| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2017/01226/И |
| Дугаар | 00235 |
| Огноо | 2018-01-18 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 00235
| 2018 оны 01 сарын 18 өдөр | Дугаар 102/ШШ2018/00235 | Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч, С ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: , Б ХХК /РД:/,
Хариуцагч: Ургийн овогтой Ц.М /РД:ЧТ49120402/ нарт холбогдох,
344,548,686 төгрөгийн 50 хувь буюу 172,274,343 төгрөгийг хариуцагч Б ХХК, үлдэх 50 хувь буюу 172,274,343 төгрөгийг хариуцагчЦ.Мгаас тус тус гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С ХХК-ийн төлөөлөгч Н.Г, түүний өмгөөлөгч Г.Ж, хариуцагч Б ХХК-ийн төлөөлөгч П.Б, хариуцагч Ц.Мгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баянзул, түүний өмгөөлөгч П.Одонтунгалаг, гэрч М.Насанбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б ХХК болон иргэн Ц.М нар 2012 оны 06 сарын 27-нд “Твин хаус констракшн” ХХК-тай түрээсийн гэрээ хийж, улмаар талууд тохиролцсоны дагуу 2013 оны 05 сарын 16-ны өдөр С ХХК-тай ‘‘Түрээсийн гэрээ" байгуулж барилгын ажилд шаардлагатай эд материалыг түрээсэлж авсан. Б ХХК болон иргэн Ц.Мнар нь хүлээн авсан эд материалаа Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 хороолол /13380/, Токиогийн гудамж 71 тоот 12 давхар үйлчилгээтэй орон сууцны барилгын ажилд бүрэн ашигласан боловч буцааж хүлээлгэж өгөлгүй, түрээсийн төлбөр төлөлгүй улмаар хариуцагч талууд маргалдаж, цагдаагийн байгууллагаар 2013 оны 09 сараас шалгагдаж эхэлсэн. Дүүргийн нэгдүгээр прокурорын газрын 2014 оны 06 сарын 10-ны өдрийн 1849 тоот прокурорын тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Энэ дагуу манай С ХХК нь 2015 оны 06 сарын 23-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ц.М, П.Б нараас 344,548,686 төгрөгийг 50, 50 хувиар төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Шүүхэд өгсөн байх хугацаанд П.Б, Ц.Мнарт холбогдох эрүүгийн хэрэг дахин хянасан. Шүүхээс П.Б, Ц.Мнарт холбогдох Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг сэргээн шалгаж байгаа болох нь нотлогдож байгаа тул эрүүгийн хэргийг шийдвэрлэхээс өмнө уг хэргийг иргэний журмаар шийдвэрлэх боломжгүй гэж үзэж тус шүүхийн 2016 оны 02 сарын 04-ний өдрийн 102/Ш32016/05347 дугаар захирамжаар С ХХК-ийн нэхэмжлэлтэй “Баянмонхор” ХХК, иргэн Ц.Мнарт холбогдох 344,548,696 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. “Баянмонхор” ХХК-ийн захирал П.Б, Иргэн Ц.Мнарт холбогдох эрүүгийн хуулийн 148 зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг шалгаж Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2016 оны 07 сарын 01-ний өдрийн 1061 тоот тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Иймд “Баянмонхор” ХХК-ийн захирал П.Б, иргэн Ц.Мнараас 2012 оны түрээс 7,700,000 төгрөг, 2013 оны түрээсийн төлбөр болох 72,109,857 төгрөг, 2014 оны түрээсийн төлбөр 72,961,000 төгрөг, 2015 оны түрээс 27,397,600 төгрөг, дутуу бараа материалын төлбөр 74,296,000 төгрөг, алданги 90,084,229 төгрөг, нийт 344,548,686 төгрөгийг нэхэмжилж байгаа. ”Баянмонхор констракшн” ХХК болон иргэн Ц.Мнар нь гэрээг хийхэд хамт байлцаж иргэн Ц.Мгэрээнд гарын үсэг зурж, эд материал хүлээн авсан тул хариуцагч талууд хамтарч төлөх үндэслэлтэй гэж үзэж байна. Иймээс 344,548,686 төгрөгийн 50 хувь буюу 172,274,343 төгрөгийг хариуцагч Б ХХК, үлдэх 50 хувь буюу 172,274,343 төгрөгийг иргэнЦ.Мгаас гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгч С ХХК-ийн төлөөлөгч Н.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2012 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Б ХХК-ийн захирал П.Б, иргэн Ц.Мнар “Твин-Хаус констракшн” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж, барилгын ажилд шаардлагатай тулаас төмөр түрээсэлж авсан юм. Ц.Мэмч тус гэрээг байгуулахад өөрийн биеэр байлцаж, анх түрээсийн төлбөрийг бага хэмжээгээр төлөөд үлдсэн төлбөрийг сүүлд нь өгөхөөр тохиролцож авсан. Гэвч тухайн ондоо түрээсийн төлбөрөө өгөөгүй. Улмаар 2013 онд барилгын ажил цааш үргэлжилж, 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдөр П.Б, Ц.Мнар Твин-Хаус констракшинтай дахин түрээсийн гэрээ байгуулж өмнөх оны бараа материал дээрээ нэмж бараа, материал түрээслэх санал тавьсан. Энэ үед Твин-Хаус констракшн барилгын ажлаа салгаад Стандарт-Форм ХХК-ийг шинээр байгуулаад хэв, хашмал, тулаасын түрээсийг С ХХК-нд шилжүүлсэн байсан учраас С ХХК-тай “Баянмонхор констракшин” ХХК, иргэн Ц.Мнарын хооронд түрээсийн гэрээ байгуулсан юм. Түрээслэгч талууд авсан бараа материалаа Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Токиогийн гудамжинд баригдсан 12 давхар, үйлчилгээтэй орон сууцны барилгад бүрэн ашиглаж, тухайн барилгын карказ бүрэн баригдаж дууссан. 2900 орчим бараа материал түрээсэлж авсан бөгөөд түүнээс 500 гаран материалыг буцааж өгөөд 2389 ширхэг бараа материалыг хүлээлгэж өгөөгүй. 2389 ширхэг бараа материалын өөрийн өртөг нь 74,296,000 төгрөг юм. 2012 оны түрээсийн төлбөр 7,700,000 төгрөг, 2013 оны түрээсийн төлбөр 72,109,858 төгрөг, 2014 оны түрээсийн төлбөр 72,961,000 төгрөг, 2015 оны түрээсийн төлбөр 27,397,600 төгрөг байгаа юм. 2014 он, 2015 онд тусдаа түрээсийн гэрээ байгуулаагүй бөгөөд бараа, материалаа хүлээлгэж өгөөгүй учраас түрээслүүлснээр тооцож байгаа юм. Энэ нь өнөөдрийг хүртэл буюу 254,464,458 төгрөг, алданги 90,084,229 нийт 344,548,687 төгрөг болж байгаа бөгөөд энэ төлбөрийг хариуцагч Б ХХК болон иргэн Ц.Мнараас гаргуулна. Барилгаа хариуцагч нар нь 50, 50 хувиар хуваагаад гэрчилгээ гаргуулаад салгаад авчихсан байсан. Тухайн үед бид П.Бт итгэхгүй байна, Ц.Мөөрөө ирж авах юм бол таныг батлан даагч болно гэж хэлж байсан. Гэтэл Ц.Мэмч “би батлан даана” гэж хэлээд авсан юм. Ц.Мэмчид итгэсэн учраас Б ХХК-тай гэрээ байгуулж, барилгын материал өгсөн юм. Иймд 344,548,686 төгрөгийн 50 хувь буюу 172,274,343 төгрөгийг хариуцагч Б ХХК, үлдэх 50 хувь буюу 172,274,343 төгрөгийг иргэн Ц.М гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Б ХХК-ийн төлөөлөгч П.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. “Твин хаус” ХХК-ийн төлбөрийг Ц.М50 хувиар төлөх нь зүйтэй гэж үзэж байна. Гэхдээ 2014 он, 2015 онд гарсан төлбөр төлөх боломжгүй юм. 154,000,000 төгрөг гэж дүгнэлтээр гарсан байхад дутуу бараа, материал гэж нэхээд байна. Гэхдээ бид дутуу бараа, материалыг төлөхийг зөвшөөрөөд байхад 2014 он, 2015 онд түрээслээгүй бараа, материалын төлбөр нэхээд байна. Төлсөн материал дээрээ алданги, түрээс төлөх боломжгүй гэж үзэж байна. 2014 оны 04 дүгээр сард 154,000,000 төгрөгийг барилгынхаа 2 өрөө байрыг өгөхөөр тохирсон юм. Одоо “СтандартФорм констракшн тухайн үед Твин хаус ХХК-тай хийсэн. Яг энэ бодит хохирол, зардлын талаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн сайн тооцож гаргасан. Алдангийн хувьд 40 сая орчим төгрөгийн алдангийг зөвшөөрнө. Үнэн бодит хохирлыг эрүүгийн журмаар шалгаж байж тогтооно гэж бодож байна. Нийт 194,000,000 төгрөгөөс 50 хувийг би хүлээн зөвшөөрч төлнө үлдсэн 50 хувийг Ц.Мтөлөх ёстой. Ер нь энэ төлбөрийг 2 хуваагаад төлөх нь шударга. Би 95 сая орчим төгрөгийн өр төлбөрийг барагдуулна. Би энэ хэргийг эрүүгийн журмаар шалгуулах хүсэлтэй байна гэжээ.
ХариуцагчЦ.Мгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баянзул шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2013 оны 06 сарын 27-ны өдөр “Твин хаус констракшн” ХХК нь Б ХХК-ийн захирал П.Бтэй 21/2013 тоот Түрээсийн гэрээ, 2013 оны 05 сарын 16-ны өдөр С ХХК нь “Б” ХХК-тай 21 тоот Түрээсийн гэрээг тус тус байгуулсан байна. Б ХХК нь тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцах чадвартай хуулийн этгээд билээ. Тус компани нь түрээсийн гэрээгээр авсан материалыг өөрийн санхүү, нягтлан бодох бүртгэлээр оруулж бие даан үйл ажиллагаагаа явуулдаг. Иргэн Ц.Мнь бие даасан үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдийн бусад этгээдийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргийг хамтран хариуцах үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Иймд Түрээсийн гэрээ байгуулсан хуулийн этгээдүүд хоорондын гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой энэхүү маргааныг холбогдох хууль тогтоомж, гэрээний дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.М-н итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баянзул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн үндсэн шаардлага болон хариуцагч П.Б-ийн тайлбарыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь нэхэмжлэгч 2012 оны түрээсийн 7,700,000 төгрөгийн алдангийг 50 хувиар бодож 3,800,000 төгрөгийг Ц.М-с нэхсэн. 2012 оны түрээсийн гэрээний нэг тал нь яагаад Ц.М болсон юм бэ, яагаад энэ гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцах болсон талаар тодруулах нь зүйтэй, өөрөөр хэлбэл гэрээгээр тийм үүрэг хүлээсэн үү гэдгийг шүүх тогтоох ёстой. Мөн 2012 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б ХХК болон “Твин Хаус констракшн” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээгээр шаардах эрх нь С ХХК-д байсан уу гэдгийг тодруулах шаардлагатай. Энэ асуудал дээр шүүх хууль зүйн дүгнэлт хийх ёстой. С ХХК-д хөрөнгө оруулаад, өр төлбөрийн асуудлыг шилжүүлсэн учраас шаардах эрхтэй гэж тайлбарлах байх. Хавтаст хэрэгт байгаа нотлох баримтаас харахад С ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ нь дээр 2013 оны 05 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан гэж бичсэн байна. Мөн хувьцаа эзэмшигч нь 3 хүн гэсэн мөртлөө тус гэрчилгээ нь дээр С ХХК болж өөрчлөгдсөн гэсэн үг байхгүй байгаа юм. Гэтэл 2012 оны “Твин хаус констракшин” ХХК-ийн байгуулсан гэрээний дагуу С ХХК шаардаад байгааг ойлгохгүй байна. Танай компанид шаардах эрх хэрхэн, яаж бий болсон юм бэ. Хэрвээ шаардах эрх үүссэн гэж байгаа бол “Твин Хаус” ХХК-ийн төлөөллийг С ХХК хэрэгжүүлэх ёстой болохоос биш өрийг шилжүүлэх асуудлыг Иргэний хуулинд зааж өгсөн байна. Хуулинд зааснаар үүрэг үүсэх болохоос биш итгэмжлэл өгснөөр үүрэг үүсэхгүй. Б ХХК гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээнд Ц.Мгэсэн нэг үг, өгүүлбэр байхгүй. Яагаад 2012 оны 7,700,000 төгрөгийг төлөх ёстой юм бэ. Чи барилга дээр байсан учраас талыг нь төлөх ёстой гээд байгаа юм уу. Гэрээ дүгнэж мөнгө нэхээд байна уу, чи тэнд байсан учраас гэж нэхээд байгааг ойлгохгүй байна. Хэрвээ гэрээ дүгнэж нэхэж байгаа бол 7,700,000 төгрөгийг Б ХХК үүргээ биелүүлж төлөх ёстой. Учир нь гэрээ “Твин Хаус констракшн” ХХК болон Б ХХК нарын хооронд үүссэн бөгөөд шаардах эрх нь “Твин Хаус констракшн” ХХК-нд байгаа. 2013 оны түрээсийн гэрээний хувьд 50 хувийг нь Ц.Мтөлнө, би зөвшөөрч байна гээд байна. Түрээсийн гэрээнд иргэн Ц.Мгарын үсэг зурсан учраас төлөх ёстой гэж байна. Энэ дээр нэхэмжлэгч тайлбараа хэлэхдээ Иргэний хуулийн 458 дугаар зүйлд заасан батлан даагч гэж тайлбарлаж байна. Ц.Мхажууд нь байсан учраас мөн гарын үсэг зурсан шаардах эрх үүсч байна гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж байна. Тэгвэл гэрээг яаж тайлбарлах вэ гэдэг асуудал Иргэний хуулийн 39 дүгээр зүйлд заасан байгаа. Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж заасан. Хүсэл зоригийн утга ойлгомжгүй байвал үр дүнд шинжилгээ хийх замаар тайлбарлана гэж мөн заасан. П.Бийн хэлж байгаа дүгнэлт дээр С ХХК-ийн төлбөрийг П.Б, “Баянгол Мед” ХХК-ийн төлбөрийг Ц.Мтөлнө гээд заагаад өгсөн байна. Аль компанид өр, аль компанид авлага үүсээд байна вэ гэдгийг нягтлан бодох бүртгэлийн шинжээч нар тогтооно. Нягтлан бодох бүртгэлийн дүгнэлтээр “Баянгол Мед” ХХК-иас авсан авлага нь Ц.М-д өр үүсгэж “Баянгол Мед” ХХК-д авлага үүсгэсэн байна гэж тогтоосон байна. Гэтэл хоёр өрийг хооронд нь хольж хутгаад 50, 50 хувиар хуваая гээд байгаа нь тохиромжгүй байна. Манайх гэрээний тал биш учраас бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөрөөр хэлбэл дутагдсан бараагаа түрээсэлж, түрээсийн төлбөр шаардаж байна. Дутагдал авна, дутагдлын түрээсийн төлбөр авна, дээрээс нь алданги авна гэдгийг ойлгохгүй байна. Дутагдал авч байгаа бол дутагдлын түрээс, алданги гэсэн ойлголт байхгүй. Дутагдал нэхээгүй байсан бол түрээс, алданги, гэм хорын талаар шаардах эрх яригдах байсан. П.Бийг гэрээ байгуулахад Ц.М хажууд нь байгаад байсан, тэгээд итгээд гэрээ байгуулсан гэсэн тайлбар хэлээд байна. Хэрвээ батлан даагч гэж үзэж байгаа бол үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон үед батлан даагч үүрэг гүйцэтгэнэ гээд энэ тухайгаа бичгээр байгуулсан гэрээний үндсэн дээр хэрэгжүүлдэг юм. Иргэний эрх зүйн харилцаа хуульд заасан хэлбэрээр үүсдэг эсхүл агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцлийн үндсэн дээр хэрэгжинэ гэж заасан. Гэтэл энэ тохиолдолд хуульд тодорхой заагаад өгсөн байгаа юм. Гэрээний талуудыг зөв тодорхойлж чадаагүйгээс болоод ийм маргаан үүсээд байгаа юм. Энэ гэрээ нь хоёр компанийн хооронд үүссэн гэрээний харилцаа бөгөөд иргэн Ц.Мхажууд нь байсан гэдэг утгаараа гэрээний нэг тал болно гэж ойлгож болохгүй. Түрээсийн гэрээний дагуу Ц.М гарын үсэг зураад эхний ээлжинд бараа, материал авсан хэдий ч түрээсэлж байгаа гэрээний дээр Б ХХК-д олгосон бараа, материалын тооцоо гэж бичсэн байна. Б ХХК-д олгосон бараа, материалаа иргэнЦ.Мгаас нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэгч тал барилга барьсан юм чинь миний бараа, материалЦ.Мгийн барилгад орсон байгаа гэж тайлбарлаад байх шиг байна. Шүүхийн шинжилгээний дүгнэлт дээр Ц.М“Баянгол Мед” эмнэлгээс авсан хөрөнгө оруулалтаа хариуцна гэж заасан. Мөн Б ХХК-иас иргэн Ц.М-д энэ өр төлбөрийн асуудал танд хамаагүй, би төлнө гэсэн бичгийг хийж өгсөн. Энэ нотлох баримт нь хэрэгт байгаа. Иймд иргэнЦ.Мгийн хувьд үүрэг үүсээгүй, хажууд нь байж энэ гэрээг бичгийн хэлбэрт оруулж өгсний төлөө 50 хувь төлнө гэсэн хуулийн заалт байхгүй. Ийм учраасЦ.Мд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, энэ төлбөрийг хариуцвал зохих этгээдээс нь зөв зүйтэй гаргуулж өгөхийг хүсч байна гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Б ХХК, Ц.Мнарт холбогдуулан 2012 оны 06 сарын 27-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээний төлбөрийн үлдэгдэл 7,700,000 төгрөг, 2013 оны 05 сарын 16-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээний төлбөр 72,109,858 төгрөг, барилгын хэв хашмал, тулаас, булан зэрэг дагалдах хэрэгслийн үнэ 74,296,000 төгрөг, 2014 оны түрээсийн төлбөр 72,961,000 төгрөг, 2015 оны түрээсийн төлбөр 27,397,600 төгрөг, алданги 90,084,229 төгрөг нийт 344,548,686 төгрөгийн 50 хувь буюу 172,274,343 төгрөгийг хариуцагч Б ХХК-иас, үлдэх 50 хувь буюу 172,274,343 төгрөгийг иргэнЦ.Мгаас гаргуулахаар шаардсаныг хариуцагч Ц.Мгэрээний тал биш тул хариуцахгүй гэж, хариуцагч Б ХХК нь Ц.М-н хамт 194,000,000 төгрөг 50, 50 хувиар хариуцах, үлдэх хэсгийг нь зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгов.
Нэхэмжлэгч С ХХК нь “Твин хаус констракшн” ХХК, Б ХХК-ийн хооронд 2012 оны 06 сарын 27-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээний дагуу төлөх төлбөрийн үлдэгдэл 7,700,000 төгрөгийг “Твин хаус констракшн” ХХК-иас шаардах эрх шилжүүлэн авсан гэх үндэслэлээр хариуцагч “Баянмонхор констракш” ХХК, Ц.Мнарт холбогдуулан шаардлага гаргасан байна.
Бусдаас шаардах эрх бүхий этгээд нь үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болох боловч шаардах эрх шилжүүлэхдээ тухайн хэлцэл хийсэн хэлбэрээр шилжүүлж, эрх шилжүүлэн авсан этгээд үүнийг нотолсон байх шаардлагатай.
Гэвч “Твин хаус констракшн” ХХК-иас 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр /хх-ийн 87 дугаар тал/ С ХХК-ийн захирал Н.Гд “Твин хаус констракшн” ХХК-ийг төлөөлж Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах итгэмжлэл олгосныг хуульд заасан хэлбэрээр шаардах эрх шилжүүлсэн гэж үзэх боломжгүйн дээр “Твин хаус констракшн” ХХК-ийн эрх бүхий этгээд шаардах эрхээ шилжүүлсэн нь нотлох баримтаар нотлогдохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч “Баянмонхор констракш” ХХК, Ц.Мнарт холбогдох 7,700,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
Нэхэмжлэгч С ХХК нь 2013 оны 05 сарын 16-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээнд хариуцагч Ц.Мгарын үсэг зурж, баталгаа гаргасан гэж үзэж түүнийг хариуцагчаар тодорхойлжээ.
Тус гэрээнд гэрээний талуудыг “...нэг талаас 5709873 регистрийн дугаартай С ХХК, нөгөө талаас ЧТ49120402 регистрийн дугаартай “Баянмонхор” ХХК гэж тусгасан, түүнчлэн Ц.Мгэрээний дагуу үүрэг хүлээх, хариуцах, балан даах талаар тусгаж тохиролцсон зүйлгүй байх тул С ХХК, “Баянмонхор кантракшн” ХХК-ийн хооронд гэрээ байгуулагдсан байна гэж үзэв.
Хариуцагч Ц.Мнь “Баянмонхор кантракшн” ХХК-ийн төлөөлөгчийн хувьд гэрээнд гарын үсэг зурснаараа гэрээний үүрэг, хариуцлагыг хариуцах үндэслэл болохгүй.
Харин С ХХК, “Б” ХХК-ийн төлөөлөх эрх бүхий этгээдүүд гэрээний нөхцөлийг зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул тэдний хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан Түрээсийн гэрээний агуулгад нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл хийгдсэн байна гэж үзэв. /хх-ийн 64, 65 дугаар тал/
Талууд гэрээний 1.3-т гэрээний хугацааг 2 сар, 2.3-т түрээсийн төлбөрийг эд зүйлийг хүлээн авахаас өмнө бэлнээр төлөх ба дараагийн саруудад түрээсийн гэрээний хугацаа дуусахаас 1 хоногийн өмнө тухайн сарын түрээсийн төлбөрийг төлөх, 5.3-т хугацаандаа төлбөрөө төлөөгүй бол хэтэрсэн хоног тутам дутуу төлбөрийн 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцсон байна.
Зохигч түрээсийн гэрээ байгуулагдсан талаар, хариуцагч “Б” ХХК-ийн төлөөлөгч П.Б түрээсийн гэрээний дагуу нэхэмжлэгчээс хэв хашмал, тулаас, тай, труба, дотор булан, гадна булан, түгжээ, дэгээ, хомут, угсардаг шат зэрэг 74,296,000 төгрөгийн үнэ бүхий зүйлийг хүлээн авсан боловч буцаан өгөөгүй, түрээсийн төлбөрт 72,109,858 төгрөг болсон тухайд маргаагүй.
Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6, 326 дугаар зүйлийн 326.2, талуудын байгуулсан гэрээний нөхцөлийн дагуу түрээсийн төлбөр 72,109,858 төгрөг, алданги 36,480,500 төгрөг, учирсан хохирол буюу түрээсийн зүйлийн үнэ 74,296,000 төгрөг нийт 182,886,358 төгрөгийг хариуцагч “Б” ХХК нь нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.
Нэхэмжлэгч нь хариуцагч нараас 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээг 2014, 2015 онд сунгаснаар тооцож 2014 оны түрээсийн төлбөр 72,961,000 төгрөг, алданги 36,480,500 төгрөг, 2015 оны түрээсийн төлбөрт 27,397,600 төгрөг, алданги 13,698,800 төгрөг нийт 150,539,900 төгрөг гаргуулахаар шаардсан.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн “...2013 оны 05 сарын 16-ны өдөр С ХХК-тай ‘‘Түрээсийн гэрээ" байгуулж барилгын ажилд шаардлагатай эд материалыг түрээсэлж авсан. Б ХХК болон иргэн Ц.М нар нь хүлээн авсан эд материалаа Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 хороолол /13380/, Токиогийн гудамж 71 тоот 12 давхар үйлчилгээтэй орон сууцны барилгын ажилд бүрэн ашигласан боловч буцааж хүлээлгэж өгөлгүй, түрээсийн төлбөр төлөлгүй улмаар хариуцагч талууд маргалдаж, цагдаагийн байгууллагаар 2013 оны 09 сараас шалгагдаж эхэлсэн. Дүүргийн нэгдүгээр прокурорын газрын 2014 оны 06 сарын 10-ны өдрийн 1849 тоот прокурорын тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн” гэж, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан “...2014 онд хариуцагч “Баянмонхор констракш” ХХК-ийн захирал П.Б түрээсийн гэрээний төлбөрт 2 өрөө орон сууц өгч гэрээний үүргийг дуусгахаар санал болгосныг нэхэмжлэгч С ХХК зөвшөөрөөгүй” гэх тайлбар нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар үгүйсгэгдэхгүй байх тул 2013 оны 05 сарын 16-ны өдрийн түрээсийн гэрээний хугацаа мөн оны 07 дугаар сарын 16-ны өдөр дууссан хэдий ч дахин сунгах боломжгүй болж, гэрээ дуусгавар болсон нь нотлогдож байна.
Талууд гэрээг сунгаагүй, үргэлжлүүлэх боломжгүй болж гэрээ дуусгавар болсноор нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2-д заасны дагуу өөрт учирсан хохирол, хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг нөхөн төлөхийг шаардах бомжтой. Харин 2014, 2015 оны түрээсийн гэрээний төлбөр, алданги тооцож шаардсан нь үндэслэлгүй байна.
Хариуцагч Б ХХК нь 182,886,358 төгрөгийг төлөх үүрэгтэй хэдий ч нэхэмжлэгч 172,274,343 төгрөгийг хариуцагч Б ХХК-иас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг тодорхойлсон тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хангав.
Иймд хариуцагч Б ХХК-иас 172,274,343 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Ц.М-д холбогдох 172,274,343 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2-д заасныг баримтлан хариуцагч Б ХХК-иас 172,274,343 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Ц.М-д холбогдох 172,274,343 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,880,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК-иас 1,019,715 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АЗБАЯР