Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 04

 

Б.А-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч М.Нямбаяр, Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Я.Дина, шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч М.Мөнхөө, нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нарыг оролцуулан

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дүгээр сарын 13-ны өдрийн 201 дүгээр цагаатгах тогтоолтой, Б.А-т холбогдох эрүүгийн 1835002060225 дугаартай хэрэгт прокурорын эсэргүүцлийг үндэслэн, 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1993 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл-4, нөхөр, 2 дүүгийн хамт Увс аймгийн Улаангом сумын 5-р баг 16-08 тоотод оршин суух, төрийн одон медалиар шагнагдаж байгаагүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар:ОЮ93030225, Б ургийн овогт Б-ийн А.

Шүүгдэгч Б.А нь Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутагт 2018 оны 6 дугаар сарын 04-ний, 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдрүүдэд бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж  мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Прокуророос шүүгдэгч Борлууд ургийн овогт Батмөнхийн Алтанчимэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1835002060225 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.А-ийг цагаатгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.А-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж,

Шүүгдэгч Б.А мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгдэгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлоо нөхөн төлүүлэх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулахаар нэхэмжлэл гаргах эрхтэйг тайлбарлаж шийдвэрлэсэн байна.

Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 201 дүгээр цагаатгах тогтоолоор шүүгдэгч Б.Ат холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн.

Гэрч Д.С, А.Б, Ш.С болон яллагдагч Б.А-ийн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.А нь гэмт хэрэг үйлдсэн нв тогтоогдсон. Гэтэл анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үгүйсгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн овъектив шинж нь “гэрч, хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед шүүхэд зориуд худал мэдүүлсэн, эсхүл зориуд гүтгэсэн байх”-ыг шаардах бөгөөд шүүгдэгч Б.А нь хэн нэгэн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд мэдүүлсэн, мөн хэн нэгнийг гэмт хэрэг үйлдсэн гэж зориудаар гүтгэсэн гэх үйлдэл нотлогдоогүй байна гэж дүгнээд хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Аийг цагаатгасан нь үндэслэлгүй.

Гэрч, хохирогч нь болсон байдлыг болоогүй гэж мушгин гуйвуулсан, болоогүй зүйлийг болсон гэж гажуудуулж өөрчлөн мэдүүлсэн үйлдлийг худал мэдүүлэг өгсөн гэж ойлгоно. Ингэснээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “худал мэдүүлэг” өгөх гэмт хэргийн шинж нь бүрэн хангагдаж, гэмт хэрэг төгсдөг.

Хяргас нуур зочид буудлаас Б.А, Д.С нар нь хамтдаа гарч гэр рүүгээ явсан нь тогтоогдсон. Харин Ш.С нь Хяргас нуур зочид буудалд Б.А-ийг хүч хэрэглэж хүчиндсэн, үүний дараагаар "мөнгө өгөхгүй бол надтай бэлгийн харьцаанд орсон талаар нөхөрт чинь хэлнэ шүү" гэж заналхийлж, удаа дараа бэлэн мөнгө авсан болох нь тогтоогдоогүй болно.

Хэрэгт авагдсан бичгийн баримтуудад дүгнэлт хийхэд шүүгдэгч Б.А нь “Ш.С Хяргас нуур зочид буудалд хүч хэрэглэж хүчиндсэн, үүний дараагаар “мөнгө өгөхгүй бол надтай бэлгийн харьцаанд орсон талаар нөхөрт чинь хэлнэ шүү” гэж заналхийлж, удаа дараа бэлэн мөнгө авдаг байсан” гэх нөхцөл байдлыг өөрөө зориудаар бий болгож, Ш.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлд заасан "Заналхийлэх", мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлд заасан "Хүчиндэх" гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн асуудал гаргасан илэрхий байхад хэн нэгэн этгээд рүү чиглэсэн шууд санаатай идэвхитэй үйлдэл хийсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Шүүхийн энэхүү шийдвэр нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогч үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгөх, хэн нэгэн хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж гүтгэж болохоор дүгнэлт хийсэнтэй нэгэн адил үндэслэлгүй, шүүхийн практикт буруу жишиг тогтоож байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогч худал мэдүүлэг өгвөл гарах хууль зүйн үр дагаврын талаар дүгнэлт хийх ёстой. Худал мэдүүлэг өгсөнөөр мөрдөн шалгах ажиллагаа нэг талаас удаашран гэмт хэрэг үйлдсэн гэх этгээдийг олж илрүүлэх, хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулах зэрэг нөхцөл байдал үүсдэг. Нөгөө талаас хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж гүтгэж худал мэдүүлэг өгснөөс эрх ашиг нь хөндөгдөж байгаа хүний хууль ёсны ашиг сонирхол, эрх, эрх чөлөө зөрчигдөх сөрөг үр дагавар гардаг.

Иймд хууль тогтоогчийн зүгээс гэрч, хохирогчийг худал мэдүүлсэн тохиолдол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангид хуульчилж өгсөн. Гэтэл анхан шатны шүүхийн зүгээс уг хэрэгт хэн нэгнийг холбогдуулан шалгасан, яллагдагчаар татсан, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон мөрдөгч, прокурорын шийдвэр хэрэгт байхгүй байна. Түүнчлэн прокуророос шүүгдэгч Б.А-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээгүй, мөн энэ хэрэгт хэн нэгнийг хохирогчоор тогтоогоогүй атлаа мөрдөн шалгах ажиллагааны явцад бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн гэх гэмт хэрэгт яллагдагчаар татсан нь үндэслэлгүй байна гэх дүгнэлтийг хийсэн.

Шүүгдэгч Б.А-ийн үйлдэл нь 183500206 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад тулгуурлаж шийдвэрлэгдэх ёстой юм. Тусад нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээх шаардлагагүй юм.

Гэтэл анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтанд тулгуурлаж, хууль зүйн талаас нь дүгнэлт хийхгүйгээр шүүгдэгч Б.А нь гэр бүлийнхээ гишүүдэд аргагүй шахалтанд орсоны улмаас худал мэдүүлсэн байна. Энэ нь гэмт хэргийн шинжгүй гэх дүгнэлтийг хийсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, шүүгдэгчид ял завшуулсан үйл явдал болжээ.

Иймд Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 201 дүгээр цагаатгах тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мөнхөө давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 201 дүгээр цагаатгах тогтоол нь хууль ёсны бөгөөд хууль зүйн үндэслэлтэй байна. Б.Ат холбогдох эрүүгийн хэргийн яллах дүгнэлтэнд Б. Алтанчимэгийн хохирогчоор өгсөн 3 удаагийн мэдүүлгийг ямар нотолгоонд үндэслэж худал гэж дүгнэн яллах үндэслэл болгосон мөн Б.А-ийн худал мэдүүлгийн улмаас бусдад ямар хор хохирол, хор уршиг бодитой учирсныг тогтоогоогүй байдаг.

Б.А-ийн цагдаагийн байгуулллагад гомдол гаргасан үйлдэл нь гэр бүлийн гишүүдийн үл ойлголцол, маргаанаас үүдэж шахалт шаардлагын улмаас аргагүйн эрхэнд хандсан ба бусад этгээдийг бодитойгоор зориуд гүтгэсэн гэмт хэргийн шинжгүй төдийгүй хохирогчоор мэдүүлэхдээ яагаад өргөдөл өгөх болсон шалтгаанаа дурдсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.1-р зүйлийн 2.1.4-р зүйлд заасан "ЭХТА-д заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээлийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн хор аюулын хэм хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй" гэх гэмт хэргийн ойлголт шинжтэй тохирч байгаа тул 1835002060225 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож Б.А-ийг цагаатгасан 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 201 дүгээр цагаатгах тогтоолыг хэвээр үлдээнэ үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Прокурорын эсэргүүцлийг үндэслэн Б.Ат холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцэв.

Увс аймгийн прокурорын газраас Б.А-ийг мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор мэдүүлэг өгөхдөө бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн гэж үзэн түүнийг Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Прокуророос шүүгдэгч Б ургийн овогт Б-ийн А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1835002060225 дугартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.А-ийг цагаатгаж шийдвэрлэжээ.

Шүүхийн дээрхи цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагыг хангасан, хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэрч, хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн...” гэмт хэргийн тухайд  ямар ч гэмт хэрэг гараагүй байхад гарсан гэж, түүнийг тодорхой хэн нэг этгээд үйлдсэн гэж зориуд худал мэдүүлсэн, эсхүл зориуд худал гүтгэсэн шууд санаатай  үйлдэл байдаг.

Гэтэл Б.А нь 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр  Увс аймаг дахь Цагдаагийн Газар бичгээр гаргасан гомдол мэдээлэл болон 2018 оны 6 дугаар сарын 4, 7 дугаар сарын 6-ны өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэгт  “Намайг зүс таних эрэгтэй хүн сүрдүүлж 2017 оны 4 сараас мөн оны 12 дугаар сарыг хүртэлх хугацаанд 3.820.000 төгрөг авсан “ гэсэн ижил утга агуулгатай мэдүүлгийг өгсөн байх бөгөөд энэхүү мэдүүлэгт  тодорхой хэн нэгэн этгээдийг нэр заан гэмт хэрэг үйлдсэн гэж мэдүүлээгүй байх бөгөөд харин 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн мэдүүлэгт ар гэрийн дарамт, шахалтын улмаас худал гомдол, мэдүүлэг гаргах болсноо тайлбарласан байна. Мөн Б.Аийн гаргасан гомдол, мэдүүлгийг үндэслэн хэн нэгнийг гэмт хэрэгт холбогдуулан шалгасан, сэжигтэн, яллагдагчаар татаж эрүүгийн хэрэг үүсгэсэн нотлох баримт хавтас хэрэгт авагдаагүй байна.

Иймд Б.А-ийг “бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй байна.

Анхан шатны шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болж байгаа нотлох баримт, яллах үндэслэл болж байгаа нотлох баримтуудыг үгүйсгэн тодорхой, үндэслэлтэй  дүгнэлт хийсэн байх бөгөөд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгох Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  үндэслэлүүд тогтоогдохгүй байх тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 201 дүгээр цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

Гомдол , эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Д.ЖАМБАЛСҮРЭН

 

ШҮҮГЧИД                                           М.НЯМБАЯР

 

                                                                                                Н.МӨНХЖАРГАЛ