Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2020/00775

 

“В” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, Танхимын тэргүүн Х.Сонинбаяр, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2019/01069 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 1214 дүгээр магадлалтай,

“В” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Ц.Э-д холбогдох,

Гэм хорын хохиролд 1.800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Танхимын тэргүүн Х.Сонинбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Ц.Э, түүний өмгөөлөгч H.Энхтуяа, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч “В” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Э- нь Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны Еvergood байрны 2 давхарт байрлах Himalava иог-ийн байнгын үйлчлүүлэгч бөгөөд 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 17 цаг 47 минутад Ворлд Кореа ХХК-ийн үүдний хаалгаар орохдоо утсаар оролдон доошоо харж явж байгаад өөрийн хайхрамж болгоомжгүй үйлдлийн улмаас манай байгууллагын хувийн өмчийн үүдний шилэн гүйдэг хаалгыг духаараа мөргөж, өвдгөөрөө өшиглөж хагалж байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан.

Иймээс Монгол улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг үндэслэн Ц.Э-гаас байгууллагад учруулсан эд хөрөнгийн гэм хорын хохиролд 1.800.000 төгрөгийг гаргуулан өгч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.           

Хариуцагч Ц.Э- шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 17 цаг 30 минутанд World Korea Group хэмээх Солонгос эзэнтэй компаний дэргэд байрлах Ёга студи руу орохдоо голын шилэн хаалганд санамсаргүй духаараа хүрсэн. Уг хаалга нь хэрэглэгчдэд үйлчлэх гол хаалга бөгөөд автомат мэдрэгчтэй, өөрөө онгойдог хаалга байсан. Гэвч миний бие шатаар өгсөн гарч, уг хаалгаар ороход хаалга нээгдээгүй. Уг хаалга энгийн хурдаар алхан очиж байгаа хэрэглэгчид автоматаар нээгдээгүйгээр барахгүй духаараа санамсаргүй хүрэх төдийд савлан, сууриараа, хүрээтэйгээ нуран шил нь бутарч унасан. Хаалганаас үсэрч холдсон тулдаа гарын 2 хурууг шилэнд зүсэн цус гарч хохирсон. Гэтэл цагдаагийн газар хэрэг үүсгэх, бүртгэх боломжгүй хэмээн буцаасан. Тус компани нь хэрэглэгчдийн аюулгүй байдлыг хангасан, иргэдэд найдвартай үйлчлэх стандартын чанарын шаардлага хангаагүй хаалгатай байсны төлөө хохирогч болоод байна. Би ямар ч буруугүй учир нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Уг үйл явдал тус компаний видео камерт хадгалагдан үлдсэн байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2019/01069 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ц.Э-гаас 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч В ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 1.050.000 /нэг сая тавин мянга/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43.750 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагч Ц.Э-гаас 22.550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч В ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 1214 дүгээр магадлалаар:  Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2019/01069 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Ц.Э-д холбогдох гэм хорын хохиролд 1.800.000 төгрөг гаргуулах тухай В ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22.550 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22.600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Түвшинзаяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 1069 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 сарын 26-ны өдрийн 1214 тоот магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлал хэргийн үйл баримтыг тал бүрээс нь шинжлэн судлалгүй, хэрэглэх ёстой хуулийг зөв хэрэглээгүй буруу шийдвэр гаргасан гэж нэхэмжлэгч миний бие үзэж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хаалга хагарсан шалтгаан нь хариуцагчийн буруутай үйлдэлтэй бүрэн шалтгаант холбоотой, хаалга хагарсан нөхцөл байдалд нэхэмжлэгч хэрхэн нөлөөлсөн нь тодорхой бус байхад гэм бурууг тогтоолгүй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй бөгөөд Иргэний хуулийн 497-р зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан гэм буруутай этгээд хохирлыг хариуцах зарчимд нийцэхгүй байна. Гэтэл хариуцагч Ц.Э-г манай байгууллагын хаалгыг дух болон өвдөгөөрөө мөргөж хагалах хүртэл хаалганы үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байсан болно.Хэрэгт авагдсан СД-ний бичлэг дээрээс түүний утсаараа оролдон доош өөрийн болгоомж хайхрамжгүй байдлаас болж мөргөсөн нь тодорхой харагдаж камерт бичигдсэн байдаг. Ц.Э- нь манай байгууллагын хөрш болох Иогийн төвийн байнгын үйлчлүүлэгч бөгөөд энэхүү хаалгаар байнга орж гардаг бөгөөд тухайн хаалга нь монгол улсын норм дүрмийг хангасан мэдрэгчтэй, тодорхой зайд онгойдог, ерөнхий шаардлагад нийцсэн байнгын ажиллагаатай байсан бөгөөд хүчтэй доргилт хүчний улмаас жижиг ширхгээр бутарсан байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүхээс шилэн хаалгыг хагалсан үйлдэлд гэм буруугүй байна гэж дүгнэсэн нь огт үндэслэлгүй бөгөөд шилэн хаалга нь өөрөө хагарсан байна гэх үндэслэлийг бичсэн байна. Өөрөөр хэлбэл тухайн хаалгыг Ц.Э- нь мөргөөгүй байсан бол тухайн хаалга нь хагаран бутарч унахгүй бөгөөд энэ үйлдэл нь хариуцагчийн эс үйлдэхүй нь харагдаж байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэлгүй шийдвэр гаргасан тул нэхэмжлэгчийн зүгээс гомдолтой байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

“В” ХХК, Ц.Э-д холбогдуулан гэм хорын хохиролд 1.800.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч, уг хаалга нь хэрэглэгчдэд үйлчлэх гол хаалга, намайг шатаар өгсөн гарч, хаалганд ойртоход хаалга нээгдээгүй. ...духаараа санамсаргүй хүрэх төдийд савлан, сууриараа, хүрээтэйгээ нуран шил нь бутарч унасан гэж  тайлбарлан нэхэмжлэлээс татгалзжээ.

Анхан шатны шүүх хариуцагчаас 750.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын гомдолдоо “...хаалга хагарсан шалтгаан нь хариуцагчийн буруутай үйлдэлтэй бүрэн шалтгаант холбоотой..., хаалга хагарсан нөхцөл байдалд нэхэмжлэгч хэрхэн нөлөөлсөн нь тодорхой бус байхад гэм бурууг тогтоолгүй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон...” гэсэн үндэслэл зааж нэхэмжлэлийг бүхэлд хангуулахыг хүсчээ.     

Бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө.

Шаардлага болон татгалзлаа нотлох үүргийг хэргийн оролцогч хүлээнэ, шүүх  нэхэмжлэлийн шаардлага, талуудын гаргаж өгсөн баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шийдвэр гаргана.

Хэрэгт авагдсан Үзлэг хийсэн тухай тэмдэглэлд “...шилэн хаалганы өмнө очиж 2-3 секунд зогсоход хаалга онгойж тэр эмэгтэй орсны дараа хаалга хаагдаж байна” /хх-43/ гэснээс үзэхэд “В” ХХК-ийн шилэн хаалга нь хүн ирэхэд автоматаар онгойдог, мэдрэгчтэй байх ба тухайн өдөр хариуцагч Ц.Э-г хаалгаар орохоор ойртон ирэх үед хаалга онгойж ажиллаагүйгээс, тэрээр дух, өвдөгөөрөө хаалгыг санамсаргүй мөргөсөн  энэхүү нөхцөл байдал нь түүнийг хаалга хагарсанд  гэм буруутай гэж үзэх боломжгүй байна.  

Учир нь нэхэмжлэгч нийтэд үйлчилж буй үйлчилгээний байгууллагын хувьд уг хаалганы аюулгүй ажиллагааны шаардлагыг хангаж зохих засвар үйлчилгээг хийж ердийн  шаардлагад нийцүүлэн үйлчилж байсан болохоо нотлоогүй байна. Хаалга хэвийн ажиллаж, аливаа эд, анги хэсэг нь эвдрэл гэмтэлгүй байгаа тохиолдолд хүн ойртоход мэдрэгчээр онгойх үйлдэл хийх ба, санамсаргүй хэмжээний ердийн цохилт доргилтод шилэн рам нуран унах аюулгүй байдлыг эзэмшигч хангасан байх ёстой байна.

Хэргийн энэхүү нөхцөл байдлын талаар  анхан шатны шүүх үндэслэл бүхий  дүгнэлт хийж чадаагүйгээс, хариуцагчийг гэм буруутайд тооцож нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болсон гэж давж заалдах шатны шүүх үзсэн нь хуульд нийцсэн, тус шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.4, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 3, 5 дугаар зүйлийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.  

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулах тухай нэхэмжлэгчийн гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна.

Давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч магадлалын тогтоох хэсэгт хуулийн заалтыг баримтлаагүй алдааг засч, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 1214 дүгээр магадлалын 1 дэх заалтын “...шийдвэрийг хүчингүй болгож” гэсний дараа “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул ...” гэж нэмж өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Түвшинзаяагийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр төлсөн 43.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     П.ЗОЛЗАЯА

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР