Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 155/ШШ2018/00127

 

 

 

                          

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн М сумын - дүгээр багийн --- тоотод оршин суух Ш овогт Н-ын Ө-ын,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн М сумын - дугаар багийн - тоотод оршин суух Ц-ийн А-т холбогдох

Зээлийн алданги 5 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, хариуцагч Ц.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ

Нэхэмжлэгч Н.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Хөвсгөл аймгийн М сумын - дугаар багт Х нэртэй Ресторан ажиллуулдаг Т болон түүний эхнэр А нарт 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр эхнэр А-тэй нь зээлийн гэрээ байгуулан 10 000 000 төгрөг зээлдүүлсэн юм. Энэхүү зээлийн гэрээнд зээлийн эргэн төлөх хугацааг 30 хоног буюу 1 сар байхаар тооцон хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор заасан юм. Гэтэл зээлдэгч А нь заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй бөгөөд 2016 оны 9 дүгээр сарын 20-ний өдөр 5 000 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 5 000 000 төгрөг төлсөн боловч хугацаа хэтрүүлсэн хариуцлага болох нэг ч төгрөгийн алданги төлөөгүй өдийг хүрч арга буюу шүүхээр шийдвэрлүүлэхээр хандаж байна. Иймд А-ээс 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 20-ний өдрийг хүртэл хугацааны алданги болох 5 000 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь Ц.А-тэй өөртэй нь зээлийн гэрээ хийж, 10 000 000 төгрөгийг зээлүүлсэн байгаа. Бүх зүйлийг нарийн тохирч гэрээндээ тусгасан. Энэ нь хэрэгт гаргаж өгсөн зээлийн гэрээнээс тодорхой харагдаж байгаа юм. Ингээд хэлэлцэж тохирсон хугацаандаа А нь мөнгөө өгөөгүй. Энэ хүнтэй маш олон удаа холбоо барих гэж араас нь хөөцөлдсөн. Ингээд 2016 оны 9 сард 5 000 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сард үлдэгдэл 5 000 000 төгрөгийг өгсөн. Хугацаандаа өгөөгүйгээс үүссэн алданги нэг ч төгрөг өгөөгүй. Хүү гэж 800 000 төгрөг өгсөн байдаг. Түүний алданги 5 000 000 төгрөгнөөс хасаад 4 200 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэв.

Хариуцагч Ц.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Ө нь 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Ө.Т, Ц.А биднээс 10.800.000 төгрөгний зээлийн хугацаа хожимдуулсны 5 000 000 төгрөгийн алданги гаргуулах тухай шаардлагыг гаргажээ.Үүнийг Ц.А миний бие хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.Учир нь миний нөхөр Ө.Т нь Н.Ө-тай харилцан ярилцаж тохиролцож 10 000 000 төгрөгийг Н.Ө-аас авсан бөгөөд үндсэн зээл 10 000 000 төгрөг болон зээлийн хүүнд гэж 800 000 төгрөг нийт 10 800 000 төгрөгийг нь Н.Ө-д буцааж өгсөн юм. Н.Ө нь тухайн мөнгийг өгөхдөө нөхрийн данс руу нь 2 680 000 төгрөг шилжүүлж үлдэгдэл 7 320 000 төгрөгт бодож 240 000 рубль өгсөн. Нэг рублийг 31.5 төгрөгөөр бодсон дээр маргахгүй. Тухайн үед нөхөр маань над руу яриад дансаар 2 680 000 авсан, 240 000 рублийг А чамд аваачиж өгөх байх.Нийлээд 10 000 000 төгрөг болж байгаа чи гарын үсэг зураад авчихаарай гэсэн тул би мөнгө авсан баримтанд гарын үсэг зурж байна гэж ойлгож гарын үсэг зурснаас биш зээлийн гэрээг сайн уншаагүй, хоног хэтэрвэл 0.5 хувийн алданги тооцхоор гэрээ байсныг мэдээгүй тул алданги төлөхийг зөвшөөрөхгүй. Иймд түүний шүүхэд гаргасан нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад                  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Ө нь хариуцагч Ц.А-т холбогдуулан зээлийн  алданги 5 000 000 /таван сая / төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь  4 200 000 /дөрвөн сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Учир нь:

Нэхэмжлэгч Н.Ө, хариуцагч Ц.А нарын хооронд 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр “зээлийн гэрээ” бичгээр хийгдэж талууд гарын үсэг зурсан байна. Уг гэрээгээр зээлдүүлэгч нь 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр зээлдэгчид 10 800 000 төгрөгийг  шилжүүлж, зээлдэгч уг мөнгийг 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр буцаан өгөх, хэрэв энэ хугацаанд өгөөгүй бол хожимдуулсан хоног дутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож алданги төлөхөөр тохирсон байх ба зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу зээлдүүлэгч  Н.Ө нь зээлдэгч Ц.А-т  төгрөгөөр 2 680 000, рублээр 240 000 буюу 1 рублийг 31.5 төгрөгөөр тооцож 7 320 000, нийт  10 000 000 төгрөгийг өгсөн талаар талууд тайлбарласан ба зохигч зээлийн хэмжээ, зээл авсан талаар хэн аль нь маргаагүй.

Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.2-д” хуулиар хориглоогүй бол талууд мөнгөн төлбөрийн үүргийг гадаад мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэж болно” гэжээ.

Дээрхээс гэрээнээс харвал талууд гэрээний гол нөхцлийн талаар буюу хугацаа, түүнийг буцаан төлөх хугацааг тохиролцсон, зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэн өгсөн байх тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд зээлийн гэрээ байгуулсанд тооцохоор байна.

Харин зохигчид 10 800 000 төгрөгний зээлийн гэрээ байгуулсан боловч гэрээ байгуулсан өдөр зээлдүүлэгч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 10 000 000 төгрөгийг зээлдэгчид өгсөн байх тул 10 000 000 төгрөгийг зээлдүүлсэн гэж үзнэ.

 Үүнээс дүгнэвэл зээлдэгч гэрээгээр тохирсон үүргээ буюу зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх үүргээ биелүүлсэн байх тул зээлдэгч энэ гэрээгээр хүлээсэн үндсэн үүрэг буюу зээлсэн мөнгөө тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэгтэй юм. Гэвч зээлдэгч Ц.А нь энэ үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож  байна.

Иймд зээлдэгч нь зээлийн гэрээгээр тохирсны дагуу үндсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар хожимдуулсан хоног тутамд алданги төлөх үүрэгтэй. Алданги гэдэг нь гэрээний нэг тал хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгэлгүй гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийг дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээний төлбөр төлөхөөр тогтоосон анзыг хэлэх бөгөөд уг гэрээг бичгээр хийнэ. Бичигээр хийгээгүй эсвэл гэрээндээ алданги төлөхөөр тохироогүй бол нөгөө тал алданги шаардах эрхгүй байдаг. Гэтэл Н.Ө, Ц.А нар нь бичгээр байгуулсан зээлийн гэрээгээр алданги төлөхөөр тохирсон байна.

Хариуцагч Ц.А нь үндсэн зээл 10 000 000 төгрөгийг 2016 оны 05 дугаар сарын 04-ны өдөр буцаан төлөх үүргээ биелүүлээгүй 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 138 хоног хугацаа хожимдуулж 5 000 000 төгрөгийг, 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс  2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл 98 хоног хугацаа хожимдуулж 5 000 000 төгрөгийг  тус тус буцаан төлсөн байх ба 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс  2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаа хожимдуулсан 138 хоногт төлөх алданги 6 900 000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс  2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хугацаа хожимдуулсан 98 хоногт төлөх алданги 2 450 000 төгрөг, нийт 9 350 000 төгрөгний алданги төлөх боловч нэхэмжлэгч тал  үндсэн зээл 10 000 000 төгрөгийг 2016 оны 05 дугаар сарын 04-ны өдөр буцаан төлөх үүргээ биелүүлээгүй 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 138 хоног хугацаа хожимдуулсний алданги 5 000 000 төгрөг  түүнээс хариуцагч 800 000 төгрөгийг  төлсөн тул хасч 4 200 000 төгрөгний алданги гаргуулахаар нэхэмжилж байх тул уг хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн болно.

Хариуцагч нь алданги төлөлтийн талаар маргаж, нэхэмжлэлийн шаардлагын татгалзаж буй үндэслэлээ “зээлийн гэрээг сайн уншилгүй зөвхөн 10.000.000 төгрөг авсан гэх хэсэгт гарын үсэг зурсан бөгөөд хоног хэтэрвэл 0.5 хувийн алданги тооцхоор гэрээ байсныг мэдээгүй тул алданги төлөхийг зөвшөөрөхгүй”  гэж тайлбарлаж байх боловч Ц.А-ийн хувьд уг хэлцлээс гарах  хууль зүйн үр дагаврыг нь ойлгохгүй хийсэн байна гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтууд тогтоогдохгүй байна.

       Иймд хариуцагч Ц.А-ээс зээлийн алданги 4.200.000 /дөрвөн сая хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Ө-д олгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн .... төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 8215 төгрөг гаргуулан  нэхэмжлэгчид олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон