| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2017/00616/И |
| Дугаар | 33 |
| Огноо | 2018-01-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 33
| 2018 оны 01 сарын 19 өдөр | Дугаар 156/ШШ2018/00033 | Хэнтий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2017/00616/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам би,
Хариуцагч: Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Наран” багт оршин суух, Г.Д холбогдох, (РД: ..............),
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар багт оршин суух, Б.П нэхэмжлэлтэй, (РД: ................),
“зээл, зээлийн хүүгийн 1 223 000 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.П, хариуцагч Г.Д, түүний өмгөөлөгч Г.Ц, гэрч Э, Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.П нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: 2016 оны 7 дугаар сарын 30-ны өдөр ХААН банкны эдийн засагч Л.О, тэр үед ахлах теллер ажилтай байсан Ц.Б нар утасдаад нэг зээл хаах мөнгө хэрэгтэй байна чамд мөнгө байвал өгөөч тэр айл маань нэг дэх өдөр буцаагаад өгнө гэхээр нь өөрийн 111111111 тоот данснаасаа иргэн Г.Д-гийн ХААН банкны 000000000 тоот данс руу 907 000 төгрөгийг шилжүүлсэн юм. Гэвч иргэн Г.Д одоо болтол энэ мөнгийг өгөөгүй намайг хохироож байна. Би 907 000 төгрөгийн бүтэн жилийн хүү болох 316 000 төгрөгийг нэхэмжилж байна.
Иймд Г.Д-гээс миний мөнгө болох 907 000 төгрөг, хүү 316 000 төгрөг, нийт 1 223 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал)
Нэхэмжлэгч Б.П нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Г.Д-гийн дансанд мөнгө шилжүүлсэн учраас Д-гээс мөнгөө нэхэмжилж байгаа юм. Учир нь 2016 оны 07 сарын 30-ны өдөр ХААН банкны эдийн засагч О-, тэр үед ахлах теллер ажилтай байсан Ц.Б нар утасдаад зээл хаах мөнгө хэрэгтэй байна чи мөнгө байвал өгөөч тэр айл маань 1 дэх өдөр буцааж өгнө гэсэн. Би Г.Д-гийн 111111111 тоот данс руу 907 000 төгрөгийг шилжүүлсэн. Г.Д нэг дэх өдрөө уг мөнгөө буцааж өгөөгүй. Би Д-гээс мөнгөө нэхэхээр хэл амаар доромжилж уг мөнгийг өдийг хүртэл төлөөгүй байна. Иймд 907 000 төгрөг дээр банкны хүүгээр тооцож бүтэн жилийн хүү 316 000 төгрөг, нийт 1 223 000 төгрөгийг нэхэмжилж байна. Банкнаас зээл авч хүүхдийнхээ сургалтын төлбөрт хийх гэж байсан мөнгөнөөсөө Г.Д-д өгсөн. Нэгэнт би банкнаас зээлж уг мөнгийг Д-д өгсөн тул банкны хүүгээр тооцож нэхэмжилсэн юм гэв.
Харицагч Г.Д нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би дүү Г.Да-г зээл авч өгөөч гээд гуйхаар нь Өмнөдэлгэр сумын ХААН банкнаас 2016 оны 03 дугаар сарын 25-нд малчны зээл 1 500 000 төгрөг авч өгсөн.
Банкны зээл төлөх хугацаа болоход банкны эдийн засагч зээлээ төлөхийг надад анхааруулсан. Би уг зээлийг авсан Да рүү утсаар ярьж зээлээ төлөхийг шаардахад “За би маргааш нөгөөдрийн дотор төлнө” гэж хэлсэн.
Хэд хоногийн дараа би банкны хүмүүсээс асуухад “Зээл чинь төлөгдсөн шүү” гэж хэлсэн. Дараа нь Датэй уулзахад “Танд ямар ч хамаагүй би яриад төлчихсөн” гэж хэлж байсан. Би зээл яаж төлөгдөж хаагдсанг мэдэхгүй. ХААН банкны эдийн засагч Л.О, ахлах теллер ажилтай байсан Ц.Б нар надтай зээл яаж төлөх талаар юу ч яриагүй. Зээлийг хэрхэн яаж төлсөн болохыг би мэдэхгүй. Б.П-гийн нэхэмжилсэн 1 223 000 төгрөгийг төлөхийг би зөвшөөрөхгүй. Надад Пүгээс зээлдэж авсан мөнгө төгрөг байхгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. (хх-ийн 27 тал)
Хариуцагч Г.Д нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би энэ хүнийг танихгүй. Би Пү гэдэг хүнтэй утсаар ярьж зээл төлөөд өгөөч гэж хэлээгүй. Харин би анхнаасаа өөрийн хамаатны дүү болох Дад ХААН банкнаас малчны зээл өөрийн нэр дээр авч өгсөн. Над руу зээл төлөх болсон байна гэж банкнаас утсаар ярьсан. Би энэ талаар Да-д зээлээ төл гэж хэлсэн. 2-3 хоногийн дараа Да нь би зээлээ төлчихсөн. Одоо таны зээл хаагдсан шүү гэж надад хэлсэн. Би Даг зээлийг маань төлсөн юм байна гээд явж байтал Пү нь надаас мөнгө нэхэмжилсэн. Би уг зээлийг аваад өөрөө хэрэглээгүй. Да нь хэрэглэсэн учраас би энэ мөнгийг төлөх ямар ч үндэслэлгүй гэв.
Гэрч Ц.Б-гийн шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Би 2016 онд Өмнөдэлгэр сумын ХААН банканд ахлах теллерээр ажилладаг байсан.... Г.Д нь 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1 500 000 төгрөгийг 4 сарын хугацаатай зээлдэж авсан. Зээлээ хугацаанд нь төлөхгүй болохоор нь түүнд сануулсан.... Г.Д намайг хүнээс мөнгө олоод зээл хаачих нэг дэх өдөр би тэр мөнгийг нь төлье гэж хэлсэн.... Би танидаг Б.П-гээс 907 000 төгрөг, Д.Б-гаас 720 000 төгрөгийг тус тус гаргуулж, Г.Д-гийн зээлийг төлүүлсэн юм... гэв.
Гэрч Г.Э-ын шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Нөхөр бид хоёр Да гэдэг хүнд зээл авч өгсөн юм. Да нь банкны ажилтнуудтай яриад Б.П-гээс мөнгө зээлж авсан байх. Нөхөр бид хоёрын хувьд Б.П-гээс мөнгө аваагүй. Таньж мэдэхгүй учраас уг мөнгийг өгч чадахгүй гэсэн юм. Нөхөр бид хоёр 2016 оны 03 сарын 25-ны өдрийн 02 цагт ХААН банкны Өмнөдэлгэр сумын салбараас малчны зээл 1 500 000 төгрөгийг авсан. Уг зээлийг Да-д авч өгсөн гэв.
Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.П нь хариуцагч Г.Д-гээс “зээл, зээлийн хүүгийн 1 223 000 төгрөгийг гаргуулах” -аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Б.П нь хариуцагч Г.Дгийн ХААН банкны 000000000 дугаартай данс руу өөрийнхөө 111111111 дугаартай данснаас 907 000 төгрөгийг шилжүүлж, түүний ХААН банкнаас авсан зээлийг төлсөн юм. Г. Д-гээс зээл 907 000 төгрөг, хүү 316 000 төгрөг, нийт 1 223 000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч Г.Д нь дүү Г.Да-д Өмнөдэлгэр сумын ХААН банкнаас 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1 500 000 төгрөгийн (малчин) зээл авч өгсөн. Миний зээл яаж төлөгдөж хаагдсан болохыг мэдэхгүй тул Б.П-гийн нэхэмжилсэн 1 223 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Нэхэмжлэгч Б.П нь 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хариуцагч Г.Д-гийн ХААН банкны 000000000дугаартай дансанд өөрийнхөө 111111111 дугаартай данснаас 907 000 төгрөгийг шилжүүлж, түүний ХААН банкнаас авсан зээлийг төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
1. Гэрч Ц.Б нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:.. Би 2016 онд Өмнөдэлгэр сумын ХААН банкинд ахлах теллерээр ажилладаг байсан.... Г.Д нь 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1 500 000 төгрөгийг 4 сарын хугацаатай зээлдэж авсан. Зээлээ хугацаанд нь төлөхгүй болохоор нь түүнд сануулсан.... Г.Д намайг хүнээс мөнгө олоод зээл хаачих нэг дэх өдөр би тэр мөнгийг нь төлье гэж хэлсэн.... Би танил Б.П-гээс 907 000 төгрөг, Д.Б-гаас 720 000 төгрөгийг тус тус гаргуулж, Г.Дгийн зээлийг төлүүлсэн юм...
2. ХААН банкны харилцагч Б.П-гийн дансны дэлгэрэнгүй хуулгад:... 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгч Б.Пгийн 111111111 дугаартай данснаас хариуцагч Г.Д-гийн 000000000дугаартай дансанд 907 000 төгрөгийг шилжүүлсэн байна. (хх-ийн 2 тал)
3. Барьцаат зээлийн гэрээний хуулбарт:... зээлдүүлэгч Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын ХААН банк, зээлдэгч Г.Д- ....1 500 000 төгрөг, (гэрээний 2.1.3) малчны зээл зориулалтаар, (2.1.2) зээлдэгчийн ХААН банкны 000000000дугаартай дансанд зээлийг шилжүүлснээр олгосонд тооцно, (2.1.3) гэрээний 2.2.1, 2.2.2-т заасан нөхцлүүдийг 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор биелүүлсэн байх (2.2.3) гэжээ. (хх-ийн 17-18 тал)
4. ХААН банкны харилцагч Б.П-гийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгад:...8 дугаарт.... 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хариуцагч Г. Д-гийн 000000000дугаар дансанд 907 000 төгрөгийг шилжүүлсэн байна. (хх-ийн 20 тал)
5. Нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан:... Би 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдөр ХААН банкны ахлах теллер ажилтай Ц.Б-, эдийн засагч Л. О- нар утасдаад нэг зээл хаах мөнгө хэрэгтэй байна. Тэр айл нэг дэх өдөр зээлээ өгнө гэхээр нь өөрийнхөө 111111111 дугаартай данснаас иргэн Г.Д-гийн ХААН банкны 000000000дугаартай дансанд 907 000 төгрөгийг шилжүүлсэн гэсэн тайлбар. (хх-ийн 1 тал)... зэрэг болно.
Хариуцагч Г.Д нь ХААН банкаас зээлдэж авсан 1 500 000 төгрөгийн зээлээ яаж төлөгдөж хаагдсан болохыг мэдэхгүй, Ц.Б надтай зээл төлөх талаар яриагүй гэж шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбар гаргасан боловч шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, хуулинд заасан үндэслэл журмын авагдсан доорх бичгийн нотлох баримтуудаар няцаагдаж байна. Үүнд:
1. Гэрч Ц.Б-гийн шүүх хуралдаанд өгсөн:... Би 2016 онд Өмнөдэлгэр сумын ХААН банканд ахлах теллерээр ажилладаг байсан .... Г.Д нь 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1 500 000 төгрөгийг 4 сарын хугацаатай зээлдэж авсан. Зээлээ хугацаанд нь төлөхгүй болохоор нь түүнд сануулсан.... Г.Д нь намайг хүнээс мөнгө олоод зээлээ хаачих нэг дэх өдөр би тэр мөнгийг нь төлье гэж хэлсэн.... Би танил Б.Пгээс 907 000 төгрөг, Д.Б-гаас 7 020 000 төгрөгийг тус тус гаргуулж, Г.Д-гийн зээлийг төлүүлсэн юм...гэсэн мэдүүлэг.
2. ХААН банкны харилцагч Б.П-гийн дансны дэлгэрэнгүй хуулбар. (хх-ийн 2 тал)
3. ХААН банкны харилцагч Г.Дгийн барьцаат зээлийн гэрээний хуулбар. (хх-ийн 17-18 тал)
4. ХААН банкны харилцагч Б.П-гийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга. (хх-ийн 20 тал)
5. Нэхэмжлэгч Б.П-гийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар. (хх-ийн 1 тал)..... зэрэг болно.
Хариуцагч тал шүүх хуралдаанд гэрчээр Ц.Б-, Г.Э-, Л.О, Г.Да- нарыг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан байна. (хх-ийн 28-31)
Шүүх хүсэлтийг хангаж 4 гэрчийг шүүх хуралдаанд оролцуулах тухай захирамж гаргаж шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч гэрч Л.О, Г.Да- нар нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.
Харин Ц.Б-, Г.Э- нар нь шүүхийн дуудсанаар ирсэн тул гэрчээр шүүх хуралдаанд оролцуулав.
Гэрч Ц.Б-д Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд заасан:... гэрч шүүхэд зориуд худал мэдүүлсэн... бол торгох, эрх хязгаарлах, хорих ял шийтгэж болохыг тайлбарлаж гарын үсэг зуруулсан тул түүнийг үнэн зөв мэдүүлэг өгсөн гэж шүүх дүгнэв.
Мөн хариуцагч Г.Д нь дүү Г.Да-д Өмнөдэлгэр сумын ХААН банкаас 1 500 000 төгрөгийн зээл авч өгсөн гэж шүүхэд тайлбарлажээ. (хх-ийн 27 тал)
Хариуцагч Г.Д нь Г.Да-д 1 500 000 төгрөгийг хүлээлгэн өгсөн гэж байгаа боловч энэ талаарх бичгийн нотлох баримтуудаа шүүхэд ирүүлээгүй тул нотлож чадаагүй гэж шүүх дүгнэв.
Хариуцагч нь Г.Да-д зээлдүүлсэн гэх 1 500 000 төгрөгийг гаргуулахаар түүний оршин суугаа газрын шүүхэд жич нэхэмжлэх эрхтэй болно.
Нэхэмжлэгч Б.П нь хариуцагч Г.Дд 907 000 төгрөгийг зээлдүүлэхдээ бичгээр гэрээ байгуулаагүй байна.
Иймд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар зээлийн хүү 316 000 төгрөгийг авах эрхээ алдсан гэж үзэв.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагчаас зээл 907 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.П-д олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т заасныг баримтлан хариуцагч Г.Д-гээс 907 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.П-д олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч Б.П-гийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 33 902 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г.Д-гээс 26 318 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Хариуцагч Г.Д нь Г.Да-д зээлдүүлсэн гэх төгрөгөө жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдаж.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг тайлбарлаад.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ