Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2020/00774

 

К-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч шүүгч П.Золзаяа даргалж, Танхимын тэргүүн Х.Сонинбаяр, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2019/01192 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 1169 дүгээр магадлалтай,

К-ийн нэхэмжлэлтэй,

Г.Ц-холбогдох,

Орон сууц албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Танхимын тэргүүн Х.Сонинбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Төвшинбаатар, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч К- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол Улсад 2010 оноос ажиллаж байх хугацаандаа 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Намъяанжугийн гудамж Аман хуур хотхон ЗЗв дугаар байрны 76 тоот 46.2 м кв талбайтай 2 өрөө байрыг өөрийн нэр дээр худалдан авч үл хөдлөх эд хөрөнгө, өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээг өөрийн нэр дээр нэг хүний өмчлөлөөр бүртгүүлсэн. Орон сууцандаа амьдарч байгаад 2014 онд БНСУ руу буцах үедээ хамт ажиллаж байсан Т.Одбаяр гэх иргэнд 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 2 жилийн хугацаатай түрээслэх, хөлслөх итгэмжлэл бичиж өгсөн бөгөөд тухайн итгэмжлэл нь 2016 оны 8 дугаар сарын 26-нд дуусгавар болсон бөгөөд түрээслэгч Т.Одбаяр нь БНСУ иргэн К--ийн байрыг тухайн үед хүлээлгэн өгөөгүй бөгөөд 2016 оноос хойш тухайн байрыг ямар хүн түрээсэлж байгаа нь тодорхойгүй байна. Т.Одбаяр нь 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн дотор тухайн орон сууцанд амьдарч байгаа айлыг гаргаж К--д суллаж өгөхөөр тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл хугацаанд тухайн байрыг суллаж өгөхгүйгээс гадна орон сууцанд түр оршин сууж байгаа Г.Цэцгээ гэх айлыг шүүхийн журмаар албадан гаргаж, тухайн орон сууцыг чөлөөлүүлж өгнө үү гэжээ.           

Хариуцагч Г.Цэцгээ шүүхэд гаргасан тайлбартаа: н.Одбаяр гэгчтэй ярилцаж тохиролцоод 20 сая төгрөгийг хүүгүй зээлүүлж тус байранд зээлийг буцаан төлөх хүртэлх хугацаанд оршин суухаар болсон бөгөөд өнөөдрийг хүртэл зээлийг эргүүлэн төлөөгүй байгаа тул тус байрыг чөлөөлж өгөхөд хүндрэлтэй байна. Г.Цэцгээ нь н.Одбаярыг зээлсэн мөнгөө буцаан төлсөн тохиолдолд байрыг чөлөөлж өгөхөд татгалзах зүйл байхгүй гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2019/01192 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Аман хуур хотхон, Намъяанжугийн гудамжны 33в дугаар байрны 76 тоот, 46,2 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204035294 дугаарт бүртгэгдсэн, 2 өрөө орон сууцыг хариуцагч Г.Цэцгээ /түүний гэр бүлийн гишүүд/-гийн хууль бус эзэмшлээс гаргуулж, нэхэмжлэгч К--д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Цэцгээгээс улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч К--д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 1169 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2019/01192 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Баярсайхан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 сарын 21-ны өдрийн шүүх хуралдааны 1169 тоот магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг хяналтын журмаар гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн 2 дугаар талд “Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д заасан “ Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ” гэж дурдсан хирнээ Г.Цэцгээ, О.Одбаяр нар хоорондоо амаар хэлэлцэн тохиролцож тухайн байрыг хууль ёсоор эзэмшиж байгааг давж заалдах шатны шүүх үнэлэлгүйгээр шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “ Өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын дагуу хууль буюу хэлцлийн үндсэн дээр тодорхой хугацаагаар эд хөрөнгийг эзэмших эрх олж авсан буюу үүрэг хүлээсэн этгээд нь шууд эзэмшигч, эрх буюу үүргээ шилжүүлсэн этгээд нь шууд бус эзэмшигч байна” гэж заасан. Г.Цэцгээ нь О.Одбаяртай 20 сая төгрөгийг хүүгүй зээлүүлж оронд нь тус байранд тодорхой хугацаагаар суухаар амаар тохиролцсон нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасан “Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл / эс үйлдэхүйг /-г хэлцэл гэнэ.” гэсэн хуулийн шаардлагыг хангаж байгаа бөгөөд мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан амаар хийсэн хэлцэл юм.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн давж заалдах шүүхийн магадлалыг эс зөвшөөрч байна гэжээ.

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгч К- хариуцагч Г.Ц-холбогдуулан Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Намъяанжугийн гудамж Аман хуур хотхон ЗЗв дугаар байрны 76 тоот 46.2 м кв талбайтай 2 өрөө орон сууцыг түүний эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргасанд, хариуцагч эс зөвшөөрч, “...н.Одбаяр гэгчтэй ярилцан тохиролцоод 20 сая төгрөг хүүгүй зээлүүлж тус байранд зээлийг буцаан төлөх хүртэлх хугацаанд оршин суухаар болсон...гэж  тайлбарлан татгалзжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хоёр шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хийвэл зохих эрх зүйн дүгнэлтийг хийсэн нь үндэслэлтэй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж үзэв.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт “өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийн эзэмшлээс орон сууцаа чөлөөлүүлэхийг шаардах эрхтэй байна.

К- маргааны зүйл болох орон сууцны өмчлөгч болох нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2204035294 дугаарт бүртгэгдсэн гэрчилгээгээр тогтоогджээ. Уг орон сууцыг хариуцагч Г.Цэцгээ хууль ёсоор эзэмшиж байгаа болохыг нотлоогүй тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу эд хөрөнгийг чөлөөлүүлэх эрх зүйн үндэслэлийг анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэх замаар дүгнэж,нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул  шийдвэр, магадлал  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцжээ.

Хэрэгт байгаа баримтаас үзвэл, 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн гэрээгээр “...Т.Од-баяр одоогийн байгаа түрээслэгчтэй байгуулсан гэрээг цуцалж, 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гэхэд байрыг буцаан өгнө...” гэсэн боловч тухайн орон сууцыг чөлөөлж өгөөгүй байна. Хариуцагч Г.Цэцгээ өмчлөгчөөс олгосон эрхийн дагуу орон сууцыг эзэмшиж байгаа эсэхийг баримтаар нотлоогүй. Өөрийн хөрөнгөө чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах нь өмчлөгчийн туйлын эрх байдаг тул түүний хүсэл зоригоос гадуур эд хөрөнгийг нь эзэмшиж байгаа этгээдийн эзэмшил хууль бус байна.

Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ гэж заажээ. Хариуцагч Г.Цэцгээгийн эзэмшил нь зөвхөн хууль болон гэрээнд заасан үндэслэлээр үүссэн тохиолдолд хууль ёсны эзэмшигч гэж үзэх бөгөөд энэ нь хэргийн баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй  байна.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын агуулгаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2019/01192 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 1169 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Баярсайханы гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 7 дугаар сарын 27-ний өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     П.ЗОЛЗАЯА

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР