Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2017/ШЦТ/143

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Одончимэг, Улсын яллагч Ц.Гэрэлбаатар, Шүүгдэгч Э.Цоодол, М.Алтансүх нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э Цоодол, М Алтансүх нарт холбогдох эрүүгийн 1715000910034 дугаартай, 132/2017/0131/Э индэкстэй хэргийг 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1992 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд болосвролтой, мэргэжилгүй, малчин, Булган аймгийн Булган сумын * дугаар баг, Агуйт, * хэсгийн **-** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Г******* овогт Э Цоодол 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1991 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Булган аймгийн Бугат сумын ** дугаар багт оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Е овогт М Алтансүх 

Холбогдогсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Алтансүх, Э.Цоодол нар нь бүлэглэж 2017 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Булган аймгийн Бугат сумын нутаг “Бөөрөлжүүт” гэх газарт оршин суух иргэн Б.Б зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.А******* өгсөн: 2017 оны 8 дугаар сарын 5-ны өглөө хүнтэй маргалдаад хөнгөн гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Ийм асуудал гаргасандаа гэмшиж байна. Дахиж ийм зүйл хийхгүй гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Ц******* өгсөн: 2017 оны 8 дугаар сарын 5-ны өглөө 5 цагийн үед хөнгөн хохирогч Б биед гэмтэл учруулсан. Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,

 1715000910034 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд: Хохирогч Б.Б өгсөн: 2017 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн өглөөний 04 цагийн үед адуундаа явж байтал найз Гтай таарсан.

Тэгээд хамт явж байтал Цоодол, Алтансүх нартай таарахад Цоодол над руу хандаж чи надтай 2-3 удаа таарлаа, мэндэлсэнгүй гээд миний нүүрлүү 3 удаа цохьсон. Би мотоциклоосоо буугаад Ц******* заамдаад авахад Алтансүх араас дагзруу цохьсон. Би тонгойтол Алтансүх миний нүүрлүү өшиглөж амнаас цус гарсан. Миний уруул сэтэрч 4 оёдол тавиулсан гэх мэдүүлэг /хх 12-13 тал/, Гэрч Б.Гын өгсөн: 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Булган аймгийн Бугат сумын нутагт өөрийн найз Б, Г нарын хамтаар явж байхад Цоодол, Алатансүх хоёртой таарсан.

Тэгсэн чинь тэр бид нартай таараад Б чи надтай тааралдаад мэндэлсэнгүй том болжээ гэсэн. Тэгэхээр нь Б өмнөөс нь ямар нэгэн зүйл яриагүй байж байхад Цоодол урдаас нь заамдаад бариад авсан, тэгтэл хажуунаас нь Алтансүх толгойн хэсэгт цохиж зодсон, тэгээд доошоо тонгойх үед Алтансүх нүүрлүү нь өшиглөж зодсон.

Харин Цоодол хажуунаас нь цохиж зодсон. Тэгээд би хажуунаас нь очиж салгасан. Ингээд бид нар салаад явсан. Тэгээд Б гол дээр очиж нүүрнээс нь гарсан цусыг нь угааж цэвэрлэсэн. Тэгээд шууд гэрлүүгээ явсан ийм л зүйл болсон. Зодоон болохоос өмнө Г түрүүлээд яваад өгсөн байсан. Б зодох үед хажууд нь байгаагүй гэх мэдүүлэг /хх 16 тал/, Гэрч М.Гийн өгсөн: 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Булган аймгийн Бугат сумын нутагт өөрийн найз Б, Г нарын хамтаар явж байхад Цоодол, Алтансүх, Мөөнөө нартай замд таарсан. Тэгтэл тэр Алтансүх, Цоодол нар нь намайг ямар нэгэн мэндийн зөрүүгүй барьж аваад зодох гэсэн. Тэгэхээр нь би зугтаагаад мотоцикльтойгоо яваад өгсөн.

Тэгтэл Б, Г, Алтансүх, Цоодол, Мөөнөө нар үлдсэн. Намайг явсанаас хойш юу болсоныг хэлж мэдэхгүй байна. Тэнд миний мэдэх зүйл ийм байна. Тэгээд миний араас Б, Г хоёр хэсэг хугацааны дараа ирэхэд Б уруулаас нь цус гарсан. Юу болсон вэ гэхэд Цоодол, Алтансүх нарт зодуулсан гэсэн. Миний хувьд өөр мэдэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх 17, 18 тал/, Гэрч Ч.Мөнгөнсүхийн өгсөн: 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр өглөө 05 цагийн үед Булган аймгийн Бугат сумын нутаг Бөөрөлжүүт гэх газарт Б, Г, Г нартай таарсан. Тэгтэл тэр залуучууд надтай хамт явсан Цоодол, Алтансүх нартай маргасан. Юунаас нь болж маргасныг хэлж мэдэхгүй байна. Би араас нь жаахан хоцорч ирсэн учраас яг хэн хэн нь хоорондоо зодолдсоныг хэлж мэдэхгүй байна. Зодоон болоод дууссаны дараа би ирсэн гэх мэдүүлэг /хх 21 тал/,

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 244 дугаартай 1. Б.Б биед уруулд шарх, дээд үүдэн зүүн, баруун 1 дүгээр шүднүүдэд эмтрэл гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу зүйлийн ямар ч чиглэлд, нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Дээр гэмтэл нь гэмлтийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх 21 тал/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх 1 тал/, гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 8 тал/, хохирогчоор тогтоосон тогтоол /хх 10 тал/, яаралтай тусламжийн хуудас /хх 22-23 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 35, 36 тал/, зарлагын баримт /хх 39 тал/, хохирол төлсөн баримт /хх 44 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.Алтансүх, Э.Цоодол нар нь бүлэглэж 2017 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Булган аймгийн Бугат сумын нутаг “Бөөрөлжүүт” гэх газарт оршин суух иргэн Б.Б зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна. Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч Б.Б, гэрч Б.Г, М.Г, Ч.Мөнгөнсүх нарын мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтэл, гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна. Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.

Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон, Аймгийн прокурорын газраас шүүгдэгч М.Алтансүх, Э.Цоодол нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч М.Алтансүх, Э.Цоодол нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ. Шүүгдэгч М.Алтансүх, Э.Цоодол нарт ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорыг арилгасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч М.Алтансүх, Э.Цоодол нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Б эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба шүүгдэгч нар 4 нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг төлж барагдуулсанаар хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлжээ. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч М.Алтансүх, Э.Цоодол нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.Цоодол, М.Алтансүх нарт торгуулийн ял оногдуулах үндэслэлтэй байх боловч эд хөрөнгийг харгалзан торгуулийг хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Г******* овогт Э Цоодол, Е овогт М Алтансүх нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч М.А******* 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр, Э.Ц******* 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч М.Алтансүх, Э.Цоодол нар нь 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгуулийн ялыг 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 200000 /хоёр зуун мянга/ төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 250000 /хоёр зуун тавин мянга/ төгрөг тус тус төлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Э.Цоодол, М.Алтансүх нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 /нэг/ хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч М.Алтансүх, Э.Цоодол нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Алтансүх, Э.Цоодол нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНДУЛАМ