бие, эрх чөлөөнд халдсан үйлдэл нь нэг удаагийн бус болох нь нотлогдож байх бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэдэгт гэр бүлийн хамаарал бүхий хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.

Иймд шүүгдэгч Д.А*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.А******* нь гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Б.Отгонтуяа нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ шүүхэд илэрхийлсэн байна. Шүүгдэгч Д.А*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч Д.А******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* гөрөөчин овогт Д******* А*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А*******г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Д.А*******д оногдуулсан 500000 төгрөгийн торгуулийн ялыг сар бүр 100000 / нэг зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, биелүүлэх хугацааг 5 /тав/ сарын хугацаагаар тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Д.А*******д сануулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Д.А******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, иргэний бичиг баримт үгүйг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.А*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.А*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД