| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2017/1248/И |
| Дугаар | 155/ШШ2018/00232 |
| Огноо | 2018-02-02 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 155/ШШ2018/00232
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, шүүгч Н.Бямбасүрэн, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Т сумын - дугаар багт байрлах Т сумын хүүхдийн цэцэрлэгийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Т сумын - дугаар багт оршин суух Д овогт М-ийн О,
Хариуцагч: Ц овогт Б-ын П нарт холбогдох
Хүүхдийн хоолны мөнгө 524.400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдаваа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Ц.Н, хариуцагч Б.П, иргэдийн төлөөлөгч Ю.Доржпүрэв нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ
Нэхэмжлэгч Т сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Ц.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Тус цэцэрлэгт эрхлэгчээр ажиллаж байсан М.О нь 2008 оны 7-8 дугаар сард зуны нүүдлийн гэр цэцэрлэгийг хөдөөгийн 3 багт 21 хоног ажиллуулж, тухайн үедээ хүүхдийн хоолны мөнгөний 50% болох 524.400 төгрөгийг эцэг эхээс хурааж аваагүй, цэцэрлэгийн төсвөөс төлж барагдуулсан тул 2009 онд аудитын шалгалтаар авлага үүсгэсэн байдаг. Өмнөх жилүүдэд “Хөдөөгийн ядуурлаас бууруулах” төсөл манай суманд хэрэгжиж зуны цэцэрлэгт хамрагддаг хүүхдүүдийн хоолны мөнгийг төлдөг байсан боловч 2008 онд уг төслийн манай суманд хэрэгжих хугацаа дууссан. Өмнө нь хөдөөгийн багийн эцэг эхчүүдээс хүүхдийн хоолны мөнгийг хурааж байгаагүй, мөн тус цэцэрлэгийн хоолны төсөв хангалттай бзйсан тул дээрх 524.500 төгрөгийг байгууллагын хүүхдийн хоолны зардлаас төлж барагдуулсан байна.
Мэргэжлийн хяналтын шалгалтаар энэ асуудал өдий болтол илэрч элдэв акт, торгууль тавигдаагүй. Тухайн үед цэцэрлэгийн эрхлэгчээр М.О, нягтлан бодогчоор Б.П нар, төрийн сангийн төлөөлөгчөөр сумын засаг С.Эрдэнэтуяа хавсран ажиллаж байсан. Ингээд 2009 оноос хойш энэ авлага төлөгдөөгүй өнөөдрийг хүрсэн байна. Жил бүрийн аудитын зөвлөмжөөр дээрх авлагыг барагдуулах зөвлөмж ирж сар бүр өглөг, авлагын тайланг дээд газарт хүргүүлж ажилладаг. Энэ асуудлаар тухайн үед эрхлэгчээр ажиллаж байсан М.О, нярав Д.О нарт энд багшаар ажиллаж байх хугацаанд нь байнга амаар хэлж сануулж байсан ба мөн албан бичиг өгсөн. Гэвч энэ авлагыг шийдвэрлэж чадахгүй бид төлөх ёсгүй хэмээн татгалзсаар ирсэн. Ингээд сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд тавьж танилцуулсан бөгөөд хурлын байгууллагаас сумын засаг даргад уламжлагдсан.
2016 оны 10 дугаар сард сумын засаг дарга Ц.М тэр үед цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан М.О, одоогийн манай нягтлан бодогч Б.Ө бид З-ыг дуудаж уулзаад энэ асуудлаар ярилцаж, М.О “өндөр насны тэтгэвэрт гарах боллоо. Сүүлд ажиллаж байсан хугацааны үлдэгдэл цалин гаргасан байсан тул энэ мөнгөнөөсөө 11-р сарын 20 ноос өмнө тус авлагын 50% буюу 262200 төгрөгийг М.О өөрөө төлж барагдуулахаар тохиролцсон. Харин үлдсэн 50% болох 262200 төгрөгийг тэр үед ажиллаж байхдаа 1,2-р гарын үсэг зурж шийдвэр гаргасан тухайн үед нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.П хариуцах нь зүйтэй гэж ярилцсан. Гэтэл одоо болтол дээрх мөнгө төлөгдөөгүй. Аудитаас тухайн үед цэцэрлэгийн ажлыг хариуцаж байсан удирдлага, нягтлан бодогч нар нь одоо энэ сумандаа ажиллаж амьдарч байгаа учир уг авлагыг ямар нэгэн аргаар заавал төлж улсыг хохиролгүй болгох ёстой гэсэн шаардпага байнга ирж байна. Ингээд аймгийн санхүү, аудитын албаны дарга В.Н-ээс зөвлөгөө авахад “Энэ асуудлаа аймгийн засаг даргад хүсэлт гарга. Бид аймгийн засаг даргын дэргэдэх зөвлөлд байдаг учир биднийг хуралдуулаад энэ асуудлыг шийдэх байх аа.” гэж зөвлөсний дагуу аймгийн засаг дарга Л.Г даргад 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн №24 тоот албан бичгийг хүргүүлсэн. Аймгийн засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1/2461 тоот албан бичигт энэ авлагын асуудлыг шийдвэрлэх боломжгүй тул шүүхэд хандахыг зөвлөсөн. Байгууллагын эрхлэгч миний хувьд мэргэжлийн хяналтын газрын акт болон эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр хувь хүний цалин хөлснөөс мөнгө төгрөг шууд суутган авах эрх байхгүй гэж үзэж байна. Иймд 2008 онд цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан М.О, мөн тухайн үед нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.П нараас хүүхдийн хоолны мөнгөнд олгосон 524.400 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан юм
... уг мөнгийг эдгээр хүмүүс хувьдаа авч ашиглаагүй, 2008 оноос хойш өнөөдрийг хүртэл тодорхой хугацаа өнгөрсөн нь үнэн.Гэвч дээрх мөнгө нь жил болгоны тайланд авлага болон гардаг тул уг асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч М.О, Б.П нар шүүхэд гаргасан тайлбартаа:... 1. 2008 оны зуны цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг эцэг эхчүүдээс хураах гэтэл тухайн үед Засаг даргын орлогч, төрийн сангийн төлөөлөгч С.Э төсөв чинь хүрэлцэж байгаа тул “хураах хэрэггүй” гэсний дагуу хураагаагүй болно. 2. Тухайн нүүдлийн цэцэрлэгт хамрагдаж байсан хүүхдүүд үр шимийг нь хүртээд өнөөдөр өндөр боловсролтой зөв хүүхдүүд болон сурч байна.3. Б.П миний бие 2010 оноос хойш нягтлан бодогчоор ажиллаагүй ба тухайн хугацаанд энэ авлагыг барагдуулах ажил зохион байгуулсан бол болох байсан. 4. Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлсэн болно.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.
Хариуцагч Б.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Уг мөнгийг бид авч ашиглаагүй. Зөвхөн удирлагаас өгсөн даалвагарыг л биелүүлсэн юм.Учир нь Тухайн үед төрийн сангийн ажилтан хүүхдийн хоолны мөнгийг цэцэрлэгт явсан хүүхдүүдийн эцэг эхчүүдээс хураах шаардлагагүй, төсөв хүрэлцээтэй байгаа тул төсвийн мөнгөнөөс өг гэсэн тул бид эцэг эхчүүдээс хураалгүй төсвийн мөнгөнөөс төлсөн юм. Нүүдлийн цэцэрлэгт хамрагдаж байсан хүүхдүүд үр шимийг нь хүртээд өнөөдөр өндөр боловсролтой зөв хүүхдүүд болон сурч байгаа. 2009 оноос өдийг хүртэл энэ авлагыг барагдуулах ажил зохин байгуулж болох байсан. Үүнээс хойш олон жил болсон, хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хөвсгөл аймгийн Т сумын хүүхдийн цэцэрлэг нь хариуцагч М.О, Б.П нарт холбогдуулан хүүхдийн хоолны мөнгө 524 400 /таван зуун хорин дөрвөн мянга дөрвөн зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч М.О нь /эрхлэгчээр/, Б.П нь /нягтлан бодогчоор/, Хөвсгөл аймгийн Т сумын хүүхдийн цэцэрлэгт ажиллаж байхдаа 2008 оны 7,8 дугаар сард “Хөдөөгийн ядуурлыг бууруулах“ төслөөр зуны гэр цэцэрлэг ажиллуулж хүүхдийн хоолны мөнгө 524 400 төгрөг гарсныг төсвийн мөнгөнөөс төлсөн талаар талууд тайлбарласан ба зохигчид энэ талаар хэн аль нь маргаагүй.
Харин хариуцагч Б.П нь “ ...Хүүхдийн хоолны мөнгийг цэцэрлэгт явж байсан хүүхдүүдийн эцэг эхчүүдээс хураах ёстой байсан.Тухайн үед төрийн сангийн төлөөлөгч төсөв хүрэлцэж байгаа тул хураах хэрэггүй гэсэн тул төсвийн мөнгөнөөс уг мөнгийг төлсөн. Гэтэл 2009 оны аудитын шалгалтаар үүнд авлага үүсгэсэн. 2009 оноос өдийг хүртэл энэ авлагыг барагдуулах ажил зохин байгуулсан бол болох байсан. Үүнээс хойш олон жил болсон, хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Мөн бид уг мөнгийг авч ашиглаагүй,зөвхөн удирлагаас өгсөн үүрэг даалгаварыг л биелүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д” Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл/ эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ”, 498 дугаар зүйлийн 498.2-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл / эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцна”, 498 дугаар зүйлийн 498.5-д “Энэ хуулийн 498.1, 498.2, ... -т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж тус тус заасан.
Талуудын тайлбараас үзвэл хариуцагч нар нь Т сумын хүүхдийн цэцэрлэгт ажиллаж байх хугацаандаа буюу 2008 оны 7,8 дугаар сард зуны гэр цэцэрлэг ажиллуулж хүүхдийн хоолны мөнгө 524 400 төгрөгийг төсвийн мөнгөнөөс төлсөн болох нь тогтоогдож байх ба талууд дээрх үйл баримтын талаар маргахгүй байна.
Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.4-д “Шаардах эрх нь нэхэмжлэгчийн үйлдлээс шалтгаалах бол хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч уг үйлдлийг хийх ёстой байсан үеэс эхлэн тоолно” гэж заасан ба Хөвсгөл аймгийн Тсумын хүүхдийн цэцэрлэгийн хувьд 2009 оны аудитын шалтгалтаар авлага үүссэн үеэс нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн гэж үзнэ.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-д бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа таван жил байна гэж заасан тул 2014 онд нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.
Мөн хэрэгт авагдсан баримтаар хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, эсхүл тасалдсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр Хөвсгөл аймгийн Т сумын хүүхдийн цэцэрлэгийн хариуцагч М.О, Б.П нараас 524 400 /таван зуун хорин дөрвөн мянга дөрвөн зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хариуцагч М.О-т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн, мөн нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж байх тул хариуцагч М.О-ийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч байгуулага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар хариуцагч М.О Б.П нарт холбогдох байгууллагад учруулсан гэм хорын хохирол 524 400 /таван зуун хорин дөрвөн мянга дөрвөн зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Т сумын Х.Ц-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын хүүхдийн цэцэрлэг нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ
ШҮҮГЧИД Н.БЯМБАСҮРЭН
Б.МӨНХТУЯА