Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2018/00179

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.С

Хариуцагч: Т.О

Долоо хоног бүрийн баасан гарагийн оройн 19 цагаас ням гарагийн 19 цаг хүртэл, эсвэл Даваа гарагийн өглөө 2 хүүхдийг шууд цэцэрлэг болон сургуульд нь хүргэж өгч байхаар өөрийн хүүхэд болох С.Г, С.Г-О өөрийн эзэмшлийн БЗД 6 дугаар хороо ..байр 95 тоотод орших өөрийн гэр рүүгээ авч явахад саад учруулахгүй байхыг даалгах, цагаан сар, шинэ жил, бусад баярын өдрүүдэд 2 хүүхдээ авч явахад саад учруулахгүй байхыг даалгах, жил бүрийн 7 сарын 1-нээс 8 сарын 15 хооронд 7 хоног, 20 хоног, 30 хоногоор 2 хүүхдээ авч явахад саад учруулахгүй байхыг даалгах, С.Г, С.Г-О нарт зарцуулагдах хүүхдийн тэтгэлгийн мөнгийг зөвхөн хүүхдийн хэрэгцээнд зарцуулж байхыг даалгах, 2 хүүхдэд хэрэгтэй зүйлсийг нь авч өгөх санааг хэрэгжүүлж байхыг даалгах, сар болгон хүүхдийн тэтгэлгийн мөнгөөр авсан зүйлсийг баримтаар баталгаажуулж бичиж байхыг даалгах, С.Г, С.Г-Оын нэр дээр банкинд тус бүр 5000000 төгрөгийн хадгаламж нээж, Б.С, Т.О хоёр заавал цуг байж банкнаас зарлага гардагаар данс нээхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.С

        хариуцагч Т.О

        нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.

Нэхэмжлэлийг 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авав.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Сшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Сби Т.Отай 2010 оны 1 сард танилцаж, 2010 оны 9 сарын 01-нд гэр бүл болсныг 2013 оны 9 сарын 18-ны өдрийн Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 1...-рт бүртгэж гэр бүл болсон. Улмаар Т.О Б.Сбид хоёр зан байдлын хувьд таарч тохирохгүйн улмаас 2015 оны 5 сарын 10-ны БЗД-ийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шийдвэрээр гэр бүлээ цуцлуулсан. Бид хоёрын хамтын амьдралын хугацаанд том хүү С.Г 2011 оны 11  сарын 29, бага хүү С.Г-О 2013  оны 9 сарын 09 өдөр тус тус төрсөн ба одоогоор эх Т.Огийн асрамжинд амьдардаг. С.Г нь 6 настай ирээдүй цогцолборын 1-р ангид суралцдаг. С.Г-О нь 4 настай 101-р цэцэрлэгт явж байгаа. Б.С миний бие нь хоёр хүүхдээ төрсөн  цагаас нь эхлэн анхаарал халамж тавьж ирсэн. Т.О Б.С бид хоёрын салсан өдрөөс хойш буюу 2015 оны 5 сарын 20-ны өдрөөс Б.Сминий бие нь 5-дахь өдрийн орой Т.Огийн гэрээс 2 хүүхдээ очиж аваад 1-дахь өдрийн өглөө шууд цэцэрлэгт нь хүргэж өгч, мөн 3 дахь өдрийн орой Т.Огийн  гэрээс авч 4-дахь өдрийн өглөө цэцэрлэгт хүргэж өгдөг  байсан. 2015, 2016 оны зун 8 сарын 1-нээс 20-ны хооронд 2 хүүхдээ авч өөрийн төрсөн нутаг Завхан аймагт очиж ээлжийн амралтаа 2 хүүхэдтэйгээ өнгөрүүлж байсан. Би 2 хүүхдээ авахдаа агаар салхинд гаргах, дуртай хоол ундыг хийж өгөх, өөрийн хамаатан садангийн хүүхдүүдтэй тоглох зэргээр 2 хүүхэддээ анхаарал халамж тавьдаг байсан. 2016 оны 8 сард Б.Сминий бие нь 2 хүүхэдтэйгээ Завхан аймагт ээлжийн амралтаа авч, амарч ирээд 2 хүүхдээ Т.Од өгсөн өдрөөс хойш Т.О нь Б.Сминий 2 хүүхэдтэй уулзуулахгүй өгч явуулахгүй 1 жил гаран болж байна. Т.Огийн  гэрт нь очихоор хаалгаа онгойлгож өгөхгүй, заримдаа  гэрт нь ороод 2 хүүхэдтэйгээ уулзаад явахад, 2 хүүхэд аавтайгаа аавын гэр рүү явна гэж уйлаад хоцордог. Хэд хэдэн удаа Т.О нь гадуур гарах ажилтай байна ирж хүүхдээ хар гэж хэлсний дагуу Т.Огийн гэрт нь очиж 2 хүүхэдтэйгээ цуг хонож байсан. Т.О нь гарах болгондоо архи уусан ирдэг ба ихэнхдээ гэртээ ирж хонодоггүй болно. Т.О нь одоогоор тодорхой эрхэлсэн ажил хийдэггүй ба ер нь ажил хөдөлмөр хийж үзээгүй болно. Т.О нь одоо амьдарч байгаа 2 өрөө байрны 1 өрөөг нь түрээсэлдэг, сар болгон л өөр өөр хүн түрээслэн суудаг. Б.С би сар болгон 2 хүүхдийн тэтгэлэг одоогоор 186500 төгрөгийг сар болгон Т.Огийн Хаан банкны данс руу шилжүүлдэг. Т.О нь 2 хүүхдийн тэтгэлгийн  мөнгийг 2 хүүхдэд зориулахгүй, миний 2 хүүхэд хоолтой хоолгүй, олигтой өмсөх хувцас, тоглох тоглоом байхгүй хэцүү хүнд нөхцөлд амьдарч байна. Б.Сминий зүгээс Т.Од 2 хүүхдийн мөнгийг 2 хүүхдэд хэрэгцээтэй зүйлс авч өгөх хэрэгтэй байна гэхээр Б.Снадад юу идэх, юу өмсөх нь чамд хамаа байхгүй, Т.О миний мэдэх хэрэг, байрны мөнгөнд 130000 төгрөгийг нь өгдөг. Чиний өгч байгаа мөнгө юу ч болохгүй илүү өгч чадахгүй юм бол дуугай бай гэж хэлдэг. Б.Сминий С.Г, С.Г-От өгч байгаа хүүхдийн тэтгэлэг нь 2 хүүхдэд зориулагдахгүй байна. Б.Сминий бие Төв аймаг дахь Хаан банкны мэдээлэл  технологи хариуцсан мэргэжилтнээр ажилладаг. БЗД 6-р хороо ..байр 95 тоот 2 өрөө Хаан банкны зээлтэй орон сууцанд өөрийн аав, ээж хоёртойгоо амьдардаг.  Т.Огийн ээж нь 15 жилийн өмнө, аав нь 7 жилийн өмнө нас барьсан ба Т.О 8 наснаасаа ганцаараа бие даан амьдарч эхэлсэн ба өөрийн дураараа, хүнээс үг сонсдоггүй, сонин зан араншинтай. Т.О нь Б.Сминий 2  хүүхэдтэй уулзуулахгүй, өгч явуулахгүй, миний 2 хүүхдийг эмээ, өвөөтэй нь уулзуулахгүй 2 хүүхдийн эрхийг ноцтойгоор зөрчиж байна. Б.Сминий бие нь 2017 оны 7 сарын 04-ний өдрийн БЗД-ийн иргэний хэргийн анхан шатны 101/ШШ2017/02314 дугаар бүхий шийдвэрээр Т.Огийн нэхэмжлэлээр 16000000 төгрөгийг өгөхөөр болсон. Энэ 16000000 төгрөгийг Т.О,  С.Г, С.Г-О нарт хувааж өгөх ёстой ба нэг хүнд ноогдох нь дүн нь 5333333 төгрөг болж байна. Энэ мөнгөнөөс 500000 төгрөгийг Т.Огийн Хаан банкны дансанд, 5000000 төгрөгийг шүүхийн  шийдвэр гүйцэтгэх  албанд Б.Сминий зүгээс өгсөн байгаа. Т.О нь С.Г, С.Г-О нарт оногдох мөнгийг бие даан захиран зарцуулах эрхгүй болно. Б.Сминий зүгээс БГД-ын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байгаа нэхэмжлэл нь Б.Сминий бие  нь долоо хоног болгоны баасан гарагийн оройн 19 цагаас ням гарагийн 19 цаг хүртэл, эсвэл Даваа гарагийн өглөө 2 хүүхдийг шууд цэцэрлэг болон сургуульд нь хүргэж өгч байхаар өөрийн хүүхэд болох С.Г, С.Г-Оөөрийн эзэмшлийн БЗД 6-р хороо ..байр 95 тоотод орших өөрийн гэр рүүгээ авч явахад Т.О нь саад учруулахгүй байхыг даалгах, Цагаан сар, шинэ жил, бусад баярын өдрүүдэд Б.Сминий бие 2 хүүхдээ авч явахад Т.О нь саад учруулахгүй байхыг даалгах, жил бүрийн 7 сарын 1-нээс 8 сарын 15 хооронд 7 хоног, 20 хоног, 30 хоногоор Б.Сминий бие 2 хүүхдээ авч явахад Т.О нь саад учруулахгүй байхыг даалгах, С.Г, С.Г-О  нарт зарцуулагдах  хүүхдийн тэтгэлгийн мөнгийг  зөвхөн хүүхдийн хэрэгцээнд зарцуулж байхыг даалгах, Т.О нь Б.Саас гаргасан 2 хүүхдэд хэрэгтэй зүйлсийг нь авч өгөх санааг хэрэгжүүлж байхыг даалгах, Т.О нь сар  болгон хүүхдийн тэтгэлгийн мөнгөөр  авсан зүйлсийг Б.Ст баримтаар баталгаажуулж бичиж байхыг  даалгах, С.Г, С.Г-Оын нэр дээр банкинд тус бүр 5000000 төгрөгний хадгаламж нээж, Б.СТ.О бид хоёр заавал цуг байж банкнаас зарлага гардагаар данс нээхийг даалгаж өгнө үү.

Нэхэмжлэгч Б.Сшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2015 онд гэр бүлээ цуцлуулсан. Бидний дундаас 2011 онд С.Г, 2014 онд С.Г-О нар төрсөн. Шүүх хүүхдүүдийг Т.Огийн асрамжинд үлдээж, бид тус тусдаа амьдрах болсон. Т.О үр хүүхэддээ анхаарал халамж муу, хоол унд хийж өгдөггүй. Бүх ажлыг би л зохицуулж өгдөг байсан. Одоо тусдаа амьдарснаас хойш 2015 оны 5 дугаар сараас би хоёр хүүхэдтэйгээ байнга очиж уулздаг. Хагас, бүтэн сайн өдөр очиж авдаг. Тухайн үед миний 2 хүүхэд цэцэрлэгт явдаг байсан. Би 5 дахь өдрийн орой гэрээс нь аваад 1 дэх өдрийн өглөө цэцэрлэгт нь хүргэж өгдөг. Заримдаа Т.Огийн гэрт нь очиж  хоёр хүүхэдтэйгээ хамт 2 цаг болоод явдаг.  2015 оноос 2016 оны 9 дүгээр сар хүртэл би яг энэ маягаар явсан. 2015 оны зун амралтаараа хоёр хүүхдээ авч Завхан аймаг руу явсан. Дараа нь мөн 2016 онд амралтаа аваад хоёр хүүхдээ хөдөө авч явахад Т.О өгч явуулсан. 2016 оны  9 сараас хойш жил гаруй 2 хоёр хүүхэдтэйгээ уулзаж чадаагүй. 2017 оны 11 сард 2 хоног хоёр хүүхдээ авч явсан. Мөн шинэ жилээр 7 хоног хоёр хүүхдээ гэртээ байлгасан. Шүүхийн шийдвэр гарснаас хойш би хүүхдийн тэтгэлгийн мөнгө төлж байгаа. Т.Огийн гэрт өмсөх хувцас, идэх хоол, тоглох тоглоом байхгүй байдаг. Тэгээд шаардлага тавиад чи хүүхдүүдэд хоол, хүнс хувцас авч өгөөч гэхээр чамд хамаагүй гэдэг. 2016 оноос хоёр хүүхэд өгч явуулахаа байснаас хойш би Т.Огийнхаар байнга хоёр хүүхэдтэйгээ уулзахаар очдог болсон. Очих бүрд хоол хүнсгүй байдаг. Заримдаа би өөрөө очиж хоол хийж өгдөг. Би сар болгон хүүхдийн тэтгэлэг өгдөг. Гэтэл 2 хүүхэддээ зарцуулдаггүй. Заримдаа сайхан ааштай үедээ хоёр хүүхэдтэйгээ уулзуулдаг. Заримдаа уулзуулдаггүй учир нь олдохгүй сонин зантай хүн. Иймд 2 хүүхэдтэйгээ уулзахад саад учруулахгүй байхыг Т.Од даалгаж өгнө үү. Т.О нь 2014 оноос хойш шүүхээр явж зээлээр авсан байрыг өөрийн нэр дээр авна гээд шүүхийн шийдвэрээр би Т.Од 16000000 төгрөг өгөхөөр болсон. Энэ мөнгийг би төлчихсөн. Т.О 14800000 төгрөгийг бэлнээр авчихсан байгаа. Энэ 16000000 төгрөгөөс би хоёр хүүхэддээ оногдох 10000000 төгрөгийг Т.О хүүхдүүдэд маань зарцуулахгүй хэрэггүй зүйлд зарцуулаад дуусгана. Тийм болохоор энэ мөнгийг би хоёр хүүхдээ 18 нас хүртэл нь Б.О дангаараа үрэхгүй, бид хоёр хамт очиж гарын үсэг зурж байж зарлага гаргадаг тийм хадгаламж нээлгэхийг би даалгамаар байна. Мөн би нэхэмжлэлдээ 5 дахь өдөр аваад бүтэн сайн өдөр хүүхдүүдээ хүргэж өгнө, мөн баярын өдөр болон зун авна гэж буруу дурдсан байна. Үүнийгээ 2 хүүхэдтэйгээ уулзахад саад учруулахгүй байхыг даалгах болгож өөрчилж байна. Гэр бүлийн хууль болон шүүхийн шийдвэрээр миний эцэг байх эрхийг хязгаарлаагүй байгаа. Хоёр хүүхдээ дуртай цагтаа авч, хүргэж өгч байх эрхтэй гэж үзэж байна. Т.О хүүхдүүдээ хүмүүжүүлж чаддаггүй. Өдөржин зурагт үзүүлж, хоол ундыг нь хийж өгдөггүй. Миний хүүхдүүд над руу залгаад өлсөөд байна ааваа гэдэг. Хөргөгчинд нь талх, идэх зүйл байдаггүй. Хүүхдийн тэтгэлгийн мөнгөөр хүүхдүүдэд хэрэгтэй зүйл авч өг гэхээр чамд хамаагүй гэдэг. Би 11 дүгээр сараас хойш бага хүүхэддээ гутал авахуулах гээд чадаагүй. Би сая шинэ жилээр хоёр хүүхдээ авахад манай бага хүүхдийн куртик нь багадчихсан байсан. Тэгээд би Номинд хүүхдийн куртик хямдарсан байна гэхэд одоо удахгүй дулаарлаа гээд аваагүй. Би өмнөх жил Т.О авч өгөхгүй болохоор нь хоёр хүүхэддээ гутал, өмд авч өгөөд баримтаа шүүхийн шийдвэрт өгч байсан. Би сар бүр Т.Огийн Хаан банкны данс руу хүүхдийн тэтгэлгийн мөнгийг шилжүүлээд, шилжүүлсэн баримтаа шүүхийн шийдвэрийн газарт бүртгүүлдэг. Т.О ажил хийдэггүй, энд тэнд очиж хүнтэй уулздаг хоёр хүүхдээ авч явна эсвэл гэрт нь цоожлоод үлдээчихдэг. Би хэрэв чи цоожлоод үлдээх гэж байгаа бол би очоод харчихъя гэж хэлсэн, энэ байдлаар би  зөндөө очиж харж байсан. Т.О нь гэртээ ирэхгүй алга болчихно. Шөнө архи уусан орж ирдэг. Заримдаа өглөө ирэхгүй алга болчихно. Миний ажлын цаг болоод хажуу айлд нь хоёр хүүхдээ үлдээгээд хүртэл явж байсан. Одоо Т.О өөр хүнтэй хамтран амьдарч байгаа. Хоёр насанд хүрсэн хүн хоёулаа ажил хийдэггүй. Миний хүүхдүүддээ өгдөг тэтгэлгийн мөнгөөр л амьдардаг. Тэгээд шаардлага тавихаар чамд хамаагүй гэдэг. Би Т.Од хэлсэн чи сар болгон хүүхдийн тэтгэлгийн мөнгийг юунд зарцуулж байгаа талаарх баримтаа авч ирж өг гэж хэлсэн. Өнөөдөр миний бага хүүхэд зурах дуртай гэтэл зурах дэвтэр, хэрэгсэл байдаггүй. Би хүүхдэд хүчилтөрөгчийн коктайл хийж өг гээд сүү материалыг авч өгсөн боловч хийж өгөөгүй. Одоо би хүүхдийн тэтгэлгийн мөнгийг Т.Од өгч байхгүй. Хоол хүнс, хувцсыг нь би өөрөө авч өгөөд баримтаа шүүхийн шийдвэрт тайлагнаад явж байна. Би хоёр хүүхэддээ зориулж мөнгө өгч байна. Тэр мөнгө хүрэх, хүрэхгүй нь хамаагүй. Т.О ч мөн адил ажил хийж мөнгө олох хэрэгтэй. Иймд С.Г, С.Г-О нарт зарцуулагдах хүүхдийн тэтгэлгийн мөнгийг зөвхөн хүүхдийн хэрэгцээнд зарцуулж байхыг даалгах, 2 хүүхдэд хэрэгтэй зүйлсийг нь авч өгөх санааг хэрэгжүүлж байхыг даалгах, сар болгон хүүхдийн тэтгэлгийн мөнгөөр авсан зүйлсийг баримтаар баталгаажуулж бичиж байхыг даалгах шаардлагаасаа татгалзаж байна. Би өөрөө энэ асуудлыг зохицуулаад явна.

Хариуцагч Т.О шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Сын  нэхэмжлэлийг дэс дарааллуулан бичсэн 7-н  шаардлага байна гэж ойлголоо. Энэ шаардлагынх нь зарим хэсгийг буюу дугаар №1,2,3-г дараах болзолтойгоор зөвшөөрч байна. Энэ болзлуудыг шүүгчийн захирамж дээр тусгаж өгнө үү. Үүнд: 1. С хүүхдүүдээ 7 хоног болгоны баасан  гаригийн оройн 19 цагаас авч даваа гарагийн өглөө шууд цэцэрлэг болон сургуульд нь  хүргэж өгч байхыг дараах болзолтойгоор зөвшөөрч байна. Үүнд: С 7 хоног бүрийн баасан гараг бүр алгасалгүй яг 19 цагтаа хүүхдээ ирж авч байх. С хүүхдээ авах хугацаанд би өөр ажил төлөвлөх учир Зарим 7 хоног ирэхгүй алга  болчоод хүссэн үедээ хэдэн цагт ч хамаагүй ирээд хаалга балбаж, амгалан тайван байдал алдагдуулахгүй байх. Даваа гарагийн өглөө сургууль цэцэрлэгт нь хоцроож тасдуулалгүй хүргэж өгч байх. Даваа гарагт хүргэж амжихгүй нь гээд хэзээ ч хамаагүй хэдэн цагт ч хамаагүй хүүхдүүд авч ирээд хоосон хаалга мөргөчихөөд утсаар залгаад чи хаашаа тэнээд янхандаад явчихдаг пизда гичий вэ гэд хараалаа урсгаад хэрүүл маргаан болоод байдаг учраас энэ асуудлыг зориуд шүүхээр зохицуулах шаардлагатай байгаа. Хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд онцгой анхаарах. С хүргэж өгсөн өдрүүдэд цэцэрлэгийнх нь багш утасдаад хүүхэд чинь бөөлжөөд байна, ирж ав гээд би хэд хэдэн удаа очиж авч байсан бөгөөд энэ тоолонд Ст утасдаж хэлэхэд, өөдөөс хэрүүл маргаан болгодог байсан. Мөн авч явах тоолондоо хүүхэд ханиад томуу хүргэсэн, хэт их зурагт,  хүүхэлдэйн кино үзүүлснээс  хүүхдийн нүд улайсан өрөвссөн, унасан, юм мөргөсөн гээд энд тэнд нь хөхөрсөн,  хавдсан, шалбарсан, гар хурууны үзүүр түлэгдсэн ирдэг байснаас болж тогтмол бидний хооронд хэрүүл зөрчил болж ирсэн. Хүүхдүүдийн гэрийн даалгаврыг маш чанартай сайн анхааралтай хийлгэж байх. Өмнө авч явахдаа охин дүүгээрээ хийлгүүлсэн гээд үзээгүй үсэгнүүдээр нь цээж бичиг хийлгэсэн байсан тул анхаарч санаа тавьж хийлгэж байх. Хүүхдүүдээ усанд оруулж, хумсыг нь авч, хувцсыг нь угааж индүүдэж явуулж байх. Өмнө цэцэрлэгийн багшаас нь даваа гарагийн  өглөө аав нь хүргэж ирэхээрээ л халтайсан гар хөлтөй, бохир ирэх юм гэсэн шүүмж ирж байсан учраас зориуд тусгаж байна. Өгч явуулсан хувцсыг айлын хүүхдийн хувцастай хольж алга хийлгүй бүрэн бүтэн буцааж өмсүүлж явуулж байх. Хүүхдийн хувцас аваад үлдчихдэг, эсвэл шинэ хувцасыг солиод хамаатныхаа хүүхдийн бөөсөрсөн муу хувцсыг өмсүүлээд аваад ирдэгээс болж байнга хэрүүл маргаан болдог учир зориуд тусгаж байна. Хүүхдээ авах, өгөхдөө зөвхөн хаалганы гаднаас харьцаж байх. Хүүхдээ өгөх авах нэрээр гэрт дайрч орж ирээд, нэг бол бэлгийн харьцаанд орох гэж дайрдаг, нэг бол элдвээр харааж хашгичиж, гэрээр дүүрэн хар энерги тарааж сэтгэл санааны дарамтанд оруулчаад явчихдаг. Эсвэл гэртээ байгаа юм шиг хөргөгч, тогоо шанага ухаж, идэж уугаад буйдан дээр хэвтчихээд явдаггүй. Ийм байдлаас нь болж байнга хэрүүл зодоон болж, хэд хэдэн удаа Баянгол  дүүргийн цагдаагийн хэлтэст дуудлага өгч, цагдаа ирж салгаж авч явж байсан. 2. Цагаан  сар,  шинэ жил,  бусад баярын  өдрүүдэд  С 2 хүүхдээ авч явахыг дараах болзолтойгоор зөвшөөрч байна. Үүнд: Баяр болгоны зөвхөн шинийн 2-ноос хойш ирж авч байх. Би ч бас эх хүнийхээ хувьд баяр ёслолоор үр хүүхэдтэйгээ гэр  бүлээрээ байх эрхтэй. Гэтэл С баяр ёслол болохоор хүүхэд булаагаад аваад явчихдаг. Аливаа баярын өдрүүдээр би үр хүүхэдгүй хүн шиг ганцаараа байж байдаг. Энэ асуудлаас болж бас л байнга хэрүүл маргаан болж байдаг. 3. Жил бүрийн 7 сарын 20-наас 8 сарын 15-ны хооронд 25 хоног С хүүхдүүдээ авч явахыг дараах болзолтойгоор зөвшөөрч байна. Үүнд: Жил бүр яг тогтсон хугацаандаа буюу 7 сарын 20-ндаа ирж авч, тогтсон хугацаандаа буюу 8 сарын 15-ндаа авчирч өгч байх. С хэзээ ирж хүүхэд авах нь ч мэдэгдэхгүй, гэнэт нэг өдөр орж ирээд хүүхэд аваад явдаг хэд хонуулаад авчирах нь ч мэдэгдэхгүй, хүүхдээ хүлээгээд би бусад ажлаа төлөвлөж чадахгүй, хөдөө  гадаа явж чадахгүй,  гадагшаа ч явж чадахгүйгээс болж бас л хэрүүл маргаан үүсэх  тул энэ хугацааг яг таг нарийн заах нь маргаан үүсэхээс сэргийлэх юм. Авч явсан хугацаандаа мөн хүүхдийн  эрүүл  мэнд, аюулгүй байдалд  онцгой анхаарах, зуны гэрийн даалгаврыг чанартай сайн хийлгэх. Миний бие нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн хэсэг буюу № 4,5,6,7-г зөвшөөрөхгүй байна. Үүнд: 4. Гм, Г-О нарт зарцуулагдах хүүхдийн тэтгэлэгийн мөнгийг зөвхөн хүүхдийн хэрэгцээнд зарцуулж байхыг даалгах гэжээ. С нэг хүүхэддээ сард  926507 төлдөг. Энэ мөнгө статистикийн судалгаагаар сард хүүхдийн амьжиргааг залгуулахад хэрэглэж болох хамгийн доод хэмжээний мөнгө юм. Энэ мөнгийг миний зүгээс өөр юманд зарцуулж байсан удаагүй. Хүүхдийн өдөр тутмын хэрэгцээ шаардлага ямар их байдгыг С мэдэхгүй. Хүүхдээ өдөрт хичээлд нь явахад нь л ганц печень, ундаа өгөөд явуулахад л 2500, хичээл тараад хүүхдээ урамшуулаад нэг газар ороод 2 бууз ганц ундаа аваад өгөхөд л 2500, ингээд өдөрт зүгээр л хүүхдийн ойр зуур хэрэглээнд л 5000-10000 болж байдаг. Гэтэл хүүхдийн бүтэн сарын хоол  хүнс, эм тан, хувцас, сургууль цэцэрлэгийн хэрэглэл, гээд бүх зүйлд 92000 төгрөг бол хаанаа ч хүрэхгүй мөнгө юм. Энэ мөнгөнөөс илүү гаргаад өөр юманд зарцуулаад байсан удаа надад байхгүй. Харин ч би хүүхдүүдийнхээ авъяас чадварыг хөгжүүлэхийн тулд илүү их мөнгө зориулж байдаг. Жишээ нь: Хүүхдүүд маань албан бүртгэлээр цэцэрлэгт хамрагдаж чадаагүй болохоор миний бие 101-р цэцэрлэгийн хандивийн ангид нэгийг нь 300000 төгрөг, нөгөөг нь 500000 төгрөгөөр нийт 800000 төгрөгөөр оруулсан. Ирээдүй цогцолбор сургуульд 1-р  ангид оруулахад 1 сая 500 мянгийг төлж оруулсан. Гадуур зохиогдож байгаа хүүхдийн аливаа уралдаан тэмцээн болгонд хүүхдүүдээ оролцуулж, тухай  бүрт амжилттай оролцож байсан. Би хүүхдүүдийнхээ авъяас чадварыг хөгжүүлэх, сайн сургууль цэцэрлэгт сургах зэрэгт илүү анхаарч байдаг. Тэгэхээр энэ мөнгө хүүхдийн хэрэгцээнд зарцуулагддаг учраас энийг надад даалгаад байх шаардлагагүй гэж үзэж байна. 5. О нь Саас гаргасан 2 хүүхдэд хэрэгтэй зүйлийг авч өгөх санааг хэрэгжүүлж байхыг даалгах гэсэн байна. Би өнөөдөр хүүхдүүдийнхээ дэргэд өдөр тутам байгаа хүн. Миний хүүхдүүдэд хэнд нь юу илүү нэн чухал хэрэгцээтэй байгааг би мэдэх болохоос С мэдэхгүй. С амьдралаас хол тасархай юм ярьдаг. Жишээ нь бүтэн сар хүүхдийн хэрэглээнд зориул гэж 92000 төгрөг өгчихөөд 60000 төгрөгөөр тоглоом авахуулах, дүү нь ахынхаа хувцсыг өмсөөд болох зүйлийг заавал хувцас авахуулах гээд байх жишээтэй. Эсвэл сургуульд орсон хүүхдэд илүү сэтгэхүй хөгжүүлэх тоглоом шаардлагатай байхад 6-н сартай хүүхдийн гарын булчин хөгжүүлдэг тоглоом авахуулах  гээд байх жишээний. Эсвэл куртик байсаар байтал нэмж куртик авахуулах гээд байх. Гэтэл куртикнээс илүү нэгэнд нь гутал хэрэгтэй байгаа эсвэл хэн нь энэ сар малгай ороолт өмд авах хэрэгтэй байгаа гээд тэр бүгдийг С биш би мэдэж байгаа. Миний өөрөө мэдээд хүүхдүүдийнхээ хоол хүнс, хувцас хунарыг зохицуулахад С оролцох шаардлагагүй. Би өөрийн хүүхдүүдээ хувцасгүй дааруулж өвтгөх, эсвэл өлсгөөд байх ухамсартай хүн биш. Иймд энэ шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 6. О сар болгон хүүхдийн тэтгэлэгийн мөнгөөр авсан зүйлсийг Б.Ст баримтаар баталгаажуулж бичиж байхыг даалгах гэжээ. Захаас авсан бараа болгон баримтгүй, дэлгүүр болгон баримтгүй. Би үнэтэй дэлгүүрүүдээс хүүхдүүддээ хувцас аваад байдаг тийм баян хүн биш. Нэг оймс, нэг бээлий авсан ч би захаас авдаг. Нэг усан будаг, нэг тосон харандаа, чихэр жимс тоглоом авсан ч захаас авдаг. Би тэр бүр баримт өгөөд байдаг дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээд байдаггүй. Тэгэхээр энийг даалгах нь өнөөгийн манай нийгэмд нийцэхгүй юм. 7. Гм, Г-Оын нэр дээр банкинд тус бүр 5000000 төгрөгний хадгаламж нээж, С, О бид хоёр цуг байж банкнаас зарлага гаргадагаар данс нээхийг даалгах гэжээ. С нэхэмжлэлдээ О нь Гм, Г-О нарт оногдох мөнгийг бие даан захиран зарцуулах эрхгүй гэжээ. Би хүүхдүүдийнхээ хууль ёсны асран халамжлагчийн хувьд захиран зарцуулах эрхтэй хүн юм. Орон сууцнаас оногдох хэсгийг тогтоогоод С өөрийн оногдох хэсгээ өөрөө аваад үлдсэн. Гэтэл бид 3-т  оногдох хэсгийг захиран зарцуулах эрхийг С булаацалдах эрхгүй юм. Би орон сууцнаас оногдох хэсгийн нэхэмжлэл гаргахдаа анхнаасаа л өөрийн орон сууцаа томсгож хүүхдүүдийнхээ амьдрах орчин нөхцлийг сайжруулах зорилготой гэдгээ шүүх дээр ч хэлж  байсан. Тэр мөнгийг банкинд хадгалах гэж орон сууцнаас оногдох хэсгийг нэхэмжлээгүй. Иймээс ийм нөхцөл даалгах нь хүүхдүүдийн амьдрах орчин нөхцлөө сайжруулахад саад болж байгаа хэрэг болно. С хэд хоногийн өмнө миний хуваарьт хөрөнгөнөөс булаацалдаж, Баянгол дүүргийн шүүхэд 11000000 төгрөг нэхэмжлээд хэрэгсэхгүй болсон. Энэ мөнгийг л өгөхгүй гэж янз янзаар үзээд байх шиг байна. Нэхэмжлэлийн шаардлагын №1,2,3-ыг дээрх болзолтойгоор зөвшөөрч байна, №4,5,6,7-г хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хариуцагч Т.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүүхдүүдтэйгээ уулзуулдаггүй гэж байна. Би уулзуулдаг. Гэрлэлт цуцлуулсан шүүх хурал дээр хүүхдүүдтэйгээ уулзахад саад учруулахгүй байх асуудлыг шийдвэрлэчихсэн. Би чамд саад учруулж байсан удаа байхгүй. Хүссэн үедээ уулз гэдэг. Шүүхийн шийдвэрээр хүссэн үедээ уулз гэдэг үгээр далимдуулаад дуртай үедээ манайд орж ирж дарамталж, доромжилдог. Одоо хамт амьдарч байгаа хүний дэргэд хүртэл доромжилдог. Би энэ хүнээс салсан ч салаагүй юм шиг амьдардаг. Би хүүхдүүдээ авах үедээ ав гэсэн. Яагаад авахгүй байгаа вэ гэхээр өглөө хүүхдүүдээ цэцэрлэгт нь хүргэж өгч чадахгүй болохоор дуртай үедээ авч, дуртай үедээ өгч байна гэж ярьж байгаа. Бид хоёр дуртай үедээ авч, өгөх тал дээр л маргалдаад байдаг. Дуртай үедээ орж ирээд бөөн хэрүүл зодоон болж, элдэв янзаар дуудаж доромжилдог. Хамгийн сүүлд 3 хоногийн өмнө манайд ирээд гарахгүй элдэв янзаар хэлээд байхаар нь шалны модоор зодож байж гаргасан. Манай кордорийн камерт бичигдсэн байгаа. Би энэ хүнийг гэрт орж ирэх хэрэггүй хүүхдүүдээ гэрийн гаднаас аваад шууд 1 дэх өдөр сургууль, цэцэрлэгт нь хүргэж өг, тэр хооронд хүүхдийн даалгавар хийлгэж, өвдүүлээгүй байх ёстой л гэж хэлдэг. Энэ хүн өөрийнхөө гэрт орж ирж байгаа шиг орж ирээд утсаараа бичлэг хийгээд хөргөгч онгойлгодог. Энэ хүнээс би салахдаа 1 нас 6 сартай, 3 нас 6 сартай хоёр нялх хүүхдээ аваад салж байсан. Өнөөдөр миний хүүхдүүд 4,6 настай. Энэ хүртэл би хүүхдүүдээ ганцаараа өсгөсөн. Хоол ундгүй л гэж байна. Би хүүхдүүддээ хоол унд өгөхгүй тураагаад алсан зүйл байхгүй. Би энэ хүнтэй сууснаас хойш жилийн зайтай хоёр хүүхдээ төрүүлж ажил хийж чадаагүй. Гэхдээ салсан цагаасаа хойш би ажил хийсэн. Харин энэ жилээс би ажил хийгээгүй. Яагаад гэхээр миний хүү сургуульд орсон. 1 дүгээр ангийн хүүхэд сургуульд ороход суурийг нь тавьж өгөхөд ээжийнх нь үүрэг хамгийн чухал. Миний хүү 5 настай сургуульд орсон болохоор ээжийнх нь халамж анхаарал шаардлагатай болсон. Энэ хүн тэрийг ерөөсөө мэдэхгүй. Би ч гэсэн ажил хиймээр байна. Гэтэл би өнөөдөр хүүхдийнхээ төлөө ажил хийхгүй байгаа. Энэ хүн хэдэн жил хамт амьдарсан боловч бүх эд зүйл, байраа ганцаараа аваад үлдсэн. Намайг хоёр хүүхдийн хамт өмссөн хувцастай нь хөөгөөд гаргасан. Сүүлд шүүхээр явж байгаад зарим эд хөрөнгөө авсан. Байрнаас өөрт болон 2 хүүхэддээ ногдох хэсэг 25 сая төгрөгийн нэхэмжлэл гаргасан боловч энэ хүн хассаар байгаад 16 сая төгрөг өгөхөөр болсон. Энэ мөнгөө өгөхгүй байсан болохоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандаж 16000000 төгрөгөөс 12000000 төгрөгийг авсан. Энэ мөнгөнөөс нь өмгөөлөгч авсан байсан өмгөөлөгчийн хөлсөнд нэхэмжлэлийн үнийн дүнгийн 10 хувь болох 1600000 төгрөг, хүүхдүүдээ сургуульд оруулахад 1500000 төгрөг, цэцэрлэгт оруулахад 800000 төгрөг төлсөн. Энэ мэтчлэн зарцуулагдаж байгаа. Надад өгөх мөнгөнөөсөө 12800000 төгрөгийг өгчихөөд одоо тэрнээсээ 10000000 төгрөгийг нь яаж зарцуулахыг хянана гэж ярьж байна. Би энэ мөнгийг хэрхэн зарцуулах, яах эсэхээ өөрөө мэднэ. Би энэ мөнгийг аваад шууд үрчих тэнэг хүн биш. Би энэ мөнгийг хэрхэн өсгөх вэ гэдэг талаар боддог. Энэ мөнгө миний хоёр хүүхдийн боловсролд зарцуулагдах ёстой. Энэ хүн 10000000 төгрөгийг өгөх гэж яасан билээ дээ. Бас миний хуваарьт хөрөнгө болох байрыг хуваана гэж шүүхээр явсан боловч хэрэгсэхгүй болгосон. Энэ 10000000 төгрөгийг яаж өгөхгүй байх вэ гэдэг тал дээр үхэх гээд байгаа хүн. Хүүхдийн тэтгэлгийг мөнгийг хүүхдүүдэд зориулдаггүй гэж байна. Сарын 186000 төгрөгийг барагдахгүй их мөнгө өгсөн юм шиг бодох юм. Нэг дэлгүүр ороод жаахан хүнс авахад л 30000 төгрөг болдог. Мөн сургуулиас нь байнга л янз бүрийн шаардлагаар мөнгө авдаг. Хааяа хүүхдээ урамшуулаад дуртай зүйлийг нь авч өгөх энэ бүгдэд л тэр мөнгө зарцуулагддаг. Тэтгэлгийн 186000 төгрөгийг Б.Сөөрөө хянана гэж байна. Өнөөдөр миний хүүхдүүдэд юу хэрэгтэй байгааг энэ хүн мэдэхгүй. Энэ асуудлаас болж бид хамт амьдарч байхдаа л маргалддаг байсан. Би олон ах, эгч нартай учраас ах, эгчийнхээ хувцсыг өмсөж л өссөн. Тэглээ гээд муудсан юм алга байна. Энэ хүн айлын ганц хүүхэд юугаар ч дутаагүй өссөн болохоор энэ зовлонг мэдэхгүй. Энэ хүн жилийн 4 улирал бүр хувцас шинээр авч өг гэдэг. Авч өгөх шаардлага байхгүй. Тэр мөнгө ганцхан хувцсанд зориулж өгч байгаа мөнгө биш. Өөр олон зүйлд зарцуулагдаж байгаа. Би өмнө жил ахынх нь өмсөж байсан куртикийг дүүд нь өмсүүлчихье ахад нь шинэ куртик аваад өгчихье гэх ч юм уу зохицуулна. Гэтэл энэ хүн тийм биш. Би хүүхдүүдийнхээ хэнд нь юу хэрэгтэй байгааг мэднэ. Үнэхээр сайн эцэг байсан юм бол хүүхдээ анх сургуульд ороход нь ирээгүй. Хүүхдийнхээ төрсөн өдрөөр ирдэггүй. Энэ хүн ерөөсөө л миний өгч байгаа хүүхдийн тэтгэлгийн мөнгийг намайг үрээд байна гэж л маргалддаг. Би хоёр хүүхдийнхээ боловсрол, аливаа зүйлд хөгжүүлэх тал дээр нь илүү их анхаардаг. Энэ болгоныг минь энэ хүн мэдэхгүй. Хүүхдийн тэтгэлгийн мөнгө хүүхдийн амьжиргаанд зарцуулагдах ёстой мөнгө болохоос энэ хүн хянах ёстой мөнгө биш. Би тэр мөнгийг хянуулахгүй. 10000000 төгрөгийн хадгаламж нээлгээд хамтран эзэмшигчээр бүртгүүлэх гээд байгаа нь өөрөө л эзэмших гэж тэгж байгаа. Хүүхдийн нүд өвдөөд 10000 төгрөг өгчих дараа нь 186000 төгрөгөөсөө суутгаад авчих гэсэн чинь надад хамаагүй гэж хэлсэн. Ямар нэг байдлаар хүүхэд өвдөөд мөнгөний хэрэг гараад 10000000 төгрөгөөсөө зарцуулъя гэхэд энэ хүн үгүй гэх хүн. Ийм болохоор би хамтран эзэмших данс нээлгэхгүй. Энэ нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна.  

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Учир нь:

Нэхэмжлэгч Б.Снь хариуцагч Т.Од холбогдуулан долоо хоног бүрийн баасан гарагийн оройн 19 цагаас ням гарагийн 19 цаг хүртэл, эсвэл Даваа гарагийн өглөө 2 хүүхдийг шууд цэцэрлэг болон сургуульд нь хүргэж өгч байхаар өөрийн хүүхэд болох С.Г, С.Г-Оөөрийн эзэмшлийн БЗД 6 дугаар хороо ..байр 95 тоотод орших өөрийн гэр рүүгээ авч явахад саад учруулахгүй байхыг даалгах, цагаан сар, шинэ жил, бусад баярын өдрүүдэд 2 хүүхдээ авч явахад саад учруулахгүй байхыг даалгах, жил бүрийн 7 сарын 1-нээс 8 сарын 15 хооронд 7 хоног, 20 хоног, 30 хоногоор 2 хүүхдээ авч явахад саад учруулахгүй байхыг даалгах, С.Г, С.Г-О нарт зарцуулагдах хүүхдийн тэтгэлгийн мөнгийг зөвхөн хүүхдийн хэрэгцээнд зарцуулж байхыг даалгах, 2 хүүхдэд хэрэгтэй зүйлсийг нь авч өгөх санааг хэрэгжүүлж байхыг даалгах, сар болгон хүүхдийн тэтгэлгийн мөнгөөр авсан зүйлсийг баримтаар баталгаажуулж бичиж байхыг даалгах, С.Г, С.Г-Оын нэр дээр банкинд тус бүр 5000000 төгрөгийн хадгаламж нээж, Б.СТ.О хоёр заавал цуг байж банкнаас зарлага гардагаар данс нээхийг даалгах шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүхдүүдтэйгээ уулзахад саад учруулахгүй байхыг даалгах, С.Г, С.Г-О нарын нэр дээр банкинд тус бүр 5000000 төгрөгийн хадгаламж нээж, Б.СТ.О хоёр заавал цуг байж банкнаас зарлага гардагаар данс нээхийг даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, С.Г, С.Г-О нарт зарцуулагдах хүүхдийн тэтгэлгийн мөнгийг зөвхөн хүүхдийн хэрэгцээнд зарцуулж байхыг даалгах, 2 хүүхдэд хэрэгтэй зүйлсийг нь авч өгөх санааг хэрэгжүүлж байхыг даалгах, сар болгон хүүхдийн тэтгэлгийн мөнгөөр авсан зүйлсийг баримтаар баталгаажуулж бичиж байхыг даалгах шаардлагаасаа татгалзсан болно.

Зохигчид Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 3635 дугаар шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан байх ба хүүхдүүдийг эх Т.Огийн асрамжид үлдээж, хүүхдүүдийнхээ өмнө хүлээсэн үүрэг, хүүхдүүдээ хүмүүжүүлэхэд оролцох эрхээ хэрэгжүүлэхэд хэн алиндаа саад учруулахгүй байхыг Б.С, Т.О нарт даалгаж шийдвэрлэжээ. Гэрлэлтээ цуцлуулж хүүхдээсээ тусдаа амьдарч буй эцэг, эх Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан эрх, үүргээ хүүхэдтэйгээ байнгын харилцаатай байж хэрэгжүүлэх нь зайлшгүй юм. Иймд дээрх шийдвэрээр Б.Сыг хүүхдүүдтэйгээ уулзахад саад учруулахгүй байхыг Т.Од даалгасан байна. Өөрөөр хэлбэл Б.Сын хүүхдүүдтэйгээ уулзахад саад учруулахгүй байхыг Т.Од даалгах нэхэмжлэлийн шаардлагыг урьд нь шийдвэрлэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа гэж үзнэ. Иймд дээрх шаардлагатай хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа эцэг, эх хүүхэдтэйгээ уулзах, байнгын харилцаатай байх эрхтэй боловч энэ эрхээ хэрэгжүүлэхдээ хүүхдийнхээ хувийн орон зай, үзэл бодолд хүндэтгэлтэй хандаж, тэднийг сонсож шийдвэр гаргах үүрэгтэй. Хүүхэдтэйгээ байнгын харилцаатай байх эрхээ эцэг, эх зөвхөн өөрийн эрх, ашиг сонирхлыг харгалзан өөрийн дураар, өөрийн хүссэн цагт хэрэгжүүлэх нь хүүхдийнхээ эрх, ашиг сонирхлыг зөрчиж буй хэрэг юм. Иймд хүүхэдтэйгээ хэзээ, хаана уулзахыг түүний саналыг харгалзан тухай бүр эцэг, эх харилцан тохиролцож тогтоох нь зүйтэйг дурдав.

С.Г, С.Г-О нарын нэр дээр банкинд тус бүр 5000000 төгрөгийн хадгаламж нээж, Б.СТ.О хоёр заавал цуг байж банкнаас зарлага гардагаар данс нээхийг даалгах шаардлагын тухайд:

Зохигчид гэрлэлтээ цуцлуулсаны дараа гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 13 дугаар хороолол 22Б-95 тоотын 2 өрөө орон сууцнаас өөрт болон 2 хүүхэддээ ногдох хэсэг 25 сая төгрөг гаргуулахаар хариуцагч Т.О шүүхэд нэхэмжлэл гаргаснаас 9 сая төгрөгөөс татгалзаж, 16 сая төгрөгийг Б.Стөлөхөөр тохирч талууд эвлэрсэнийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2017/02314 дугаар захирамжаар баталсан байна. Дээрх шүүхийн шийдвэрээр төлөх мөнгөнөөс 2 хүүхдэд ногдох хэсгийг Т.О бие даан захиран зарцуулах эрхгүй үндэслэлээр тухайн мөнгөнөөс 2 хүүхэддээ тус, тусад нь 5 сая төгрөгийн хадгаламж нээх, уг хадгаламжийг Б.С, Т.О нар хамтран эзэмшихээр нээхийг даалгах шаардлагыг гаргажээ. Нэхэмжлэгч нь гэрлэлтээ цуцлуулсанаар гэр бүлийн бүрэлдэхүүнээс гарсан байх тул Т.Огийн гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг эзэмших, захиран зарцуулах, хэзээ, хэрхэн захиран зарцуулах талаар зөвшөөрөл өгөх эрх бүхий этгээд биш бөгөөд энэ талаар шаардлага гаргах эрхгүй. Харин хариуцагч Т.О нь Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсэгт зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх эд хөрөнгө буюу 16 сая төгрөгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх бүхий этгээд болно. Иймд С.Г, С.Г-О нарын нэр дээр банкинд тус бүр 5000000 төгрөгийн хадгаламж нээж, Б.СТ.О хоёр заавал цуг байж банкнаас зарлага гардагаар данс нээхийг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь зүйтэй. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 128 дугаар зүйлийн 128.1, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Сын хариуцагч Т.Од холбогдох С.Г, С.Г-О нарын нэр дээр банкинд тус бүр 5000000 төгрөгийн хадгаламж нээж, Б.С, Т.О хоёр заавал цуг байж банкнаас зарлага гардагаар данс нээхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, С.Г, С.Г-О нарт зарцуулагдах хүүхдийн тэтгэлгийн мөнгийг зөвхөн хүүхдийн хэрэгцээнд зарцуулж байхыг даалгах, 2 хүүхдэд хэрэгтэй зүйлсийг авч өгөх санааг хэрэгжүүлж байхыг даалгах, сар болгон хүүхдийн тэтгэлгийн мөнгөөр авсан зүйлсийг баримтаар баталгаажуулж бичиж байхыг даалгах шаардлагаасаа татгалзсан үндэслэлээр, хүүхдүүдтэйгээ уулзахад саад учруулахгүй байхыг даалгах шаардлагыг шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа үндэслэлээр тус, тус холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                          Т.ГАНДИЙМАА