Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 16

 

   Нэхэмжлэгч болон хариуцагчийн

           эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

    Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл би “А” ХХК-ийн “Увс аймгийн Татварын хэлтсийн орлогын тасгийн дарга М.Т-ын 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 0176456 дугаартай шийтгэлийн хуудсыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах“ тухай гомдолтой Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын ахлах байцаагч М.Т-д холбогдох хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

      Гомдол гаргагч “А” ХХК шүүхэд гаргасан гомдолдоо: " Увс аймгийн Татварын хэлтсийн орлогын тасгийн дарга М.Т нь иргэн Б.М-ийн гомдлын дагуу манай компанийг цахим төлбөрийн баримт олгоогүй гэх үндэслэлээр 58.583.115 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. Шийтгэлийн хуудаст дурдсанаар М.Т нь "Иргэн Б.М-өөс ирсэн гомдлын дагуу 2002094 регистрийн дугаартай "А" ХХК-иас 2 өрөө орон сууц худалдан авч төлбөрөө төлж дууссан боловч цахим төлбөрийн баримтыг олгоогүй болох нь "А" ХХК-ийн захирал Ө.Б-тэй уулзаж мэдүүлэг авч, компанийн дансны хуулга, office.barimt.mn сайтын 2017-2019 оны хэвлэлтийн мэдээ гэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна" гэж дүгнэжээ. Өөрөөр хэлбэл манай компанийг худалдан авалт хийсэн иргэнд цахим төлбөрийн баримт олгоогүй гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар торгох шийтгэл ногдуулжээ. Манай компани шийтгэлийн хуудасны дагуу судалж үзэхэд:

  1. 2020 оны 01сарын 27-ны өдөр ирсэн Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолд Л овогтой Э РД:/ФД60012055/ утас:95545553-с гомдол гаргажээ. Манай компани иргэн Л.Э-тай гэрээ болон ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсээгүй
  2. Увс аймгийн Татварын хэлтсээс 2020 оны 03 сарын 24-ний өдөр ирсэн №0176456 дугаартай зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсанд Б.М-өөс гаргасан гомдлын дагуу төлбөрөө дууссан боловч цахим төлбөрийн баримт олгоогүй гэх үндэслэлээр 58.583.115 төгрөгийн торгох шийдвэр ирсэн. Бид Иргэн Б.М-тэй ямар нэгэн гэрээ байгуулж хууль эрх зүйн харилцаанд ороогүй болно.
  3. Энэ шийтгэлийн хуудастай холбогдуулан компанийн зүгээс судалж үзэхэд Э.М нь Увс аймгийн Улаангом сумын 03-р багийн нутаг дэвсгэрт баригдсан 24 айлын 2-р ээлжийн байрны 121 тоот 63 м2 талбайтай 2 өрөө байрыг м2 үнийг 1.200.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож иргэн Ө.Б-той гэрээ байгуулж

Иргэн Ө.Б-ын хувийн харилцах данс

  • Голомт банкны 6205102756 дансанд 2017.09.13-нд 10.000.000 төгрөг
  • Бэлнээр  5.400.000 төгрөгийг 2018.10.08-нд өгсөн
  • Хас банкны 5000477263 дансанд 2018.11.17 -нд 50.000.000 төгрөг
  • Хаан банкны 5820118888 дансанд 2019.11.21-нд 9.880.000 төгрөг

     Хаан банкны 5820118888 дансанд 2019.12.29-нд 320.000 төгрөгийн гүйлгээ хийсэн байна. Дээрх төлбөрөө төлсөн баримтаас авч үзэхэд манай компанитай хууль эрх зүйн харилцаа үүсээгүй, иргэн Ө.Б, Э.М хоорондын эрх зүйн харилцааг манай компанид холбогдуулан шийтгэлийн хуудас үйлдсэн байна.
Иймд Увс аймгийн Татварын хэлтсийн орлогын тасгийн дарга М.Т-ын 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн ¹0176456 дугаартай шийтгэлийн хуудсыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
      Хариуцагч Татварын хэлтсийн татварын улсын ахлах байцаагч М.Т шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Увс аймгийн татварын хэлтсийн Татварын улсын ахлах байцаагч М.Т би иргэн М.М-өөс 2020 оны 1-р сарын 22 ны өдөр ирсэн "А" компаниас 2 өрөө байрыг 70,2 сая төгрөгөөр худалдан авахдаа 2017 онд урьдчилгаа төлбөр болох 10,2 сая төгрөг өгч 2018 онд ипотекийн зээл гарч 50,0 сая төгрөг, 2019 онд нийт 10,0 сая төгрөг төлсөн боловч цахим төлбөрийн баримт олгоогүй." гэх гомдлын дагуу шалгаад :
     Уг татвар төлөгчийг 2020 оны 03-р сарын 24-ний өдөр Зөрчлийн хуулиийн 11.19-р зүйл "8.1.төлбөрийн баримт олгоогүй бол өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 2 хувь "гэсэн заалтаар торговол гомдол мэдүүлсний өмнөх сарын буюу 2019 оны 12-р сарын борлуулалт хуулгаар 2929,1 сая байгаа ба үүний 2% нь 58,5 сая төгрөгөөр торгосон.
     Шийтгэлийн хуудсыг 2020 оны 3-р сарын 31 -ны өдөр баталгаат шууданд хүлээлгэн өгснийг шуудангийн алба 2020 оны 04-р сарын 03 ны өдөр татвар төлөгчид гардуулсан.
        Нотлох баримт болох Төлбөр төлсөн баримтууд, ярилцлагын тэмдэглэл, цахим төлбөрийн баримт хэвлэлтийн хяналтын системээс хэвлэсэн төлбөрийн баримт хэвлэлтийн мэдээлэл, Шийтгэлийн хуудсыг татвар төлөгчид баталгаат шуудангаар хүргүүлсэн хүлээн авсныг нотлох дэвтэр зэргийг хавсаргав” гэжээ.

       Гомдол гаргагч, хариуцагч нарын байгуулсан эвлэрлийн гэрээнд: “А” ХХК нь “Увс аймгийн Татварын хэлтсийн орлогын тасгийн дарга М.Т-ын 2020 оны 3 дугаар сарын 24-ны өдрийн 0176456 дугаартай шийтгэлийн хуудсыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай гомдол, нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Татварын хэлтсийн орлогын тасгийн дарга М.Т дараах хууль зүйн үндэслэлүүдээр торгох шийтгэлийн үнийн дүнг багасган тооцож, үүнийг гомдол гаргагч тал хүлээн зөвшөөрсөн байна.

    Иргэн Б.М-өөс ирсэн “төлбөрийн цахим баримт олгоогүй” гэх гомдлын дагуу ТУАБ М.Т нь “А” ХХК-нд торгох шийтгэл ногдуулсан. Б.М нь тухайн орон сууцыг 75.600.000 төгрөгөөр худалдан авсан байх бөгөөд хамгийн сүүлчийн үлдэгдэл  төлбөр болох 320.0 мянган төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Ө.Б-ын дансанд шилжүүлсэн байх тул Зөрчлийн тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар  зөрчлийг 2019 оны 12 дугаар сард үйлдэгдсэн гэж үзэв. 

        Зөрчлийн тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1-д “Зөрчлийн үр дагавар хэзээ илэрснээс үл хамааран тухайн зөрчил үйлдэгдсэн үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно” мөн хуулийн 2.4 дүгээр зүйлийн 2-д “ Зөрчил тодорхой хугацаанд үргэлжилсэн бол үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно” гэж тус тус заажээ.

       Иймээс Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1-д заасан “төлбөрийн баримт олгоогүй бол өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн хоёр хувиар” торгохоор заасны дагуу торгох шийтгэлийн хэмжээг “А” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын борлуулалтын орлогын 2 хувиар тооцож тогтоолоо. Хас болон ХААН банкнаас авсан “А” ХХК-ийн дансны хуулганаас үзэхэд ХААН банкаар 250.142.576  төгрөгийн Хас банкаар 47.750.000 төгрөгийн нийт 297.892.576 төгрөгийн борлуулалтын орлого орсон байх тул энэхүү орлогын 2 хувь буюу 5.957.851 төгрөгөөр торгох үндэстэй  байна.

      Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын ахлах байцаагч М.Т “Б.М-ийн байрны үнийн цахим төлбөрийн баримт олгоогүй” гэх зөрчилд “А” ХХК-д холбогдуулан 5.957.851 төгрөгийн торгох шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж тооцоолсныг “А” ХХК-ийн захирал Ө.Б хүлээн зөвшөөрч эвлэрэв” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

       Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч болох гомдол гаргагч, хариуцагч нар нь хуульд заасны дагуу харилцан тохиролцож эвлэрсэн байх ба уг эвлэрлийн гэрээгээр Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын ахлах байцаагч М.Т “Б.М-ийн байрны үнийн цахим төлбөрийн баримт олгоогүй” гэх зөрчилд “А” ХХК-д холбогдуулан 5.957.851 төгрөгийн торгох шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзсэнийг “А” ХХК-ийн захирал Ө.Б хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй ба бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж шүүх дүгнэлээ.

      Хариуцагч татварын улсын ахлах байцаагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад алдаагаа засаж, Зөрчлийн тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 2-д заасны дагуу зөрчил үйлдэгдсэн хугацааг зөв тогтоож, мөн  хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1-д зааснаар зөрчил үйлдсэн хугацааны өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн хоёр хувиар “А” ХХК-ийг торгосон нь хуульд нийцсэн байна.

        Иймээс шүүхээс уг эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй.

        Хэргийн оролцогчдод хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ.

        1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68.4-д заасныг баримтлан гомдол гаргагч “А” ХХК-ийн захирал Ө.Б, хариуцагч Татварын хэлтсийн татварын улсын байцаагч М.Т нарын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад байгуулсан эвлэрлийг баталж, “А” ХХК-ийн гомдолтой, Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын ахлах байцаагч М.Т-д холбогдох /124/2020/0019/з дугаар индекстэй/ хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

       2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

       3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д зааснаар хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ОЮУНГЭРЭЛ