Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2018/ШЦТ/37

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Одончимэг,

Улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

Хохирогч Д.Батчимэд,

Шүүгдэгч О.Мөнх-Ирээдүй нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Мөнх-Ирээдүйд холбогдох эрүүгийн 1715001160093 дугаартай, 163/2018/0033/Э индэкстэй хэргийг 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч:

Монгол улсын иргэн, 1980 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаан гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамт Булган аймгийн Булган сумын 6 дугаар баг, 6а хэсгийн 5.4 тоотод оршин суух, Эрхий мэргэн овогт Оюунтунгалагийн Мөнх-Ирээдүй РД: ГЮ80040431,

Холбогдогсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Мөнх-Ирээдүй нь 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Булган аймгийн Булган сумын 3 дугаар баг, 3а хэсгийн 10-04 тоотод оршин суух иргэн Д.Батчимэдийн байшинд хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан авч 150000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Мөнх-Ирээдүйн өгсөн: 2017 оны 8 дугаар сарын сүүлээр 3 дугаар хороонд ахындаа очоод буцаж явахдаа Батчимэд гэдэг айлын гэрээс угаалгын машин, зурагтын хүлээн авагч авсан гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Батчимэдийн өгсөн: 2017 оны 8 дугаар сарын сүүлээр угаалгын машин, зурагтын хүлээн авагч зэргийг алдсан. Тэгээд манай дүү алдагдсан зүйлийн талаар надад хэлсэн. Ямар хүн авсаныг мэдэхгүй байсан. Сүүлд энэ хүн угаалгын машин үүрчихсэн явж байхад таарсан. Одоо зурагтын хүлээн авагч өгөгдөөгүй байснаас 15000 төгрөгийг төлсөн гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэж ойлгож болно гэх мэдүүлэг,

1715001160093 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Хохирогч Д.Батчимэдийн өгсөн: 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр миний дүү Дугарсүрэн утсаар яриад угаалгын машин, телевизорын хажууд тавьдаг сансраас хүлээн авагчаа хулгайд алдсан талаар надад мэдэгдсэн. Тэгээд цагдаагийн байгууллагаар шалгуулсан байдаг. 2017 оны 10 дугаар сарын эхээр Булган сумын 3 дугаар багт ач охин Нямбарын хамт явж байхад Мөнхөө гэх залуу нь цагаан саарал өнгөтэй угаалгын машиныг минь үүрчихсэн явж таарсан. Ач охин Нямбаяр өөрийнхөө угаалгын машиныг хараад ус гоождог хаймер нь скочдсон болохоор таньсан. Мөнхөө гэх залуугаас наад угаалгын машин чинь манай угаалгын машин байна гэж хэлэхэд хүн засуулах гэж байгаа юм, угаалгын машины эзнийг нь олж ирнэ гээд хаяад явсан. Тэрнээс хойш угаалгын машины хаймер нь мултарсан байсныг минь засаж өгсөн гэх мэдүүлэг /хх -14-15 тал/,

Гэрч О.Мөнх-Ирээдүйгийн өгсөн: 2017 оны 08 дугаар сарын яг хэдний өдрийг нь сайн санахгүй байна. Талийгаач ахындаа очоод буцах замдаа 3а-н аль гудамжийг нь бас санахгүй байна. Дүнзэн байшинтай хашааны хойд хаалгаар нь ороод хаалгыг нь хүчтэй татсан чинь онгойчихоор нь дотор нь байсан угаалгын машин, 8 суваг хүлээн авагч 2-ыг нь аваад төв засмал замын тэр хавьд айлын хашааны буланд тавьж байгаад хот тохижуулах газарт ажилладаг Дэнсмаа гэдэг хүнтэй уулзаад “Та угаалгын машин авах уу” гэсэн чинь Дэнсмаа эгч хэдээр зарах гэж байгаа юм гэсэн. Тэгээд бид хоёр тохиролцоод 20000 төгрөгөөр зараад Дэнсмаа эгчийн гэрт оруулж өгсөн гэх мэдүүлэг /хх-29-30 тал/,

Насанд хүрээгүй гэрч Б.Нямбаярын өгсөн: ...Манай угаалгын машины дээд талын таглаа нь шар өнгөтэй салж унадаг тэрийг нь машин дотроо хийчихдэг,доод талын ус гоожуулдаг хаймрыг нь скочоор наасан байсан. 2017 оны 10 дугаар сарын хэдний өдрийг тодорхой хэлж мэдэхгүй манай угаалгын машиныг авч явж байсан хүнтэй тааралдсан. Засуулах гэж яваа гээд байсан, би өөрийн машиныг шинж тэмдэгээр нь таньсан гэх мэдүүлэг /хх-28 тал/,

Гэрч Б.Дэнсмаагийн өгсөн: ...2017 оны дундуур намайг ажлаасаа тараад ирж байхад Мөнхөө/ Мөнх-Ирээдүй/ таараад та угаалгын машин авах юм уу? Би сэлбэгэнд авсан та 20000 төгрөгөөр авчих гэсэн.Тэгээд Мөнхөө өөрөө үүрч ирээд авчирсан. Оруулж ирээд асаасан чинь дуугараад байсан. Ажиллаж байна гэж бодсон. 2-3 хоногийн дараа хувцсаа угаах гээд асаасан чинь ажиллахгүй байсан. 2017 оны 10 дугаар сарын 20-ын үеэр намайг хотод байхад Мөнхөө ирээд 20000 төгрөг өгөөд угаалгын машинаа авсан байна лээ гэх мэдүүлэг /хх-ийн 24 тал/,

Гэрч Л.Дугарсүрэнгийн өгсөн: 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр би өглөө 8 цагт ажилдаа яваад орой ахынхаа байшинд ирсэн чинь байшингийнх нь хаалганы цоожийг нь эвдэлж ороод дотор нь байсан угаалгын машин, зурагтын 8 суваг хүлээн авагч 2 алга болсон байсан гэх мэдүүлэг /хх-19-20 тал/,

Гэрч Т.Дуламжавын өгсөн: Миний төрсөн охин Батчимэд охиноо сургуулиаас нь авч яваад замдаа нэг залуу угаалгын машин үүрсэн явж байхад нь таарч таньсан гэсэн. Тэр залуугаас хаанаас авсан талаар асуусан чинь “Би хүнээс худалдаж авсан” гэж хэлээд яваад өгсөн гэсэн гэх мэдүүлэг /хх-23 тал/,

Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх- 6 тал/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-09-10 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-45 тал/,

2017 оны 09 дүгээр сарын №183 дугаартай “Бан хас” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ болон бусад хувийн байдлын талаархи нотлох баримтууд зэргийг шинжлэн судлав.

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч О.Мөнх-Ирээдүй нь 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Булган аймгийн Булган сумын 3 дугаар баг, 3а хэсгийн 10-04 тоотод оршин суух иргэн Д.Батчимэдийн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч 150000 төгрөгийн эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн хууль зүйн факт, үйл баримт болжээ.

Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугийн талаар мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч Д.Батчимэдийн мэдүүлэг, тухайн үйл баримтын талаар мэдүүлсэн гэрч Б.Нямбаяр, Б.Дэнсмаа Л.Дугарсүрэн нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд 2017 оны 09 дүгээр сарын №183 дугаартай “Бан хас” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт, хохирол төлсөн баримт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.

Шүүгдэгч О. Мөнх-Ирээдүй нь Д. Батчимэдийн гэрийн гадаа байсан угаалгын машин, түүний дотор байсан зурагтын хүлээн авагчийг хулгайлж авсанаа хүлээн зөвшөөрч байгаа боловч хохирогчийн гэрээс эд зүйлийг хулгайлж аваагүй гэж мэтгэлзэж байгаа нь хэрэгт авагдсан баримтуудаар үгүйсгэгдэж байна.

Шүүүгдэгч Д. Мөнх-Ирээдүйн нь 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Булган аймгийн Булган сумын 3 дугаар баг, 3а хэсгийн 10-04 тоотод оршин суух иргэн Д.Батчимэдийн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч 150000 төгрөгийн эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой зааж мэдүүлсэн хохирогч О.Батчимэдийн өгсөн ... 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр миний дүү Л.Дугарсүрэн утсаар яриад угаалгын машин, телевизорын хажууд тавьдаг сансарын хүлээн авагч хулгайд алдагдсан талаар надад мэдэгдсэн. Тэгээд цагдаагийн байгууллагаар шалгуулж байсан.... 2017 оны 10 дугаар сард Булган сумын 3 дугаар багт ач охин Б.Нямбарын хамт явж байхад Мөнхөө /Мөнх-Ирээдүй/ гэх залуу нь цагаан саарал өнгөтэй угаалгын машиныг минь үүрчихсэн явж таарсан. Ач охин Б.Нямбаяр өөрийнхөө угаалгын машиныг хараад ус гоождог хаймер нь скочдсон болохоор таньсан. Мөнхөө гэх залуугаас наад угаалгын машин чинь манай угаалгын машин байна гэж хэлэхэд хүн засуулах гэж байгаа юм, угаалгын машины эзнийг нь олж ирнэ гээд хаяад явсан. Тэрнээс хойш угаалгын машины хаймер нь мултарсан байсныг минь засаж өгсөн гэх мэдүүлэг /хх -14-15 тал /

насанд хүрээгүй гэрч Б. Нямбаярын өгсөн ...Манай угаалгын машины дээд талын таглаа нь шар өнгөтэй салж унадаг тэрийг нь машин дотроо хийчихдэг,доод талын ус гоожуулдаг хаймрыг нь скочоор наасан байсан.2017 оны 10 дугаар сарын хэдний өдрийг тодорхой хэлж мэдэхгүй манай угаалгын машиныг авч явж байсан хүнтэй тааралдсан . Засуулах гэж яваа гээд байсан, би өөрийн машиныг шинж тэмдэгээр нь таньсан гэх мэдүүлэг /хх-28 тал/,

гэрч Л. Дугарсүрэнгийн өгсөн. ...2017 оны 8 дугаар сарын 29-ны өдөр өглөө 08 цагт ажилдаа яваад орой 20 цагт ахынхаа байшинд ирэхэд хаалганы хаалганы модыг хуга татаж, цоожийг эвдэлж ороод дотор нь байсан угаалгын машин, сансараас 8 суваг хүлээн авагч алга болсон байсан. Манай ахынх зуны улиралд мал дээрээ гарчихдаг болохоор би ахынхаа байшинг сахиж үлддэг гэх мэдүүлэг /хх-19-20 тал/

гэрч Б. Дэнсмаагийн ...2017 оны дундуур намайг ажлаасаа тараад ирж байхад Мөнхөө/ Мөнх-Ирээдүй/ таараад та угаалгын машин авах юм уу? Би сэлбэгэнд авсан та 20000 төгрөгөөр авчих гэсэн.Тэгээд Мөнхөө өөрөө үүрч ирээд авчирсан. Оруулж ирээд асаасан чинь дуугараад байсан. Ажиллаж байна гэж бодсон. 2-3 хоногийн дараа хувцсаа угаах гээд асаасан чинь ажиллахгүй байсан. 2017 оны 10 дугаар сарын хорьдын үеэр намайг хотод байхад Мөнхөө ирээд 20000 төгрөг өгөөд угаалгын машинаа авсан байна лээ гэх мэдүүлэг /хх-н 24 тал/,

хэргийн газрын үзлэгийн 2017 оны 8 дугаар сарын 29-ны өдрийн ...Булган аймгийн Булган сумын 3-р баг 3а-гийн 10-4 тоотод 6х4 харьцаатай дүнзэн байсан байх ба байшингийн хаалга нь онгорхой цоожийг нь аваад явсан дотор нь орж үзэхэд цонхны голд ор,хувцасны шүүгээ, монгол шкаф түүний дээр сааарал өнгөтэй зурагт байсан ба гэрчийн мэдүүлсэнээр зурагтын 8 суваг хүлээн авагч, байшингийн зүүн урьд буланд угаалгын машин байсан гэж зааж байв гэх тэмдэглэл /хх-10 тал /, түүний дагуу авагдсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-09,12 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн талаар нотолвол зохих зүйл нотлогдсон байх тул шүүгдэгч О.Мөнх-Ирээдүй нь байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчид 150000 төгрөгийн хохирол учирсан байх ба мөрдөн шалгах ажиллагааны шатанд, болон шүүхийн хэлэлцүүлэгт шатанд 30000 төгрөгийн хохирлыг төлсөн болох нь хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул хохирол төлөгдсөн гэж үзлээ.

Шүүгдэгч О.Мөнх-Ирээдүйд ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болохыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлж оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч О.Мөнх-Ирээдүй нь энэ хэрэгтэй цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Эрхий мэргэн овогт Оюунтунгалагийн Мөнх-Ирээдүйг байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч О.Мөнх-Ирээдүйг 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч О.Мөнх-Ирээдүйд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлтэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт шүүгдэгч О.Мөнх-Ирээдүй нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, хохирогч гомдол саналгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.МөнхИрээдүйд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний ял эдлэх хугацааг 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч , хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.ЦЭРЭНДУЛАМ